Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 138

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,

Шинжээч эмч О.Оюунбаясгалан,

Хохирогч Д.О,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Н-д холбогдох 1930005290052  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо Аптаун Вилла хотхоны ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /рд:.........../ Ч.Н.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ч.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” хотхоны барилгыг барьж байгаа “АДСП” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа тус барилга дээр ажиллаж байсан хохирогч Д.О-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллалгүй хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Д.О-н зүүн гарт хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хавтаст хэрэгт байгаа бүхнийг прокурорын зүгээс уншсан учраас өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би “Д” хотхонд 2019 оны 07 дугаар сард ажилд ороод 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зуурмагийн машинд гараа хавчуулсан. Үнэндээ зуурмагийн машины миксер аюулгүй ажиллагааны журмыг хангаагүй байсан. Зуурмагийн машиныг унтраах гэж байгаад шланканд гар ороогдсон. Тэгээд гараа хугалсан гэв.

 

Эрүүгийн  1930005290052  дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ч.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баруун-Урт сумын 6 дугаар багт баригдаж байгаа Д хотхоны барилгын инженерээр 2019 оны 05 дугаар сараас эхэлж ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж ирсэн. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг барилгын талбайд явж байхал манай ажилчдын нэг нь надад нэг ажилтан гараа зуурмагийн тогоо буюу миксерт хавчууллаа гэж хэлсэн. Тэгээд хэрэг болсон газар руу яваад очтол А болон түүний бригадын ажилчид байсан бөгөөд О-н зүүн гарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би гарыг нь боож өгөөд А-тай хамт аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч тусламж үзүүлсэн. Манай “АДСП” ХХК нь “БУ-Д” компанийн захиалгаар хотхоны барилгын ажил хийж гүйцэтгэж байгаа. Энэ хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс би “АДСП” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж ирсэн бөгөөд өөрийн үндсэн ажилтайгаа хавсарч хийж гүйцэтгэж байгаа. Манай хотхоны барилга дээр нийтдээ 8 барилгын бригад, 40 орчим хүн ажиллаж байсан. Олон хүнтэй ажиллаж байх үед ажилчид өөрсдөө ирж хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга авахгүй үе байдаг. Хэрэг болдог өдөр Д.О нь ирж зааварчилга аваагүй. Би ирээгүй хүн болгоны араас очиж зааварчилга өгөөд байж чадахгүй.   “БУ-Д” нь Д нэртэй хотхоны барилгын захилга өгч манай ““АДСП” ХХК нь гүйцэтгэгчээр 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа юм. Урьд нь ажиллаж байсан Ц гэдэг хүн ажиллахаа больсонтой холбоотой. Мөн би энэ чиглэлээр ажиллах эрхтэй бөгөөд манай компанийн зүгээс намайг ажлын туршлага илүү гэж намайг томилсон. Хохирогч Д.О-д ажлаагүй хоногийн мөнгө гэж 450.000 төгрөг ““АДСП” ХХК-ийн зүгээс олгосон байгаа. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73-р хуудас/

 

Гэрч А.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчим ажил дээрээ инженерүүдтэй сууж байхад манай нэг ажилтан Д.О-г гараа миксерт хавчуулсан гэж мэдэгдсэн. Тэгээд гэрт байсан инженерүүдийн хамт очиж үзэхэд 3 дугаар блокны гадаа мискерийн хажууд зүүн гараа хавчуулсан байдалтай гарнаас нь цус гарч байсан. Тэгээд Н инженер Д.О-г эмнэлэг рүү дагуулаад явсан. Би өөрөө хэрэг болох үед бол хажууд нь байгаагүй болохоор болсон асуудлын талаар хэлж мэдэхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөө больсон. Учир нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байсан хүн нь өөр ажилд орсон. Хөдөлмөр аюулгүй ажиллагааг БУ-Д ХХК хариуцан ажиллах ёстой. Миксерийг асааж, унтраадаг бариул нь хугарсан байсан. Шавар зуурахдаа усаа хувингаараа зөөж хийх ёстой байдаг. Гэтэл тухайн үед мискер рүү шаланкаараа ус хийж байсан байна лээ. Би Д.О-г миксер дээр ажиллаж бай гэж хэлсэн. Би Д.О-тэй гэрээ байгуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р хуудас/

 

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтэнд: “1.Д.О-н биед зүүн гарын сарвуу ясны хугарал, зүүн сарвууны дотор, ар хэсэгт сорви, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг олсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн гарын сарвуу ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”  гэх, /хх-ийн 55-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17-06-022/01 дугаартай дүгнэлтэнд: Хөдөлмөрийн  аюулгүй байдлыг сахин хангуулах эрх бүхий албан тушаалтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т зааснаар “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх” гэж заасныг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т зааснаар аж ахуйн нэгж байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана гэж заасны дагуу барилгын талбайн өдөр тутмын үйл ажиллагааг шууд удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтанг хавтаст хэргийн материалаас харахад барилгын ажил гүйцэтгэх гэрээг Ч.Н нь “АДСП” ХХК-тай байгуулсан байна. Мөн хавтаст хэргийн материалд Ч.Н-г 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1-19/074 тоот тушаалаар “АДСП” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр томилсон байна” гэх, /хх-ийн 59-60-р хуудас/

 

- АДСП ХХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 19/074 дугаартай Ч.Н-г ажилд томилох тухай тушаал /хх-ийн 09-р хуудас/

 

- Шүүгдэгч Ч.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     77-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” хотхоны барилгыг барьж байгаа “АДСП” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Д.О-н зүүн гарт хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Н-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.О, гэрч А.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17-06-022/01 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Н-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Н-н хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хохирогч Д.О-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Сүхбаатар аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Н-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

           

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Н-г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Н нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Н нь хохирогч Д.О-д 2.500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ч.Н-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.500.000 төгрөгийг төлсөн нь   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Ч.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн болон  бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.О-д хохиролд 2.500.000 төгрөг төлсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Н-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА