| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0141/э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-д холбогдох эрүүгийн 2030001100156 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./ Ө.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ө.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Шургуулга гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/-ийн 3.1-т зааснаар “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7-д зааснаар / тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Д.О-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бага зэргийн архи уусан нь үнэн. Тухайн үед амь хохирогч О-н машин цасанд суусан. Би машиныг хөдөлгөөд ухрахдаа О-н амь насыг хохироосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Оршуулгын зардалд 7.392.730 төгрөг нэхэмжилж байна. Өөр гаргах гомдол санал байхгүй гэв.
Эрүүгийн 2030001100156 дугаартай хэргээс:
Гэрч А.А мөрдөн байцаалтад өгсөн: “ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.О-нх руу өөрийн хамаатны дүү болох А-н приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 15 цагийн үед очсон юм. Тэгээд тэндээсээ Д.О-н цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй бид хоёр манай төрсөн ах А-нд очоод байхад мөн саахалт айлын Ө.Б, эхнэр Ө.Б нар нь охинтойгоо цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Манай ах А.А-нд байхад би болон Ө.Б, Д.О нар нь халамцуу байсан бөгөөд айхтар уугаагүй. А.А нь бид нарт 0.5 граммын архи гаргаж задалсан бөгөөд тэр архийг бид нар талаас нь доош хүртэл нь хувааж уусан. Тэгээд Ө.Б, Д.О, Ө.Б бид нар А.А-ынхаас 20 цаг өнгөрөөгөөд хөдөлж ЭА гэх айл дээр 21 цагийн үед очсон бөгөөд ЭА-нх 0.5 граммын Хараа нэртэй архи гаргаж задалсан. Тэр архийг бид нар бүгд хувааж ууж дуусгасан. Бид нар ЭА-нхаас 22 цагийн үед гарч ЭА-н төрсөн ээж Д-нд очсон. Д эгч бид нарт нэг нэг хундага архи хийж өгч байсан санаж байна, тэрийг нь уучихаад цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн ард байх нугасанд нь ороод унтсан бөгөөд тухайн машиныг Д.О нь жолоодсон, цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг Ө.Б нь жолоодон эхнэр хүүхдээ суулган Б гэх айл руу явцгаасан юм. Тухайн үед бид нар нэлээн их согтсон бөгөөд би тасраад унтчихсан.Нэг мэдсэн намайг Ө.Б нь чангаагаад Д.О өнгөрчихсөн юм шиг байна гээд уйлаад байхаар нь машинаас буугаад хартал тухайн машинаас ертөнцийн зүгээр баруун урагш зүгт 4-5 метр орчим зайд Д.О нь доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь Ө.Б ын хамт очиж үзэхэд гар хөл нь хөрчихсөн байхаар нь Ө.Б-с юу болсон талаар асуухад машин цасанд суугаад гарахгүй Д.О нь машины араас түрж байгаад нүүрээрээ ойччихлоо гэж ярьж байсан юм. Тухайн үед 03 цаг болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас /
Гэрч Ө.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Сүхбатаар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг “Д” гэх газарт нөхөр Ө.Б, охин Б.Х, охин Б.Д нарын хамт амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр Ө.Б-ын хамт цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй охин Б.Д-н хамт сарын хэсэл хийгээд А.А гэх айл дээр 18 цагийн үед очиход тэднийд А.А түүний эхнэр Н, А.А-н төрсөн дүү А.А, Д.О нар байсан бөгөөд А.А нь бид нарт 0.5 граммын О па нэртэй архи гаргаж задалсан бөгөөд тэр архийг бид нар талаас нь доош хүртэл нь хувааж уусан. Ө.Б, Д.О, А.А бид нар А.А-нхаас 20 цаг өнгөрөөгөөд хөдөлж ЭА-нд 21 цагийн үед очиход 0.5 граммын Хараа нэртэй архи гаргаж задалсан ба тэр архийг бид нар хувааж ууж дуусгасан. Тэгээд ЭА-нхаас 22 цагийн үед гарч ЭА-н төрсөн ээж Д-нд очсон бөгөөд Д эгч бид нарт нэг нэг хундага архи хийж өгч байсан санаж байна. Архиа уучихаад гэрээс гарах үед Д.О нь та миний машиныг барьчих гэхэд нь эгч нь барьж чадахгүй шүү дээ гэж хэлэхэд зүгээрээ асуудал байхгүй гэхээр нь би тухайн машиныг жолоодон хажууд Д.О суугаад хөдөлсөн ба нөгөө машин болох .......... ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Ө.Б жолоодон хажууд нь А.А сууж Д эгчийнхээс 22 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн бөгөөд урд нь манай машин болох Ө.Б-н жолоодож явсан цэнхэр өнгийн портер араас нь би Д.О-н цагаан өнгийн тээврийн хэрэгслийг би жолоодон тэднийхээс ертөнцийн зүгээр хойш Б гэх айл руу явцгаасан. Тэгээд явж байхад урд явж байсан ........ ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл гэнэт зогсохоор нь би хажуугаар нь өнгөрсөн ба толиндоо хартал манай машин хөдлөхгүй болохоор нь би урд нь очиж зогсоход машинаас Ө.Б, А.А нар нь буучихсан унтарчихлаа, асахгүй байна наад машинаар чинь чирж асаая гээд өөрийнхөө машины араас хар ремень гаргаж ирээд Д.О-н машины араас өөрийн машины урдаас уяагаар уяж Ө.Б, А.А нь цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд суусан ба би цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг асаан хөдлөөд чирэх үед тухайн машин нь араандаа орж өгөхгүй, шууд гуравтаа ороод ухас ухас хийгээд байсан ба уяа нь тасарсан бөгөөд Б нь ирээд “яасан бэ, юу нь болохгүй байна” гэхээр нь миний уур хөдлөөд чи шөнө орой машин тэргээ унтраачихлаа гэж жоохон чанга дуугаар загнах үед хажуу суудал дээр унтаж байсан Д.О нь сэрээд “яасан бэ, эгчээ” гэхээр нь ахын чинь машин унтарчихлаа татах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би “чиний машиныг асааж чадахгүй байна” гэхэд Д.О нь “эгчээ та холдож бай, би нэг үзье” гэхээр нь би жолоочийн суудлаас бууж нөгөө талд нь суусан ба нөгөө машинд Ө.Б, А.А нь суусан. Д.О нь машинаа асаагаад уяандаа ойртох гээд арагшаа ухрах үед манай машин болох .......... ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн баруун талын урд хэсгийг ачааныхаа хэсгээр мөргөж гэрлийг хагалж хонхойлгосон юм. Тэгэхээр нь Ө.Б миний машиныг хая, Д.О-н машинтай явья гээд Д.О-н машинд бүгдээрээ сууцгаасан юм. Машины ард багаажинд А.А ороод унтчихсан, Д.О-н хажуу талд би, миний өвөр дээр манай охин Д, нөхөр Ө.Б нар нь сууцгаасан юм. Д.О нь “би жоохон дэм өгье би араас нь түрье, Б ах та жолоон дээр байж бай” гээд машинаас буусан ба Д.О нь машины араас түрээд байх шиг байсан. Б нь тухайн машиныг нааш цааш нь хөдөлгөөд ухрах үед нэг юман дээгүүр гарах шиг машин донсолсон тухайн үед машин дотор үнэхээр халуун байсан учир би бага зэрэг нойрмоглосон байх гэж бодож байна. Тэгээд тухайн машин нь цасанд хөдлөхгүй байсан бөгөөд нэг мэдсэн би болон манай нөхөр бид нар машин дотроо унтчихсан байсан, машин асаах үед би сэрээд “нэлээн унтчихсан байна” гээд машины арагшаа харахад ард багаажинд А унтаж байсан тэгэхээр нь Д.О яасан юм бэ гэж Б-аас асуухад Б “орж ирж унтаагүй юм уу, ард байхгүй байна уу” гээд бид хоёр машинаас буугаад би бие зассан ба Б машинаас цааш яваад ирэхэд нь “чи хаашаа яваад ирэв” гэхэд хар юм гойзох шиг болохоор нь очсон чинь бараан газар байна, Д.О айл руу гүйчихсэн юм байх даа гэж тухайн үед ярьж байсан. Тэгээд Д.О-н машиныг ертөнцийн зүгээр зүүн хойш нь хөдөлгөөд 10-12 мерт орчим газар явтал машины ард хүн хэвтэж байна гээд Б нь машинаас буусан ба үзчихээд Д.О байна, “болохгүй болчихсон байна” гэхээр нь “чи хүн дайраад алчихлаа” гээд уйлаад А.А-г сэрээсэн. Тэр хоёр дахин очиж үзэхэд Д.О доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь А.А дээшээ харуулахад “гар хөл нь хөрчихсөн нас барчихсан байна” гэж надад хэлсэн. Би бодохдоо манай нөхөр арагшаа ухрахдаа дайрсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас /
Гэрч Д.Д мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 06 цагийн үед Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг ЧШХ гэх газарт гэртээ байж байтал А гэх залуу манай хажуу талын айл болох М Д-н ах Д.О нас барчихлаа, хэл дуулгаарай гэж ярьсан байгаа юм. Би тэр өдрөө шууд гэр рүү нь очиход манай ээж, хэдэн дүү нар байсан бөгөөд аваарь гараад ах чинь нас барчихлаа гэхээр нь нэг их юм асууж шалгаагаагүй юм. Д.О 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үдийн хойно хэсэл хийнэ гээд гэрээсээ гарсан гэж манай ээж ярьж байсан юм. Манай гэр бүлийнхний зүгээс гаргах гомдол гэхээр зүйл байхгүй. Харин ажил явдлын зардлыг гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас /
Гэрч С.ЭА мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг Шургуулга гэх газарт байдаг юм. Ө.Б, Д.О, Ө.Б, А нар нь манай гэрт сарын хэсэл хийгээд цэнхэр болон цагаан өнгийн портер маркийн машинтай 2020 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 21 цагийн үед ирсэн бөгөөд цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг Ө.Б, портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг О жолоодож явсан юм. Тухайн үед Ө.Б-н эхнэр Б-с бусад нь бага зэргийн согтуу байсан ба би 0.5 л хараа архи задалж тэрнээс Ө.Б, Д.О, А нар нь гурав гурав татсан бөгөөд тухайн архи нь дууссан.Тэгээд тэр хэд манайхаас 22 цагийн үед гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
Гэрч А.А мөрдөн байцаалтанд өгсөн: “Ө.Б, Д.О, Ө.Б, А нар нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны 20 цагийн үед Портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг О гэх залуу харин цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг Ө.Б нь жолоодож эхнэр Б болон манай төрсөн дүү А нарын хамт ирсэн юм. Тухайн хүмүүс нь жоохон халамцуу байсан ба би 0.5 л Опа нэртэй архи задлаж тэрнээс Ө.Б, Д.О, Ө.Б, А нар нь тухайн архийг тал хүртэл нь ууж манайхаас 20 цаг 30 минутын үед гарсан юм. Манайд тэр хүмүүс муудаж маргалдсан зүйл гаргаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас /
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэнд: “1.Талийгаач Д.О-н цогцост хүзүүний 4-р /С4/ нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны няцрал, цус хуралт, хуйхны дотор нэлэнхүйдээ, зулай, баруун зүүн чамархайн гавлын булчингийн цус хуралт, баруун хэнхэрцгийн баруун зүүн талын дотор ханын цус хуралт, баруун 2,3,4,5,6,8,10,11-р хавирганууд, зүүн 3,4,5,6-р хавиргануудын хугарал, өвчүүний хөндлөн хугарал, булчингийн цус хуралт, духанд, баруун шанаа хацрыг хамарсан, зүүн хөмсөгний гадна болон зүүн шанааг хамарсан, шилэн хүзүүнд, эрүүний баруун доод буланд, хамарт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн хацарт, дээд уруулд, зүүн тохойны урд хэсэгт, хэвлийн баруун хэсэгт, зүүн даланд зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэгт, баруун шанаанд, амны баруун хэсэгт өнгөц язарсан шарх, зүүн далны гол хэсэгт, зулайн хуйханд зулгарсан шарх, зүүн гарын тохойн эргэн тойронд олон тооны, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 2.Дээрх гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 3.Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь хүзүүний 4-р /С4/ нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны няцрал, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 5.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэх, /хх-ийн 54-57-р хуудас/
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэнд: “1.Портер маркийн ... СҮА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ө.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/-ийн 3.1-т зааснаар “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7-д зааснаар “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Жолооч Ө.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна” гэх, /хх-ийн 64-65-р хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэд:“Талийгаач Д.О-н цогцосноос авсан цусанд 3.2 промилли этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 60 хуудас /
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас /
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-р хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-17-р хуудас/
- Хохирлын баримт /хх-ийн 20-23-р хуудас хуудас/
- Сүхбаатар аймгийн Линзийн Өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-93-р хуудас/
- Ө.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Шургуулга гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар Портер маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/-ийн 3.1-т зааснаар “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7-д зааснаар а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Д.О-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У, гэрч А.А, Ө.Б, Д.Д, С.ЭА, А.А нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-г согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Б-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох тул түүнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ө.Б нь хохирогч Т.У-д оршуулгын зардалд 7 435 000 төгрөг төлсөн тул 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/34 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б-г согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Ө.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.У-д оршуулгын зардалд 7 435 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/34 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Т.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА