| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0137/э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Г.Тнарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.Т-нд холбогдох 2030000000182 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./ Г.Т.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ШХ” гэх газарт хохирогч Ж.Б-н хөлөн тус газар төмрөөр цохиж түүний эрүүл мэндэд “баруун хөлийн шилбэний зөөлөн эдийн няцралт, баруун хөлийн өсгий ясны цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Тшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000000182 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “....2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манайх нүүдэл хийгээд явж байхад Ж.Б нь хонь хөөгөөд байхаар нь мотоциклтой хүрч очтол хонь хургаа нийлүүллээ авсангүй гээд загнасан. Өөрийнх нь хонийг ойрхон байгаа юм боловуу гээд харахад гэрийнх нь баруун хойно байсан бөгөөд гадаа нь очтол муусайн гуйлгачингууд малаа авсангүй гэхээр нь би өөдөөс нь хэрэлдсэн. Намайг эцгээ мэдэхгүй шээс гэхээр нь уур хүрээд Ж.Б-г сууж байсан машинаас татаж гаргах гээд заамдаж автал өөрөө машиныхаа рулээс нэг гараараа тэврээд сандлаасаа зуураад хөлөөрөө урагш тийчлээд байхаар нь суудлын бүрээсээр нь хэд ороолгосон. Тэгээд гэр лүүгээ давхиж яваад өөрийнхөө өвөлжөөн дээр байсан Ж.Б-н үхрийг мотоциклиор элдээд өөрийнх нь хотруу оруулаад эргээд Ж.Б рүү очтол чи ямар их шартай юм. Би чиний мууг үзнээ гээд намайг занаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед Халзан сумын 2 дугаар баг ШХ гэх газар Т-ы хонь ирэхээр нь би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээрээ очоод хонийг нь хөөчихөөд гэрийнхээ гадаа иртэл Т нь манай гадаа ирээд намайг машин дотор ална шүү чамайг гээд хоолой боохоор нь хөлөөрөө жийгээд тавиултал цаашаа яваад 50 см орчим турба төмөр авч ирээд баруун хөлийн шилбэ рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би хүргэн хүү Б.Б-д хэлж цагдаагийн байгууллагад хандсан. Г.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч А.Болор-Эрдэнийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаартай “...Ж.Б-н эрүүл мэндэд баруун хөлийн шилбэний зөөлөн эдийн няцралт, баруун хөлийн өсгий ясны цууралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/
- Шүүгдэгч Г.Т-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 24-р хуудас/
- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-35-р хуудас/
- Хохирогч Ж.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37-р хуудас/
-Шүүгдэгч Г.Т-ы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 30-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 69 дугаартай санал /хх-ийн 39-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ШХ” гэх газарт хохирогч Ж.Б-н хөлөн тус газар төмрөөр цохиж түүний эрүүл мэндэд “баруун хөлний шилбэний зөөлөн эдийн няцралт, баруун хөлийн өсгий ясны цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Т-ы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т-нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т-ы гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Т-ы энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Т-ы хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Г.Т-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т-нд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч Г.Т-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “30 см урттай 2.2 см диаметртэй, нэг талдаа 0.5 см хоёр хувилттай голдоо нүхтэй төмөр”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Т-нд оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Т-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Ялтан Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА