Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01197

 

З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00184 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 859 дүгээр магадлалтай,

З-гийн нэхэмжлэлтэй,

“М” ТӨХХК-д холбогдох,

Б/36 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан, Д.Ундрахтамир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М ТӨХХК-ийн Дорнод аймгийн газрын даргаар ажиллаж байсан. Гэтэл тус аймгийн Сэргэлэн сумын холбооны байрны дээврийн засварыг төсөвгүйгээр хийсэн, аймгийн төвийн холбооны байрны подвалын өрөөнүүдэд ажлын төсөвгүй засвар хийсэн, газрын даргын гарын үсэг, тамгагүй баримтаар Д.Дүгэрсүрэн, Л.Түмэннаст, Б.Энхжаргал, Б.Баатарцогт, З-, Э.Тэлмүүн, Х.Үднаран нарт томилолтын зардал олгосон, Нийтийн аж ахуй ХХК-д усны төлбөр илүү төлсөн, 21 ширхэг баганы тоноглол дутаасан, иргэн Э.Батсүхтэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийг шилжүүлэхдээ данс андуурч, хийсэн гүйлгээнийхээ талаар холбогдох банкуудаас тайлбар тодруулга аваагүй, хувийн эзэмшлийн 00-55 ДОР улсын дугаартай автомашинд шатахуун хийж ажил үйлчилгээнд ашигласан зэрэг зөрчил гаргасан гэж буруутган төлбөрийн акт тавьсан. Энэ актаа үндэслэл болгон М ТӨХХК-ийн захирал Ч.Золбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүйд тооцож, өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.                                               

Хариуцагч “М” ТӨХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Компанийн дотоод хяналтын албанаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн газарт 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын санхүүгийн баримтад шалгалт хийсэн бөгөөд З- дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд:

2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр компанийн өмчлөлийн 24-29 ДОР улсын дугаартай УАЗ фургон автомашиныг онхолдуулж бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд, байгууллагад эд материалын хохирол учруулсан.

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн барилгын подвалын өрөөнүүдэд 650.000 төгрөгийн засвар хийхээр засварын материал худалдан авсан ч уг ажил хийгдээгүй, материалыг шаардах хуудсаар зарлага болгож данс бүртгэлээс хассан, хяналтын тооллогоор эд хариуцагчийн агуулахад биетээр тоологдсон.

2016 оны 12 дугаар сарын 12, 13, 15-ны өдрүүдэд Газрын даргын гарын үсэг, тамгагүй хүчин төгөлдөр бус бэлэн мөнгөний зарлагын баримтаар Д.Дүгэрсүрэн, Л.Түмэннаст, Б.Энхжаргал, Б.Баатарцогт, З-, Э.Тэлмүүн, жолооч Х.Үднаран нарт албан томилолтын зардалд 222.000 төгрөг олгосон.

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэхээр төлсөн тоолуурын заалтаар усны төлбөрт 919.586 төгрөг илүү төлсөн.

2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХААН банкны захиалгат ажил гүйцэтгэхдээ 34 ширхэг баганын тоноглолоос зардлын гүйцэтгэлээр 13 ширхгийг зарцуулсан, хяналтын тооллого хийхэд 21 ширхэг баганын тоноглол буюу 315.000 төгрөг дутаасан.

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн Э.Батсүхтэй 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан машин механизмыг түрээслэх тухай гэрээний төлбөрийг иргэн Б.Бямбаагийн ХААН банкны 5405327012 тоот дансанд тус газрын Голомт банкны 4705003832 тоот данснаас шилжүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус газрын ХААН банкны 5405282773 тоот дансанд данс андуурсан гүйлгээ нэрээр уг мөнгө буцаж орж ирсэн.

Компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 23, 29, 30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Сэргэлэн сумын дээврийн засвар хийхээр 1,390,350 төгрөгөөр материал худалдан авсан. Засварын ажлын төсөвгүйгээр худалдан авалт хийсэн, Даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй.

Мөн өөрийн эзэмшлийн 00-55 ДОР дугаартай хувийн автомашинд 7.048.518 төгрөгийн шатахуун хийж, ажил үйлчилгээнд ашигласан. Уг автомашиныг ашиглах гэрээ байхгүй, аймгийн дарга нарт албаны хэрэгцээнд автомашин унах эрх олгоогүй, компанийн зардлаар түлш хийсэн. 

Иймд ажил олгогчийн зүгээс З-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00184 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан М ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч З-гийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 859 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ Компанийн санхүү, эд хөрөнгө, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сахилга батыг удаа дараа ноцтой зөрчсөн гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Мөн гол үндэслэл болгоод байгаа 2016.12.20-ны өдрийн “Мэдээлэл Холбоо Сүлжээ ХХК-ний Дорнод аймгийн газрын 2016 оны 5 сараас 2016 оны 11 сарын санхүүгийн баримт, 12 сарын 1-19-ны кассын баримтад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрийн акт”-аар илэрсэн зөрчил тогтоогдож байна гэж шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Дорнод аймгийн газарт албан томилолтоор ажилласан тайланг хавсаргасан байгаа. Энэ тайландаа Мэдээлэл Холбоо Сүлжээ ХХК-ний гүйцэтгэх захирлын 2016.12.16-ны өдрийн дотоод томилолтын удирдамжийн дагуу... ажилласан гэх боловч уг удирдамж байхгүй. 16-нд удирдамж гараад 17-нд Дорнодод очоод 18-нд шалгалтын ажил эхэлсэн гэх. Гэтэл хх-141-д байгаа томилолтын тэмдэглэлээр нэхэмжлэгч 2016.12.14-16-нд Халх гол, Матад, 19, 21-р хавтгайд томилолтоор ажилтай явсан. Нэхэмжлэгчид 16-нд гарсан дотоод томилолтын удирдамжийн дагуу ажиллахаар болсон талаар мэдэгдээгүй, мөн нэхэмжлэгчийн эзгүйд уг шалгалтыг явуулж, акт тавьсан нь хууль журамдаа хэр нийцсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Зөрчил илэрч, акт тавигдсан асуудлын талаар нэхэмжлэгчээс асуулга тодруулга аваагүй, шууд гарын үсгээ зур гэж тулгасан, гүйцэд танилцах боломж олгооүй, явах гээд байна гэж яаруулаад байсан тул ганц уншиж тогтоосон нэг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичиж амжсан. Тушаалын гол үндэслэл болгоод байгаа “Мэдээлэл Холбоо Сүлжээ ХХК-ний Дорнод аймгийн газрын 2016 оны 5 сараас 2016 оны 11 сарын санхүүгийн баримт, 12 сарын 1-19-ны кассын баримтад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрийн акт” нь 2016.12.20-нд тавигдсан. Гэтэл 2017.01.26-нд М Төрийн өмчит ХХК-ны захирал Б/36 тоот Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай тушаалаар Компанийн санхүү эд хөрөнгө, ня-бо бүртгэл, санхүүгийн сахилга батыг удаа дараа ноцтой зөрчсөн нь Дотоод хяналтын албаны шалгалтаар тогтоогдсон, гэтэл нэхэмжлэгчийг 2017.01.26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл санхүүгийн гэнэтийн шалгалт хийж зөрчил илрүүлээд акт тогтоосноос хойш нэг сар 6 хоногийн дараа ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад арга хэмжээ авсан байгаа. Иймээс тушаалд заасан сахилгын зөрчлийг шалгасан талаарх материал хэрэгт бүрэн авагдаагүй, Дорнод аймгийн газарт албан томилолтоор ажилласан тайланг хавсаргасан боловч ямар удирдамжаар, хэний тушаалаар гэнэтийн шалгалт явуулсан, уг шалгалт явуулсан талаарх баримт байхгүй тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.26-ны өдрийн 182/Ш32018/00184 тоот шийдвэр; Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.06-ны 859 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэгч З- нь хариуцагч “М” ТӨХХК-д холбогдуулан “...тушаал хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тодорхойлжээ.

“М” ТӨХХК-ийн захирал 2017 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр Б/36 дугаар тушаал гаргаж, Дорнод аймгийн газрын дарга З-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 4.4.2, 4.4.3, 4.4.6 дах заалтыг үндэслэл болгожээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульд заасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан” гэсэн тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

З- нь Дорнод аймгийн салбарын даргаар ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээнд “...ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэнэ” гэжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэнэ.

“М” ТӨХХК-ийн Дотоод хяналтын алба Дорнод аймгийн газрын 2016 оны 5 дугаар сараас 12 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 12.505.654 төгрөгийн 9 зөрчилд мөн оны 12 дугаар сарын 20-ний өдөр төлбөрийн акт үйлдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-т “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.4.-т “аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 13.7.-т ”анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заасан.

Дорнод аймгийн холбооны газрын санхүүгийн үйл ажиллагаа хуулийн дээрх заалтыг зөрчсөн талаар төлбөрийн актад тодорхой дурдсан, нэхэмжлэгч З- актын 1-8 дах зөрчлийг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч актын 9-д заасан 7.048.518 төгрөгийн зөрчлийг эс зөвшөөрчээ.

З- өөрийн хувийн эзэмшлийн 00-55 ДОР дугаартай автомашиныг компанийн үйл ажиллагаанд ашиглахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй, замын хуудсанд ямар ажил үүрэг гүйцэтгэсэн талаар болон спидометрийн заалт бичдэггүй, шатахууны зарцуулалтад хяналт тавьдаггүй талаар актад дурдсаныг  нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.  

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.2.-т “компанийн санхүү, эд материалын болон нэр хүндэд хохирол учруулсан”, 4.4.3.-т “албан тушаал, эрх мэдлээ ашиглан коипанийн зардал хөрөнгөөр хувийн бизнес хийсэн, хээл хахууль, шан харамж авсан, эд хөрөнгө хулгайлсан, завшсан, ажлын байр, тоног төхөөрөмж, ажиллах хүч зэргийг ашиглах, аливаа хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдах”, 4.4.6.-т нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сахилга бат зөрчсөн” бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар заасан нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хамаарч байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5.-т заасан зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул  түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

 Дотоод хяналтын албаны актыг “М” ТӨХХК-ийн даргын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ний өдрийн  хурлаар хэлэлцэж, энэ өдрөөс сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тооцсон талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг буруутгах боломжгүй байх тул сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах  боломжгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 859 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ