Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0180

 

“ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд “ЭЖЭПАЭ” ХХК

Гуравдагч этгээд “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн бие даасан шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Гуравдагч этгээд “ЭЖЭПАЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э,

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Ч.У, түүний өмгөөлөгч С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0315/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЭТ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах”-аар, гуравдагч этгээд “Э” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр:

2.1. “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгож… шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авахад шүүхийн шийдвэрт анхан шатны шүүхийн шүүгчийн хянан шийдвэрлэсэн шүүгч Д.Чанцалням гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй байсан.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.8-д "Шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ба шүүгч гарын үсгээ зурахаас татгалзах эрхгүй", 108 дугаар зүйлийн 108.3-д "Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна" гэж заасны дагуу шүүхээс гарч буй шийдвэрт шүүгч гарын үсэг зурсан байх хуулийн шаардлагыг хангасан байхаар заасан ч шүүгч гарын үсэг зурж албажуулаагүй нь хэргийн оролцогчоос дээд шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, гомдлын үндэслэлийг бичгээр илэрхийлэх боломжгүй байдалд хүргэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана", 121 дүгээр зүйлийн 121.3.6-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” 121 дүгээр зүйлийн 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж заасны дагуу “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

2.1. Нэхэмжлэгч “ЭТ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/141 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах”-аар, гуравдагч этгээд “Э” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана" гээд 121.3.6-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хуулийн зохицуулалттай.

2.3. Энэ тохиололд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг  анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан боловч шүүх хуралдаан даргалагч, шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, шүүхийн тамга дарагдаагүй хувийг гардуулсан болох нь давж заалдах гомдолд хавсаргасан шүүхийн шийдвэрийн хувиар нотлогдож байна.

2.4. Хэдийгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1036 албан бичгээр шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчид дахин гардуулсныг буруутгах боломжгүй боловч нэгэнт нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6-д заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДолГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА