Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 04

 

   Б.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.Энхтогтоход холбогдох 1729000060038 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг, Тарагт суманд 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймаг, Тарагт сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Бумаат овгийн Баатардоржийн Энхтогтох, регистрийн дугаар ЙМ96083001,

          Б.Энхтогтох нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэдэг газар иргэн М.Батсолонгын гэр гуанзнаас хэтэвчтэй 590000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхтогтоход холбогдох эрүүгийн 1729000060038 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мөрдөгч хохирогчид мэдэгдээгүй, хохирогч М.Батсолонгод хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй, хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн учир хохирогчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Энхтогтоход авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

          Тодруулбал, хялбаршуулсан журмаар шүүхээр хэрэг хэлэлцэгдэх тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэхгүй бөгөөд гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9  дэх хэсэгт зааснаас үзэхэд тус хуулийн 17.5 дугаар зүйлд заасан тодорхой төрлийн гэмт хэргийг шүүх 72 цагийн дотор шийдвэрлэж, шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын аль нэгийг гаргахаар хуульчилсан байна.

          Мөн шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Батсолонгод хавтаст хэргийн материал танилцуулаагүй” гэсэн атлаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.9, 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

          Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

          Гэтэл шүүгчийн захирамжид хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй шалтгаан, нөхцлийг талаар тодорхой заалгүй, хууль буруу хэрэглэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэж шийтгэх эсхүл цатгаатгах тогтоол гаргах бөгөөд мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэл тогтоогдсон гэж үзвэл хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

          Иймд Б.Энхтогтоход холбогдох хэргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, ял оногдуулахад нөлөөлөхгүй учир шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

           Прокурор В.Төгсбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Прокурорын эсэргүүцэлдээ үндэслэлийг тодорхой бичсэн. Хохирогчид хэргийн материал танилцуулаагүй байгаа. Хавтас хэрэгт хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан байгаа. Хохирогчоор тогтоосон тогтоол болон  хохирогчоос авсан мэдүүлгийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.8-д заасан хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дуусахад хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийх тухай хүсэлт гаргах эрхийг нь тайлбарлаж өгөөд эрхийг нь хангаж гарын үсэг зуруулсан. Хохирогч ямар нэгэн хүсэлт гаргаагүй.  Хохирогчийг эрхээр нь хангаагүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх захирамжиндаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.9,  17.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй зөрчсөн гэж үзэж байгаа боловч энэ зүйлийг нь аваад үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж заасан байдаг гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бичсэн 7/05 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөөгүй, хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн байна.

            Б.Энхтогтоход холбогдох хэрэгт мөрдөгч нь хохирогчид хавтаст хэргийн материалыг танилцахыг мэдэгдээгүй, хавтас хэргийн материалыг танилцуулаагүй, энэ тухай тэмдэглэл үйлдээгүй, хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүдүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

         Мөрдөн байцаалт явуулж мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокуророос хянахдаа хохирогчид хавтас хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэхийг хяналгүйгээр Б.Энхтогтоход холбогдох хэргийг харъяаллын дагуу шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтыг биелүүлээгүй байна.

         Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулан мөрдөн байцаалтын явцад хохирогчийн эрхийг зөрчсөн эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дүгээр зүйлийн 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

           2. Б.Э-д холбогдох 1729000060038 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА