Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,                                                                                                                      

Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 2030000000166 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ... дүгээр хороо, Шархад ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /рд:............./ Н.Д

 

                                  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Н.Д нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “АБ” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4 в-д зааснаар “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх”, мөн дүрмийн 3.7.а-д/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.14-т зааснаар “жолооч нь урдаа  яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг  мөргөхгүй,  хажуу дахь  тээврийн  хэрэгслийг  шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 13.1-т зааснаар “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө  хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал  зохино”  гэх заалтуудыг зөрчсөний улмаас гүйцэд түрүүлэх үедээ Х.Ү-н жолоодож явсан мотоциклийг мөргөж хохирогч И.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт:  2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн орчимд Т хоёр хүүхэдтэйгээ, би эхнэрийнхээ хамт Эрдэнэцагаан сумаас зүүн урагшаа “АБ” гэх газар руу ямаа боож идэхээ явсан. Д-нд очиход У, И.О хоёр ирчихсэн байсан. Тэнд очоод ямаа боох гэж байхад Ү нь эхнэр Д-н хамт ирсэн. Бид нар ямаагаа боож идэж хөзөр тоглоод өглөөний 04 цаг хүртэл суусан. Тэр орой 3 шил 0,75 литрийн архи, хоёр боргио пивотой уугаад амарсан. Өглөө О-г хүргэж өгөхөөр болж Ү-н мотоциклыг И.О унаад явсан. Би Ү-г гүйцэж түрүүлэх гээд баруун гар талаар нь ороход чулуу юм уу үхрийн баас шиг юм тээглээд дугуй шарваад энэ хоёрыг мөргөөд ойчсон. Би хэсэгхэн хугацаанд манараад сэрэхэд И.О мотоциклынхоо урд талд хөл болохгүй байна гээд хэвтэж байсан. Би Дгийн рүү явж хэл дуулгаад сумын төв рүү хүргэж өгсөн гэв.

 

Хохирогч И.О шүүхийн хэлэлцүүлэгт:  2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ямаа боохоо очиж архи уусан нь үнэн. Би уухгүй, мал услахаа яваад буцаж ирэхэд эд нар ууж байсан. Намайг дандаа согтуу байсан гэж байсан. Би айхтар согтуу байгаагүй. Би хоёр сар хүнээр малаа маллуулж байгаа. Энэ хүнийхээ цалин, цаашид эмчлүүлэх зардлаа нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 2030000000166 дугаар хэргээс:

 

Гэрч Т.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Яг тэр осол гаргах үед нь бол байгаагүй дараа нь би очсон. Миний бие нөхөр Т найз Д эхнэр Бийн хамт 2020 оны 04 дүгээр  сарын 16-ны орой 17 цагийн үед сумын төвөөс зүүн урагш 21 км АБ гэх газар найз Д гэх айлынд ямаа боож байна хүрээд ир гэхээр очсон тэнд очиход саахалт айлынх нь хүмүүс болох О, У, Ү эхнэр Д гэх хүмүүс байсан. Бид ямаагаа шарж дуусаад идэхэд 21 цаг орчим болж байсан. Бид хэд хөзөр тоглонгоо соёрхол нэртэй 0.75 л архи 3 шилийг,  нийслэл нэртэй 2.5 л пиво хоёрыг уугаад үүрийн 4 цагт амарсан өглөө 08 цагт  босоод цай хоол идээд гэр гэртээ харих гэхэд О-н архи арай гараагүй байсан болохоор Д О-н мотоциклийг унаад Ү өөрийнхөө мотоциклийг унаад О-г сундлаад гэрт нь хүргэж өгөхөөр хөдөлсөн. Удалгүй Д буцаж ирээд бид хэд ойчоод О-н хөл нь бэртчихлээ гэхээр манай нөхөр машинтайгаа О-г суулгаад сумын төв рүү ирж эмнэлэгт  үзүүлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р хуудас/

 

Гэрч Х.Ү-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчимд эхнэр  хүүхдийн хамт Эрдэнэцагаан сумаас зүүн урагш 20 км орчим АБ гэдэг газар Д гэх айлынд очоод Ү, У, Т, Д, Б, О нарын хамт ямаа боож идэнгээ хөзөр тоглож 0.75 граммын соёрхол архи 3 шилийг,  2.5 л нийслэл нэртэй пиво хоёрыг өглөөний 4 цаг хүртэл уугаад  тэндээ унтаж амраад өглөө нь 08 цагийн орчимд босоод О-н архи сайн гараагүй байсан болохоор би О-г хүргэж өгөхөөр болж өөрийнхөө мотоцикл дээр О-г сундлаад Д, О-н мотоциклийг унаад явж байхад Д-н гэрээс урагш 1 км орчим газар Д мотоциклтойгоо буруу талаар орж шүргээд бид 3 давхарладаад мотоциклтойгоо буруу тал руугаа унаад босож ирээд харсан чинь О-н баруун хөл нь шилбэ хэсгээрээ хавдсан байдалтай харагдсан. Д, О-н мотоциклийг унаад Д-н рүү явсан. Тэгээд удалгүй Т машинтайгаа ирж О-г аваад сумын төв эмнэлэгт үзүүлэхээр явсан бид хэд араас нь мотоциклтой ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/

 

Гэрч А.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэцагаан сумаас урагш 21 км-т АБ-т гэртээ байхад О, Д, Ү нар ирж бид 1 ямаа шарж 2 шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн боргио нэртэй пиво хувааж ууцгаасан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 04 дүгээр сарын 17-ны өглөө нь 11 цагийн орчимд Ү мотоциклоо жолоодож О ард нь сундалдаад хүргүүлэхээр явсан. Д О-н мотоцикл жолоодон харихаар явцгаасан юм. Би тухайн үед малаа услахаар худаг дээр байхад манай дүү Ц хүрч ирээд О ах мотоциклоос унаад хөлөө хугалчихаж  гэхээр нь очиход унасан газраас нь хөдөлгөөд  машинд  суулгасан байсан. Тэгээд сумын төв рүү авчраад эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаартай дүгнэлтэнд: “1. И.О-н биед баруун хөлийн шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал  бүхий гэмтэл учирчээ, 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх, /хх-ийн 42-43-р хуудас/

 

Техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд: “1. Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Н.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в-д зааснаар “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх”, мөн дүрмийн 3.7.а-д зааснаар “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.14-т зааснаар “жолооч нь урдаа  яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг  мөргөхгүй,  хажуу дахь  тээврийн  хэрэгслийг  шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн  үед  тээврийн хэрэгслийг  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга авна”, мөн дүрмийн 13.1-т зааснаар “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө  хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал  зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна”  гэх, /хх-ийн 58-59-р хуудас/,

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 5-10-р хуудас/

 

- Хохирогч И.О-н гаргаж өгсөн 855.640 төгрөгийн баримт /хх 13 дугаар хуудас/,

 

-  Шүүгдэгч Н.Д-н гаргаж өгсөн эм тарианы баримт, банкны дансны лавлагаа / хх 16-17 дугаар хуудас/

 

         - Шүүгдэгч Н.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Н.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Д нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “АБ” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4 в-д зааснаар “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх”, мөн дүрмийн 3.7.а-д/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.14-т зааснаар “жолооч нь урдаа  яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг  мөргөхгүй,  хажуу дахь  тээврийн  хэрэгслийг  шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 13.1-т зааснаар “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө  хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал  зохино”  гэх заалтуудыг зөрчсөний улмаас гүйцэж түрүүлэх үедээ Х.Ү-нжолоодож явсан мотоциклийг мөргөж хохирогч И.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Д-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч И.О, Т.Н, Х.Ү, А.Д нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн  шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Д-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Н.Д-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, согтуугаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж  заасан бөгөөд шүүгдэгч Н.Д-н үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчин  зам тээврийн хөдөлгөөнд оролцож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Н.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч Н.Д нь хохирогч  И.О эд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 878 000 төгрөг төлсөн, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал, малчны цалин нийт 3 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  878 000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Н.Д-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Н.Д-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр тогтов.

 

Шүүгдэгч Н.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Д-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Д-д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Н.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 878 000 төгрөг төлсөн,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.О нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА