| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/01559/и |
| Дугаар | 121 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 121
| 2017 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 182/ШШ2017/00121 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 2 дугаар байрны 06 тоотод оршин суух, Мишигдоной овогт Мишкагийн Баярмаа /РД:ЦВ69071209/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж, 19 дүгээр байрны 67 тоотод оршин суух, Хутагт эх овогт Дагважамцын Өлзийсайхан /РД:ХБ69070809/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 1,559,342 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Баярмаа, түүний өмгөөлөгч Ш.Самал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн найз Д.Өлзийсайханд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.
Д.Өлзийсайхан нь зээлийн хүү 60,000 төгрөгийг сар бүрийн 27-ны өдөр өгч байхаар тохирсоны дагуу 11 сарын хүү 60,000 төгрөгийг 12 сарын 28-ны өдөр дансаар шилжүүлж өгсөн.
Өлзийсайхан дахин 1,000,000 төгрөгийг зээлээч гэж гуйсан учраас би найзын хувь 2016 оны 01 сарын 06-нд 1,000,000 төгрөгийг өмнөх зээлийн хүүтэй ижил буюу сарын 6 хувийн хүүтэй байхаар тохиролцож, нийт зээлдүүлсэн мөнгөн дүнгээс хүүгээ тооцож, сар бүрийн 30-ны дотор өгч авч байхаар тохиролцсон.
Хариуцагч Д.Өлзийсайхан нь 2015 оны 12 сарын 28-нд хүү 60,000 төгрөг, 12 сарын 30-наас 01 сарын 30-ны хүртэлх хүү 120,000 төгрөгийг 2016 оны 02 сарын 01-нд, 2016 оны 1 сарын 30-наас 2 сарын 29-ний хүртэлх хүү 120,000 төгрөгийг 2016 оны 3 сарын 02-нд, 2 сарын 29-нөөс 3 сарын 30-ны хүртэлх хүү 120,000 төгрөгийг 3 сарын 31-нд, 3 сарын 30-наас 4 сарын 30-ны хүртэлх хүү 120,000 төгрөгийг 4 сарын 03-нд тус тус бэлнээр төлсөн бөгөөд үндсэн зээлээс 8 сарын 14-нд 700,000 төгрөг, 9 сарын 09-нд 100,000 төгрөг, 10 сарын 20-нд 300,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг төлсөнөөс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа учраас шүүхэд хандсан.
Би түүнд найзын хувьд тусласан бөгөөд өнөөдрийг хүртэл мөнгөө эргэж төлөхгүй намайг чирэгдүүлж байгаа учраас Д.Өлзийсайханы буцааж төлөх ёстой нийт үнийн дүнг тооцоход 3,199,342 төгрөг болж байгаа бөгөөд түүний төлсөн 1,640,000 төгрөгийг хасаад үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, хүү 659,000 төгрөг, нийт 1,559,342 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Өлзийсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие М.Баярмаагаас 2015 оны 11 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн 2016 оны 01 сарын 06-ны өдөр дахин 1,000,000 төгрөгийг ам хэлцлээр зээлж авсан.
Би 2015 оны 11 сарын 27-ны зээлийн гэрээгээр үндсэн төлбөр 1,000,000 төгрөг, 4 сарын хүү 60,000 төгрөг төлөх, 2016 оны 01 сарын 06-ны өдрийн ам хэлцлээр 1,000,000 төгрөгийг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Миний бие нийт 2,060,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 2015.12.28-нд 60,000, 2016.01.01-нд 120,000, 2016.03.02-нд 120,000, 2016.03.31-нд 120,000, 2016.04.03-нд 120,000, 2016.08.14-нд 700,000, 2016.09.09-нд 100,000, 2016.10.20-нд 300,000, бүгд 1,640,000 төлсөн.
Одоо 420,000 төгрөг төлөх үүрэгтэй байгаа учраас үлдэгдэл 858,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Баярмаа нь хариуцагч Д.Өлзийсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,559,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Баярмаа нь хариуцагч Д.Өлзийсайханд 1,000,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин 1,000,000 төгрөгийг хариуцагчид нэмж зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Баярмаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 27-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмж 1,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Д.Өлийсайханд Хаан банкны 5079022143 тоот дансанд нь шилжүүлсэн байх ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Өлзийсайхан нь 2015 оны 12 дугаар сарын 18-нд 60,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 16-нд 120,000 төгрөг, 3 дугаар сарын 02-нд 120,000 төгрөг, 3 дугаар сарын 31-нд 120,000 төгрөг, 4 дүгээр сарын 03-нд 120,000 төгрөг, 8 дугаар сарын 14-нд 700,000 төгрөг, 9 дүгээр сарын 09-нд 100,000 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 300,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М.Баярмаад төлсөн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 580,000 төгрөгийг хүүгээс, 1,100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, хүү 659,000 төгрөг, нийт 1,559,342 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч М.Баярмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хариуцагч Д.Өлзийсайхантай байгуулсан гэрээгээ 3 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 сараар дахин сунгаж, гарын үсэг зурсан учраас хүүг нь сар бүрийн 30-ны дотор төлж байхаар тохиролцсон гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д "Зээлийн гэрээнд талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно", мөн хуулийн 282.3-т "хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж тус тус заасан.
2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй байхаар талууд тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 27-нд байгуулагдсан гэрээний дагуу хүү 60,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Баярмаад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зээлийн гэрээний ард бичсэн тооцоогоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 1 сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэсэн тайлбар нь дээрх зээлийн гэрээ болон өөрийнх нь тайлбараар тус тус няцаагдаж байна.
Харин 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн 1,000,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно" гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг нэмэлт гэрээг бичгээр байгуулаагүй байх тул 1 сарын 6 хувийн хүү тооцох боломжгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Д.Өлзийсайханаас үндсэн зээл 420,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,139,342 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарч шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлосон.
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч М.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0900 цаг хүртэл хойшлуулж, хурлын товд хэргийн оролцогчид бүгд гарын үсэг зурсан байна.
2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0900 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т тус тус зааснаар хариуцагч Д.Өлзийсайханаас 420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,139,342 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Өлзийсайханаас 13,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Баярмаад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,322 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА