| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0054/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Э.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Я-д холбогдох эрүүгийн 2019000870057 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Я
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Я нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Ж-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 1 400 000 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн давтан үйлдлээр хохирогч Г.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2019 оны 12 сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн шилжүүлгээр нийт 3 300 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Я шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 12 дугаар сард он гарахаас хэд хоногийн өмнө 2 дугаар сургуулийн багшийн дугаар хэрэгтэй байсан. Миний фейсбүүкийн нууц үг болохгүй байсан болохоор Я гэдэг шинэ фейсбүүк нээж, стори дээрээ Дорноговь аймагт багшилдаг хүн байна уу? гэж бичсэн байсан. Тухайн үед тэр зараар Ж надруу холбогдож, маргааш нь надад дугаарыг нь олж өгсөн. Тэр дугаараар нь холбоо барьж ажлаа амжуулчихаад Ж-д баярласан гэдгээ хэлээд цаашдаа хэн хэндээ туслаад найзууд байя гэж ярилцсан. Тэр үеэс эхлээд фейсбүүкийн найзууд болсон. Ээждээ жирэмсэн болсон тухай хэлж ятга гэж би хэлээгүй. Би өсвөр үеийнхэнд зориулсан жудо тэмдэглэл хөтөлдөг цахим хуудас хөтөлдөг байсан. Тэр хуудсандаа цахим ертөнцөөр яваад байдаг жирэмсэн болсон тухай тоглоом маягийн хуурамч постыг хийтэл Ж-ын ээж нь хараад буруу ойлгочихсон. Ээждээ худлаа яриад яах юм бэ, би тайлбарлаад хэлчихье гэтэл Ж “хэрэггүй, би өөрөө эндсэн гээд тайлбарлаад хэлчихье” гэсэн. Тэгэхээр нь би ээжид нь хүүхэд эндчихсэн гээд эвтэйхэн тайлбарлаж хэлсэн. Мөн ажил явдалтай байх үед надад өдөр 4-5 цагийн үед “Буяны ажилдаа хэрэглээрэй” гэж чат бичээд 100,000 төгрөг шилжүүлсэн байсныг би завгүй байсан учраас орой харсан. Манай эгч байраа зарна гээд байсан учраас тэр үед Ж-д байр зарна гээд хэлчихсэн байсан. Түүнээс биш Д байр өгсөн гэж огт яриагүй. Манай найз охинд Д байр бэлэглэсэн гэж Ж өөрөө Л-д хэлсэн байсан. Байр зарна, сар бүр хуримтлалын дансанд 500,000 төгрөг хийгээд нэр дээрээ нээнэ гэж Ж-д өөрөө хэлсэн байсан. Бас би тухайн үед ламд үзүүлээд 5 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт газарт булахаар болсон. Ж тэр үед мөрийтэй тоглодог байсан болохоор би харьцаагаа таслах гэхээр байн байн залгаад байсан. Их хэмжээний мөнгө зээлвэл надруу дахиж холбоо барихгүй байх гэж бодсон. Гэтэл надад хэлэлгүйгээр ээждээ өөрөө сайн дураараа тэр мөнгөний талаар хэлж байгаад надруу шилжүүлчихсэн байсан. Тэр үед цагаан сар болж байсан болохоор би амралт дууссаны дараа буцаагаад өгье гэж бодоод зээлсэн. Гүйлгээний утга дээрээ зээлсэн гээд биччихсэн байгаа...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол болон эд зүйл хураан авсан тэмдэглэл болон утасны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 24-26, 74 дүгээр хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...Хаан банкны Э.Я нэртэй 5622461798 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга...” болон үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 27-55, 75-76 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...хохирогч А.Ж-аас гаргаж өгсөн 4 хуудас фейсбүүкийн чатны зураг...” хүлээн авч тэмдэглэл үйлджээ / хх-ийн 56-65 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...гэрч У.О-оос гаргаж өгсөн фейсбүүкийн чатны зураг...” хүлээн авч тэмдэглэл үйлджээ / хх-ийн 66-72 дугаар хуудас/,
Хохирогч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орчим фейсбүүк цахим хаягаар Дорноговь аймгийн ЕБС-д багшилдаг тус болох хүн байна уу гэсэн сторыг нь хараад өөрийгөө Я гэж танилцуулсан тэр хүнтэй танилцаж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш нэг нэгэндээ тус болох замаар ойр дотно харилцаж эхэлсэн. Тэгээд тэр охин надад хэлэхдээ төрсөн аав нь өнгөрсөн. Өмнөх найз залуу нь зоддог байсан гэх мэтээр өрөвдүүлж, миний өрөвч занг хөдөлгөсөн. Тэгээд тэр охин надад өөрийнхөө зургийг гэж 60 орчим зургийг явуулдаг байсан. Фейсбүүк чатаар видео дуудлага хийх болгонд царайгаа харуулахгүй байдаг байсан. Тэгээд яагаад царайгаа харуулахгүй байгаа талаар асуухад “аав маань өнгөрсөн, найз залуу маань зоддог байсан болохоор одоохондоо эрэгтэй хүнд царайгаа харуулмааргүй байна. Удахгүй хоёулаа уулзана гэдэг байсан. Тэгээд аав нь өнгөрлөө гэж надад хэлэхэд нь очиж ажил явдалд нь туслая гэсэн боловч “анх уулзах гэж байгаа юм чинь ингэж уулзаад яах юм бэ” гэж байсан. Тэгээд нээрээ тийм юм байна гэж бодоод ээжид хэлтэл 100 000 төгрөгийг 5622****** гэсэн дансанд ажил явдалд хэрэглэнэ биз гээд шилжүүлж байсан. Дараа нь Я намайг ээждээ өөрийг нь жирэмсэн болчихсон гээд хэлчих яаж хүлээж авах нь уу хоёулаа харъя гэж байсан. Тэгээд намайг ээждээ хэлсний дараа Я манай ээжтэй яриад Ж-д битгий хэлээрэй би хүүхдээ алдчихлаа гэж хэлсэн байна лээ. Тэгээд өөрийнхөө ээжийн дугаар гэж нэг дугаар өгсөн байна лээ. Тэгээд ээж тэдний ээжтэй мессэнжерээр харьцаж байгаад 300 000 төгрөгийг Я-ын ээжийнх нь дансанд шилжүүлсэн байна лээ. Тэр охин гэр бүлээрээ ламд үзүүлсэн чинь “мөнгөний хар энерги шингэсэн байна, энэ муу энергийг арилгахын тул 10 000 төгрөгийн дэвсгэртийг 100 ширхэгийг газарт булах ёстой, гэхдээ энэ 1 000 000 төгрөгийг гэр бүлийн хүмүүсээсээ, найз нөхдөөсөө авч болохгүй, хамааралгүй хүнээс авах ёстой” гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд тэр охин надад хэлэхдээ чи бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй юм чинь одоохондоо зүгээр байх гэж хэлсэн. Тэгээд би ээжид ийм асуудал болсон талаар хэлэхэд ээж “за үнэхээр л тийм лам хуврагаар яваад асуудалтай байгаа юм бол” гээд 1 000 000 төгрөгийг манай хойд аавын данснаас 5622461798 дансанд шилжүүлсэн. Тэгээд бас надад тэр охин хэлэхдээ “Манай аавыг өнгөрөхөд манай гэрт эмээтэй хамт танай шандын гаралтай Д гишүүн ирсэн. Тэгээд надад шандад байрлалтай 3 өрөө байр бэлэглэсэн. Би тэнд амьдрахгүй юм чинь наад байрыг чинь зардаг юм уу? чамд авах хүн байна уу гэж асууж байсан. Тэгээд би өөрийн найз Л-тэй холбож өгсөн... Дараа нь асуухад Л 3 сая төгрөг шилжүүлсэн байна лээ... Тухайн Янжинлхам гэж эмэгтэйгээс хохирлын мөнгө болох 1 400 000 төгрөг төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10, 93 дугаар хуудас/,
Хохирогч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж 2019 оны 12 дугаар сард нэг найз охинтой болсон гэж надад хэлж байсан. Тэр найз охиных нь аав өнгөрсөн болохоор Д гишүүн 3 өрөө байрыг найзынхаа охинд өгсөн гэж ярьж байсан. Тэгээд тэр охин өөрөө хотод амьдардаг, Сайншандад амьдрах боломжгүй болохоороо энд байгаа байраа зармаар байна гэж Ж-д хэлсэн гэсэн. Тэгээд намайг байр сонирхож байсан талаар Ж мэдэж байсан болохоор тухайн байрыг надад санал болгосон. Санал болгосных нь дагуу сар бүр 500 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах болсон. Тэгээд байж байтал тухайн байрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь 200 000 төгрөгийг Ж-ын дансруу шилжүүлээд Ж цааш нь найз охиныхоо данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр найз охин нь 2020 оны 01 сарын 31-ний өдөр 85616109 гэсэн дугаараар надруу залгаад би гэрээг нь сайн хараагүй юм байна, сая надруу өмгөөлөгч залгаад гэрээг нь нэг сараас хийчихсэн байсан учир өнөөдрийн 15 цагаас өмнө 500 000 төгрөгийг нөгөө дансандаа шилжүүл гэхээр нь долларын 5700316069 гэсэн дансанд хийсэн. 2020 оны 02 сарын 17-ны өдөр Ж-ын найз охин надруу залгаад “манай ээж өмгөөлөгч хоёр итгэхгүй байна, урьдчилгаа гэж ядаж 6 сараар нь мөнгө өгчих гэж байна гэж хэлсэн. Тэгээд би найз охинд нь Ж надад 400 000 төгрөгийн өртэй байгаа надад 1 100 000 төгрөг байна гэсэн чинь тэр охин “Ж-ын 400 000 төгрөгийг би өгөөд тэгээд чиний 1 100 000 дээр нэмээд би өөрөөсөө дуучин Энжигийн эцэг эхчүүдийн мөнгөнөөс 1 500 000 төгрөгийг нэмээд нийт 3 000 000 болгоод өгчихье гэж Ж-ын өмнөөс мөнгө өгөөд намайг чамд түр 1 500 000 төгрөг өгсөн гэж битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед 1 100 000 төгрөгийг 5622****** дансанд хийгээд маргааш өглөө 08 цаг 33 минутанд дахиад 5622****** гэсэн дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Ж-ын найз охины надад учруулсан 3 300 000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно... Я гэж эмэгтэй хохирлын мөнгө болох 3 300 000 төгрөг шилжүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 11-14, 94 дүгээр хуудас/,
Гэрч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ жилийн үеэр тэр охин Сайншанд суманд сэтгүүлчийн ажлаар явж байна гэж байсан. Тэгээд энд албан томилолтоор явж байхад нь аав нь нас барсан гэж манай хүү Ж-д хэлсэн байсан. Тэгээд би тэр охиныг буяны ажилдаа хэрэглээрэй гээд 5622****** дугаарын дансанд 100 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш манай хүүтэй тэр охин утсаар ярихдаа байнга уйлж, аав өнгөрснөөс хойш шөнө унтаж чадахгүй байна, бие өвдөж, зүрх өвдөөд байна гэх зэргээр ярьсан. Тэгээд 2020 оны цагаан сараас өмнө манай ээж энд бас ажлаар явж байгаа Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг хурандаа Эрдэнэтуяа гэдэг хүн байдаг гэж байсан. Аймгийн цагдаагийн газар дээр ажлаар ирэх болсон. Цагдаагийнхний хэргийг шалгахаар ирсэн. Тэр үед ээжтэй чинь уулзъя гэж манай хүүгээр хэлүүлсэн. Тэгээд 4-5 хонож байснаа гэнэт ажлаар яаралтай буцах болчихлоо гээд буцчихлаа гэж манай хүүд хэлсэн байна лээ. Тэгээд хотод очоод манай хүүд жирэмсний тест үзүүлээд энийг ээждээ үзүүлдээ, дараа нь хүүхэдтэй болоход ямархуу зан ааш гаргах нь уу хоёулаа туршиж үзье гэж манай хүүг ятгасан байна лээ. Тэгээд манай хүүг надад тэр тестийг үзүүлсний дараа миний дугаар луу залгаад “ ээжээ одоо яанаа бид хоёр хүүхдээ алдчихлаа, та Ж-д битгий хэлээрэй, би хэтэрхий их ажилласнаас болоод хүүхдээ алдчихлаа, ядарч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжтэй чинь ярья дугаарыг нь өгчих гэтэл надад 9921**** гэсэн дугаар өгсөн. Тэгээд би тэр дугаар луу залгатал завгүй байна, мессэж бич гээд утсаа тасалсан. Тэгээд мессэж бичтэл манай охин ухаан алдаад бие нь өвдөөд эмчилгээ хийлгэж байна. 2 сая гаран төгрөгний эмчилгээ бичсэн байна. Би эм тариаг нь авах гээд явж байна гэхээр нь би “ та дансаа өгчих, би эм тарианы мөнгө шилжүүлье” гэж хэлсэн. Тэгээд тэр 9921***** дугаараас 5360****** Эрдэнэтуяа гэдэг хүний дансны дугаар ирэхээр нь би тэр дансанд 2020 оны 02 сарын 20-ны өдөр 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр охин манай хүүд хэлэхдээ “бие өвдөөд ламд үзүүлсэн чинь 1 000 000 төгрөгний засал хийлгэх шаардлагатай юм байна, ойр дотныхоо хүнээс авч болохгүй, хүнээс зээлж аваад заслаа хийлгэ” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5622****** дугаарын дансанд би нөхрийнхөө 5135****** дугаарын данснаас 1 000 000 төгрөг шилжүүлсэн... ээж та надаа нэг дансруу мөнгө хийгээд өгөөч телевизийн томилолтын зардал авах ёстой байгаа юмаа. Надад баримт нь хэрэгтэй байгаа юмаа гээд 5370****** гэсэн дансанд 608 100 төгрөгийг шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төд удалгүй манай дүү рүү юм бичээд байхаар нь дүүгээрээ Ж руу “Аниагийн аавынх нь бие муу байж байгаад өнгөрчихлөө, та хэсэг хугацааны дараа сэтгэл санааг нь гайгүй болохоор нь холбогдоорой” гэж хэлүүлсэн. Тэгээд намайг аавынхаа ажил явдалд хэрэглээрэй гээд миний 5622461798 дугаарын дансанд ээжийнхээ данснаас 100 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн байсан. Энэ мөнгөө орой нь надруу залгаад буяны ажилдаа хэрэглээрэй гэж хэлсэн... Дараа нь бид 2 өөрсдийн пейж хуудсандаа жирэмсэн болсон гэсэн утгатай пост оруулсан байсан. Тэр постыг хараад Ж-ын ээж нь намайг жирэмсэн гэж ойлгосон байсан. Тэгээд би Ж-д хандан “хоёулаа ээжид чинь үнэнээ хэлье” гэхэд Ж “би өөрөө ээжид тайлбарлаад хүүхдээ эндчихсэн гээд хэлчихнэ” гэсэн тэгээд би яах юм бэ гээд ээжид нь өөрөө хүүхдээ алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд Ж-ын ээж нь манай ээжийн дугаарыг асуугаад байхаар нь би дүүгийнхээ 9921**** дугаарыг өөрийнхөө ээжийн дугаарыг гэж өгөөд өмнөөс нь харьцсан. Тэгээд Ж-ын ээж өөрөө дансаа өгөөч гээд 2 удаа мессэж бичээд байхаар нь 300 000 төгрөгийг миний хэлсэн манай ээжийн дансанд хийсэн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 19-нд манайх ламд үзүүлээд “засал ном хийлгэ, цагаан хэл ам туссан байна, хээр гарч 5 ширхэг 10 000 төгрөгийн дэвсгэртийг газарт бул, ойр дотны хүнээсээ битгий аваарай” гэснийг би Ж-д хэлэхдээ 10 000 төгрөгийн 100 ширхэг дэвсгэртийг ойр дотны хүнээсээ битгий аваарай авсан мөнгөө газарт булах шаардлагатай гэж байна гэж хэлсэн. Тэгээд Ж ээжээсээ 1 000 000 төгрөг олж өгөөд өөрийн сайн дураараа ээжийн данснаас миний дансанд хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Я нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Ж-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 1 400 000 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн давтан үйлдлээр хохирогч Г.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж 2019 оны 12 сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн шилжүүлгээр нийт 3 300 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орчим фейсбүүк цахим хаягаар Дорноговь аймгийн ЕБС-д багшилдаг тус болох хүн байна уу гэсэн сторыг нь хараад өөрийгөө Я гэж танилцуулсан тэр хүнтэй танилцаж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш нэг нэгэндээ тус болох замаар ойр дотно харилцаж эхэлсэн...Тэгээд тэр охин надад өөрийнхөө зургийг гэж 60 орчим зургийг явуулдаг байсан. Фейсбүүк чатаар видео дуудлага хийх болгонд царайгаа харуулахгүй байдаг байсан. Тэгээд яагаад царайгаа харуулахгүй байгаа талаар асуухад “аав маань өнгөрсөн, найз залуу маань зоддог байсан болохоор одоохондоо эрэгтэй хүнд царайгаа харуулмааргүй байна. Удахгүй хоёулаа уулзана гэдэг байсан. Тэгээд аав нь өнгөрлөө гэж надад хэлэхэд нь очиж ажил явдалд нь туслая гэсэн боловч “анх уулзах гэж байгаа юм чинь ингэж уулзаад яах юм бэ” гэж байсан. Тэгээд нээрээ тийм юм байна гэж бодоод ээжид хэлтэл 100 000 төгрөгийг 5622****** гэсэн дансанд ажил явдалд хэрэглэнэ биз гээд шилжүүлж байсан. Дараа нь Я намайг ээждээ өөрийг нь жирэмсэн болчихсон гээд хэлчих яаж хүлээж авах нь уу хоёулаа харъя гэж байсан. Тэгээд намайг ээждээ хэлсний дараа Я манай ээжтэй яриад Ж-д битгий хэлээрэй би хүүхдээ алдчихлаа гэж хэлсэн байна лээ. Тэгээд өөрийнхөө ээжийн дугаар гэж нэг дугаар өгсөн байна лээ. Тэгээд ээж тэдний ээжтэй мессэнжерээр харьцаж байгаад 300 000 төгрөгийг Я-ын ээжийнх нь дансанд шилжүүлсэн байна лээ. Тэр охин гэр бүлээрээ ламд үзүүлсэн чинь “мөнгөний хар энерги шингэсэн байна, энэ муу энергийг арилгахын тул 10 000 төгрөгийн дэвсгэртийг 100 ширхэгийг газарт булах ёстой, гэхдээ энэ 1 000 000 төгрөгийг гэр бүлийн хүмүүсээсээ, найз нөхдөөсөө авч болохгүй, хамааралгүй хүнээс авах ёстой” гэж байна гэж надад хэлсэн...Тэгээд би ээжид ийм асуудал болсон талаар хэлэхэд ээж “за үнэхээр л тийм лам хуврагаар яваад асуудалтай байгаа юм бол” гээд 1 000 000 төгрөгийг манай хойд аавын данснаас 5622****** дансанд шилжүүлсэн. Тэгээд бас надад тэр охин хэлэхдээ “Манай аавыг өнгөрөхөд манай гэрт эмээтэй хамт танай шандын гаралтай Д гишүүн ирсэн. Тэгээд надад шандад байрлалтай 3 өрөө байр бэлэглэсэн. Би тэнд амьдрахгүй юм чинь наад байрыг чинь зардаг юм уу? чамд авах хүн байна уу гэж асууж байсан. Тэгээд би өөрийн найз Л-тэй холбож өгсөн... Дараа нь асуухад Л 3 сая төгрөг шилжүүлсэн байна лээ... Тухайн Я гэж эмэгтэйгээс хохирлын мөнгө болох 1 400 000 төгрөг төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж 2019 оны 12 дугаар сард нэг найз охинтой болсон гэж надад хэлж байсан. Тэр найз охиных нь аав өнгөрсөн болохоор Д гишүүн 3 өрөө байрыг найзынхаа охинд өгсөн гэж ярьж байсан. Тэгээд тэр охин өөрөө хотод амьдардаг, Сайншандад амьдрах боломжгүй болохоороо энд байгаа байраа зармаар байна гэж Ж-д хэлсэн гэсэн. Тэгээд намайг байр сонирхож байсан талаар Ж мэдэж байсан болохоор тухайн байрыг надад санал болгосон. Санал болгосных нь дагуу сар бүр 500 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах болсон. Тэгээд байж байтал тухайн байрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь 200 000 төгрөгийг Ж-ын дансруу шилжүүлээд Ж цааш нь найз охиныхоо данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр найз охин нь 2020 оны 01 сарын 31-ний өдөр 8561**** гэсэн дугаараас надруу залгаад би гэрээг нь сайн хараагүй юм байна, сая надруу өмгөөлөгч залгаад гэрээг нь нэг сараас хийчихсэн байсан учир өнөөдрийн 15 цагаас өмнө 500 000 төгрөгийг нөгөө дансандаа шилжүүл гэхээр нь долларын 5700****** гэсэн дансанд хийсэн. 2020 оны 02 сарын 17-ны өдөр Ж-ын найз охин надруу залгаад “манай ээж өмгөөлөгч хоёр итгэхгүй байна, урьдчилгаа гэж ядаж 6 сараар нь мөнгө өгчих гэж байна гэж хэлсэн...Ж-ын найз охины надад учруулсан 3 300 000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно... Я гэж эмэгтэй хохирлын мөнгө болох 3 300 000 төгрөг шилжүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ жилийн үеэр тэр охин Сайншанд суманд сэтгүүлчийн ажлаар явж байна гэж байсан. Тэгээд энд албан томилолтоор явж байхад нь аав нь нас барсан гэж манай хүү Ж-д хэлсэн байсан. Тэгээд би тэр охиныг буяны ажилдаа хэрэглээрэй гээд 5622****** дугаарын дансанд 100 000 төгрөг шилжүүлсэн...манай ээж энд бас ажлаар явж байгаа Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг хурандаа Э гэдэг хүн байдаг гэж байсан...5360****** Э гэдэг хүний дансны дугаар ирэхээр нь би тэр дансанд 2020 оны 02 сарын 20-ны өдөр 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр охин манай хүүд хэлэхдээ “бие өвдөөд ламд үзүүлсэн чинь 1 000 000 төгрөгний засал хийлгэх шаардлагатай юм байна, ойр дотныхоо хүнээс авч болохгүй, хүнээс зээлж аваад заслаа хийлгэ” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5622****** дугаарын дансанд би нөхрийнхөө 513******* дугаарын данснаас 1 000 000 төгрөг шилжүүлсэн... ээж та надаа нэг дансруу мөнгө хийгээд өгөөч телевизийн томилолтын зардал авах ёстой байгаа юмаа. Надад баримт нь хэрэгтэй байгаа юмаа гээд 5370***** гэсэн дансанд 608 100 төгрөгийг шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг аавынхаа ажил явдалд хэрэглээрэй гээд миний 5622******* дугаарын дансанд ээжийнхээ данснаас 100 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн байсан. Энэ мөнгөө орой нь надруу залгаад буяны ажилдаа хэрэглээрэй гэж хэлсэн... Дараа нь бид 2 өөрсдийн пейж хуудсандаа жирэмсэн болсон гэсэн утгатай пост оруулсан байсан. Тэр постыг хараад Ж-ын ээж нь намайг жирэмсэн гэж ойлгосон байсан. Тэгээд би Ж-д хандан “хоёулаа ээжид чинь үнэнээ хэлье” гэхэд Ж “би өөрөө ээжид тайлбарлаад хүүхдээ эндчихсэн гээд хэлчихнэ” гэсэн тэгээд би яах юм бэ гээд ээжид нь өөрөө хүүхдээ алдчихлаа гэж хэлсэн. Ж-ын ээж нь манай ээжийн дугаарыг асуугаад байхаар нь би дүүгийнхээ 9921**** дугаарыг өөрийнхөө ээжийн дугаарыг гэж өгөөд өмнөөс нь харьцсан. Тэгээд Ж-ын ээж өөрөө дансаа өгөөч гээд 2 удаа мессэж бичээд байхаар нь 300 000 төгрөгийг миний хэлсэн манай ээжийн дансанд хийсэн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 19-нд манайх ламд үзүүлээд “засал ном хийлгэ, цагаан хэл ам туссан байна, хээр гарч 5 ширхэг 10 000 төгрөгийн дэвсгэртийг газарт бул, ойр дотны хүнээсээ битгий аваарай” гэснийг би Ж-д хэлэхдээ 10 000 төгрөгийн 100 ширхэг дэвсгэртийг ойр дотны хүнээсээ битгий аваарай авсан мөнгөө газарт булах шаардлагатай гэж байна гэж хэлсэн. Тэгээд Ж ээжээсээ 1 000 000 төгрөг олж өгөөд өөрийн сайн дураараа ээжийн данснаас миний дансанд хийлгэсэн...” гэсэн мэдүүлгүүд мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол болон эд зүйл хураан авсан тэмдэглэл, утасны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...Хаан банкны Э.Я нэртэй 5622****** дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга...”, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...хохирогч А.Ж-с гаргаж өгсөн 4 хуудас фейсбүүкийн чатны зураг...”, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...гэрч У.О-с гаргаж өгсөн фейсбүүкийн чатны зураг...” гэсэн тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж шүүх үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Я нь цахим хэрэгсэл ашиглан өөрийн фейсбүүк хаяганд дуулж бүжиглэдэг охины зургийг тавьж өөрийгөө гэж танилцуулан, сургуулийн тухай кино хийх гэж байгаа, аав, ээж хоёрыгоо Цагдаагийн Ерөнхий газарт ажилладаг, хурандаа цолтой, өөрийгөө TV9 телевизэд сэтгүүлчээр ажилладаг гэж хэлэх, томилолтоор Дорноговь аймагт ажиллаж байна, түрийвчээ алдчихлаа, аав Дорноговийн цагдаа руу яриад цагдаа нараар хайлгаж байна, гэнэт хот руу буцах болчихлоо, уулзах боломжгүй боллоо, эсхүл аав өнгөрчихлөө гэж худал хэлж буяны ажилд зориулж мөнгө авах, ламаар засал хийлгэх боллоо гэж мөнгө шилжүүлүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д манай аавын найз байсан болохоор Дорноговь аймагт 3 өрөө байр өгсөн, түүнийгээ зарах гэж байгаа, уг байранд сууж түрээсийн журмаар сар болгон 500 000 төгрөг төлөөд өөрийн болгох боломжтой гэх, эсхүл нэг ч удаа уулзаж байгаагүй, нэг ч удаа царайгаа харуулаагүй байж жирэмсэн болсон гэж хохирогч Ж-ын ээжид хэлэх, гэнэт бие өвдлөө, эмчилгээ хийлгэж байна гэх, эсхүл ээжийнхээ дугаарыг гэж дүүгийнхээ утасны дугаарыг өгч ээжийнхээ өмнөөс өөрөө ээж нь болж харилцах зэргээр
цахим хэлбэрээр танилцан дотноссон байдлаа ашиглан өөрийгөө өндөр албан тушаалтай айлын сэтгүүлч мэргэжилтэй, телевизэд ажилладаг хүн болгон итгүүлж, хуурч мэхлэх аргаар, цахим хэрэгсэл ашиглаж хохирогч нарыг өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгөхөд хүргэсэн залилах гэмт хэрэг үйлдсэн үйл явдал тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Я-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х овогт Э.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэх аргаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан болон түүний өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, цахим орчинд шинэ танилтай болж харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Э.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, хуурч мэхлэх аргаар, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Я-д ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Я-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар цахим орчинд шинэ танилтай болж харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Я-д хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Шүүгдэгч Э.Я нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Я нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА