| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0146/э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э-т холбогдох 2030001270179 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг .......... тоотод оршин суух, Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг нь буюу 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байхдаа Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар 5 жил хорих ял болгон өөрчилж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялуудыг нэмж бүгд 3 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /рд:............../ Б.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг ЦО-ны задгайгаас хохирогч Б.Д-н эзэмшлийн улаан өнгийн Голд-GH150 маркийн мотоциклийг хулгайлж 1 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 06-ны шөнө согтуугаар Д-н мотоциклийг хулгайлсандаа маш их харамсаж байна.Мотоциклийг буцааж өгсөн гэв.
Эрүүгийн 2030001270179 дугаар хэргээс:
Хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 22 цагийн орчимд хөдөөнөөс Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн задгайд амьдардаг хүргэн ах С.Э-нд ирж хоноод өглөө 07 цагийн орчимд босоод харахад миний унаж ирсэн Голд-GH150 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл алга болсон байсан. Би 2020 оны 02 дугаар сарын 22-нд Эрдэнэцагаан сумаас Голд-GH150 маркийн улаан өнгийн мотоцикл 2.010.000 /хоёр сая арван мянган/ төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан. 2020 оны 04 дүгээр сарын 12-нд Эрдэнэцагаан сумаас Дорнод аймагт очиж хулгайд алдагдсан Голд-GH150 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклио
замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.У гэх хүнээс хүлээн авсан. Одоо ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/
Гэрч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны үүрээр 04 цагийн орчимд Б.Э мотоциклтой манайд ирсэн. Э хэлэхдээ найз нь саяхан суллагдсан, ээжийн бие муу, хандив цуглуулаад явж байна гэсэн. Тэгээд би нэг шил архи задлаад тойруулаад 10.000 төгрөг авч өгсөн. Манайд цай хоол идээд манайхаас хойшоо “Уг” гэх газар манай хүргэн ах А гэх айл руу явсан. Хул өнгийн шинэ дөрвөн нүхтэй яндантай, чанга дуутай улсын дугааргүй мотоцикл унаж явсан” гэх мэдүүлэг, / хх-ийн 16-р хуудас/
Гэрч С.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Эхнэр А-н төрсөн дүү Д нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт 22 цаг өнгөрч байхад өөрийнхөө мотоциклтой ирсэн юм. Манайх Эрдэнэцагаан сумын төв буюу 2 дугаар багт задгайд амьдардаг. Д манайд ирээд хоол цай идээд унтсан. Өглөө манай эхнэр А босоод Д-д хандаж, чиний мотоцикл алга болсон байна гэж хэлсэн. Д худалдаж аваад 10 гаруй хонож байсан улаан өнгөтэй, маркийг нь сайн мэдэхгүй шинэ мотоцикл байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05-р хуудас/
Сүхбаатар аймгийн Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 20-28-р хуудас/
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар 02-ны өдрийн 02/274 дугаартай тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/
Шүүгдэгч Б.Э-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг ЦО-ны задгайгаас хохирогч Б.Д-н эзэмшлийн улаан өнгийн Голд-GH150 маркийн мотоциклийг хулгайлж 1 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Э-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Д, гэрч Б.Т, С.Э нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.Э-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-н хохирогч Б.Д-н эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Д-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д-д хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА