| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0139/э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2020-06-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч Д.А, Б.А, Н.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас шүүгдэгч Б.А, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.М-д мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2030000000035 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 12, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй /РД:................/ Д.А.
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ... эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /РД:................/ Б.А
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /РД:.........../ Н.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.А Д.А нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Д хоолой гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө хохирогч Х.А-ы олон тооны буюу 70 бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.371.666 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө хохирогч Э.С-н 2 үхэр, хохирогч О.Э-н 1 үхрийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 багийн нутаг “ХБ” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.995.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.А, Д.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон малыг мэдсээр байж 14 бог малыг бусдаас авсан өрөндөө өгч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр би адуундаа явж байхад “ДХ” гэх газар 70 бог мал байсан. Хэний мал гэдийг нь мэдээгүй, им тамгыг нь үзээгүй. Маргааш өглөө нь би Аг хадам аавынхаа машиныг аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 70 бог малаа аваад МЭ-н хонинд аваачиж тавьсан. Тухайн үед МЭ ахад эзэн нь ирвэл өгөөд явуулаарай эзэн нь ирэхгүй бол хавар авна гэж хэлсэн. Буцах замдаа С-н хоёр үхрийг ачсан гэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр хадам аавынхаа машиныг аваад ир гэсэн. “ДХ” гэх газарт очоод гэрлээ тусгаж байгаад дандаа ишиг хурга байсныг ачаад МЭ ахынд буулгасан. Буцах замд таарсан хоёр үхрийг ачаад явсан гэв.
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.А, Б.А нар тэр орой манайд ирсэн нь үнэн. Авчирсан малаас нь 14 малыг хүнд өгсөндөө гэмшиж байна.
Эрүүгийн 2030000000035 дугаартай хэргээс:
Хохирогч Х.А мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хонь, ямаа нийлсэн 130 малаа алдсан. Би хонио хайгаад нийт 6 хоног яваад Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг “МУ” гэх газар М-н хонинд үзэхэд миний алга болсон малаас хонь, ямаа нийлсэн 56 малаа олж авсан. 56 бог малаас 28 ишиг, 7 хурга, 4 эм хонь, 17 эм ямаа авсан. Би хонио ялгаж аваад таньдаг айлд малаа орхиод маргааш нь Далай булгийн айлуудаар яваад Б гэх айлын хонинд үзэхэд 21 хонь байсан. Тэгээд Б-с танай хонинд яагаад манай хонь байгаа талаар асуухад П-н М 21 мал өрөндөө авчирч өгсөн гээд өөр юм яриагүй. М 8 хурга, 6 эм ямааг авчирч өгсөн. Үлдсэн 60 бог мал буюу эр ямаа 30, эр ямаа 8, борлон 22, тухайн малыг эрж хайгаад явахад зарцуулсан бензин шатахууны 256 447 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-20-р хуудас/
Хохирогч Э.С мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг “ХБ” гэх газар нутагладаг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үхрээ хурааж үзэхэд хар цоохор соёолон үнээ, мухар хар бяруу, ухаа зээрд шүдлэн үхэр алга болсон байсан. Ухаа халзан шүдлэн нь Э ахынх юм. Би цоохор үнээгээ 1 200 000, хар бяруугаа 600 000 төгрөгөөр үнэлж байна. 4 өдөр малыг эрж хайгаад явахад бензин шатахууны 300 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 181-182-р хуудас/
Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Э.С нь ирээд манай үхрээс 3 үхэр 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр алга боллоо гэж хэлсэн. Би үхрээ 1 200 000 төгрөгөөр үнэлнэ. Э.С-н 2 тооны үхрийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө хулгайлсан болохоор тэр хоёроос өөрийн үхрээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 177-178-р хуудас/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны намар 08 дугаар сарын 15-ны өдөр МЭ 5 хурга өгнө гэж 250 000 төгрөг, мөн 2 эм ямааны мөнгө 140 000 төгрөг, 1 борлонгийн 50 000 төгрөг авсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2 ишигний мөнгө 70 000 төгрөг, 1 хурганы үнэ 50 000 авсан. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэг борлонг 50 000 төгрөгөөр авсан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2 борлонгийн мөнгө 100 000 төгрөг авсан. МЭ нь нийт 860 000 төгрөг авсан. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөөний 10 цагийн орчимд МЭ-с худалдаж авсан малаа авъя гэхэд МЭ нь халамцуу “өнөөдөр мал гаргадаггүй өдөр” гээд байхаар нь Ж-ы гэр рүү ороход араас нь А гарч ирээд малаа ав гэсэн. Тэгээд МЭ нь дүү А-н хамтаар 13 ямаа 8 хурга нийт 21 мал барьж өгсөн. Тэр малыг нь би хониндоо очоод нийлүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа А орж ирээд хонь малаа алдсан хайгаад явж байна. МЭ-н малаас 50 гаруйг нь олж авлаа гэхээр нь би бас МЭ-с мал авсан, манай хонинд байгаа, та үз гэхэд манай хонин дундуур үзчихээд манай алга болсон малаас хэдэн хурга, хэдэн ямаа байна гэж хэлчихээд яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/
Гэрч Л.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.А бол манай хүргэн, Д.А нь манай малчин. Пронтер маркийн 37-84 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. А 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагт ирээд ааваа машинаа өгчих, М ахынхаас нүүрс аваад ирье гэхээр нь би өгөөд явуулсан. Маргааш нь буюу 12 дугаар сарын 03-ны үүрээр 04 цагийн үед грашид машинаа тавьчихаад гаднаас мотоциклоо унаад явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-32-р хуудас/
Гэрч З.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим адуундаа явж байхад Д гэх хүний малыг нь хардаг А гэх залуу хар цоохор тарлан гэмээр үнээ мотоциклтой хөөж явсан. Би ямар учиртай үхэр юм бэ гэхэд Д ахын идэшний үхэр гэж байсан.Тухайн үхрийн имийг нь харж чадаагүй юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 188-189-р хуудас/
- Хохирлын баримт /хх-ийн 11-р хуудас /
- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/8 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 46-47-р хуудас/
- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/16 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-51-р хуудас/
- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/17 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 54-55-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-65-р, 72-79-р, 85-92-р, 95-103-р, 194-201-р хуудас/
- Шүүгдэгч Б.А-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 140-р хуудас/
- Шүүгдэгч Д.А-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 143-р хуудас/
- Шүүгдэгч Н.МЭ-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 148-р хуудас/
- 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай прокурорын тогтоол /хх-ийн 240-242-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А, Б.А, Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А, Б.А, Н.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А, Д.А нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Д хоолой гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө хохирогч Х.А-ы олон тооны буюу 70 бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.371.666 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө хохирогч Э.С-н 2 үхэр, хохирогч О.Э-н 1 үхрийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 багийн нутаг “ХБ” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.995.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.А, Д.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон бог мал гэдгийг мэдсээр байж 14 бог малыг бусдаас авсан өрөндөө өгч ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Д.А, Б.А, Н.М нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.А, Э.С, О.Э, гэрч Д.Б, Л.Д, З.Г нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан, ашигласан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Д.А, Б.А, МЭ нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.А, Б.А нар нь хохирогч Х.А, Э.С, О.Э нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Н.МЭ-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.А, Б.А нарыг олон тооны мал хулгайлах гэм буруутайд, мөн шүүгдэгч Н.МЭ-г мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Д.А, Б.А, Н.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.А, Б.А, Н.М нар нь хохирогч Х.А-д Э.С, О.Э нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсаныг дурьдах нь зүйтэй байна. Хохирогч нар цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Д.А, Б.А нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Л.Д-гийн эзэмшлийн ...... УБЦ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгон машиныг Л.Д-д буцаан олгож, машины үнэ 3 740 328 төгрөгийг шүүгдэгч Д.А, Б.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч Д.А, Б.А нар хохирлоо бүрэн төлсөн тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/16, 5/17 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож хязаалан насны хар зүсмийн гүү, хязаалан насны хээр зүсмийн гүү, нас бие гүйцсэн хүрэн зүсмийн гүү, нас бие гүйцсэн цоохор зүсмийн гүү нийт 5 адууг Б.А-д, 180 эр хургыг Д.А-т тус тус буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.А, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Н.МЭ-гмөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А, Б.А, Н.Мнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Д.А, Б.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулах хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.МЭ-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Н.МЭ-нхувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Н.МЭ-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.А, Б.А, Н.Мнар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.М-давсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж Д.А, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А, Б.А нарыг бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.М-г мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, Б.Аг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ат оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, Б.Ад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнх-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Мтэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.М-дмэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Н.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.А, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгон 31-84 УБЦ улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийг Л.Дд буцаан олгож, уг машины үнэ 3 740 328 төгрөгийг шүүгдэгч Д.А, Б.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч Д.А, Б.А нар хохирол төлсөн тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/16, 5/17 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, хязаалан насны хар зүсмийн гүү, хязаалан насны хээр зүсмийн гүү, нас бие гүйцсэн хүрэн зүсмийн гүү, нас бие гүйцсэн цоохор зүсмийн гүү нийт 5 адууг Б.А-д, 180 эр хургыг Д.А-т тус тус буцаан олгосугай.
9. Шүүгдэгч Д.А, Б.А, Н.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА