Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 127

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан шүүх  хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Э-д холбогдох 2030000000175 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../ Э.Э.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.Э нь согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” зочид буудалд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой хохирогч Б.Н-г зодож түүний эрүүл мэндэд “дээд баруун 1-р шүдний уналт, 2-р шүдний сулрал, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                       

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Эрүүгийн 2030000000175  дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр С гэх буудалд найз О, Н-тай архи ууж байхад О, Н хоёр маргалдахаар нь би тэр хоёрыг боль гэж хэлтэл Н намайг хоёр алгадсан. Мөн та нар М-н гөлөгнүүд бууны нохойнууд намайг дарамталлаа гэж агсраад байхаар нь Төмөртэйн байр руу хүргэж өгөхөөр явсан. Замдаа миний утсыг найзтайгаа ярина гээд авсан. Төмөртэйн байрны гадаа очоод Н ахаас утсаа авъя гэхэд миний утсыг аваагүй гэж хэлсэн. Та миний утсыг хаясан байна утсаа олохоо явлаа гэхэд Н араас ирээд чи намайг утас хулгайллаа гээд буруу санаад байна уу гээд нь архины хоёр шил хооронд цохиж хагалаад над руу дайраад байхаар нь 2 гараас нь бариад хориод дийлэхгүй болохоор нь ор руу түлхэж унагаасан. Тэр үед буудлын угтагч орж ирээд та нар юу болоод байна нэгнийгээ алах нь байна ш дээ гэж хэлсэн. Тухайн үед Н миний үүдэн шүд унасан байна чи яаж байгаа юм, миний шүдийг мөргөчихлөө гээд нэг шүдээ гартаа бариад босч ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой гэртээ байхад 22 цагийн үед Эрдэнэцагаан суманд хамт ажиллаж байсан жолооч Э намайг утсаар дуудаж уулзсан. Э нь О бид гурав С буудалд өрөө авч 2 шил архи хувааж уусан. Э нь согтчихоод амьдралаа ярьж бухимдаад байхаар нь миний дүү тэгж болохгүй гэж хэлэхэд босч ирээд хоёр чихнээс татаад шууд миний уруул руу мөргөсөн. Мөн дахиж миний араас ирээд уруул руу 2 удаа мөргөхөд миний нэг шүд унасан, мөн 2 шүд хөдөлсөн, уруул сэтэрсэн. Э нь агсам согтуу тавиад шалтгаангүй намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08-р хуудас/,

 

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.Н, Э нарын хамт Бичигтийн боомтоос Сүхбаатар аймаг руу явсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим Н, Э нартай Экс нэртэй архи, Сэрүүн нэртэй пиво 2 ширхэгийг С буудалд өрөө авч хувааж уусан. Шөнө 04 цагийн орчим Н нь хоёр танихгүй хүнтэй хамт ирээд Э хаана байна, миний 2 шүдийг цохисон гэж хэлээд гарсан. Надтай хамт байхдаа Э, Н нар нь маргалдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас /

 

Гэрч Д.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 23 цагийн орчимд 2 давхарт хүмүүс муудаад байхаар нь гараад очтол 202 тоот өрөөнд байсан Э, Н нар нь зодолдсон шинжтэй нэгнийх нь амнаас цус гарсан, нөгөөгийнх нь нэг шуу нь урагдсан цус гарсан байсан. Намайг өрөө рүү ороход миний шүдийг цохисон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас /

 

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 237 дугаартай: “ 1. Б.Н-ын биед дээд баруун 1-р шүдний уналт, 2-р шүдний сулрал баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4/193 дугаар тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас /

 -   Шүүгдэгч Э.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 32-р хуудас/

 

-Шүүгдэгч Э.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 34-р хуудас/

 

 - Хохирол төлсөн баримт /хх-ийн 38-р хуудас/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 64 дугаартай санал /хх-ийн 40-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” зочид буудалд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой хохирогч Б.Н-г зодож түүний эрүүл мэндэд “дээд баруун 1-р шүдний уналт, 2-р шүдний сулрал, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Н, гэрч Д.О, Д.Ж нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Э гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Э энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н гомдолгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Э.Э-д оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Ялтан Э.Э нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА