| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0130/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэбат,
Шүүгдэгч В.Г, Э.С нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Г, Э.С нарт холбогдох эрүүгийн 2030000000154 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ... эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын .... дугаар баг, “ Тг” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./ В.Г.
Монгол Улсын иргэн, 20.. оны ... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг, “Х” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../ Э.С
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч В.Г, Э.С нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас хохирогч М.Б-ы 6 бог малыг хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000000154 дугаартай хэргээс:
Шүүгдэгч В.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-даар байх өдрийг санахгүй байна. М.Б ах надад хонио орхиод Онгон сум явж тэтгэврээ аваад ирэх гэсэн юм чи манай хонийг харж байхгүй юу гэсэн. Маргааш орой нь М.Б ах манайхаар дамжиж ирээд бид хоёр сум явлаа манай хонийг орой очоод хашчихаарай гэж хэлээд сум явсан. Тэгтэл Б ахын хүү ГӨ над руу утсаар залгаад аав ээж хоёр сум руу ирж байгаа, байхгүй хооронд нь манай хониноос М гэх хүнд мөнгөний өрөнд өгөх 10 хонь аваад айлд тавьчихаарай гэж хэлсэн. Би болох юм уу гэхэд ГӨ зүгээрээ би дараа нь хариуцана гэж байсан. Маргааш өглөө нь ГӨ мөн утсаар залгаад та 10 хонь авсан уу гээд байхаар нь би манай урд айлын хүүхэд болох Э.С-г дагуулж хоттой хониноос нь 11 тооны эм хонь гаргаж уг гаргасан хонио би баруун тийш мотоциклтой хөөгөөд Э.С-г хоттой хонийг нь гаргачихаарай гээд явсан. Тэгээд би 11 хонио хөөгөөд явж байтал өөдөөс морьтой малын цэрэг ирэхээр нь уг морьтой цэргээр хонио хөөлгөж явуулаад гэртээ ирээд өөрийнхөө хонийг гаргаад сууж байхад Э.С нь У гэдэг хүнийг дагуулж ирээд миний утсаар ГӨ-тэй ярьсан. У нь утсаар ярихдаа ГӨ-гөөс хавар өгсөн мөнгөний оронд нэг ямаагаа авмаар байна гэтэл ГӨ нь намайг хониноосоо бариад өгчих гэж хэлсэн. Би У, С хоёртой хониных нь бэлчээр дээрээс У-т нэг хязаалан эр ямаа барьж өгөөд явуулсан. Тэгээд С бид хоёр өдөр малаа хариулж байгаад орой гэртээ ирэхэд 4-р заставын дарга Т харуулын дарга Т, жолооч гурав машинтай ирээд ГӨ-тэй утсаар ярьсан 3 хонь манай хониноос чамд хэлээд авчих гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь С бид хоёр мотоциклтой дагаж очоод Б ахын хониноос уг гурван хүнд ГӨ-н 3 хонийг барьж өгсөн. Тэгтэл хамт ирсэн Т нь надаас тоглоомонд алдсан 2 хонио авна гэхээр нь би Б ахын хониноос барьж өгсөн. Бас заставын жолооч нь С-с нэг хонь авах ёстой яасан гэтэл С нь мөн Б ахын хониноос бариад өгчихье, би дараа нь ГӨ-тэй учраа олчихно гэж хэлээд барьж өгсөн. Тэр хүмүүст нийт 6 хонь барьж өгөөд хөдлөөд явахаар нь би хоттой хониноос нь 1 эр хонь, 1 эм хонь барьж аваад явсан. Намайг хонь барьж авахад С нь “та юун хонь барьж байгаа юм бэ” гэхээр нь ГӨ надад өртэй юм гэж хэлээд мотоцикль дээрээ дүүрээд С-н хамт явсан. Гэртээ ирэхэд нэлээд харанхуй болж байсан тул манай гэрт нэг хонийг нь ажиллаад үлдсэн нэг хонийг нь Э.С-н гэрт ажиллаад би гулуузийг нь ардаа ганзаглаад гэр рүүгээ явсан юм. Уг өдөр нийт 19 хонь 1 ямаа барьсан. Үүнээс 13 хонь 1 ямааг Б ахын хүү ГӨ хүнд өгүүлсэн. Харин 5 хонийг би авсан, 1 хонийг С авсан. Тэгээд нийт 20 мал авсан юм. Би заставын хүмүүст 2 хонины өртэй байсан бөгөөд надаас өрөө нэхэхээр нь М.Б ахын хониноос нь аваад өгсөн. Тухайн үед баригдвал дараа нь өгчихнө гэж бодоод өгсөн. Харин С яагаад нэг хонь барьж өгснийг сайн мэдэхгүй байна. Би заставын хүмүүсийг явахаар нь дахиад хонь авмаар санагдаад хоёр хонь авч явсан. Тухайн үед би уг 2 хонийг зарж мөнгөтэй болох гэсэн юм. Би малыг малаар нь өгсөн” /хх-ийн 76-77-р хуудас/
Шүүгдэгч Э.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т.У гэх хүн ирээд ГӨ-нх хаана байна гэж надаас асуусан тэгэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуухад ГӨ-гөөс нэг ямаа авах ёстой гэсэн. Т.У-ын Г ахын утсаар ГӨ-тэй ярихад бид хоёрыг хониноосоо бариад өг гэсэн. Тэгээд бид хоёр бэлчээр дээрээс нь очиж нэг хязаалан эр ямаа барьж У ахад өгөөд явуулсан. Түүнээс хойш Г ахынд байхад орой 4-р заставын харуулын дарга Т гэх хүн утсаар яриад Г ах, ГӨ хоёроос тоглоомонд гарсан хонио авна гэсэн. Г нь ГӨ-тэй утсаар ярьсан чинь манай хониноос бариад өг гэсэн. Бид хоёр мөн М.Б ахын хонийг хашаад заставаас Т ахыг дуудсан чинь заставын дарга Т гэх хүний хамт цагаан өнгийн клугер маркийн машинтай ирсэн. Тэгээд уг хоёр хүнд ГӨ-н 3 хонь, Г ахын 3 хонь нийт 6 эм хонь барьж өгөөд явуулсан. Би бол нэг хонь барьж өгсөн. Уг 6 хонины 5 хонийг ГӨ мэдэж байгаа. Тэгээд заставын хүмүүсийг явуулаад бид хоёр хөдлөх гэтэл Г ах ГӨ надад 4-5 хонины өртэй өрөндөө авна гээд 1 эр хонь 1 эм хонь барьж аваад бид хоёр мотоцикл дээрээ дундаа хийгээд Г ахын гэрт нь очоод нэг хонийг нь гулуузлаад үлдсэн манай гэрт очиж янзлаад Г ах аваад явсан. Намайг айлын хониноос ав гэж хэлээгүй, Г ахыг өрөө авна гээд аваад байхаар нь би нэг хонь авсан. Би Б ахад өөрийн авсан нэг хонийг өгсөн” /хх-ийн 78-79-р хуудас/
Хохирогч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би анх гомдол гаргахдаа манай хонь ямаанаас 2019 оны 12 дугаар сараас хойш 39 хонь,10 ямаа алдаад олохгүй байна гэж гаргасан. Гэтэл манай хүү ГӨ нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бид хоёрыг байхгүй хооронд В.Г гэх хүнээр13 хонь, 1 ямаа авахуулсан байна. Манай хүүгийн ярьсныг далимдуулаад Г, С нар нь 6 тооны хонь илүү авч бусдад зарсан байна. Манай хүү ГӨ өөрөө малаасаа хүнд өгөх эрхтэй. Одоо надад санал, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хүмүүсээс хохирлоо авсан, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
Гэрч Б.ГӨ мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 10-д гаргаад байх тухайн үед би Онгон суман дээр байсан юм. Манай аав ээж хоёр хөдөө мал дээрээ байж байгаад сум орно гэж над руу ярихаар нь би Г ах руу утсаар залгаад манай аав ээж хоёр маргааш сум ирнэ гэнэ та байхгүй хооронд хониноос нь 10 хонь аваад ойр орчимын айл дээр тавьж байгаад М гэх хүнд өгөх ёстой юм гэж хэлсэн. Г ахтай Т.У гэдэг хүн хамт байж байгаад надаас ямаа авах ёстой яасан бэ гэж асуухаар нь маргааш Г ахаар манай хониноос бариулаад ав гэж хэлсэн. Тэгээд маргааш нь аав ээж хоёр Онгон сум руу ирэхээр Г ах руу утсаар нь залгаад хэлэхэд М ахад өгөх 10 хонь, Ут өгөх 1 ямааг барьж өгсөн гэж байсан. Тэгтэл мөн 4-р заставаас харуулын дарга Т гэх хүн надаас 2 хонь, Г ахад өгөх 1 хонио авмаар байна гэхээр би мөн Г ахад хэлээд манай хониноос бариад өг гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө хониноос нийт 13 хонь 1 ямаа барьж өг гэж хэлсэн. Өөр хонь барьж ав гэж би хэлээгүй. Би Улаанбаатар хотод явж байгаад мөнгө байхгүй болохоор нь М гэх хүнээс 1 сая төгрөг аваад оронд нь хонь өгнө гэж хэлж авсан. Харин Т.У ахаас нэг ямааны мөнгө 2019 оны хавар авсан байсан. Харин 4-р заставт тоглоомын өрөнд 3 хонь өгсөн. Би В.Г, Э.С нарт хонь ямааны өглөг байхгүй. Энэ хоёр хүнийг хүнд хонь барьж өг гэж хэлсэн болохоос өөрсдийнхөө өрийг манай хониноос барьж өг гэж би хэлээгүй. Мөн 10 хонь өгөхдөө тээврийн хөлсөнд нэг хонь ав гэж би хэлээгүй. Намайг олноор нь хүнд хонь ямаа өгөхөөр ээж загнаад байдаг болохоор нь хэлэхгүйгээр өгсөн юм. Энэ мал нь миний мал гэж явдаг болохоор би өөрийнхөө малаас зарах мэдэлтэй гэж бодож байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч В.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын эхээр байх, намайг хөдөө гэртээ хүү дээрээ ирээд байхад манайхаас хойш байх айлын мал хардаг Г гэх залуу над руу утсаар залгаад сумын төв хэдэн хонь тээгээд өгөөч гэхээр нь би амжихгүй маргааш болъё гэсэн юм. Тэгээд маргааш орой нь хонийг тээхээр болоод хаанаас ачих уу гэтэл 4-р заставын малын сууринд байгаа гэхээр нь Г-тэй хамт очиж уг малын сууриас 9 амьд хонь, 2 хонины гулууз мах ачаад Наран сумын төвд очиж айлын хашаанд буулгасан юм. Тэгээд маргааш өглөө нь мөн Г над дээр ирж уулзаад нөгөө хэдэн хонио хойшоо айлын хашаанд буулгах гэсэн юм, унаа олдохгүй байна, та буулгаад өгөөч гэхээр нь нөгөө анх буулгасан айлын хашаанд иртэл уг хонинууд нь М.Б ахын хонины имтэй адил имтэй хонь байхаар нь би Г-с юун хонь юм бэ гэж асуухад би ГӨ-с худалдаж авсан гэж байсан. Тэгээд би уг хонийг айлын хашаанд нь буулгаж өгөөд хөдөө гэр рүүгээ явсан юм. Миний ачиж явсан хонь баруун чих цуулбар, зүүн чих араасаа ганзага имтэй байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Б.З мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өглөөгүүр би малын суурь дээр байхад манайхаас зүүн хойш хонь туусан мотоциклтой хүн ирж байхаар нь би өөрийн мал хариуцсан ахлах ахлагч Ц-д мотоциклтой хүн хонь туугаад ирж байгаа талаар мэдэгдэхэд намайг морьтой очоод амдаад хөөгөөд ир гэж хэлсэн. Би морьтой очиж тосож хөөж ирсэн. Намайг уг хүн дээр очиход манай заставын зүүн урд талд байдаг Г ах 11 тооны хонь туугаад ирж байсан. Тэгээд намайг очиход надад уг хонийг хөөлгөөд буцаад гэр рүүгээ явсан. Би уг хонийг туугаад заставын хонинд нийлүүлсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой 17 цагийн үед Г нь С-н аавтай хамт машинтай ирсэн. Ирээд нөгөө 11 хонио ачих гэсэн юм гээд манай хониноос ялгаад ачаад явсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ахлах ахлагч Ц нь Г-н хөөж ирсэн хониноос 2 хонийг ажилла гэсэн, тэгээд би хоёр хонийг ажилсан бөгөөд үлдсэн 9 хонийг амьдаар нь ачаад явсан. Нийт 9 амьд хонь, 2 ажилласан гулууз мах аваад явсан. Дээрх хонинууд нь зүүн чих араас хайчилсан байсан. Харин баруун чихны имийг нь санахгүй байна”гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/
Гэрч П.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг застав ороод хүнсээ аваад ирэхэд 10 хонь мотоциклтой хөөж ирээд тавьсан байсан. Би маргааш нь Г-тай таараад юун хонь юм бэ гэж асуухад Б-ы хүү ГӨ аваачаад тавьчих гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би хонио удаахгүй аваарай гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г нь Э гэх хүнтэй хамт машинтай ирээд ачаад явсан гэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17-р хуудас/
Гэрч Б.Т байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур манай заставын харуулын дарга Т, жолооч Г-тэй хамт ГӨ-нд очиход Г, С нар мотоциклтой ирсэн. ГӨ Төгөлдөрт хонь барьж өг гэсэн гээд эхлээд 4 хонь барьж авч байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р хуудас/
Гэрч М.Т байцаалтанд өгсөн: “...Бид хэд хамжиж хонийг нь хашаад би ГӨ-с авах 2 хонь, Г 1 хонь бариулж авсан. Би Г-г нэг хонь зохицуулж өг гэхэд тэгье гээд нэг хонь барьж өгсөн. Г Г-с нэг хонь нэхэхэд нэг хонь өгсөн. Би С-с тоглоомын өрөө нэхэхэд мөн С уг айлын хониноос нэг хонь барьж өгөөд дараа нь ГӨ-тэй учраа олно гээд үлдсэн. Бид гурав 6 хонь аваад явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/
-“Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-48-р, 105-112-р хуудас/
- Шүүгдэгч В.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 86-р хуудас/
- Шүүгдэгч Э.С-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 87-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч В.Г, Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч В.Г, Э.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч В.Г, Э.С нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас хохирогч М.Б-ы 6 бог малыг хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч В.Г, Э.С нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Б, гэрч Б.ГӨ, В.Э, Б.З, П.Ц, Б.Т, М.Т нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд В.Г, Э.С нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.Г, Э.С нар нь хохирогч М.Б-ы эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч В.Г, Э.С нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч В.Г, Э.С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч В.Г, Э.С нар нь хохирогч М.Б-д хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч В.Г-гийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг шүүгдэгч В.Г-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч В.Г, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч В.Г, Э.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч В.Г, Э.С нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч В.Г, Э.С нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч В.Г, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч В.Г, Э.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Г, Э.С нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г, Э.С нарт хорих ял оногдуулахгүйгээр В.Г-г 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, Э.С-г 8 /найман/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч В.Г, Э.С нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч В.Г, Э.Снарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар В.Г, Э.С нар нь хохирол төлсөн тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч В.Г-гийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г, Э.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч В.Г, Э.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА