Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00327

 

     2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00327

             Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Баруун үйлдвэр-133, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн байранд оршин байгаа “Вагнер Ази Индистрал” ХХК /РД-5363152/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, өөрийн байранд оршин байгаа “Монроуд” ХХК /РД-2621142/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээнээс учирсан хохиролд 1,142,702,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан, Ө.Болортуяа, Н.Долгорсүрэн, Б.Нандинчимэг, өмгөөлөгч Н.Цогт /шүүхэд төлөөлөх эрх-0352/, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, гэрч Л.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Вагнер Ази Индистриал” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монроуд компани нь 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай SC-1508/04 тоот тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулж, авто замын тоног төхөөрөмж болох хацарт бутлуурыг 742,408,582 төгрөгөөр худалдан авсан.

“Вагнер Ази Индистриал” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж уг тоног төхөөрөмжийг хугацаанд нь хүлээлгэн өгсөн боловч “Монроуд” ХХК нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийн үнийг төлөх үргээ биелүүлэлгүй удаа дараа хугацаа хойшлуулж, үүргээ зөрчөөд байна.

Хариуцагч тал худалдаж авсан тоног төхөөрөмжийг доголдолтой гэж маргадаг.

Талууд анх 2014 онд санхүүгийн түрээсийн гэрээгээр дээрх тоног төхөөрөмжийг түрээслэхээр тохиролцон, гэрээний дагуу “Вагнер Ази Индистриал” ХХК нь тоног төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, “Монроуд” ХХК нь төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Үүний дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн бөгөөд хариуцагч тал 4 сарын түрээсийн төлбөр төлсөн. Улмаар хариуцагч тал 2015 оны 8 дугаар сарын 06-ны хацарт бутлуурыг унагаасан байсныг бид очиж үзсэн.

Ингээд хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манайд дээрх тоног төхөөрөмжийг худалдан авах санал гаргасан.

Талууд харилцан ойлголцлын санамж бичгээр тоног төхөөрөмжийн үнийг 555,500 ам.доллараар тогтоосон байсан. Ингээд өмнөх түрээсийн төлбөрийг хасч нэхэмжлэгч компанийн хохирлыг нөхөн төлөх зорилгоор тоног төхөөрөмжийн үнийг 742 сая гаруй төгрөгөөр тохирч талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулахдаа тоног төхөөрөмжийг шинээр хүлээлгэн өгөөд буцааж аваагүй ба гэрээ байгуулах үед хацарт бутлуур хариуцагчийн эзэмшилд байсан учир манайх шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Мөн өөрсдөө эвдсэн, эвдрэлтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч худалдан авсан. Гэрээний тусгай нөхцөлд худалдаж авсан тоног төхөөрөмж нь өөрийн сэтгэл ханамжид нийцэж байгаа учраас худалдаж авлаа гэсэн утгатай заалтыг оруулж өгсөн. Талууд гэрээндээ баталгааны хугацаа өгөөгүй байдаг.

“Монроуд” ХХК тоног төхөөрөмжийг манай эзэмшилд буцаагаад өгсөн гэж байна. Хариуцагчийн хүсэлтийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиж үзлэг хийсэн. Үзлэгээр газар дээр нь засвар хийх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Тиймээс талууд ярилцаж тохироод нэхэмжлэгч компанийн засварын газар аваачиж засварлуулах нь зүйтэй гэж үзэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр авчирсан. Тухайн үед хацарт бутлуурыг унагааж эвдсэн байсан бөгөөд манайд засуулах гэж авчирсан одоо сэлбэгийн үнийг өгөхгүй байгаагийн улмаас засч чадахгүй байж байгаа. Тэрнээс манайх эзэмшилдээ авчихсан юм биш, буцаагаад өгч болно.

Хариуцагч тал үзлэгийн зардлыг төлсөн байдаг. Хэрэв “Вагнер Ази индистриал” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж биет байдлын доголдол үүссэн гэж үзсэн бол үзлэгийн зардлыг төлөхгүй байх байсан.

Худалдах-худалдан авах гэрээгээр “Монроуд” ХХК 3 сарын дотор төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад хариуцагч нь одоогоор төлбөрөө төлөх боломжгүй байна, улсаас замын мөнгө орж ирэхээр төлнө гэсэн  тайлбарыг тавьж байсан.

Хариуцагч компани дээрх гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцогдож нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 1,160,009,510 төгрөгийн алдангийг манай компанид төлөхөөр болсон байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээг үлдэгдэл төлбөрийн 50 хувиар тооцож 371,204,291 төгрөг хүртэл бууруулсан.

Манай компани талуудын цаашдын хамтын ажиллагааг хүндэтгэн үзэж, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх талаар харилцан саналаа илэрхийлж байсан, гэрээний төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж байсныг харгалзан эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүн гарсангүй.

Хариуцагч тал дээр дурдсан гэрээний үүргээ зөрчиж, манай үйл ажиллагаанд хохирол учруулан хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөний улмаас эрхээ хамгаалуулахаар өмгөөллийн Цогт энд Нандин ХХН-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 29,260,000 төгрөг төлсөн. Энэхүү төлбөрийг компанид учруулсан хохирол гэж үзэж Монроуд ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн ба тоног төхөөрөмж хүлээлцсэн эсэх болон тооцооллын хувьд маргаангүй байгаа болно.

Бид тооцоо гаргахдаа засварын зардлыг хасаагүй нэхэмжилсэн байсан. Засварын зардал болох 1,600,092 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд Монроуд ХХК-иас гэрээний үнэ 740,999,757 төгрөг, алданги 340,499,878.80 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 29,260,000 төгрөг, нийт 1,140,759,635 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Монроуд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Монроуд ХХК нь Вагнер ази тоног төхөөрөмж ХХК гэх толгой компани болон түүний охин компаниудтай хамтран ажилласаар ирсэн.

Вагнер Ази индистриал ХХК нь Монроуд ХХК-тай 2 төрлийн гэрээ байгуулсан. Талууд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хацарт бутлуурыг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан боловч нэг ч удаа ашиглаж чадаагүй. Уг гэрээг байгуулахаас өмнө буюу 2015 оны 4 дүгээр сард засвар үйлчилгээ хийлгэхээр дуудлага өгсөн баримтууд авагдсан байгаа.

Бид нэхэмжлэгчийн хэлснээр биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмж хүлээн авсан бол яагаад засвар үйлчилгээний талаар албан бичгээр болон цахим шуудангаар харилцаад байгаа нь ойлгомжгүй юм. Түрээсийн гэрээний төлбөрийг төлж байсан шалтгаан нь өмнө нь хамтран ажиллаж байсан хамтын ажиллагаатай холбоотой. Тухайн үед ажилтай байсан учраас шаардлагаа бичгээр гаргаж чадаагүй, харин амаар хэлж цахим шуудангаар харилцаж байсан.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн авсан хацарт бутлуураа Оюутолгойд нэг сар ашигласан боловч олигтой ажиллахгүй байсан учраас засвар үйлчилгээ дуудаж байсан. Ингээд 2015 оны хавар зассан гэж мэдэгдсэн учир Архангай руу авч явж замын ажилд ашиглах гэсэн боловч нэг ч удаа ажиллаагүй. Тиймээс бид өөрсдийн хамтран ажилладаг Бух тэрэг ХХК-д тоног төхөөрөмжийг ачиж Улаанбаатар хот руу явуулсан. Тус компани нь тоног төхөөрөмжийг унагаасан асуудал байдаг.

Архангайгаас хацарт бутлуурыг ачиж явснаас хойш Монроуд ХХК-д хамааралгүй болсон.

Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан. Хацарт бутлуурыг унагааснаас болоод хохирлыг төлөх зорилгоор шахаанд орж хийсэн гэрээ юм биш үү. Талуудын хооронд тооцоо нийлсэн ямар ч баримт байдаггүй хэрнээ худалдах-худалдан авах гэрээг үндэслэн тоног төхөөрөмжийг үнийг алданги, хохиролтой нь нэхэмжлэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч сэтгэл ханамжид хүрсэн гэж байна. Гэтэл гэрээний тусгай нөхцөлд худалдан авагч худалдан авсан тоног төхөөрмжийг худалдан авснаас хойш 3 сарын дотор эргэн төлөлт хийхээр тохирсон нь сэтгэл ханамжид хүрээгүй учраас ийм хугацаа заасан байх гэж үзэж байна.

Мөн хууль зүйн туслалцаа авсан гээд байгаа 29,260,000 төгрөг нь нэхэмжлэгч компанид үзүүлсэн үйлчилгээний зардал бөгөөд энэ нь Иргэний хуульд заасан хохиролд хамаарахгүй юм.

Гэрээнд баталгаат хугацаа байхгүй бөгөөд Монроуд ХХК нь түрээсийн төлбөр төлж байгаагүй.

Үүнээс гадна хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй хэд хэдэн баримт байна. Хэрэгт авагдсан цахим шуудан, шууд принтерээс гаргасан баримтууд байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вагнер Ази Индистриал” ХХК нь “Монроуд” ХХК-иас худалдах- худалдан авах гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд 1,142,702,235 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаас засвар үйлчилгээний зардлын 1,600,092 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн хэмжээг багасгаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ “... гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, ... эд хөрөнгө доголдолтой байснаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй ..., ... буцааж өгсөн учир гэрээг цуцалсан гэж үзнэ, ... ” гэж тайлбарладаг. /хх-204-206 дугаар хуудас/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд хариуцагч “Монроуд” ХХК нь “Вагнер Ази индистриал” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр RPO-1404/01 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан, Premietrak-400 загварын PIDPT400COMDB7835 арлын дугаар бүхий хацарт бутлуурыг түрээслэж, уг гэрээний дагуу хариуцагч тал түрээсийн төлбөр төлж байжээ. /хх-60-66, 210 дугаар хуудас/

Улмаар хариуцагч “Монроуд” ХХК нь түрээслэж буй тоног төхөөрөмжөө худалдан авах хүсэлтээ илэрхийлж, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 02/183 тоот албан бичгийг нэхэмжлэгч компанид явуулсан байх ба “Вагнер Ази Индистриал” ХХК уг саналыг хүлээн авч, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх-75, 11-15 дугаар тал/

Дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Учир нь хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэлийг буюу түрээслэж буй тоног төхөөрөмжийг худалдан авах хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болж улмаар талууд гэрээ байгуулан гарын үсгээ зурснаар хэлцэл хийгдсэн байна. /хх-75 дугаар тал/

Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсч, нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, хариуцагч талд хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг үүссэн байна.

Шүүх хариуцагч талыг, худалдан авсан тоног төхөөрөмжийг биет байдлын доголдолтой байсан, нэг ч удаа зориулалтын дагуу ашиглаагүй, нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан өгснөөр гэрээ цуцлагдсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч “Монроуд” ХХК нь 2014 онд анх тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээний дагуу эзэмшилдээ хүлээн авсан байдаг ба уг хугацаанд “Монроуд” ХХК-ийн захиалгаар хацарт бутлуурт засвар үйлчилгээ хийгдэж байснаас чанарын доголдолтой холбоотой гомдол, мөн гэрээнээс татгалзах, цуцлах тухай мэдэгдэл гаргаж байгаагүй, харин түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараа хариуцагч нь тоног төхөөрөмжийг худалдан авах хүсэлт гаргаж, нэхэмжлэгч талтай худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. /хх-16-23, 60-75 дугаар тал, гэрч Ч.Чимэддагвын мэдүүлэг/

Зохигчдыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед худалдсан эд хөрөнгө болох тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд байсан гэдэг нь талуудын тайлбараар тогтоогддог тул “Монроуд” ХХК-ийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

Мөн хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Л.Отгонбаатарын мэдүүлэг, засвар үйлчилгээний тайлан зэрэг нотлох баримтууд нь “Монроуд” ХХК-ийг тоног төхөөрөмжийн биет байдлын доголдлын талаар мэдсэн атлаа өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг нотолж байна. /хх-204-209 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулж өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тоног төхөөрөмжийг буцаан өгснөөр гэрээнээс татгалзсан гэж мэтгэлцдэг.

Талуудын байгуулсан тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний 9.2 дахь заалтад гэрээний аль нэг тал нөгөө талдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр сайн дураар гэрээнээс татгалзах, бусдад эрх үүргээ бүрэн эсвэл хэсэгчлэн шилжүүлэх эрхгүй гэж заажээ.

          “Монроуд” ХХК нь өөрийн хамтран ажилладаг компани болох “Бух тэрэг” ХХК-иар тоног төхөөрөмжийг тээвэрлүүлэн “Вагнер Ази индистриал” ХХК-руу хүргүүлсэн, одоо уг тоног төхөөрөмж нь нэхэмжлэгчид байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа хэдий ч хэрэгт авагдсан засвар үйлчилгээний тайлан, тоног төхөөрөмжийг шалгах хуудас, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, үзлэг хийж бэхжүүлсэн баримт болох цахим шуудан зэрэг бичгийн нотлох баримтуудаас харахад хариуцагч тал гэрээнээс татгалзан, худалдан авсан хөрөнгийг буцаан өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь гэрээний 9.2 дахь заалтын дагуу гэрээнээс татгалзсан гэх үйл баримтаа баримтаар нотолж чадаагүй тул шүүх, зохигчдын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэх боломжгүй юм. /хх-18-23, 152-158, 204-206 дугаар тал/

Гэрээний дагуу хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч тал хариуцагч “Монроуд” ХХК-иас уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. /хх-10, 14 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнээс учирсан хохиролд 29,260,000 төгрөгийг гаргуулах шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэм буруутай.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-иас “Цогт энд Нандин” ХХН-д эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсний урьдчилгаа төлбөр шилжүүлсэн кассын орлогын ордер, “Цогт энд Нандин” ХХН-өөс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Монроуд” ХХК-д хүргүүлж байсан мэдэгдэл зэрэг баримтууд нь маргаж буй худалдах-худалдан авах гэрээний үүргийн зөрчилд хамааралтай, зохигчдын хооронд байгуулсан Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 29,260,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нотлохгүй байна. /хх-25, 79 дүгээр тал/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Монроуд” ХХК-иас худалдан авсан хөрөнгийн үнэ болох 740,999,757 төгрөг, алданги 340,499,879 төгрөг, нийт 1,111,499,636 /нэг тэрбум  нэг зуун арван нэгэн сая дөрвөн зуун ерэн есөн мянга зургаан зуун гучин зургаан/ төгрөг гаргуулан “Вагнер Ази индистриал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,871,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-иас 5,715,448 /таван сая долоон зуун арван таван мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөг гаргуулан “Вагнер Ази индистриал” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Монроуд” ХХК-иас 1,111,499,636 /нэг тэрбум  нэг зуун арван нэгэн сая дөрвөн зуун ерэн есөн мянга зургаан зуун гучин зургаан/ төгрөг гаргуулан “Вагнер Ази индистриал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,871,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-иас 5,715,448 /таван сая долоон зуун арван  таван мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөг гаргуулан “Вагнер Ази индистриал” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД