Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-т холбогдох 2030000000205 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, хувийн мал маллах, ам бүл ..., нөхөр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:.........../ Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын дундуур Сүхбаатар аймаг Дарьганга сумын 1 дүгээр багт оршин суух өөрийн гэртээ иргэн Б.С-н Хаан' банкны ............ тоот данс бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар. хууль бусаар авч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр уг данснаас 516.000 /таван зуун арван зургаа мянга/ төгрөгийг зарлагадан авсан гэмт хэрэгт холбогджээ.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би С-н картыг 04 дүгээр сарын дундуур аваад 516.000 төгрөгийг данснаас нь авсан. Хохирлоо барагдуулсан. 515.000 төгрөгийг хохирогчид өгсөн. Картынх нь нууц код миний төрсөн өдөртэй адилхан байсан. Мөн манай хоёр цуг өвөлжиж байсан хамтдаа дэлгүүр ордог байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..гэв.

 

- Яллагдагч Б.Б-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын дундуур С Б 2 манайд ирээд, манай нөхөр Б бид 4 Х-н гэх айлын хөдөө гэрт очиж архи ууж хоноод маргааш өглөө нь манайд ирээд Б хүүхдийн живх цүнхнээс аваад өг гэхээр авч өгөхдөө С-н Хаан банкны картыг цүнхнээс нь авсан. 2020 оны 05 сарын 07-нд аймаг явахдаа уг картыг нь уншуулж үзэхэд мөнгө байгаагүй. Дахиад 5 дугаар сарын 17,18-ны үед аймагт хүүхдээ эмчлүүлэхээр явахдаа 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед хаан банкны ногоон өнгийн картыг төв Хаан банкны АТМ-д уншуулж 200,000 төгрөг авсан. Жавхлант худалдааны төвөөс 63500 төгрөгөөр аймагт ирсэн айлдаа хүнсний зүйл, Дээж худалдааны төвөөс хүүхдүүдээ 21,000, 11,000 төгрөгөөр хувцас, Торго дэлгүүрээс 28,000 төгрөгөөр хүүхдэдээ даашинз  авсан. Эмнэлгийн баруун талын цайны газар 6800 төгрөгөөр хуушуур цай авч идсэн. Жавхлант худалдааны төвд байдаг Төрийн банкны АТМ-ээс 150,000 төгрөг гаргаж авсан. Жавхлант дэлгүүрээс 15209 төгрөгийн хүүхдийн тоглоом авсан, Х зоогийн газар ажилладаг дүү Ж-д 18000 төгрөгийг карт уншуулж авч өгсөн. Би Ж-н АТМ-ээс 150,000 төгрөг авахдаа үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 18,000 төгрөгийг нь дүүдээ авч өгөөд Х зоогийн газрын үүдэнд байсан хогийн саванд картыг нь хаясан. Ноолуурын нь мөнгө орно гэж бодоод авч явж байсан. ..Б цүнхнээс хүүхдийн живх аваад өг гэхээр цүнхийг ухаж байхдаа виза карт нь сул байхаар нь авсан. Виза карт нь миний төрсөн өдөртэй адилхан болохоор цээжилсэн байсан...гэх мэдүүлэг /хх-9-11, 18-20 дугаар хуудас/,

 

- Хохирогч Б.С-н: 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр сумын төврүү орж ойр зуурын хүнсний зүйл авна гэж явсан. Миний ..........дугаартай хаан банкны дансыг миний эхнэр Б хамтран эзэмшдэг тул миний данснаас мөнгө авах гэсэн боловч дансанд мөнгө байхгүй, 2020 оны 05 сарын 21-ний өдөр 516,000 төгрөгийн гүйлгээ Сүхбаатар аймгийн төвд хийгдсэн байна гэсэн гээд цагдаад гомдол гаргасан гэж ирж хэлсэн. Миний виза карт манай эхнэрийн цүнхэн дотор түрийвчинд бичиг баримтын хамт цуг байдаг цагаан сараас хойш виза картаа хэрэглээгүй  очиж авдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкнаас 2 сая 500 зуун мянган төгрөгийн зээл аваад 2 сая төгрөгийг нь багш Э-т хашааны мөнгө гэж өгөөд 516,612 төгрөг үлдсэн байсныг бүгдийг авсан байсан. Б манайхтай 5 жил хамт өвөлжиж байсан миний картын нууц дугаарыг тэр үед мэдсэн байж болох юм. Б нь миний дансанд байсан 516.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр авчирч өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-3-7 дугаар хуудас/,

        

- Гэрч Д.Б-гийн: 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс ирээд нөхрийнхөө ............ дугаартай данснаас Хаан банкан дээр очиж мөнгө авах гэсэн боловч дансанд мөнгө байхгүй байна гэсэн. 2020 оны 05 сарын 20-ны өдөр манай нөхөр С бид 2 хаан банкнаас 2,500,000 төгрөгийн малчны зээл авч 2,000,000 төгрөгийг нь Э гэх хүний ............. гэсэн дансанд хийсэн тэгээд үлдэгдэл 516000 төгрөг үлдсэн байсан. Хаан банкны теллер таны данснаас гарсан мөнгийг Сүхбаатар аймгийн төвд картаар уншуулсан байна цагдаагийн байгууллагад гомдлоо гарга гэсэн. Манай нөхөр бид хоёр өвөл 12 сараас хойш аймаг яваагүй, манай нөхрийн виза карт миний цүнхэн дотор түрийвчинд бичиг баримттай цуг байдаг. Цагаан сараас хойш манайх уг виза картыг хэрэглээгүй, шаардлагатай мөнгөө банкнаас очиж авдаг байсан. Кодыг мэдэх хүн байхгүй гэж бодож байна. 0404 гэсэн нууц кодтой байсан. Дансанд байсан 516.612 төгрөг байсныг авсан байна. Сүүлд 3 сарын үед хэрэглэсэн байх. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-8 дугаар хуудас/,

- Б.С-н .................... дугаартай Хаан банкны данснаас 2020 оны 05 дугаар 21-ний өдөр гарсан зарлагын гүйлгээг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-30/

 

- Б.С-н дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-31/

 

- Хохирогч Б.С-н Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-32/

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.06.17-ны өдрийн 10/148 дугаартай тодорхойлолт /хх-21/

 

- Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/

 

-  Б.Б-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 22/

 

- С.Б-н/ Б.Б/ Мал, тэжээвэр амьтад,хашаа худгийн 2019 оны тоолоогын баримт /хх-25-29/

 

- Б.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-38 /,

 

- Хохирогч Б.С-т Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-34/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай санал /хх-40/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч 2020 оны 04 дүгээр сарын дундуур Сүхбаатар аймаг Дарьганга сумын 1 дүгээр багт оршин суух өөрийн гэртээ иргэн Д.Б-гийн гар цүнхнээс Б.С-н Хаан банкны .................. тоот данс бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр уг данснаас 516.000 төгрөгийг зарлагадан авсан авсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би С-нкартыг 04 дүгээр сарын дундуур аваад 516.000 төгрөгийг данснаас нь авсан. Картынх нь нууц код миний төрсөн өдөртэй адилхан байсан. Мөн манай хоёр цуг өвөлжиж байсан хамтдаа дэлгүүр ордог байсан” гэх,

хохирогч Б.С-н“ миний дансанд мөнгө байхгүй, 2020 оны 05 сарын 21-ний өдөр 516,000 төгрөгийн гүйлгээ Сүхбаатар аймгийн төвд хийгдсэн байна гэсэн. Миний виза карт манай эхнэрийн түрийвчинд бичиг баримтын хамт цуг байдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкнаас 2 сая 500 зуун мянган төгрөгийн зээл аваад 2 сая төгрөгийг нь багш Э-т хашааны мөнгө гэж өгөөд 516,612 төгрөг үлдсэн байсныг бүгдийг авсан байсан. Б манайхтай 5 жил хамт өвөлжиж байсан миний картын нууц дугаарыг тэр үед мэдсэн байж болох юм..” гэх,

гэрч Д.Б-гийн “ 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс ирээд нөхрийнхөө .................. дугаартай данснаас Хаан банкан дээр очиж мөнгө авах гэсэн боловч дансанд мөнгө байхгүй байна гэсэн. 516000 төгрөг үлдсэн байсан. Хаан банкны теллер таны данснаас гарсан мөнгийг Сүхбаатар аймгийн төвд картаар уншуулсан байна гэсэн ” гэх мэдүүлгүүд,

Б.С-н............... дугаартай Хаан банкны данснаас 2020 оны 05 дугаар 21-ний өдөр гарсан зарлагын гүйлгээг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Б.С-н дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор иргэн Д.Б-гийн гар цүнхнээс Б.С-н Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлж картан дахь мөнгийг авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

   Шүүгдэгч Б.Б-ийн, хохирогч Б.С-н Хаан банкны картыг хулгайлж мөнгийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

   Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-т учирсан 516.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь түүний “Б нь миний дансанд байсан 516.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр авчирч өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгч Б.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б-н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Б.Б-н холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд Б.Б-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ” оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

              

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.                     

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б-т дээрх тэнссэн хугацаанд ” оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.С-т учирсан 516000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН