| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0125/э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Л.Мөнхбаяр,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч, Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох 2030001060158 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн мөрдөгч ажил эрхэлж байсан, ам бүл ...., эхнэр хүүхдийн хамт тус аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг .......... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ................, Г.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны өрөөнд 09 цаг 12 минутанд албаны “ПМ” маркийн галт зэвсгийг шалгах үйлдлийг хийхдээ Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам”-ын 4.8 дугаар зүйлийн 4.8.6, 4.8.9 дэх заалтуудыг зөрчиж цагдаа жолооч М.Б-н цээжин тус газарт буудаж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Албан үүргээ гүйцэтгэж байгаад болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Цагдаагийн байгууллагад 2007 оноос хойш 12 дахь жилдээ ажиллаж байгаа, ажиллаж байхдаа сахилгын зөрчил болон ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тухайн үед би өөрөө эмнэлгийн байгууллагад хүргэж өгч, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Бууг шалгаж байх явцад сумны дайз байсан эсэхийг тухайн үед анзаараагүй, сумгүй байх л гэж бодсон. Албаны сумны хоёр дайз тусдаа байсан. Бууг жижүүрийн офицер, тасгийн дарга хариуцдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна, маргаж байгаа зүйл үгүй. Хохирогчид 7.000.000 төгрөг төлсөн, одоо надаас 14.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр хохирогчтой тохиролцсон, гэрээ хийсэн байгаа. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж бусдын амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна...гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Галт зэвсгийн хувьд Цагдаагийн байгууллагын үндсэн хөрөнгө буюу тусгай зориулалтын дансанд бүртгэгдсэн буу байгаа. 1976 онд үйлдвэрлэгдсэн, жижүүрийн бүртгэл дээр байсан. Цагдаагийн ерөнхий газраас галт зэвсгийг тоолсон. Энэ тооллогонд эд мөрийн баримтаар хураагдсан гэсэн мэдээ, тайланг өгсөн. Албаны дүрэмт хувцас нь албан хаагч тус бүр дээр бүртгэлтэй байдаг. Бидний зүгээс нас барсан үндэслэлээр хасалт нь хийгдсэн байгаа. Харин галт зэвсгийн хувьд зохих журмын дагуу манай байгууллагад буцааж олгуулах шаардлагатай байгаа...гэв.
2030001060158 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч Г.Б-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: Миний бие 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 08 цаг 20 минутын үед Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэхээр очсон. Очоод тасгийн даргаас өгсөн үүргийн дагуу нөөцийн түлхүүрийг бүрэн байгаа эсэхийг шалгаж дуусаад дутуу байсан хүмүүс рүү утасдаж хэлсэн. Энэ өдрөөс 3 хоногийн өмнө тасгийн дарга дэд хурандаа Б-с буунуудаа шалгаж үзээрэй гэж өгсөн үүргийн дагуу галт зэвсэг хадгалах сейфээ онгойлгож шалгасан. Сейфийг онгойлгоод сумыг би өөрөө 3-4 хоногийн өмнө нүдээр үзэж шалгасан байсан учраас сумыг тоололгүй, галт зэвсгийн бүрэн бүтэн байдлыг шалгахаар АКМ, СВД маркийн галт зэвсгийг дээш буудаж шалгасан. Буу шалгах үед тухайн жижүүрийн өрөөнд цагдаа жолооч ахлах ахлагч Б, дэд ахлагч Б, дэд ахлагч С, ерөнхий жижүүрийн өрөөнд дэслэгч Б нар байсан. Тэгээд хоёр бууг шалгаж дуусаад ПМ маркийн бууг аваад бүрэн бүтэн байдлыг нь шалгах зорилгоор замаг, замагын рамыг шалгах зорилгоор гох дарсан, тэгтэл буу тас хийж дуугарсан. Гэтэл миний өмнө сууж байсан ахлах ахлагч Б буудчих шиг боллоо гээд гэдсээ дараад босоод ирсэн. Тэгээд хартал буудчихсан байсан. Ингээд би Б-г 103 дууд гэж хэлчихээд өөрөө жижүүрийн өрөөнөөс гарч гүйгээд өөрийн эзэмшлийн приус 30 маркийн автомашиныг газрын үүдэнд авчираад Б-г хажуу талдаа суулгаж аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүрт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-181-183/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н: Манай нөхөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт цагдаа жолоочоор ажилладаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө манай нөхөр М.Б нь жижүүртэй ажилдаа гарна гээд гэрээсээ 08 цаг 20 минутын орчимд гарсан. Тэгээд ажил дээрээ очоод удаагүй байж байхад 09 цаг өнгөрч байхад манай гэрт цагдаагийн хоёр ажилтан ирсэн, тухайн үед яг хэн нь ирснийг санахгүй байна. Тэгээд орж ирээд “... эгчээ та эмнэлэг очих хэрэгтэй байна, гайгүй ээ та сандрах айх зүйл байхгүй ...” гэж хэлээд намайг дагуулаад машинд суулгаад эмнэлэг рүү очсон. Намайг очиход эрчимт эмчилгээний тасагт нөхөр маань орон дээр хэвтсэн, эмчилгээний дусал тариа зэргийг залгасан байдалтай байсан. Намайг ороход нөхөр маань гараараа нааш ир гээд гараараа дохихоор нь очиход чихэнд маань “... машины түлхүүр дүрэмт хувцасны хармаанд байгаа, хувцас 102-ын өрөөнд байгаа ...” гэж их аяархан шивнэж хэлсэн. Тэгээд л ухаан алдчихсан. Аймгийн эмнэлгийн эмч нар тэр өдөртөө 15 цагийн орчимд нэг хагалгаанд орсон, хотоос эмч нар ирж 19 цаг өнгөрч байхад дахин хагалгаанд орсон. Эхнийх нь хагалгаа нь миний ойлгосноор уушиг задарсан гээд хагалгаа хийсэн, гэтэл дэлүү нь болж таараад дэлүүг нь авсан гэсэн. Хотоос ирсэн эмч нарын хийсэн хагалгаа нь ямар учиртай орсныг санахгүй байна, Тухайн үедээ эмч нар надад хэлж байсан гэхдээ санахгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд Улаанбаатар хот руу нисдэг тэргээр нисч хотод очоод шууд цэргийн төв эмнэлэгт хэвтсэн. Цэргийн төв эмнэлэгт очоод 9 хоног ухаангүй хэвтэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд нас барсан. Цэргийн төв эмнэлэгт ямар нэг хагалгаанд ороогүй. Ухаан оролгүй байсаар нас барсан ... Г.Б нь нөхрийг эмчлэгдэж байхад 1 сая төгрөгийг, буяны ажилд нь 6 сая төгрөгийг өгсөн байдаг. Энэ мөнгийг нийт зардлаас хасаж тооцоод одоо би Г.Б-с 14.234.153 төгрөгийг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /1хх-51-59/,
- Гэрч Б.Б-ийн “Ажил дээр байж байхад ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэх ахлах дэслэгч Б гаднаас ганцаараа орж ирнэ, мөн Б жолооч орж ирсэн. Тэгээд байж байхад ёс журмын эргүүл хошууч Б гаднаас орж ирээд албаны бэлэн байдлыг шалгаж гарах ээлжийг бүртгэсэн. Мөн тухайн өдөр ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэх хошууч Э гаднаас орж ирсэн. Би тэр үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын мэдээллийг Од программ дээр оруулаад дуусч байхад дэд ахлагч С компьютер дээрх юм хийнэ гээд суусан. Би тэгэхэд нь босч мэдээлэл хүлээн авагчийн ширээний зүүн талд очоод зогссон. Тэр үед ерөнхий жижүүр Б ахлах дэслэгч нөөц түлхүүрүүдийг шалгаад галт зэвсгийн сейфийг өөрөө онгойлгосон. Бид нар тэр үед юм яриад л байж байсан. Тэгсэн Б ах эхлээд СВД маркийн галт зэвсэг гаргаж ирээд цэнэглэж гох дарж шалгасан, түүний дараа АКА бууг мөн адил гаргаж шалгасан. Тэр үед Б ахлах дэслэгч Б ахлах ахлагчтай “дээр үед С гэж хошууч жижүүрийн өрөөнд тааз руу буу алдаж байсан” тухай ярилцаж байхдаа гартаа ПМ буу барьчихсан байсан. Яг хэзээ нь ПМ маркийн галт зэвсгийг гаргаж ирэхийг нь хараагүй, тэгэхэд нь би тэр хоёрын ярианд оролцож “тэр үед тааз руу буудаад нилээн асуудал болж байсан байх даа” гэсэн чинь л буу тас хийж дуугарсан. Би тэр үед Б ахтай юм яриад түүн рүү харж байсан юм. Тэгтэл тэр битүү орчинд буу дуугарахад чих дүнгэнээд би хоёр чихээ дараад юу болчихов оо, яасан бэ гэхэд Б ах гэдэс орчимдоо гараараа дарчихсан босч ирээд зогсож байсан. Тэгсэн Б ах “ар гэр лүү яриарай” л гэх шиг болсон. Би тэгэхээр нь 103 руу залгаад дуудлага өгөх гэсэн чинь хоолой гарч өгөхгүй байхаар нь Б дэслэгчид утсаа өгөөд түргэн тусламжийн дуудлагыг өгүүлсэн. Б дэслэгч газрын дарга, тасгийн дарга нар, прокурорт энэ тухай мэдэгдсэн. Тэр үед дуудлага хүлээн авагч С, Б нар Б ахыг гадагш авч гадаа гаргаад машиндаа суулгасан. Тэгээд С Б ахын ар гэр лүү хэл хүргэхээр, нөгөө хоёр нь эмнэлэг рүү явсан. Жижүүрт энэ хоёртой цугтаа зөндөө гарч байсан, тэгэхэд ямар нэг байдлаар маргалдаж байгаагүй, түүнээс өмнө ямар байсныг мэдэхгүй байна. Миний нүдэн дээр маргаж муудаж байгаагүй ...гэх мэдүүлэг /1хх-68-70/,
- Гэрч З.Б-н “... 2020 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 08 цагаас 22-ны өглөөний 09 цаг хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. 2020.02.22-ны өглөө ёс журмын эргүүл хошууч Б ээлж хүлээлцүүлсэн. Жижүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын өрөөнд мэдээлэл хүлээн авагч Б, С, жолооч ахлах ахлагч М.Б, ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэх Г.Б нар байсан. Тухайн үед жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн Б нь Б-тай утсаар ярьж нөөц түлхүүрийг бүгдийг оосорлож, бүрдүүл, сейфээ шалга гэсэн үүрэг өгсөн гэсэн. Тэгээд конторын алба хаагчид руу Б утсаар ярьж нөөц түлхүүрээ өгөөрэй гэж байсан. Намайг нэг харахад Б ахлах дэслэгч сейфээ онгойлгоод галт зэвсгүүдийг шалгаж байсан. Би тэр үед зөрчил цохогдсон дэслэгч О-тай утсаар ярьж байтал гэнэт буун дуу тас хийж дуугарсан. Тэгэхээр нь юу болов гээд ортол төмөр сейфний урд талд Б ах гараараа элгээ дараад босчихсон, Б түшээд зогсож байсан. Тэр үед Б “ахаа гялс эмнэлэг дуудаарай” гээд надад утас өгсөн. Тэгэхээр нь би эмнэлэг рүү дуудлага өгчихөөд газрын дарга, зөвлөлийн гишүүдэд утсаар болсон зүйлийн талаар хэлсэн. Ингээд Б нь Б ахыг аваад шууд эмнэлэг рүү явсан. Машинд суулгахаар Б ахыг авч гарахад нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд шинжээч, прокурор, мөрдөгч Б нар ирж жижүүрийн өрөөнд үзлэг хийсэн. Жижүүрт гарахдаа галт зэвсгийн зааварчилгааны дэвтэртэй танилцаж гарын үсэг зурдаг. Б, Б нар өмнө нь маргаж муудсан зүйл байхгүй, тэр өдөр ч маргаж муудаагүй...” гэх мэдүүлэг /хх-72-73/,
-Гэрч Б.С-н: Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өглөөний 08 цагаас 2020 оны 02 сарын 22-ны өглөөний 09 цаг хүртэл жижүүрийн мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэсэн. 2020.02.22-ны өдөр нь амралтын өдөр байсан тул 09 цагт ээлж хүлээлцдэг юм. Дотоод журмын дагуу 08.30 цагт гарах ээлжийн албан хаагчид ирж ёс журмын эргүүл болох Б хошууч ээлж хүлээлцсэн. Б хошууч эргүүл, жижүүр, постны ажлыг хүлээлцээд явсан. Мөн тэр үед гарах ёс журмын эргүүл болох хошууч Э ирчихсэн байсан. Т эр хоёр 09.10 цагийн орчимд гараад явсан. Ингээд жижүүрийн өрөөнд гарах жижүүр болох Б, Б, Б, жолооч Б бид 5 үлдсэн байсан. Ерөнхий жижүүр дэслэгч Б баруун талын өрөөнд өргөдөл гомдлыг цохогдсон алба хаагчдад утсаар мэдэгдэж байсан. Харин бид нөгөө өрөөнд бүгд байж байсан. Би мэдээлэл хүлээн авагчийн компьютер дээр сууж юм хийж байсан. Харин Б ширээний зүүн талд зогсож байсан. Жолооч Б хойд талын буйдан дээр ганцаараа сууж байсан. Ахлах дэслэгч Б миний ар талын галт зэвсгийн сейфийг онгойлгоод байж байсан. Тэгээд намайг юм бичиж байхад ард талд Б ахлаг дэслэгч урт бууны замаг татаж байсан, би буунуудаа шалгаж байна даа гээд бодоод байж байтал удалгүй буун дуу тас хийж дуугарсан. Тэгэхээр нь би босч эргээд харахад Б ахлах ахлагч босчихсон, Б ахлагч дэслэгч өөдөөс нь хараад зогсчихсон “яанаа сумтай байсан юм байхдаа” гээд зогсож байсан. Б Б ахын цагдаагийн ноосон цамцны цахилгааныг тайлахад зүүн хөхний доор орчмоос цус гарч байсан.Тэгэхэд сум алдаад оночихсон байна гэдгийг мэдсэн. Б дэслэгч нөгөө өрөөнөөс орж ирээд бид нар эмнэлэг болон холбогдох дарга нар луу утсаар мэдэгдсэн. Тэгээд эмнэлэг нэг хэсэггүй байх гээд Б машинаа ажлын үүдэнд ухрааж би Б ахыг түшиж машины ард талын суудалд суулгах гэтэл гэдийж болохгүй байна гээд урд талын суудалд суусан. Тэгээд ахын дүү манай гэрийнхэнд хэлчих гэж хэлсэн. Би эхнэрт нь очиж хэлээд эхнэрийг нь эмнэлэг рүү хүргэж өгсөн. Б, Б нар маргаж муудалцсан зүйл байхгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй, бүгд эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1хх-74-76/,
- Гэрч О.Б-ийн: 2020 оны 02 сарын 22-ны өглөө гэртээ байж байхад 09 цаг бага зэрэг өнгөрч байхад жижүүрийн мөрдөгч дэслэгч Б залгаад “жижүүр хүлээлцэж байгаад буу алдчихлаа, яаралтай хүрээд ирэх үү” гэхээр нь би хувцсаа өмсөөд тэр дор нь яваад ороход жижүүрийн мөрдөгч Б жолооч цагдаа Б-г машиндаа суулгаад эмнэлэг рүү яваад цагдаагийн газрын хашаанаас гарч байсан. Тэгээд би газар луу гүйж ороод газрын даргад мэдэгдээрэй гэж хэлчихээд жижүүрийн өрөөгөөр оролгүй, нөгөө хоёрын араас эмнэлэг рүү очсон. Эмнэлэгт ирэхэд Б яаралтай тусламжийн тасгийн өрөөнд дусал хийлгээд эмчилгээ хийлгэж байсан. Б-с юу болсон талаар асуухад “... буугаа шалгаж байгаад буу алдчихлаа ...” гэж хэлсэн. Шархыг нь харахад цээжний зүүн тал зүрхний доод хэсэгт бууны сумны ором гарсан байсан... гэх мэдүүлэг/1хх-78-79/,
- Гэрч Г.Э-ийн: Би 2020 оны 02 дугаар 22-ны өдөр ёс журмын эргүүл бөгөөд удирдах даргаар ажиллах хуваарьтай байсан тул цагдаагийн газарт 08.30 цагт ирсэн. Намайг ирэхэд дэслэгч Б хүлээж авсан, тэрээр бууж байгаа ээлжний ерөнхий зохицуулагч байсан. Жижүүрийн өрөөнд ороход жолооч Б, дуудлага хүлээн авагч Б, С, ахлах дэслэгч Б, мөн манай тасгийн ахлах хошууч Б нар байсан. Б нь гарах ээлжээ бүгдийг нь үүрэг өгөөд гаргаад байж байна гэсэн. Алба хаагчдад үүрэг өгчихөөд 08 цаг 45 минутын орчим ахлах байцаагч Бийг дагуулан гарч тасгийн байр луугаа орсон. 09.45 минутанд жижүүрийн утсаар дэслэгч Б яриад “ахлах дэслэгч Б, ахлах ахлагч Б-г сум алдаад буудчихлаа” гэсэн мэдээллийг надад өгсөн. Тэгээд би өрөөнөөс ахлахын хамт гарч цагдаагийн газрын үүдэнд гүйгээд очиход мэдээлэл хүлээн авагч машинд суугаад хөдөлж байсан. Би юу болсон талаар асуухад Б Б-г эмнэлэг рүү авч явсан гэж хэлсэн. Би машинд сууж эмнэлэг рүү явсан. Бийг хэргийн газрыг хамгаалалтанд аваад байж бай гээд үлдээсэн. Тэгээд эмнэлэг рүү ороход Б орон дээр суучихсан, Б зогсож байсан. Б-гийн ноосон цамц цоорчихсон, цамцны зүүн хөхний доод талд цус нэвчсэн байдалтай байсан. Би Б-гөөс ямар нэг асуугаагүй, ёолоод ярих боломжгүй байсан. Би тэгэхээр нь газрын дарга руу өөрийн утсаар залгасан. Удалгүй дэд дарга Ц ирсэн. Тэгээд Б-г даруй хяналтандаа ав гэхээр нь Б-г аваад ажил руу ирэхэд орлогч прокурор ирсэн хэргийн газрын үзлэгийг хийж байсан. Намайг байхад алба хаагчид хоорондоо маргалдсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-81-82/,
- Гэрч Б.Б-ийн: Би Дорноговь аймгийн цагдаагийн газраас Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт ахлах зохицуулагчаар томилогдож 2020.02.20-ны орой ирсэн. Ингээд 2020.02.21-ний өдөр ёс журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэх хуваарьтай байсан учир 2020.02.22-ны өглөө 08 цаг 28 минутын орчимд ажил дээрээ ирж, ёс журмын илтгэх хуудас, рапортыг бичсэн. Намайг ажил дээр ирэхэд Б жижүүр, туслах цагдаа, мөн жижүүрт гарах Б, гарах мэдээлэл хүлээн авагч цагдаа нь ирчихсэн байсан. Би үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг бүртгээд, өөрийн үүрэг гүйцэтгэсэн рапортаа 22-ны өдөр үүрэг гүйцэтгэх Э-д танилцуулсан. Би 2020.02.22-ны өдөр ёс журмаас бууж байгаа учир үүрэг гүйцэтгэх алба хаагчдад үүрэг чиглэл өгөөгүй. Харин өмнөх өдөр нь үүрэг чиглэл өгч, постуудыг шалгасан байсан. Тэгээд рапортаа танилцуулчихаад тасгийн дарга Э-тэй ажлаас гарч хойд талд нь байх тасгийн өрөөнд орсон. Над дээр хоёр зөрчил цохогдсон учир түүнийгээ шийдэх гээд сууж байхад 10 минут болоогүй байхад дарга Э “алив буу алдчихлаа явъя” гэхээр нь босоод гарч жижүүрийн өрөөнд очсон. Цагдаагийн үүдэнд Б жижүүр, дуудлага хүлээн авагчаар гарах ээлжийн цагдаа нар зогсож байсан. Би тэгэхээр нь хэргийн газрыг хамгаалах зорилгоор тууз тат гэсэн үүргийг өгөөд хамгаалалтанд авч тууз татуулсан. Харин тасгийн дарга шууд эмнэлэг рүү явсан. Тухайн үед Б надад хэлэхдээ “ ойрд буу шалгасангүй, буугаа нэг шалгая гээд л буу тас хийсэн, жолооч Б буйдан дээр сууж байгаад суманд өртчихлөө “ гэж хэлсэн. Би 2020.02.22-ны өглөө ажил хүлээлцүүлээгүй, мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Түүнийг гарч байгаа ёс журмын эргүүл өгнө гэж ойлгож байгаа...гэх мэдүүлэг /1хх-83-84/,
- Гэрч Н.Л-ы: 2020 оны 02 сарын 21-ний өдөр ЦЕГ-ын даргаас цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтнуудад сар шинийн баяр болон коронна өвчинтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай үүрэг чиглэл өгсөн. Үүнийг цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүн, алба хаагчдад 17 цагийн орчимд миний бие үүрэг чиглэл өгч танилцуулсан, үүндээ харуул хамгаалалтын сонор сэрэмж, алба хаагчдын сахилга хариуцлага, иргэдтэй зөв боловсон харьцах, аюулгүй байдлаа хангаж ажиллах, галт зэвсгийн аюулгүй ажиллагааны талаар үүрэг чиглэлийг амаар өгсөн. 2020.02.22-ны өглөө 08.30 цагт жижүүрийн офицер Б хариуцлагатай эргүүл Э хошууч нар над руу утсаар ярьж “хоногийн эргүүл, жижүүрийг хүлээлцлээ” гээд хоногийн нөхцөл байдлыг танилцуулсан. Би тэр үед холбогдох үүрэг чиглэлийг утсаар мөн өгсөн. 09 цаг 04 минутын жижүүрийн офицер Б нь утсаар залгаж “... даргаа Б буу шалгаж байгаад жолооч Б-г буудчихлаа” гэхээр нь би “...яаралтай эмнэлэг дууд, хэргийн газрыг хамгаалалтанд ав, битгий юм хөдөлгөөрэй, машинаа явуул” гэж хэлчихээд хувцсаа өмсөөд гарч явахад 10 жилийн сургуулийн урд жижүүрийн машин ирсэн. Энэ хооронд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа О-д нөхцөл байдлыг танилцуулж үүрэг чиглэл авсан. Машиндаа суугаад эмнэлэг рүү очиход жолооч Б-г яаралтай тусламжийн өрөөнд оруулсан, цээжин бие нь нүцгэн, орон дээр хэвтүүлсэн байдалтай байсан. Эмч нар хол бай гээд байсан учир юм асууж чадаагүй. Цээжний зүүн хөхний доод талд юм наасан байдалтай байсан. Б-гийн биеийн байдал муудсан учир аймгийн эмч нар 15.50 цагт яаралтай хагалгаанд орсон. Тэгээд гарч ирээд дэлүү нь хагарсан байна, түүнийг нь авсан одоо аюулгүй болсон гэж хэлсэн. Ингээд хотоос эмч нар ирж биеийн байдлыг нь харж байгаад шөнө 23.20 цагт хагалгаанд орж шөнийн 01 цаг өнгөрч байхад гарч ирээд цээжний хөндийг нээж хэвлийн хөндийн шингэнийг авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 85-86/,
- Гэрч Х.Б-н: 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө манай нөхөр Б нь ажилтай гээд хоёр хүүхэд болон намайг үнсээд гэрээс гарсан. 09 цаг өнгөрч байсан байх, би гэртээ бага хүүхдээ сэрээж байхад нөхөр Г.Б утсаар залгаад “ хань нь баларсаан, сум алдчихлаа” гэж хэлсэн. Би сандраад юу яриад байгаа юм бэ юу болсон юм бэ? гээд уйлахад утсаа тасалчихсан. Эргээд утсаар залгаад асуухад “... манай ажлын Б ах байсан юм аа, ажил хүлээлцэхээ буугаа шалгаж байгаад сум байхгүй гэж бодоод буугаа ажиллаж байгаа эсэхийг шалгаж байсан юм аа “ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би “... чи яагаад сумаа шалгаагүй юм бэ...” гэхэд нөхөр “... буунд сумтай магазин байсныг нь мэдээгүй юм аа...” гэх утгатай зүйлийг хэлсэн. Би тэр үед нилээн уйлаад, сандарсан байсан учир хэлсэн бүх үгийг нь сонсож, ойлгож чадаагүй...гэх мэдүүлэг /1хх-88-89/,
- Гэрч Т.Г-н: Манай жижүүрийн өрөөний туслахын өрөөнд тусгай зохицуулалтын галт зэвсгийн төмөр сейф байдаг. Тус сейфэнд ПМ макаров маркийн нэг ширхэг галт зэвсэг, тусдаа 2 дайз, 16 ширхэг сумтай, АКМ маркийн галт зэвсэг нэг ширхэг, нэг дайз 20 ширхэг сумтай, СВД маркийн галт зэвсэг нэг ширхэг, дайзтайгаа 30 ширхэг сумтай, нэг ширхэг хийн гар буу сумгүй байдаг шиг санагдаж байна. Сейфний дотор талын доод хэсэгт төмөр шургуулганд галт зэвсгүүдийн сум болон дайз тусдаа хадгалагддаг, галт зэвсгүүд нь дээд хэсэгтээ босгоод өрсөн байрлалтай хадгалдаг. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 200-д ээлж хүлээлцэхэд галт зэвсгийг нүд үзэж шалга гэсэн байдаг. Жижүүрийн мөрдөгч нарыг галт зэвсгийг шалгаж үз гэх зэрэг ямар нэгэн чиглэлийг дарга нараас өгч байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-90-91/,
- Гэрч М.Б-н: Манай цагдаагийн газрын жижүүрийн албаны төмөр сейфэнд СВД маркийн галт зэвсэг нэг ширхэг, 30 ширхэг сум, дайзтайгаа, АКМ маркийн галт зэвсэг нэг ширхэг, 20 ширхэг сум, дайзтайгаа, ПМ макаров маркийн галт зэвсэг 16 ширхэг сум, хоёр ширхэг дайзтайгаа, нэг ширхэг хийн гар буу сумгүйгээр тус тус хадгалагддаг. Аюулгүй ажиллагааны зааварчилга нь бичигдсэн байдаг түүнийг уншиж танилцаад гарын үсэг зурдаг. Галт зэвсгийг хүлээлцэхдээ төмөр сейф болон түлхүүр нь хадгалагддаг модон хайрцагны лацыг хараад хүлээлцэж гарын үсэг зурдаг. Мөн нөөцийн түлхүүр хадгалагддаг түлхүүрийн савны лацыг шалгадаг. 2019.11.06-ны өдөр жижүүрийн өрөөнөөс цайны цагаар тасгийн дарга Б дарга ирээд макаров маркийн галт зэвсгийг сум, дайзтай нь авч явсан шиг санаж байна. Их л яаруу явсан шиг санаад байна. Харин буцааж хүлээлгэж өгөхдөө надад өгөөгүй, намайг дуудлаганд гадагш явсан хойгуур буцааж хийсэн байж магадгүй, ямар ч байсан надад буцаан хүлээлгэж өгсөнийг нь санахгүй байна. Хэрэв надад өгсөн бол би галт зэвсэгт сум, дайз угсарсан байсан эсэхийг шалгах байсан юм...гэх мэдүүлэг /1хх-92-93/,
- Гэрч Э.Э-н: 2019 оны 11 сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байхад Тагнуулын газрын ажилтан хошууч З над руу утсаар залгаад манай албанд төрийн тусгай хамгаалалтаас хоёр сургагч багш ирсэн. Буудлагын дадлагын хичээл танай ангийн буудлагын талбайд явагдана. Тийм учраас чи очиж гал удирдаж өгөөч гэж хүссэн. Би буудлагын талбай руу очиход тагнуул, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газар зэрэг байгууллагын 15-аад алба хаагчид очсон байсан. Би тэмцээн болох байгаа юм байх гэж бодоод очсон боловч буудах арга барилыг заасан дадлагын хичээл байсан. Намайг очиход 2 багш хичээлээ заагаад эхэлсэн байсан. Эхлээд 10-15 метрийн зайд буудлага хийж байгаад 25 метрийн зайд буудлага хийсэн. Би 25 метрийн зайд буудлага хийж үзье гээд цагдаагийн дэд хурандаа О.Б-с 2 сум авч тухайн үед буудлага хийсэн. Тэгээд би бууг нь шалгаад д/х Б-т буцаан өгсөн. Үүний дараа 4-5 хүн буудлага хийж дуусаад сургалт дуусаж, тагнуулын машинаар анги руугаа буулгуулсан. Би дайз сумтай очоогүй. Би ангиас ганцхан улаан дарцагтай очсон. Тухайн үед тагнуулын газрынхан байг наах аравчгүй байсан учраас анги руугаа буцаж явж 2 ширхэг аравч авчирч байг нааж суурилуулсан. Би дундуур буудсан. Миний дараа хүмүүс буудсан. Миний дараа эмэгтэй хүн буудсан. Би буудчихаад бууг нь шалгаад Б хошуучид өгсөн...гэх мэдүүлэг /1хх-95-96/,
- Гэрч У.Б-н: 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би жижүүртэй байхад 9 цаг өнгөрч байхад хүлээн авахын сувилагч Г шиг санаж байна над руу утасдаад “ эмчээ хурдан буугаад ирээрэй буудуулсан хүн ирлээ” гэхээр нь би очиход яаралтай тусламжийн өрөөнд тэргэнцэр дээр хохирогч М.Б нь сууж байсан. Түүнийг үзэхэд цээжний зүүн хэсэг, хөхний доод хэсэгт сум орсон шархтай, нуруу зүүн далны доод хэсгээр сум нь гарсан шархтай хүн байсан. Тухайн хүн нь амьсгалын дутагдалтай, цойж цонхийсон, өвдөлт ихтэй, ухаан зүгээр байсан. Ингээд даралт, пульсийг нь үзээд яаралтайгаар компьютер томографикаар цээжний зургийг авч, мөн хоёр цусны шинжилгээ авч, тухайн үед цус тогтоох өвчин намдаах, шингэн нөхөх эмчилгээнүүдийг давхар хийж байсан. Тэгээд эмнэлгийн орлогч дарга ТЭ-д утсаар танилцуулж, эмнэлгийн бусад эмч нарыг дуудуулсан. Мэс заслын тасагт хэвтүүлсэн. ТЭ эмч ирээд Улаанбаатар хотын цэргийн төв эмнэлэг рүү утсаар холбогдож зөвлөгөө авахад цээжинд нь гуурс тавь гэсэн чиглэл өгсөн, түүний дагуу цээжинд нь гуурс тавьж, бусад тусламжийг үзүүлсэн. Мөн цэргийн төв эмнэлгээс эмч дуудахад 14 цагийн үед манай аймаг руу онгоцоор гарна гэсэн. Гэтэл Б-гийн биеийн байдал улам дордоод хэвлий рүү нь өвдөлт өгөөд байсан. 16 цагийн үед хагалгаанд орж хэвлийг нээхэд цус алдсан, дэлүү задарсан, өрц цоорсон байсан учир дэлүүг авах хагалгааг М, А, унтуулгын эмч Н.С бид нар хийсэн. Бяцарсан дэлүүг бүгдийг нь авч, хэвлийн хөндийн цусыг бүгдийг нь соруулж авсан. Хэвлийг угаагаад түүний ормонд гуурс, аарцагны хөндийд гуурс тавьсан. Хагалгаа бараг 2 цаг орчим болсон. Бид нарыг хагалгаанаас гарсны дараа цэргийн төв эмнэлгийн эмч нар ирэхэд хүнээ танилцуулж, хийгдсэн эмчилгээг хэлсэн. Эмч үзээд ЭХО-нд харахад цус алдалт ихсээд байна гээд цэргийн төв эмнэлгийн эмч нартай манай өмнөх хагалгаанд орсон эмч нар 21 цагийн орчимд хагалгаанд орсон. Тухайн хагалгааг хийхэд дэлүү авсан хэсгээс дахин цус шүүрсэн байсан. Түүнийг нь тогтоогоод хөндийг цэвэрлэж, гуурс тавьсан. Тэгээд дахин цээжийг шалгана гээд цээжний хөндийг нээсэн чинь тэр хэсэг бас цустай, уушиг няцралттай байсан учраас уушгинд нэг оёдол тавьж цээжний хөндийн цусыг соруулж авсан. Галт зэвсгийн сум зүүн урд 6, 7 дугаар хавирганы завсраар орж, ар нурууны зүүн 7, 8 дугаар хавирганы завсраар гарсан байсан. Маргааш өглөө нь 11 цагийн орчимд хүнээ хот руу онгоцоор авч явсан. Тэгээд хотод очиж цэргийн эмнэлэгт хэвтэж байгаад ухаан орохгүй байсаар нас барсан ” гэх мэдүүлэг /1хх-98-99/,
- Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хэрэгт тусгах тухай Прокурорын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 5/09 дугаартай тогтоол /1 хх-30/
- Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хэрэгт тусгах тухай Прокурорын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 5/10 дугаартай тогтоол /1хх-34/
- Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн зэвсгийн агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-41-45/
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилолт /1хх-205-206/
- “ 2030001060158 тоот хэрэг, М.Б-н мэдүүлэг.2020.05.13 ” гэх бичвэртэй цагаан, ногоон, цагаан будалтай өнгөтэй Сиди бичлэг,
- “ HP dvd-r 16x “ гэсэн бичвэртэй Цагдаагийн газрын жижүүрийн өрөөний камерын бичлэгтэй улаан өнгийн Сиди
- 0000236536 дугаартай М.Б-н Нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-198/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 630 дугаартай “1.Талийгаач М.Б-н цогцост өвчүүний зүүн шугамаар 5-6 дугаар хавирганы түвшинд урдаас арагш доош хагас ташуу чиглэлд цээжний зүүн хөндий рүү орж өрцний зүүн урд хэсэг, дэлүү, өрцний ар хэсгийг гэмтээн зүүн сүвээнд 9-10 дугаар хавирганы түвшинд нэвт гарсан буудагдсан шарх, Цээжний зүүн хөндий, хэвлийн хөндийн цус хуралдалт/3800 мл/гэмтэл, цээжний зүүн хөндийд гуурс байрлуулах мэс ажилбар/2020.02.22/, дэлүү авах хагалгаа дараах байдал/2020.02.22-ны 1620/, цээж хэвлийн хөндийд хуралдсан цус авах, өрц оёх мэс заслын дараах байдал /2020.02.22 2235/. Цээжний зүүн тал, хэвлийн баруун, зүүн доод талын хяналтын гуурс тавьсан шарх, хүзүү, зүүн суга, баруун өгзөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх өвчүүний зүүн шугамаар 5-6 дугаар хавирганы түвшинд урдаас арагш доош хагас ташуу чиглэлд цээжний зүүн хөндий рүү орж өрцний зүүн урд хэсэг, дэлүү, өрцний ар хэсгийг гэмтээн зүүн сүвээнд 9-10 дугаар хавирганы түвшинд нэвт гарсан буудагдсан шарх, Цээжний зүүн хөндий, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр тухайлбал дунд калибрын, хошуут сумны, нэг удаагийн ойрын зайн буудалтаар үүсгэгдэнэ. Бусад хүзүү, зүүн суга, баруун өгзөгний зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач нь галт зэвсгийн гэмтлийн улмаас цочмог цус алдаж, элэг, бөөрний дутагдлын улмаас нас баржээ. 4.Талийгаачийн цогцост дунд калибрын хошуут сумны орсон нэг, гарсан нэг шарх байна. 5.Талийгаач нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн 002380 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр А(II) бүлгийн цустай байна. 6.Талийгаачид зохих анхан шатны тусламж үзүүлж, шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн байна. 7.Талийгаачид мэс засал болон эмийн эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай. 8.Талийгаачид тусламж үйлчилгээ үзүүлэхдээ эмчилгээний дүрэм, заавар зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. 9.Талийгаач нь Сүхбаатар аймгийн НЭ, Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй ” гэх дүгнэлт /1хх 102-117 /,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1207 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1хх 130-137 /
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1209 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1 хх 152-155 /
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1208 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1 хх 159-163/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1435 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1 хх 139-140/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1210 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1хх 144-147 /
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1382 дугаартай дүгнэлт /1 хх 148-149 /
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1381 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1 хх 166-168 /
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /1 хх-171-172/
- Галт зэвсэг хүлээлцэх авсан алба хаагчдад танилцуулсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа /1хх-207-211/
- ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн Н.Л-ыг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын даргын ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэл /1хх-212/
- ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн О.Б-г Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай мэдэгдэл /1хх-213/
- Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамын код 234, 235, 236 дахь заалтууд /1хх-215-218/
- Хууль зүй, дотоод хэргийн сайд, улсын ерөнхий прокурорын 2017 оны 09 сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай хамтарсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар батлах тухай тушаал /1хх-221-230/
- ЦЕГ-ын Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам батлах тухай тушаал /1хх-231-242/
- Г.Б-нЭрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-188/
- ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн Г.Б-г Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт жижүүрийн офицероор томилсон тухай мэдэгдэл /1хх-189/
- ЦЕГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/201 дугаартай тушаалын хуулбар /1хх-197/
-Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаартай албан бичиг /1хх-185/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 5/32 дугаартай тогтол /1хх-46-47/
- 0043516 дугаартай М.Б, Т.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1хх-198/
- Практикал даатгалын 2020.05.04-ний өдрийн 20-01/1150 дугаартай хүсэлт, гэрээ, тушаал, харилцагчийн дансны хуулга /1хх-247-250, 2хх-1-7/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-с гаргасан хохирлын баримтууд /2 хх -8- 13/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н Прокурор гаргасан Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /2хх-155/
- Г.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /2 хх-156/
- Г.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан Хохирол төлөхөө илэрхийлсэн хүсэлт /2 хх-157/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан Хохирол төлөхийг зөвшөөрсөн хүсэлт / 2 хх-158/
- Ялын төрөл хэмжээний талаарх Прокурорын 2020.05.30-ны өдрийн 62 дугаартай санал /2хх-160/
-Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 42/1202, 42/1200 дугаартай албан бичгүүд зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 12 минутанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутагт байрлах тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны өрөөнд албан үүргээ гүйцэтгэх явцад “ПМ” маркийн галт зэвсгийг шалгах үйлдлийг хийхдээ Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам”-ын 4.8 дугаар зүйлийн 4.8.6 “ шаардлагагүй үед гал хамгаалагч буулгах” , 4.8.9 “ шаардлагагүй үед гох дарах” гэсэн заалтуудыг зөрчиж цагдаа жолооч М.Б-н цээжин тус газарт буудаж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Бууг шалгаж байх явцад сумны дайз байсан эсэхийг тухайн үед анзаараагүй,сумгүй байх л гэж бодсон. Албаны сумны хоёр дайз тусдаа байсан. Албан үүргээ гүйцэтгэж байгаад болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна.” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н “ 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө манай нөхөр М.Б нь жижүүртэй ажилдаа гарна гээд гэрээсээ 08 цаг 20 минутын орчимд гарсан. 09 цаг өнгөрч байхад манай гэрт цагдаагийн хоёр ажилтан орж ирээд “... эгчээ та эмнэлэг очих хэрэгтэй байна, гайгүй ээ, та сандрах айх зүйл байхгүй” гээд эмнэлэг рүү очсон. Намайг очиход эрчимт эмчилгээний тасагт нөхөр маань орон дээр хэвтсэн, эмчилгээний дусал тариа зэргийг залгасан байдалтай байсан. Цэргийн төв эмнэлэгт очоод 9 хоног ухаангүй хэвтэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд нас барсан” гэх,
гэрч Б.Б-н “ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэх ахлах дэслэгч Б СВД маркийн галт зэвсэг гаргаж ирээд цэнэглэж гох дарж шалгасан, түүний дараа АКА бууг мөн адил гаргаж шалгасан. Тэр үед Б ахлах дэслэгч Б ахлах ахлагчтай “дээр үед С гэж хошууч жижүүрийн өрөөнд тааз руу буу алдаж байсан” тухай ярилцаж байхдаа гартаа ПМ буу барьчихсан байсан. Би тэр хоёрын ярианд оролцож “тэр үед тааз руу буудаад нилээн асуудал болж байсан байх даа” гэсэн чинь л буу тас хийж дуугарсан. Би тэр үед Б ахтай юм яриад түүн рүү харж байсан юм. Тэгтэл тэр битүү орчинд буу дуугарахад чих дүнгэнээд би хоёр чихээ дараад юу болчихов оо, яасан бэ гэхэд Б ах гэдэс орчимдоо гараараа дарчихсан босч ирээд зогсож байсан. Дуудлага хүлээн авагч С, Б нар Б ахыг гадагш авч гадаа гаргаад машиндаа суулгасан. Миний нүдэн дээр маргаж муудаж байгаагүй “,
гэрч З.Б-н ” өрөөнд мэдээлэл хүлээн авагч Б, С, жолооч ахлах ахлагч М.Б, ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэх Г.Б нар байсан. Намайг нэг харахад Б ахлах дэслэгч сейфээ онгойлгоод галт зэвсгүүдийг шалгаж байсан. Би дэслэгч О-тай утсаар ярьж байтал гэнэт буун дуу тас хийж дуугарсан. Ортол төмөр сейфний урд талд Б ах гараараа элгээ дараад босчихсон, Б түшээд зогсож байсан. Б, Б нар өмнө нь маргаж муудсан зүйл байхгүй, тэр өдөр ч маргаж муудаагүй...” гэх,
гэрч Б.С-н “жижүүрийн өрөөнд Б, Б, Б, жолооч Б бид 5 үлдсэн байсан. Жолооч Б хойд талын буйдан дээр ганцаараа сууж байсан. Ахлах дэслэгч Б миний ар талын галт зэвсгийн сейфийг онгойлгоод байж байсан. Намайг юм бичиж байхад ард талд Б ахлаг дэслэгч урт бууны замаг татаж байсан, би буунуудаа шалгаж байна даа гээд бодоод байж байтал удалгүй буун дуу тас хийж дуугарсан. Эргээд харахад Б ахлах ахлагч босчихсон, Б ахлагч дэслэгч өөдөөс нь хараад зогсчихсон “яанаа сумтай байсан юм байхдаа” гээд зогсож байсан. Б Б ахын цагдаагийн ноосон цамцны цахилгааныг тайлахад зүүн хөхний доор орчмоос цус гарч байсан.Тэгэхэд сум алдаад оночихсон байна гэдгийг мэдсэн...” гэх,
гэрч О.Б-н “09 цаг өнгөрч байхад жижүүрийн мөрдөгч дэслэгч Б залгаад “жижүүр хүлээлцэж байгаад буу алдчихлаа, яаралтай хүрээд ирэх үү” гэхээр нь би яваад ороход жижүүрийн мөрдөгч Б жолооч цагдаа Б-г машиндаа суулгаад эмнэлэг рүү яваад цагдаагийн газрын хашаанаас гарч байсан. Эмнэлэг дээр ирэхэд Б яаралтай тусламжийн тасгийн өрөөнд дусал залгуулаад эмчилгээ хийлгэж байсан. Б-с юу болсон талаар асуухад “... буугаа шалгаж байгаад буу алдчихлаа ...” гэж хэлсэн. Шархыг нь харахад цээжний зүүн тал зүрхний доод хэсэгт бууны сумны ором гарсан байсан “гэх,
гэрч Г.Э-н “ Жижүүрийн өрөөнд ороход жолооч Б, дуудлага хүлээн авагч Б, С, ахлах дэслэгч Б, мөн манай тасгийн ахлах хошууч Б нар байсан. 09.45 минутанд жижүүрийн утсаар дэслэгч Б яриад “ахлах дэслэгч Б, ахлах ахлагч Бг сум алдаад буудчихлаа” гэсэн мэдээллийг надад өгсөн..” гэх,
гэрч Т.Г-н “тусгай сейфэнд ПМ макаров маркийн галт зэвсэг, тусдаа 2 дайз, 16 ширхэг сумтай байдаг. Сейфний дотор талын доод хэсэгт төмөр шургуулганд галт зэвсгүүдийн сум болон дайз тусдаа хадгалагддаг. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд ээлж хүлээлцэхэд галт зэвсгийг нүд үзэж шалга гэсэн байдаг. Жижүүрийн мөрдөгч нарыг галт зэвсгийг шалгаж үз гэх зэрэг ямар нэгэн чиглэлийг дарга нараас өгч байгаагүй “ гэх,
гэрч М.Б-н “ Манай цагдаагийн газрын жижүүрийн албаны төмөр сейфэнд ПМ макаров маркийн галт зэвсэг 16 ширхэг сум, хоёр ширхэг дайзтайгаа хадгалагддаг. 2019.11.06-ны өдөр жижүүрийн өрөөнөөс цайны цагаар тасгийн дарга Б дарга ирээд макаров маркийн галт зэвсгийг сум, дайзтай нь авч явсан шиг санаж байна. Их л яаруу явсан шиг санаад байна. Харин буцааж хүлээлгэж өгөхдөө надад өгөөгүй, намайг дуудлаганд гадагш явсан хойгуур буцааж хийсэн байж магадгүй, ямар ч байсан надад буцаан хүлээлгэж өгсөнийг нь санахгүй байна. Хэрэв надад өгсөн бол би галт зэвсэгт сум, дайз угсарсан байсан эсэхийг шалгах байсан юм “ гэх,
гэрч Э.Э-н “ 2019 оны 11 сарын 06-ны өдөр цагдаагийн дэд хурандаа О.Б-с 2 сум авч тухайн үед буудлага хийсэн. Тэгээд би бууг нь шалгаад д/х Б-т буцаан өгсөн. Би дайз сумтай очоогүй. Би дундуур буудсан. Миний дараа хүмүүс буудсан. Миний дараа эмэгтэй хүн буудсан. Би буудчихаад бууг нь шалгаад Б хошуучид өгсөн “ гэх мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилолт, “ 2030001060158 тоот хэрэг, М.Б-н мэдүүлэг.2020.05.13 ” гэх бичвэртэй Сиди бичлэг, “ HP dvd-r 16x “ гэсэн бичвэртэй Цагдаагийн газрын жижүүрийн өрөөний камерын бичлэгтэй Сиди,0000236536 дугаартай М.Б-н Нас барсны гэрчилгээний хуулбар, М.Б-н 002380 дугаартай Өвчний түүхийн хуулбар,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 630 дугаартай “1.Талийгаач М.Б-н цогцост өвчүүний зүүн шугамаар 5-6 дугаар хавирганы түвшинд урдаас арагш доош хагас ташуу чиглэлд цээжний зүүн хөндий рүү орж өрцний зүүн урд хэсэг, дэлүү, өрцний ар хэсгийг гэмтээн зүүн сүвээнд 9-10 дугаар хавирганы түвшинд нэвт гарсан буудагдсан шарх, Цээжний зүүн хөндий, хэвлийн хөндийн цус хуралдалт/3800 мл/гэмтэл, цээжний зүүн хөндийд гуурс байрлуулах мэс ажилбар/2020.02.22/, дэлүү авах хагалгаа дараах байдал/2020.02.22-ны 1620/, цээж хэвлийн хөндийд хуралдсан цус авах, өрц оёх мэс заслын дараах байдал /2020.02.22 2235/. Цээжний зүүн тал, хэвлийн баруун, зүүн доод талын хяналтын гуурс тавьсан шарх, хүзүү, зүүн суга, баруун өгзөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх өвчүүний зүүн шугамаар 5-6 дугаар хавирганы түвшинд урдаас арагш доош хагас ташуу чиглэлд цээжний зүүн хөндий рүү орж өрцний зүүн урд хэсэг, дэлүү, өрцний ар хэсгийг гэмтээн зүүн сүвээнд 9-10 дугаар хавирганы түвшинд нэвт гарсан буудагдсан шарх, Цээжний зүүн хөндий, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр тухайлбал дунд калибрын, хошуут сумны, нэг удаагийн ойрын зайн буудалтаар үүсгэгдэнэ. Бусад хүзүү, зүүн суга, баруун өгзөгний зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач нь галт зэвсгийн гэмтлийн улмаас цочмог цус алдаж, элэг, бөөрний дутагдлын улмаас нас баржээ. 4.Талийгаачийн цогцост дунд калибрын хошуут сумны орсон нэг, гарсан нэг шарх байна. 5.Талийгаач нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн 002380 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр А(II) бүлгийн цустай байна. 6.Талийгаачид зохих анхан шатны тусламж үзүүлж, шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн байна. 7.Талийгаачид мэс засал болон эмийн эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай. 8.Талийгаачид тусламж үйлчилгээ үзүүлэхдээ эмчилгээний дүрэм, заавар зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. 9.Талийгаач нь Сүхбаатар аймгийн НЭ, Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй ” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1207, 1208,1209, 12010, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1381, 1382 1435 дугаартай дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж хэрэгт бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар тушаалаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицероор томилогдон ажиллаж байсан ба албан тушаалын тодорхойлолтын 1.17-д “ Жижүүрийн албаны галт зэвсэг, техник, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих” гэж заасны дагуу хэрэг гарах цаг хугацаанд энэ чиг үүргийг гүйцэтгэж галт зэвсгийг шалгаж байсан байна.
Харин дээрх ажиллагааг явуулахдаа баримтлах ёстой “Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам”-ын 4.8 дугаар зүйлийн 4.8.6 “ шаардлагагүй үед гал хамгаалагч буулгах” , 4.8.9 “ шаардлагагүй үед гох дарах ” гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй ПМ гар бууг шалгахдаа гохыг дарснаас тухайн өрөөнд сууж байсан цагдаа жолооч М.Б буудагдаж амь нас хохирсон нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
Амь хохирогч М.Б буудагдаж гэмтэл учран амь нас хохирсон нь шүүгдэгч Г.Б-г буу алдаж түүний цээжин тус газарт оносон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба энэ талаар гарсан шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд гаргасан 630 дугаартай дүгнэлтийг шүүх үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзлээ.
Г.Б нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Учир нь тэрээр галт зэвсгийг зохих журмын дагуу шалгаагүйгээс буудагдах, аюул, осол гарч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч өмнө нь өөр буунуудыг журам, зааврын дагуу шалгаж, дараагийн буюу ПМ галт зэвсгийг шалгахдаа буунд дайз байгаа эсэхийг шалгалгүй, хайхрамжгүй хандаж бусдыг болгоомжгүйгээр буудаж хүний амь насыг хохироожээ.
Шүүгдэгч Г.Б-н албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа буюу галт зэвсгийг шалгах явцдаа М.Бг буудаж амь насыг хохироосон уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь амь хохирогчийн оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд бусад гэм хорын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Т.Н-н нэхэмжилсэн 14.500.000 төгрөгийг 2020.06.30-ны өдрийн дотор нөхөн төлөхөө бичгээр илэрхийлж, харилцан тохиролцсон нь тэдгээрийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр нотлогдоно.
Иймд шүүх дээрх гэм хорын хохирлыг тэдгээрийн харилцан тохиролцсон дүнгээр шүүгдэгч Г.Б-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин уг хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал Г.Б нь түүний шалгаж байсан ПМ галт зэвсгийн сумтай 2 дайз нь тусдаа байсан учир буу дайзгүй гэж хайхрамжгүй хандсан хийгээд уг буунд байсан дайз, сум тус цагдаагийн газрынх биш, уг байгууллагад хэрхэн ирсэн, хэдийнээс уг буунд байсан эсэхийг хэрэгт нотлогдоогүй буюу энэ талаар эрх бүхий албан тушаалтан, албан хаагчид огт мэдүүлээгүй байна. Иймд Г.Б-н бусдыг буудсан үйл явдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхээр байна.
Прокуророос Г.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй “ гэж заасан бөгөөд Г.Б-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх “ нөхцөл байдлыг прокурор хянаж тогтоол гарган, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч Г.Б-т танилцуулан, гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэгдлийг төлөх хугацааг тогтоож хохирогчтой харилцан тохиролцсон, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсныг нөхөн сэргээх, хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй боловч уг асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н“ Б нь ээлж хүлээн авах явцад санамсаргүй байдлаар буу алдаж ажлын хариуцлага алдсанаас болж нөхөр маань шархдаж нас барсан. Нэгэнт санамсаргүй болсон явдал учир манай гэр бүл, ах дүү нарын зүгээс гомдолгүй, хэргийг хялбаршуулахад татгалзах зүйлгүй ” гэж хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулиар зөвшөөрөгдсөн дээрх хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан ” оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж хадгална.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Б-н өмсөж явсан хар өнгийн ханцуйтай даавуун цамц 1 ширхгийг, 0.9 мм, 1.8 мм-ийн хэмжээтэй сумны буудагдсан хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Харин хар өнгийн цагдаагийн албаны дүрэмт ноосон цамц 1 ширхэг, ПМ макаров маркийн ХА5577 сангийн дугаартай галт зэвсэг, 1 ширхэг дайз нь тус аймаг дахь Цагдаагийн газарт бүртгэлтэй тул эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Г.Б-с гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн тул үүнийг хангуулах үүднээс түүний эзэмшлийн ........ СҮЭ улсын дугаартай Прүс-30 маркийн авто машиныг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/32 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-т дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж хадгалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-с 14.500.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 2 дугаар багийн иргэн Т.Н-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Б-н өмсөж явсан хар өнгийн ханцуйтай даавуун цамц 1 ширхгийг, 0.9 мм, 1.8 мм-ийн хэмжээтэй сумны буудагдсан хонгио 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн цагдаагийн албаны дүрэмт ноосон цамц 1 ширхэг, ПМ макаров маркийн ХА5577 сангийн дугаартай галт зэвсэг, 1 ширхэг дайзыг эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Г.Б-н эзэмшлийн ....... СҮЭ улсын дугаартай Приүс-30 маркийн авто машиныг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/32 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН