Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 626

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Боржигон халтар овгийн Б-н Б /РД:***/, 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргад Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн дээд хэлбэр болох өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэхэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2509 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Насанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргад иргэн Б.Б миний зүгээс Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн дээд хэлбэр болох өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэхэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримталсан нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2509 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Иргэн Б.Б миний бие нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн ордны баруун хойд талд өлсгөлөн зарлаж байгаагаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга нарт 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэж, өлсгөлөнгөө зарласан юм. 

Өнөөдрийн байдлаар өлсгөлөнгийн асуудлыг зохицуулсан Монгол Улсын Хууль, дүрэм огт байхгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг баримталсан нь хууль бус юм. 

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь өлсгөлөнгийн үед Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг баримталсан нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2509 албан бичгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл иргэн Б.Б миний бие Нийслэлийн Засаг даргыг огцруулахаар нийт 29 хоног өлсгөлөн зарласан. Ингэж өлсгөлөн зарлахдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргад мэдэгдсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надад албан бичиг ирүүлэхдээ “тус дүүргийн нутаг дэвсгэрт Хэлмэгсэдийн хөшөөний дэргэд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагаас эхлэн өлсгөлөн зарлах тухай мэдэгдлийг хүлээн авч судалж үзэхэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй тул бүртгэж авах боломжгүй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Замын цагдаагийн газарт явуулсан. Уг албан бичгийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд “иргэн Б.Б өлсгөлөн зарлаж байгаа” гэсэн албан бичиг явуулсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс намайг үзлэг шинжилгээнд хамруулж өгсөн. Өөрөөр хэлбэл 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагаас эхэлж өлсгөлөн зарлахад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг хүртэл эрүүл мэндийн байгууллагаас надад ямар үзлэг шинжилгээ хяналт тавиагүй. “Яагаад хяналт тавихгүй байна вэ” гэхээр Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.1, 2.3-т “хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан байх” гэсэн заавар байдаг. Тэгэхээр Эрүүл мэндийн байгууллага энэ зааврыг баримтлах ёстой.  Уг зааврыг баримтлуулахын тулд Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн Монгол ардын намын хорооны даргад нэр дэвшүүлсэн асуудлыг эсэргүүцэн иргэн Б.Б миний бие өлсгөлөн зарласан. Иргэн Б.Б Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу өлсгөлөн зарласан боловч энэ нь эрүүл мэндийнхээ эсрэг хийж байгаа үйлдэл юм. Эрүүл мэнд ямар байгааг хянах зорилготой байдаг. Би өөрөө аргаа барсандаа амь насаараа хохирохын төлөө өлсгөлөн зарлаагүй. Төрийн байгууллагуудад өргөдөл гомдол гаргасан ч, хуулийн хүрээнд шийдвэрлээгүй учраас би өлсгөлөн зарласан. Өөрийнхөө эрүүл мэндийг хянах зорилгоор эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхийг хүссэн. Өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад мэдэгдэл өгсөн бөгөөд тухайн мэдэгдэл нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирсэн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Эрүүл мэндийн төв рүү явуулсан. Тэгээд Эрүүл мэндийн төв нь намайг үзлэг шинжилгээнд хамруулж байсан. Үүний адилаар явах байх гэж ойлгосон. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримталсан нь хууль бус юм. Учир нь энэ заалтад “...гудамж талбайд хөндлөнгөөс өлсгөлөн зохион байгуулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл иргэн Б.Б миний бие нь өлсгөлөн зарлахыг зохион байгуулаагүй, өөрөө өлсгөлөн зарласан. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан бичгээс харахад Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаас өөр заалтаар бол бүртгэж авах боломжтой байдлаар харагдаж байна. 

Иргэн Б.Б миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 1/2509 албан бичгийг гаргасан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримталсан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу объектив талын 4 шинжийг бүрэн тусгасан байх ёстой. Иргэн Б.Б-ийн хүсэлтээс харахад объектив талын 4 шинж туссан байдаг.  Иймээс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг хангаж байгаа. Гэхдээ манай зүгээс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримталдаг. Учир нь өлсгөлөнтэй холбоотой асуудал байвал Сүхбаатар дүүргийн Засаг дарга зөвшөөрөл өгдөггүй.  Харин бүртгэж авдаг. Мөн бүртгэж авахаас татгалздаг. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “өлсгөлөн” гэдэг үг орсон байвал татгалзахаар зохицуулалт нь орсон. 

Монгол ардын хувьсгалт намын байранд өлсгөлөн зарлаж байсан эхчүүдэд Хүний эрхийн комиссоос 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/07 дугаар зөвлөмж өгсөн байдаг. Үүнд  “Монгол улсын Хүний эрхийн комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд болон Үндсэн хууль бусад хуульд заасны дагуу “...Монгол улсын иргэн тодорхой ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй”. Иймээс тус эрхээ эдлэхдээ та бүхэн аливаа шаардлага эсэргүүцэл хүсэл зорилгоо илэрхийлэх арга хэлбэрээр аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй сонгох эрхтэй. Дэлхийн анагаах ухааны холбооны өлсгөлөн зарлагчдын талаар Мальтийн тунхаглалын удирдлага хэсэгт “...хоолоо хорих нь амь насанд аюултай бөгөөд өлсгөлөн зарлагчид сэргээгдэшгүй хохирол үр дагавар учруулах эрсдэлтэй учир эмч нарын ёс зүй үнэт зүйлд зөрчил үүсдэг” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл өлсгөлөн зарлах нь хэдийгээр тухайн хүний эрхийн асуудал боловч та бүгдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн төрийн албан хаагчийн хувьд хүндэтгэн үзэх шаардлагатай. Түүнчлэн та бүхний амь нас, эрүүл мэнд танд болон таны гэр бүл үр хүүхдүүдэд юугаар ч зүйрлэшгүй үнэт зүйл юм. Иймээс та бүхэн өөрийн эрүүл мэнд, амь насанд нөхөж баршгүй хор уршиг үр дагавар дагуулах эрсдэл бүхий шийдвэрээ эргэн харж өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөж байна” гэсэн байдаг.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Б нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн Монгол ардын намын хорооны даргад Монгол ардын намын удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн асуудлыг эсэргүүцэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Хүүхдийн ордны баруун хойд талын гадна талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж мэдэгдэл хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга мөн өдрийн 11.48 цагт авсан байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга мөн өдрийн 1/2509 тоотоор “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар бүртгэж авах боломжгүй” хэмээн хариу өгснийг Б.Б эс зөвшөөрч “Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн дээд хэлбэр болох өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэхэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримтлан татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2509 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна. 

Өлсгөлөн зарлах нь тухайн хүн өөрийн сонголтоор, хийж буй үйлдлээ ойлгож хоол идэхээс татгалзахыг хэлдэг ба энэ нь хүчирхийллийн бус аргаар өөрийн үзэл бодлоо хамгаалах, тэмцэх, бусдад нөлөөлөх үүднээс ганцаараа болон бүлэглэн явуулж буй үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, хүний зайлшгүй хэрэгцээ болох хоол унднаас сайн дураараа татгалзах нь аливаа нэгэн хүн өөрийн нийгэм, эдийн засгийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хамгаалах үүднээс хугацаатай болон хугацаагүй өлсгөлөн зарлаж, үүгээрээ олон нийтэд дуу хоолойгоо хүргэх, ямар нэг асуудлыг өөрийн хүсэлд нийцүүлэх зорилгоор өлсгөлөн зарладаг гэх олон улсын ойлголт байна. 

Ийнхүү үзэл бодлоо илэрхийлэхдээ өлсгөлөн зарлах тохиолдолд зохицуулах нарийвчилсан зохицуулалт хуульд байхгүй ч “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар баталсан, уг зааврын 1.3-т “өлсгөлөн зарлахад харшлах өвчний жагсаалтыг гаргаж”, 1.4-т “хүүхэд, 60-аас дээш насны хүмүүс, өндөр настан, жирэмсэн, 2 нас хүртэлх хөхүүл хүүхэдтэй эхчүүд, эмэгтэйчүүд төрсний дараах ... 2 сарын дотор ... өлсгөлөнд оролцохыг хориглож”, 2.1-д “хууль хяналтын байгууллагаас  тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллага ... эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээ хийж дүгнэлт гаргах”-аар, 2.3-т “эрүүл мэндийн байгууллага өлсгөлөн зарлагчийн эрүүл мэндийн байдалд байнгын хяналт тавьж, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үзүүлэх”-ээр заажээ. 

Түүнчлэн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох тохиолдлыг нарийвчлан зааж, 9 дүгээр зүйлд гудамж талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг сум дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлэхээр, мэдэгдэлд жагсаал, цуглааны зорилго, хугацаа, байршил, оролцох этгээдийн талаарх мэдээллийг тодорхой заахаар, Засаг дарга бүртгэх, тодорхой үндэслэлээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргахаар зохицуулжээ.

Дээрх хууль тогтоомжид ийнхүү зааснаас дүгнэвэл иргэн үзэл бодлоо илэрхийлж өлсгөлөн зарлах талаар харьяалах сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлж, эрх бүхий этгээд өлсгөлөн зарлаж буйг эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллага өлсгөлөн зарлаж буй этгээдийн эрүүл мэндийн байдлыг хянаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр байна. 

Энэ дагуу иргэн Б.Б нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн Монгол ардын намын хорооны даргад Монгол ардын намын удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн асуудлыг эсэргүүцэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Хүүхдийн ордны баруун хойд талын гадна талбайд өлсгөлөн зарлах мэдэгдлийг өлсгөлөн зарлах байршлын харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлэхэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь  Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн Монгол Улсын иргэний хувьд баталгаатай эдлэх “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан шийдвэр болжээ. 

Учир нь өлсгөлөн зарлахыг бүртгэхээс татгалзсан үндэслэл болгон баримталсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалт нь “гудамж талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулахыг хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйлдэл гэж үзэж хориглох” заалт бөгөөд иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлж, өөрөө өлсгөлөн зарлахад энэ заалт хамааралгүй, харин хөндлөнгөөс зориуд зохион байгуулж бусад хүмүүсийг өлсгөлөн зарлуулах нь хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйлдэл гэж үзэж хориглох заалт юм. 

Иймд тухайн тохиолдолд хамааралгүй хуулийн заалтыг үндэслэн иргэний Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан байх тул  Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн дээд хэлбэр болох өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэхэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2509 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргад Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн дээд хэлбэр болох өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэхэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2509 тоот албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА