Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 198

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч  хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн 1930003760168 дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 охины хамт амьдрах,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, сэтгэцийн  F20.5 үлдэц шизофрени өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй, /РД:............./ Л.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Хайлаастын ............ тоотод Есүсийн цуглааны үйл ажиллагаа явуулах зориулалттай 5 ханатай гэрийн 3 бүслүүр, цагаан бүрээс, 4 ханатай гэрийн 3 эсгий, цагаан бүрээс, брезентэн углаа цавгийг урсан, 10 унь, хаалга, усны 40 литрийн  бетон зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эгч нь хоёр хүүхдээ 2010 онд гүтгүүлчихсэн юм. 2011 оны 02 дугаар сард манай дүү нас барсан. Энэ хэрэг цагдаа дээр хэрэгсэхгүй болчихоод сая сэргээгдээд байгаа. Эгч нь өөрөө гэр бүл хүчирхийллийн эсрэг төвийн тэргүүн гэж явдаг. Тэр гэр У гэр биш миний олон өнчин хүүхдүүдийн гэр юм. Тэр гэрийн гадуур тор татаад цоожилсон. Би энэ хэргийг шалгуулчихвал болох гээд байна. Энэ хэрэг 10 жилийн өмнө болсон хэрэг одоо болтол шалгагдаагүй байгаа гэв.

 

          Эрүүгийн 1930003760168 дугаартай хэргээс:

 

  Хохирогч С.У мөрдөн байцаалтанд өгсөн: “... Баруун-Урт сумын 5 дугаар баг Хайлаастын 119 тоотод Есүсийн үйл ажиллагаа явуулдаг цуглааны гэрийг миний бие хариуцлаг бөгөөд тус өдөр би Улаанбаатар хот ажлаар яваад эзэнгүй байсан сахиул айлын хүн хамт явсан тэр хооронд манай цуглааны гэрийг Л овогтой Б нь гэрийн бүслүүр бусад эд зүйлийг эвдэж сүйтгэсэн байсан. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Л.Б-ыг өглөө эрт 2 гэрийн бүслүүр, цагаан бүрээсийг огтолж байсныг хүн хараад над руу хэлсэн. Тухайн үед би хэн гэдгийг асуугаагүй болохоор мэдэхгүй байна. Би шууд цуглааны хүмүүс рүүгээ утастаад гэр рүү оч гэж хэлсэн. Тэгтэл манай цуглааны итгэгч нар цуглааны гэрт очиход 2 гэрийг эвдэж сүйтгэсэн байсан гэсэн. Тэгээд би шууд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн. Маргааш нь Улаанбаатар хотоос ирэхэд 5 ханатай гэрийн 3 бүслүүр, цагаан бүрээс, 4 ханатай гэрийн 3 эсгий, цагаан бүрээс, брезентэн углаа цавгийг урсан, 10 унь, хаалга зэргийг аваад явсан байсан. Мөн усны 40 литрийн  бетон алга болсон байсан ...тэгээд мөн гэрийн хаалгыг усны тэрэг дээр түрээд явж байхад нь цагдаа авчирч өгсөн. Л.Б нь манай цуглаанд явдаггүй. Мөнхийн гэгээ цуглаанд явдаг. Манай цуглааны гэрээр байнга ирдэг. Бид нар цай, идэх юм өгөөд явуулдаг. Л.Б нь 2018 оноос манай цуглааны гэрийг байнга эвдэж сүйтгэдэг байсан. Бид нар сэтгэцийн өвчтэй гэдгийг мэддэг учраас тэр бүр цагдаад ханддаггүй байсан. Ямар зорилгоор цуглааны гэрийг эвдэж сүйтгэж, эд зүйлийг хулгайлаад байгааг мэдэхгүй байна. Өс хонзон байхгүй, Ганцхан манай гэрийг эвдэж сүйтгээд байгаа юм уу гэхээр бусад айлын гэр, амбаарыг мөн сүйтгэдэг гэж сонсож байсан. Манай 5 ханатай гэрийн цагаан бүрээс, бүслүүрийг огтолсон байсан ба буцаагаад төлбөрийг төлсөн. Л.Б нь сэтгэцийн архаг хууч өвчтэй хүн болохоор энэ асуудлын талаар болон хохирлын талаар мэдэхгүй байгаа. Би хүүхэдтэй нь холбоотой байгаа. Охин нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэсэн. Надад одоо 3 эсгий туурга, берзентэн цаваг 1 ширхэг, 40 литрийн цайран бетон 1 ширхэгийг өгөх ёстой. Бусдыг нь бүгдийг буцааж авсан. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 20, 29-р хуудас/

 

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бүх үндэсний зам чуулга гэх Есүсийн байр болох Баруун-Урт сумын 5 дугаар баг Хайлаастын 1-119 тоотод манай сүмийн 2 гэр байдаг бөгөөд тухайн гэрийг У гэх хүн хариуцаж байгаад надад 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу семинарт явахдаа надад хариуцуулж үлдээсэн юм. Би 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 8 цагийн үед очиход тухайн 2 гэр нь зүгээр байсан ба маргааш нь буюу 08 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед очиход зүүн талын гэрийнх нь 2 бүслүүрийг нь огтолсон баруун талын гэрийн гялгар уутыг нь ураад хойд талын байшин дотор хийсэн 3-н бүслүүрийг нь огтолж эсгий туургийг нь буулгаад дээд талын дээвэр нь ярагдчихсан мөн баруун гэрийн хаалгыг нь унагачихсан бүрээсийг нь буулгаад орхисон байсан юм. Манай гэрийг Б гэх сэтгэцийн өвчтэй хүн сүйтгэсэн ба сэтгэцийн өвчтэй болохоор Б нь наадах чинь манай ээж аавын гэр гээд яриад байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

 

Гэрч Т.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л.Б нь миний төрсөн ээж байгаа юм. Манай ээж сэтгэцийн архаг хууч өвчтэй тул манай гэрт байдаг юм. Уг нь аавтай хамт хоёулаа амьдардаг байсан бөгөөд олон жилийн өмнөөс хамт байхаа больж аав хөдөө айл дээр мал харж байгаа. 2020 оны 02 дугаар сард сэтгэцийн Эрүүл мэндийн төвд сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар яваад одоог болтол ирээгүй. Улаанбаатар хотод миний төрсөн дүү Т.А-нд байгаа Биеийн эрүүл мэндийн байдал хэцүү байгаа. Одоо яг хаврын улирал учир өвчин нь ид хүнд үе дээрээ явж байгаа. Аймагт ирэх арай болоогүй. Манай ээж угаасаа сэтгэцийн архаг хууч өвчтэй гэдэг нь Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрийнхөө хийж байгаа үйлдлийг огт ухамсарлаж, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй хүн байгаа. Ийм болохоор миний зүгээс ээжийгээ асран халамжилж, дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байж харж хандах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

 

  Шүүх сэтгэц, эмгэг судлалын “...Л.Б нь сэтгэцийн хувьд F20.5 үлдэц шизофрени сэтгэцийн өвчтэй байна. Л.Б нь сэтгэцийн байдлаасаа шалтгаалан болсон асуудлыг бодитоор тусгаж, үнэн зөв мэдүүлэх чадваргүй байна. Л.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааны 1 дүгээр хэсэг үндэслэлтэй байна. Харин тус магадалгааны 2, 3, 4 дүгээр хэсэг үндэслэл багатай байна. Л.Б нь цаашид харъяа аймгийн сэтгэцийн эмчийн хяналтад эмийн эмчилгээ хийлгэж, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн байнгын хараа хяналтад байх шаардлагатай байна” гэх дүгнэлт /хх-ийн 39-45-р хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13 дугаар хуудас/,

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-14 дүгээр хуудас/,

 

- Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-56-р хуудас/

 

- Шүүгдэгч Л.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 73-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 9/103 дугаартай тодорхойлолт / хх-ийн 72-р хуудас/

 

- Шүүгдэгч Л.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Хайлаастын 1-119 тоотод Есүсийн цуглааны үйл ажиллагаа явуулах зориулалттай 5 ханатай гэрийн 3 бүслүүр, цагаан бүрээс, 4 ханатай гэрийн 3 эсгий, цагаан бүрээс, брезентэн углаа цавгийг урсан, 10 унь, хаалга, усны 40 литрийн  бетон зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа үйлдсэн болох нь хохирогч С.У, гэрч Ц.Э, Т.Э нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 131 дүгээр дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Л.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар  устгасан гэмтээсэн  үйл баримт тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг харицах садваргүйд тооцохоор заасан бөгөөд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын комиссын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...Л.Б нь сэтгэцийн хувьд F20.5 үлдэц шизофрени сэтгэцийн өвчтэй байна. Л.Б нь сэтгэцийн байдлаасаа шалтгаалан болсон асуудлыг бодитоор тусгаж, үнэн зөв мэдүүлэх чадваргүй байна. Л.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна гэх /хх-ийн 42, 43, 44-р хуудас/ дүгнэлтээр  Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ  хэрэг хариуцах чадваргүй байсан нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3-т “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө эсхүл бусдад аюул учруулахгүй бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн  34.19 дүгээр зүйлийн  1.7 дахь хэсэгт  “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ  хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар шүүхээс шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Л.Б-г  Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн  сэтгэц, наркологийн тасгийн хяналтанд эмчлүүлэхийг түүний төрсөн охин Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 23-42 тоотод оршин суух Т.Э-д даалган халамжлуулахаар  шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Б-н төрсөн охин Т.Э нь хохирогч С.У-д   хохирлын 405000 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3, 34.19 дүгээр зүйлийн  1.7 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар  аймгийн Прокурорын Газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л-н Б-г хэрэг хариуцах чадваргүйд тооцон, түүнд холбогдох 1930003760168  дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн  сэтгэц, наркологийн тасгийн хяналтанд эмчлүүлэхийг түүний төрсөн охин Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 23-42 тоотод оршин суух Т.Э-д даалган халамжлуулахаар  шилжүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Б-д давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Л.Б-н төрсөн охин Т.Э нь хохирогч С.У-д   хохирлын 405000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч  3 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА