Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Н даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар

Хохирогч Б.Ж

Шүүгдэгч И.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Ж-д холбогдох 2030000000191 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19..  оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баруун- Урт суманд байрлах Д зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаарт багийн 27 а байрны 1-7 тоотод  оршин суух, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-үүд дэх Сум дундын шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 460000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ЛМ..............,  И.Ж

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  И.Ж нь Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Эмнэлгийн 38 айлын орон сууцны гадаа 2020 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтуугаар иргэн Б.Ж-г зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцрийн цус хуралт ” хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч И.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр ажлынхаа тогооч Д.Ц, Ж.Н гэсэн найзтайгаа уулзаад пиво уусан. Ж.Н гарч яваад Б.Ж гэдэг залуутай орж ирсэн. Б.Ж нь орж ирээд намайг элдвээр хэлээд “би Төрийн банкны эдийн засагч, чи надад долигонох ёстой” гээд байсан. Би танд долигонож чадахгүй гэхэд намайг 2-3 удаа тохойлдсон. Үүнээс болж бид хоёр маргалдаад салахдаа би гараараа савсан. Би хохирлоо бөөнөөр нь төлж чадахгүй. Цалин дээрээсээ бага багаар хувааж төлье. Та дансаа явуулчих 250.000 төгрөг шилжүүлье гээд утсаар мессеж бичихэд хариу бичээгүй.. буруугаа зөвшөөрч байна, маргаан байхгүй. Би “Д ” зочид буудалд тогоочоор ажилладаг, сард 800.000-1.000.000 төгрөгийн цалин авдаг. Торгуулийг хувааж төлөх саналтай байна...гэв.

 

- Хохирогч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эмчилгээндээ зарцуулсан мөнгөө нэхэмжилж байгаа. Мөн цалингүй байсан хугацааны мөнгөө нэхэмжилж байгаа. Би листтэй байсан. Сард хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг байсан талаар нягтлангаасаа аваад өгч болно. Энэ хэрэг архинаас болж гарсан.Би уг нь тийм зан гаргадаггүй. Тухайн үед яагаад тэгсэнийг мэдэхгүй байна. Би нүдний торлогоо үзүүлэх гээд эмч дээрээ очиход эмч ээлжийн амралтаа авчихсан байсан. Тэгээд өөр эмчид үзүүлсэн...гэв.

 

- Яллагдагч И.Ж-ын: 2020 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цаг өнгөрөөгөөд ажлынхаа тогооч залуу болох Ц-той хамт гэрт нь 2.5 литрийн 2 пиво хувааж уугаад сууж байтал Н, Ж хоёр мөн 2.5 литрийн 2 пивотой  орж ирсэн. Ингээд бид дөрөв пивоо хувааж ууцгаасан. Пиво ууж байхад Ж нь надад хандаж “тэнэг бацаан, чи намайг хүндэл, долдигно” гэх мэт зүйл яриад байсан. Би яахаараа танд долдигнох ёстой юм гэтэл Ж нь шууд намайг тохойгоороо 2-3 удаа миний нүүр рүү тохойлдсон. Хажууд сууж байсан Н, Ц хоёр салгасан. Гэтэл Ж нь гараад ир гээд байхаар нь араас нь гараад очтол намайг шууд заамдаад намайг эхэлж цохисон. Үүнээс болоод бид хоёр хоорондоо харилцан зодолдож хэд хэдэн удаа цохилцсон. Хамгийн сүүлд салахдаа гараа Ж рүү савтал Ж газар ойчоод өгсөн. Тэгээд бид хоёр зодолдохоо больж Н гэрт нь хүргэж өгөхөө явсан. Би Ц-той хамт гэрт нь хоносон. Маргааш нь Ж-тэй уулзахад зүүн талын нүд хавдаж хөхөрсөн  байсан. Би дунд зэргийн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-ийн:  Миний бие 2020 оны 05 дугаар сарын 22-ний орой 23:40 цагийн үед найз Н-г утсаар дуудаж Эмнэлгийн 38 айлын гадаа хүрээд ир гэж дуудсан чинь манай найз хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр  3 давхарт гарч Д зочид буудлын тогооч залуугийн гэрт нь орж 2.5 литртэй 2 ширхэг Нийслэл нэртэй пиво хамт хувааж уусан. Надтай хамт явж байсан Н, тэр айлд байсан Д зочид буудлын тогооч залуу, өөр нэг Ж гэх нэртэй залуу байсан. Бид  хэд ууж байсан пивоо дуусгалгүй гарсан, би өөрөө сайн санахгүй байна, их согтуу байсан болохоор нэг мэдсэн чинь өглөө болсон гэртээ унтаж байсан. Миний гар утас байхгүй байсан.Толинд харсан чинь миний зүүн талын нүд хөхөрсөн, цус хурсан хавдсан байсан. Тэгэхээр нь би найз Н-г дуудаж урд шөнө юу болсон талаар асуусан чинь чи Ж гэх залуутай муудалцаж эмнэлгийн 38-н айлын гражны хойд талд зодолдсон, тэгээд та 2 хоорондоо учраа олоод салцгаасан гэсэн. Миний нүд цохиулснаас болж хараа маань муудсан. Өмнө нь -1.5 байсан. Би эхний хагалгаандаа 1.8 сая төгрөгийн тариа хийлгэсэн. Дараа нь газ гэдэг тариаг 600000 төгрөгөөр тариулсан. Мөн онош тодруулах шинжилгээ 2 удаа 110.000 төгрөгөөр өгсөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 50000 төгрөг болсон. Нийт 2.560.000 төгрөг гаргасан. Хэрэг болсноос хойш ажлаа хийж чадаагүй тул цалингүй чөлөө надад өгсөн. Энэ мөнгийг би Ж-с нэхэмжилж байна...гэх  мэдүүлэг /хх-6-7/,

 

- Гэрч Ж.Н-гийн: Би тухайн өдрийн орой Ж-н хамт Ц-н гэрт пиво уугаад сууж байтал Ж над руу утсаар яриад “би  жаахан уучихсан байна, хаана байна, би яваад очье” гэсэн. Ингээд бид хоёр Н худалдааны төвийн гадаа уулзсан бөгөөд буцаад Ц-н гэр рүү хамт орсон юм. Тэгээд бид дөрөв нийлээд пиво хувааж ууцгаасан бөгөөд Ж нь Ж-д ахархаад “чи дуугүй бай” гэх мэт зүйл ярьж байгаад Ж-н нүүр рүү тохой хэсгээрээ нүүр рүү нь 2-3 удаа тохойлдож, цохисон. Ц бид хоёр салгасан бөгөөд би Ж-ийг согтуу байна, би гэрт чинь хүргэж өгье гэхэд явахгүй байсан. Ж нь гадаа гараад Ц-с уучлалт гуйж байсан. Учир нь гэрт нь маргаан болсон. Харин Ж руу агсан согтуу тавиад байсан. Тэгж байгаад хоорондоо харилцан зодолдсон. Хамгийн сүүлд нь Ж салахдаа Ж-ийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон бөгөөд энэ үед Ж газар унасан...гэх мэдүүлэг /хх-11/

 

-Гэрч Д.Ц-н: Орой 21 цаг өнгөрөөгөөд ажил тараад манай гэрт Ж, Н бид гурав пиво аваад уугаад сууж байтал Н-гийн утас нь дуугараад хүн уулзъя гэж байна гээд гарсан. Удалгүй Ж гэх залууг дагуулаад орж ирсэн бөгөөд тухайн үед тэр залуу согтуу, хоёр пивотой ирсэн. Ингээд бид дөрөв хамт манай гэрт сууж пиво ууцгаасан. Гэтэл Ж согтуурхаад Ж-ыг   “надад долдигно, намайг хүндэл” гэх мэт зүйл яриад уур амьсгал эвдээд яриа таарахгүй байсан. Гэтэл Ж нь Ж-н хажууд сууж байхдаа гэнэт тохойгоороо тохойлдсон. Ингээд тэр хоёр хоорондоо муудсан юм. Н Жийг гэрт нь хүргэж өгөх гээд аваад гарсан. Ж бид хоёр мөн гаргаж өгөх гээд гэрээс хамт гарсан юм. Тэгээд гэрийн гадаа Ж, Ж хоёр хоорондоо юм яриад зогсож байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Н бид хоёр очиж тэр хоёрыг салгасан бөгөөд Ж сүүлд нь цохисон бөгөөд Ж нь газар унасан. Тэгээд Н  Жийг машинд нь суулгаад аваад явсан. Ж-д ямар нэгэн гэмтэл учраагүй, Жийн зүүн талын нүд нь хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-12/

 

- Яаралтай тусламжийн хуудас 2020.05.23 /хх-19-20/

 

- Гавал тархины КТГ-ын тэмдэглэл 2020.05.24 /хх-21/

 

- Б.Ж-ийн Өвчний түүх /хх-23-34/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6393 дугаартай: “1.  Б.Ж-н биед зүүн нүдний битүү гэмтэл, зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцрийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх  гэмтэл нь  мохоо  зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг   удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт  хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд  тогтонги нөлөөлөх эсэх нь  эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,

 

- Б.Ж-н Хохирлын баримт,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020.06.29-ний өдрийн 7/385 дугаартай тодорхойлолт /хх-44/

 

- И.Ж-н Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/

 

- И.Ж-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/

 

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол /хх-48-53/

 

- Төрийн банкны Орлогын мэдүүлэг/ И.Ж-с 460.000 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ШШГГазрын дансанд төлсөн баримт/ хх-58 зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч И.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн  Эмнэлгийн 38 айлын орон сууцны гадаа иргэн Б.Ж-тэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцрийн цус хуралт ”  хүндэвтэр  хохирол санаатай учруулсан  болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

шүүгдэгч И.Ж-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Тухайн өдөр ажлынхаа тогооч Д.Ц, Ж.Н гэсэн найзтайгаа уулзаад пиво уусан. Ж.Н гарч яваад Б.Ж гэдэг залуутай орж ирсэн. Б.Ж нь орж ирээд намайг элдвээр хэлээд “би Төрийн банкны эдийн засагч, чи надад долигонох ёстой” гээд байсан. Би танд долигонож чадахгүй гэхэд намайг 2-3 удаа тохойлдсон. Үүнээс болж бид хоёр маргалдаад салахдаа би гараараа савсан “ гэх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-н:  Миний бие 2020 оны 05 дугаар сарын 22-ний орой 23:40 цагийн үед найз Н-г утсаар дуудаж Эмнэлгийн 38 айлын гадаа хүрээд ир гэж дуудсан чинь манай найз хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр  3 давхарт гарч Д зочид буудлын тогооч залуугийн гэрт нь орж 2.5 литртэй 2 ширхэг Нийслэл нэртэй пиво хамт хувааж уусан. Тэгэхээр нь би найз Нг дуудаж урд шөнө юу болсон талаар асуусан чинь чи Ж гэх залуутай муудалцаж эмнэлгийн 38-н айлын гражны хойд талд зодолдсон, тэгээд та 2 хоорондоо учраа олоод салцгаасан гэсэн. Миний нүд цохиулснаас болж хараа маань муудсан...” гэх,

гэрч  Ж.Н-гийн ” Ж нь Ж-д ахархаад “чи дуугүй бай” гэх мэт зүйл ярьж байгаад Ж-н нүүр рүү тохой хэсгээрээ нүүр рүү нь 2-3 удаа тохойлдож, Ж нь гадаа гараад Ж руу агсан согтуу тавиад байсан. Тэгж байгаад хоорондоо харилцан зодолдсон. Ж салахдаа Ж-н нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон бөгөөд энэ үед Ж газар унасан “ гэх,

гэрч Д.Ц-н “ Ж согтуурхаад Ж-г “надад долдигно, намайг хүндэл ” гэх мэт зүйл яриад уур амьсгал эвдээд яриа таарахгүй байсан. Ж нь Ж-н хажууд сууж байхдаа гэнэт тохойгоороо тохойлдсон. Ингээд тэр хоёр хоорондоо муудсан. Гэрийн гадаа Ж, Ж хоёр хоорондоо юм яриад зогсож байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Ж сүүлд нь цохисон бөгөөд Ж нь газар унасан. Ж-н зүүн талын нүд нь хөхөрсөн байсан”  гэх мэдүүлгүүд,

Яаралтай тусламжийн хуудас 2020.05.23, Гавал тархины КТГ-ын тэмдэглэл 2020.05.24, Б.Ж-н өвчний түүх,

шинжээчийн 6393 дугаартай: 1.  Б.Ж-н биед зүүн нүдний битүү гэмтэл, зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцрийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх  гэмтэл нь  мохоо  зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт  хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд  тогтонги нөлөөлөх эсэх нь  эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч И.Ж нь хохирогч Б.Ж-тэй согтууруулах ундаа хэрэглэх явцад, өөрт нь “ би Төрийн банкны эдийн засагч, чи намайг хүндэл, надад долигонох ёстой ” гэж үг хэлээр ахархан, нүүрлүү тохойлдон цохиж, гадаа гарч агсамнасан Б.Ж-ийн үйлдлийн улмаас харилцан зодолдож, нүдэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн согтуурхсан зүй бус үйлдлээс үүссэн хоорондын маргааны улмаас хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Тухайн хэрэг гарахад хохирогчийн хэт согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Энэ нь түүний ” би өөрөө сайн санахгүй байна, их согтуу байсан болохоор нэг мэдсэн чинь өглөө болсон гэртээ унтаж байсан. Толинд харсан чинь миний зүүн талын нүд хөхөрсөн, цус хурсан хавдсан байсан. Тэгэхээр нь би найз Нг дуудаж урд шөнө юу болсон талаар асуусан чинь чи Ж гэх залуутай муудалцаж эмнэлгийн 38-н айлын гражны хойд талд зодолдсон, тэгээд та 2 хоорондоо учраа олоод салцгаасан гэсэн “ гэх мэдүүлэг болон гэрч  Ж.Н, Д.Ц нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдоно.

 

Шүүгдэгч И.Ж-н, хохирогч Б.Ж-г цохиж эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

И.Жын үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс эмчилгээний болон бусад зардал 2.560.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд 206.276 төгрөгийн 6 ширхэг баримтыг шүүхэд гаргаж, өөр бусад баримтыг ирүүлээгүй байна.

 Иймд шүүх дээрх баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр буюу 206.276  төгрөгийг шүүгдэгч И.Ж-с гаргуулж хохирогч Б.Ж-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбоотойгоор гаргасан “ хагалгааны 1.8 сая төгрөг, газ гэх тарианы 600000 төгрөг, онош тодруулах 2 удаагийн шинжилгээ 220.000 төгрөг, эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 50000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин “-гийн нэхэмжлэл болон цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч И.Ж-н хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тодруулбал, И.Ж нь хохирогч Б.Ж-н өөрийг нь үг хэлээр ахархан, дээрэлхэж, нүүрлүү тохойлдон цохиж, агсамнасан зүй бус үйлдлийн улмаас түүнтэй харилцан зодолдох явцдаа зүүн нүдэн тус газарт гараараа нь цохиж гэмтэл учруулжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч И.Ж-н үйлдсэн хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн согтуурсан зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч И.Ж-н шүүх хуралдаанд гаргасан ” Би Д  зочид буудалд тогоочоор ажилладаг, сард 800.000-1.000.000 төгрөгийн цалин авдаг. Торгуулийг хувааж төлөх саналтай байна ” гэх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд  оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шүүгдэгч И.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч И.Ж-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-с 206.276 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн, хохирогч Б.Ж-д олгосугай.

6. Шүүгдэгч И.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ж нь гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН