| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00480/и |
| Дугаар | 432 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 432
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 182/ШШ2017/00432 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1098Л тоотод оршин суух, Сүмбэнцацал овогт Мямарсүрэнгийн Лутбаатар /РД:ВЛ90102415/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1098И тоотод оршин суух, Олинго овогт Шаравын Цэрэндаш /РД:ОК41050110/-д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Лутбаатар нь 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1098Л тоотод байршилтай 18641315497212 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг хууль ёсоор өмчилж, өмчлөх эрхийн Г-2202013673 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг.
Энэ газартаа 2010 оноос одоо болтол амьдарч байгаа бөгөөд гэр нь шатаж, амьдралын нөхцөл бололцооноос шалтгаалан хашаагаа барьж чадалгүй явсаар 2015 оны 8 дугаар сард хашааны материалаа татан авч ирэхэд Ш.Цэрэндаш гэгч нь ямар ч хэл яриагүй, зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшлийн газарт хашаа хатгасан байсан.
Хууль бусаар танайх манай газар дээр хашаа хатгалаа гэхэд элдэв хэл амаар доромжилж бидэнд хүндрэл учруулж, мөн Ш.Цэрэндаш нь өөрийнхөө хашаагаа зараад шинээр айл буулгасан.
Хуулийн дагуу Дүүргийн газрын албанд асуудлыг тавьж, газрын албанаас Цэрэндашид газар чөлөөлөх шаардлага бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл газрыг нь чөлөөлөхгүй байгаа учраас бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Цэрэндаш нь 2003 онд Увс аймгийн Өндөрхангай сумаас Улаанбаатар хотод шилжин ирж 2005 онд ямар нэгэн хашаа байхгүй задгай газар хашаа хатгаж буусан ба түүний дараа зохих баримт материалаа бүрдүүлж хөөцөлдөн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 тоот шийдвэрээр 0325014 тоот гэрчилгээ авч 700 м.кв газрыг ахуйн зориулалтаар эзэмших болсон юм.
Түүнээс хойш уг газартаа байнга оршин сууж байгаа бөгөөд амьдралын шаардлагаар 700 м.кв газраасаа 342 м.кв газрыг иргэн Отгонд өгөхөөр тохиролцон газар эзэмших гэрээ байгуулсан.
Уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Отгон нь нэгж талбарын 18641315502189 дугаар бүхий газрыг эзэмших болсон.
Энэ нэхэмжлэлийн шаардлага бол Цэрэндашид хамааралгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Лутбаатар нь хариуцагч Ш.Цэрэндашид холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч М.Лутбаатар нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1098Л тоот нэгж талбарын 18641315497212 дугаартай 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн 000125243 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч М.Цэрэндаш нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1098Д тоот нэгж талбарын 18641315494188 дугаартай 700 м.кв газраас 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ш.Отгонд “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” байгуулан 346 м.кв газрыг шилжүүлжээ.
Ш.Отгон нь дээрх гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1098И тоот нэгж талбарын 18641315502189 дугаар бүхий 346 м.кв газрыг “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000629865 дугаартай гэрчилгээг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хуучнаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/257 тоот албан бичгийн хавсралт болох шинжээчийн дүгнэлтээр “нэгж талбарын 18641315494188 дугаар бүхий 700 м.кв талбайгаар иргэн Ш.Цэрэндашийн газар нь ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр М.Лутбаатарын хашаалсан гэх газартай давхцалгүй байна. Иргэн М.Цэрэндашийн амьдарч буй гэх газар нь нэгж талбарын 18641315497212 дугаар бүхий 700 м.кв талбайтай иргэн М.Лутбаатарын өмчилж байгаа газартай байршлын хувьд 57 м.кв талбайгаар давхцалтай, ...М.Лутбаатарын өмчлөлийн газар луу 3 метр оруулж хашаа татсан...” гэжээ.
Өөрөөр хэлбэл газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.
Шинжээчийн дүгнэлтээс харахад М.Лутбаатарын өмчлөлийн газарлуу хашаагаа 3 метр оруулж татсан байдал нь иргэн Ш.Отгоны эзэмшлийн нэгж талбарын 18641315502189 дугаар бүхий 346 метр газар нь хамаарч байх бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтийн 8 дугаартай хавсралтаар тус тус тогтоогдож байна
Иймд нэхэмжлэгч М.Лутбаатарын өмчлөлийн нэгж талбарын 18641315497212 дугаар бүхий 700 м.кв газартай, хариуцагч Ш.Цэрэндашийн нэгж талбарын 18641315494188 дугаар бүхий 353 м.кв талбай бүхий газар нь ямар нэгэн давхцалгүй байх тул бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар Ш.Цэрэндашид холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч М.Лутбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА