Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Гэрч Э.Э,

Шинжээч Е.Мөнх-Учрал, Ю.Хосбаяр,

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.С-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930005300123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын    26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны  өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч  мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт оршин суух хаягтай,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ны 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан ” оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох “ хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсныг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ............, М.С

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  М.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ........ тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай И.Э-н гэрт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэвтэрч ханын хивс, дуураймал бүс, плитка зэргийг хулгайлж,  636.000 төгрөгийн,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дгийн задгай тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай  Я.Б-н гэрт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэвтэрч 21 инчийн Самсунг маркийн өнгөт зурагт хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол, нийт 816000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хоёр гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Учир нь шүүх хуралдаан дээр хөндөх асуудал байсан. Энэ хэрэг нь 2020 оны 03 дугаар сарын 19-нд шийдвэрлэгдсэн хэргээс эхлээд эргэлзээтэй болж эхэлсэн. Тухайн хэрэг дээр эд мөрийн баримтаар авагдсан гутлын мөр нь хэзээ ч байж боломгүй зүйл. Учир нь миний үйлдсэн эхний 4 хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд болсон. Тухайн хэргүүд дээр миний өмсөж явсан гутлын мөрийг нотлох баримт мөн гээд ашиглаад байдаг. Гэтэл тэр гутлыг 2019 оны 11 дүгээр сарын 25-26-ны үед манай гэрээс хураагаад аваад явчихсан цагдаагийн байгууллага дээр байсан гутлыг нотлох баримт гэж ашиглаад байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан хэрэг дээр мөн миний хар гутлыг ашиглаад байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа гэрчээр өгсөн гэх мэдүүлгийг би өгөөгүй. Тэдгээр мэдүүлэг дээр миний гарын үсгийг далий зурсан байна лээ. Би гарын үсгээ тэгшхэн зураад өгчих боловсрол, мэдлэгтэй хүн. Нотлох баримтуудыг миний эсрэг буруугаар ашиглаж байна. Үүнийг шүүх хуралдаан дээр хэлж байгаа шалтгаан нь гэвэл энэ хэрэг шийдвэрлэгдээд дууссаны дараа дахиад миний гарын үсэгтэй, чиний гутлын мөр таарч байна гээд хураагдчихсан байгаа гутлын мөрийг нотлох баримт болгоод миний эсрэг ашиглавал яах вэ гэж сэрдэж байна. Тиймээс үүнийг шүүх дээр хэлье гэж бодсон учраас мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээгээгүй. Энэ хоёр гэмт хэргийг би үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. 2019 оны 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан хэрэг дээр би хагас түрийтэй хүрэн гутал өмсөөд явж байсан. Тухайн гутлыг би 2019 оны 10 дугаар сард “Зүүн бүс” худалдааны төвөөс авч байсан. Харин хураагаад аваад явчихсан миний түрийтэй хар гутлыг дахин дахин ашиглаад байгаад маш их гомдолтой байна.

Миний өмнөх дөрвөн хэрэг болон энэ хоёр хэрэг нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн байдаг. Гэтэл хоёр салган шийдвэрлүүлж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Учир нь энэ хоёр хэргийн талаар мэдүүлгийг би 2019 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн байдаг. Харин шинжээчийн дүгнэлт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан байгаа. Хэрвээ энэ хоёр хэргийг өмнөх дөрвөн хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлсэн бол хоёр удаа тус тусдаа ял шийтгүүлэхээс арай бага ял авах байсан гэж би боддог.

Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цагдаад баригдсан. Маргааш өдөр Б гэдэг мөрдөгч “өнгөрсөн шөнө ийм хэрэг гарсан байна. Чи хийсэн үү ” гэж асуухаар нь “ би хийсэн. Хивс нь баруун талынх нь айлын хашаанд байгаа “ гээд зааж өгөөд явуулж байсан. Би тухайн гэмт хэргүүдийг санаатай үйлдээгүй. Өөрийгөө шоронд хоригдоно гэдгийг мэдсэн учраас сэтгэл санаагаар унаад өдөр болгон архидаад яваад байсан. Түүнээс хулгай хийж ашиг хонжоо олох зорилго байгаагүй. Хэрвээ ашиг хонжоо олох зорилготой байсан бол цагдаа нар явдаг газар хулгайлсан хувцасаа өмсөөд явж байхгүй байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би өмнөх дөрвөн хэргийн хохирлыг төлж барагдуулсан. Энэ хоёр хэргийн хохирлыг ойрын хугацаанд барагдуулна... гэв.

 

- Гэрч  Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би М.С-с нэлээн хэдэн хэрэг дээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа эрүүгийн цагдаагийн тасгийн өрөөнд авч байсан. Гарын үсэг дурайлгаж зурсан, мэдүүлэг өгөөгүй гэдэг нь худлаа гэдийг хэлмээр байна. Өөрийнх нь өгсөн хоёр мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Энэ хоёр хэрэг дээр гутлын мөр байсан учраас шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдсэн. Энэ хоёр хэрэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас яллагдагчаар татсан.

Ч.Э-т холбогдох хэрэгт хэргийн газарт мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б очсон. Хивсийг хашаа давуулаад шидчихсэн байна гээд хивсийг аваад буцааж өгсөн. Тэр үед М.С олдохгүй, архинд донтчихсон, гэрээсээ зугтаагаад архи дарс уугаад явчихдаг байсан. Тухайн үед М.С-г архи уугаагүй байх үед нь буюу өглөө эрт олж аваад өрөөндөө оруулж, ус ууя гэхэд нь ус уулгаж байгаад мэдүүлэг авч байсан.Тухайн үед М.С-г архи уугаад архинд донтоод яваад байна. Хараа хяналтандаа аваад өгөөч гэж эмээ нь надтай голдуу холбогддог байсан. Тэр өдөр М.С гэртээ ирчихсэн байна гэж эмээ нь ярихаар нь би очиж авч байсан. Намайг очиход М.С ус уугаад хамт байж байгаад орсон хоёр айлаа зааж өгье гээд гарсан. Гарч яваад орсон хоёр айлаа зааж өгсөн. Нэг айлаас нь гагнуурын аппарат аваад таксины жолоочид 30.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Тэгээд таксины жолоочийг олох гээд “Х” дэлгүүрийн таксины зогсоол дээр М.С-г нөгөө жолоочоо олчих гээд буулгаж өгөөд төд удалгүй ирэхэд таксины жолоочоо олсон юм байхгүй. Харин архи уучихсан нэлээн болохгүй болчихсон байсан. Тиймээс гэрт нь хүргэж өгч байсан гэв.

Энэ хүн цагдаа дээр хоночихоод ирсэн байсан, согтолтын зэргийг тогтоосон зүйл байхгүй. Тухайн өдрүүдэд М.С-г өглөөнөөс хойш архи уулгахгүй байлгаж байгаад өөрөө мэдүүлгээ өгье гэж хэлэхээр нь мэдүүлэг авсан байгаа. М.С дээд боловсролтой хүн. Тухайн үед нь өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөх үү, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү гэж асууж байсан.

Би энэ хоёр хэрэг дээр ажилласан. Бусад хэргүүд дээр Б мөрдөн байцаагч ажилласан. Гутал өмнө хураагдсан байсан. Б мөрдөн байцаагч дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний албанд тогтоолтойгоо хамт хүлээлгэж өгсөн байсан. Миний шалгаж байсан хэргийн тогтоол бол сүүлд бичигдсэн. Тиймээс би гуталгүй өгсөн. М.С үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлдэг боловч, зарим нэг нотлогдох зүйлүүдийг худлаа мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримт байхгүй байсан. Харин эдгээр хэрэг шинжээчийн дүгнэлтээр сүүлд нотлогдсон учраас би хэргийг шилжүүлсэн...гэв.

 

- Шинжээч Е.Мөнх-Учрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн төлөөлөгч Э.Э аас дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдэж ирүүлж, миний зүгээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шинжилгээ хийж дууссан. Шинжилгээнд хар өнгийн түрийтэй хос гутлын гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 29-24 тоот хашаанд байх иргэн Ч.Э-н гэрт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар нэвтэрч, эд зүйл алдагдсан гэх хэрэгт дүгнэлт гаргасан. Би Б мөрдөн байцаагчтай хэргийн газарт очиж ажилласан. Хэргийн газарт очиж ажилласан учраас одоо ч миний нүдэнд гутлын мөр тод харагдаж байна. Би хаягийг нь олохгүй нэлээд удаж байж очоод тухайн гутлын мөрийг хараад М.С гутлын мөр байна гэж хэлж байсан. Учир нь М.С тухайн гуталтайгаа урьд нь 5-6 гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байсан.Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гутлын зураг хоёрыг харьцуулж дүгнэлт гаргахдаа хоёр арга ашигласан. Хэмжээсийн арга нь хэргийн газраас бэхжүүлсэн зургийг компьютер дээр оруулаад тусгай программ дээр хэмжилт хийдэг. Энэ гутлын зүүн талын хөлийн хээ хоёр талаараа элэгдсэн байсан. Энэ нь цасан дээр буухдаа бүдэг байдлаар гарсан байсан. Үүнийг хувийн онцлог, содон шинж гэж үзсэн. Энэ нь шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрний хувийн шинжтэй тохирч байсан. Гэрээс гутлыг авч явж байгаа нь мөрдөн байцаагчийн ажил. Надад гэр рүү нь очоод гутлыг авах эрх мэдэл байхгүй...гэв.

 

- Шинжээч Ю.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б мөрдөн байцаагчтай бүрэлдэхүүний хамт Д-гийн задгай тоотод очиж ажилласан. Хэрэгт 4, 8 дугаартай гэрэл зургууд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн зураг. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн баруун хөлийн гутлын мөрийг эд мөрийн баримтаар хураагдсан гутлын мөртэй харьцуулсан. Гуталын ул, хэргийн газраас бэхжүүлсэн мөр хоёрыг хэмжилтийн арга ашиглан ерөнхий хээний зураг, хувийн шинжийг нь харгалзан мөн гэсэн дүгнэлт гаргасан. Тогтоолтой хамт гутал очсон. Гутлын зургийг олон дахин аваад байх шаардлага байхгүй. Нэг удаа зургийг нь аваад манайх гэрэл зургийн сандаа оруулчихдаг. Санд авагдсан зураг дээр харьцуулалт хийдэг.Гутлаа дүгнэлттэйгээ хамт мөрдөн байцаагчид буцаагаад явуулдаг... гэв.

 

 

1930005300123  дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч М.С-н хэрэг бүртгэлтэд гэрчээр өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтуурсан үедээ айлын гэрээр орж хулгай хийсэн байна. Би яг сайн санаж байгаа нь гэвэл нэлээн хүнд хивсийг орсон айлынхаа хажуугийн хашаа давуулаад шидсэнээ санаж байна. Бусад эд зүйлийг  хаана хэнд өгснөө санахгүй байгаа юм. Ямар ч байсан миний биед одоо байхгүй байна. Миний орсон айл аймгийн төвийн зүүн захын гэр хороолол дунд байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/

 

-Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Э-н: Би Баруун-Урт сумын 9   дүгээр багийн Хайлаастын ......... тоот хашаанд амьдардаг 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой ажлаасаа 16 цаг өнгөрөөж  буугаад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байдалтай байсан. Манай гэрийн хананд өлгөөтэй байсан 6 метрийн урттай хивс, хоол хийдэг улаан өнгийн индукцэн плитка, дуураймал пойлоосон эрэгтэй хүний бүс, эрэгтэй хүний бөөрөнхий цаасан хайрцагтай монгол үйлдвэрийн тэлээ, хүнсэнд хэрэглэж байсан 8 кг орчим 2 ширхэг ямааны гуя зэрэг эд зүйлс алдагдсан байгаа юм. Миний алдагдсан индукцэн плитка нь улаан өнгийн хятад үйлдвэрийнх юм, 6 метрийн урттай хивс нь найман тахилтай Эрдэнэт үйлдвэрийнх, монгол тэлээ нь саарал өнгийн цаасан хайрцагтай монгол тэлээ байгаа юм. Би 6 метрийн урттай хивсийг 560.000 төгрөгөөр 4 жилийн өмнө авсан, хоол хийдэг улаан өнгийн индукцэн плиткээ 76.000 төгрөгөөр 2 жилийн өмнө авсан, дуураймал пойлоосон эрэгтэй хүний бүсийг 36.000 төгрөгөөр 1 жилийн өмнө авч байсан, эрэгтэй хүний бөөрөнхий цаасан хайрцагтай монгол үйлдвэрийн тэлээг 20.000 төгрөгөөр, хүнсэнд хэрэглэж байсан 8 кг орчим 2 ширхэг ямааны гуяыг зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-11-12/,

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 047 дугаартай: 1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг бүртгэлтийн 193000530 дугаартай хэрэгт авагдсан гутлын мөрийг М.С/ ............./-ын өмсөж байсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан гутлын зүүн болон баруун өмсгөлийн мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна... гэх дүгнэлт /хх- 18-20/,

 

- Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “ Линзийн өгөөж ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-18-20/

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ Ашид билгүүн ” ХХК-ийн шинжээчийн ТХҮС-20/005 дугаартай: Ханын хивс 500.000 төгрөг, дуураймал пойлоосон бүс 30000 төгрөг, плитка/индукцэн/ 70000 төгрөг, хонины шулсан мах 6кг-36000 төгрөг нийт 636000 төгрөг...гэх дүгнэлт /хх-24-28/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-56-59/

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б-н: Манайх 2019 оны 08 дугаар сард Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх, хашаан дээр тодорхой хаяг байхгүй хашаанд амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдийн хичээл тараагаад амралтын 2 өдөр учир хөдөө гэр  рүүгээ явсан. Гэтэл өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд манай нөхрийн ах Х.М манай нөхөр  рүү утсаар ярьж “Гэрт чинь хулгай орсон юм шиг байна. Хамаг юмыг чинь онгичоод гаргаад хаячихсан байна” гэж ярихаар нь хөдөөнөөс ирээд гомдол гаргаж байна. Би хөдөө явахдаа гэрээ түгжээд гэрлийг нь асаагаад явсан байсан. Хаалганы цоож эвдэж ороод хулгайлсан байна. Харин цоож нь олдохгүй аваад явсан юм шиг байна. Манай гэрээс дэлгэцнийхээ доод хэсэгт Самсунг гэсэн бичигтэй цагаан өнгийн 21 инчийн зурагт хулгайд алдагдсан байна. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байна...гэх мэдүүлэг /хх-63-65/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 004 дугаартай дүгнэлт: Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг бүртгэлтийн 193000530 дугаартай хэрэгт авагдсан гутлын мөрийг М.С/ .............../-ын өмсөж байсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан гутлын зүүн болон баруун өмсгөлийн мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт, 

 

  • Ашид билгүүн ХХК-ны 20/03/97 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-82-84/

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ Ашид билгүүн ” ХХК-ийн шинжээчийн ТХҮС-20/006 дугаартай: Самсунг загварын 21 инчийн зурагт 180000 төгрөг” гэх дүгнэлт /хх-74-78/

 

- Шинжээч Ю.Хосбаярын: 2019 оны 11 сарын 30-ны өдөр  Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Д-гийн задгай тоотод байх монгол гэрт хулгай орж, эд зүйл алдагдсан гэх хэрэгт бүрэлдэхүүний хамт очиж ажиллан хэргийн газрын үзлэгийн үеэр тухайн хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр байсан бөгөөд тухайн мөрөнд харьцуулах шинжилгээ хийсэн. Аймгийн цагдаагийн газраас эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн М.С-н өмсөж явсан гэх гутлын улны мөртэй тухайн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөрийг харьцуулах шинжилгээг хийсэн юм. Дээрх хэргийн газраас илрүүлэн бэхжүүлж авсан гутлын мөр нь М.С-н өмсөж явсан гэх эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог, содон шинж тэмдгээрээ тохирч байсан. Тухайн үед М.С-н гэх эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гутал нь манай албанд шинжилгээний объектоор хүргэгдэн ирсэн байсан. Хэрэг бүртгэлтийн 193000522 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэхжүүлж авсан дүгнэлтэд тусгагдсан №6 дугаартай гэрэл зургаар бэхжүүлсэн мөртэй эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт М.С-н гэх эд мөрийн баримтаар хураагдсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог, содон шинж тэмдгээрээ тохирч байсан. Мөн дүгнэлт гаргах явцад гэрэл зургийн санд бүртгэгдсэн хулгайн гэмт хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөрүүдтэй эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт М.С-н гэх эд мөрийн баримтаар хураагдсан гутлын улны мөртэй харьцуулан судлахад уг гутлын ул нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастад оршин суух иргэн И.Э-н гэрээс эд зүйл хулгайд алдагдсан гэх хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байсан учир тухайн дүгнэлтэд тусгагдсан №4 зураг №8 зэргийг нэмэлтээр тусгасан юм. Тухайн дүгнэлтийг гаргах үед 2019 оны 11 сарын 07-ны өдөр үйлдэгдсэн хулгайн хэрэгт гутлын мөрний харьцуулсан шинжилгээ хийгдээгүй байсан. Харин зургийн тайлбарыг бичихдээ хэргийн дугаарыг бичээгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг буруу зөрүү гаргах ямар ч үндэслэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-111-112/,

 

- Гэрч Э.Э-н: Би 2019 оны 11 сарын 07-ны өдөр Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг Хайлаастын 29-24 тоотод оршин суух иргэн И.Э-н гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайд алдагдсан гэх хэрэг бүртгэлтийн 193000530, мөн 2019 оны 11 сарын 30-нд Баруун-Урт сумын 6 дугаар баг Д-гийн задгайд оршин суух Я.Б-н гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайд алдагдсан хэрэг бүртгэлтийн 193000522 дугаартай хэргүүдэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дээрх хэргүүдэд М.С-г холбогдуулан шалгаж, М.С-н өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт М.С-н гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх эд мөрийн баримтаар хураагдаж аймгийн Шүүхийн шинжилгээний албанд харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн хагас түрийтэй хар өнгийн гутлын улны мөртэй өөрийн шалгаж байсан хэрэг бүртгэлтийн 193000530, хэрэг бүртгэлтийн 193000522 дугаартай хэргүүдийн хэргийн газрын үзлэгийн үеэр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөртэй харьцуулах шинжилгээ хийлгэхээр шинжилгээний албаны шинжээчид дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж тогтоол хүргүүлсэн юм.

Ингээд шинжилгээнд хүргүүлсэн тогтоолын дагуу шинжилгээний албаны шинжээч ахмад Е.Мөнх-Учрал, дэслэгч Ю.Хосбаяр нар дүгнэлт гаргаж тухайн хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрүүд нь М.С-н гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн содон шинж тэмдгээрээ тохирч байсан учир М.С-н өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр М.С нь дээрх орон барны хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн болон нь хангалттай тогтоогдсон тул дээр хэрэг бүртгэлтийн хэргүүдийг М.С-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг хяналтын прокурорт хүргүүлж яллагдагчаар татсан юм.

Иргэн И.Э-н гэрээс эд зүйл хулгайд алдагдсан хэрэгт М.С нь өөрөө мэдүүлэг өгөхдөө “Хулгайлсан том хивсийг өргөж авч явж чадахгүй байсан учир хажуу хашаа рууу нь давуулан хаясан” гэж мэдүүлсэн байгаа. Гэтэл хохирогч И.Э нь алдагдсан гэх том хивсээ зүүн талын хашааг нь давуулаад цасан дээр хаячихсан байхыг нь олж авсан гэж ярьж байсан. Тэгэхээр уг гэмт хэргийг М.С нь үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба өөрийнх нь өгсөн мэдүүлэг, хохирогч И.Э нь хашаа давуулж хаясан байсан хивсээ олж авсан, мөн хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөр нь эд мөрийн баримтаар хураагдсан М.С-н гутлын улны мөртэй шинжээчийн дүгнэлтээр ерөнхий болон хувийн содон шинжээрээ тохирч байсан зэрэг нь М.С-г хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай нотолж байгаа юм.

Би М.С-с мэдүүлэг авахдаа архи, согтууруулах ундаа өгч мэдүүлэг авсан зүйл огт байхгүй. Би М.С-с 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, мөн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус бүр 2 удаа хэргийн талаар мэдүүлэг авсан бөгөөд тухайн үед М.С нь эрүүл байсан. Харин нэг удаа М.С-н эмээ нь над руу утсаар ярьж “С гэртээ ирчихсэн байна.Чи манай руу хүрээд ирээч. Одоо эрүүл байгаа дээр нь уулзаач” гэхээр нь гэрт нь очсон. М.С-н эмээ нь над руу байнга ярьж “Нөгөөх чинь байнга архи уугаад байна. Шөнөөр гэртээ ирээд өглөө гарч яваад байна. Та нартай уулзсан уу” гэж байнга асууж сурагладаг байсан. Тэр өдөр М.С-г гэрээс нь авч явж орон байрны хулгайн үйлдэгдэх үед хаана байсан, хаагуур явсан маршрутыг нь шалгах зорилгоор уулзахад хулгайлсан эд зүйлээ таксины жолоочид өгсөн гээд байхаар нь аймгийн Х дэлгүүрийн үүдний таксины зогсоол дээр очиж тухайн машинаа олоогүй учир М.С-г наанаа машинаа харж бай гээд би хөдөлж яваад төд удалгүй эргээд ирэхэд М.С архи уучихсан согтуу хэл ам нь ээдэрчихсэн байхаар нь гэрт нь буулгаж өгсөн. Түүнээс биш би М.С-д архи авч өгч уулгасан асуудал огт байхгүй. Тэгээд ч тухайн өдөр би М.С-с мэдүүлэг аваагүй...гэх мэдүүлэг /хх-113-114/

 

- Шинжээч Е.Мөнх-Учралын: 2019 оны 11 сарын 07-ны өдөр Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Хайлаастын 29-24 тоотод байх иргэн И.Э-н гэрт хулгай орж эд зүйл алдагдсан гэх дуудлагын дагуу бүрэлдэхүүний хамт очиж ажиллан хэргийн газрын үзлэгийн үеэр гутлын мөр илрүүлж гэрэл зургаар бэхжүүлэн авч гэрэл зургийн сандаа бүртгэсэн. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн, манай байгууллагын гэрэл зургийн санд бүртгэлтэй байсан М.С-н өмсөж явсан гэх гутлын ултай тухайн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөрийг харьцуулах шинжилгээ хийсэн юм. Дээрх хэргийн газраас илрүүлэн бэхжүүлж авсан гутлын мөр нь М.С-н өмсөж явсан гэх эрүүгийн 1930005240050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог содон шинж тэмдгээрээ тохирч байсан...” гэх мэдүүлэг /хх-115-116/

 

- М.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/,

 

- М.С-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол/хх- 40-46/,

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.05.02/хх- 117- 118/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.С 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 29-24 тоотод И.Э-н монгол гэрт нэвтэрч ханын хивс, дуураймал бүс, плитка зэргийг хулгайлж  636.000 төгрөгийн,

2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Д-н задгай тоотод Я.Б-н монгол гэрт нэвтэрч 21 инчийн Самсунг маркийн өнгөт зурагт хулгайлж, 180.000 төгрөгийн, нийт 816000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

шүүгдэгч М.С-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ би энэ хоёр гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цагдаад баригдсан. Маргааш өдөр Б гэдэг мөрдөгч “өнгөрсөн шөнө ийм хэрэг гарсан байна. Чи хийсэн үү?” гэж асуухаар нь би хийсэн. Хивс нь баруун талынх нь айлын хашаанд байгаа гээд зааж өгөөд явуулж байсан. Би тухайн гэмт хэргүүдийг санаатай үйлдээгүй. Өөрийгөө шоронд хоригдоно гэдгийг мэдсэн учраас сэтгэл санаагаар унаад өдөр болгон архидаад яваад байсан “ гэх,

хохирогч И.Э-н“ Би Баруун-Урт сумын 9 дүгээр багийн  Хайлаастын ........... тоот хашаанд амьдардаг. 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой 16 цаг өнгөрөөгөөд ажлаасаа ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байдалтай байсан. Манай гэрийн хананд өлгөөтэй байсан 6 метрийн урттай хивс, индукцэн плитка, дуураймал пойлоосон  эрэгтэй хүний бүс, эрэгтэй хүний монгол үйлдвэрийн тэлээ, хүнсэнд хэрэглэж байсан 8 кг орчим 2 ширхэг ямааны гуя зэрэг эд зүйлс алдагдсан ”  гэх,

хохирогч Я.Б-н“ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хөдөө гэр  рүүгээ явсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн нөхрийн ах Х.М манай нөхөр рүү утсаар ярьж “Гэрт чинь хулгай орсон юм шиг байна. Хамаг юмыг чинь онгичоод гаргаад хаячихсан байна” гэж ярьсан. Хаалганы цоож эвдэж ороод хулгайлсан байна. Харин цоож нь олдохгүй аваад явсан юм шиг байна. Манай гэрээс дэлгэцнийхээ доод хэсэгт Самсунг гэсэн бичигтэй цагаан өнгийн 21 инчийн зурагт хулгайд алдагдсан байна..” гэх мэдүүлгүүд,

гэрч  Э.Э-ын “  Би М.С-с нэлээн хэдэн хэрэг дээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа эрүүгийн цагдаагийн тасгийн өрөөнд авч байсан. Гарын үсэг дурайлгаж зурсан, мэдүүлэг өгөөгүй гэдэг нь худлаа гэдийг хэлмээр байна. Өөрийнх нь өгсөн хоёр мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Энэ хоёр хэрэг дээр гутлын мөр байсан учраас шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдсэн. Тухайн өдрүүдэд М.С-гөглөөнөөс хойш архи уулгахгүй байлгаж байгаад өөрөө мэдүүлгээ өгье гэж хэлэхээр нь мэдүүлэг авсан байгаа. М.С дээд боловсролтой хүн. Тухайн үед нь өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөх үү, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү гэж асууж байсан. Гутал өмнө хураагдсан байсан. Б мөрдөн байцаагч дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний албанд тогтоолтойгоо хамт хүлээлгэж өгсөн байсан. Миний шалгаж байсан хэргийн тогтоол бол сүүлд бичигдсэн. Тиймээс би гуталгүй өгсөн. М.С үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлдэг боловч, зарим нэг нотлогдох зүйлүүдийг худлаа мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримт байхгүй байсан. Харин эдгээр хэрэг шинжээчийн дүгнэлтээр сүүлд нотлогдсон учраас би хэргийг шилжүүлсэн “ гэх,

шинжээч Е.Мөнх-Учралын “  Би Б мөрдөн байцаагчтай хэргийн газарт очиж ажилласан. Хэргийн газарт очиж ажилласан учраас одоо ч миний нүдэнд гутлын мөр тод харагдаж байна. Би хаягийг нь олохгүй нэлээд удаж байж очоод тухайн гутлын мөрийг хараад М.С гутлын мөр байна гэж хэлж байсан. Учир нь М.С тухайн гуталтайгаа урьд нь 5-6 гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байсан. Ж эрүүгийн төлөөлөгч Э.Э-с дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдэж, хар өнгийн түрийтэй хос гутлын гэрэл зураг ирүүлсэн учир иргэн Ч.Э-н гэрт нэвтэрч, эд зүйл алдагдсан гэх хэрэгт дүгнэлт гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гутлын зураг хоёрыг харьцуулж дүгнэлт гаргахдаа хоёр арга ашигласан. Хэмжээсийн арга нь хэргийн газраас бэхжүүлсэн зургийг компьютер дээр оруулаад тусгай программ дээр хэмжилт хийдэг. Энэ гутлын зүүн талын хөлийн хээ хоёр талаараа элэгдсэн байсан. Энэ нь цасан дээр буухдаа бүдэг байдлаар гарсан байсан. Үүнийг хувийн онцлог, содон шинж гэж үзсэн. Энэ нь шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрний хувийн шинжтэй тохирч байсан “ гэх,

шинжээч Ю.Хосбаярын “  Би Б мөрдөн байцаагчтай бүрэлдэхүүний хамт Д-гийн задгай тоотод очиж ажилласан. Хэрэгт 4, 8 дугаартай гэрэл зургууд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн зураг. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн баруун хөлийн гутлын мөрийг эд мөрийн баримтаар хураагдсан гутлын мөртэй харьцуулсан. Гуталын ул, хэргийн газраас бэхжүүлсэн мөр хоёрыг хэмжилтийн арга ашиглан ерөнхий хээний зураг, хувийн шинжийг нь харгалзан мөн гэсэн дүгнэлт гаргасан. Тогтоолтой хамт гутал очсон. Гутлын зургийг олон дахин аваад байх шаардлага байхгүй. Нэг удаа зургийг нь аваад манайх гэрэл зургийн сандаа оруулчихдаг. Санд авагдсан зураг дээр харьцуулалт хийдэг.Гутлаа дүгнэлттэйгээ хамт мөрдөн байцаагчид буцаагаад явуулдаг “ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 004 дугаартай “Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг бүртгэлтийн 193000530 дугаартай хэрэгт авагдсан гутлын мөрийг М.С/ ............./-ын өмсөж байсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан гутлын зүүн болон баруун өмсгөлийн мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт” гэх дүгнэлт,

шинжээчийн ТХҮС-20/006 дугаартай: Самсунг загварын 21 инчийн зурагт 180000 төгрөг ” гэх,

шинжээчийн ТХҮС-20/005 дугаартай ” Ханын хивс 500.000 төгрөг, дуураймал пойлоосон бүс 30000 төгрөг, плитка/индукцэн/ 70000 төгрөг, хонины шулсан мах 6кг-36000 төгрөг нийт 636000 төгрөг ” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч М.С нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч И.Э-н гэрээс ханын хивс, дуураймал бүс, плитка, 6 кг мах, хохирогч Я.Б-н гэрээс 21 инчийн Самсунг загварын цагаан өнгийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрх хохирогч нарын гэрт  нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч М.С-н тухайн хэргийн нотлох баримтын талаар “ Тухайн хэрэг дээр эд мөрийн баримтаар авагдсан гутлын мөр нь хэзээ ч байж боломгүй зүйл. 2019 оны 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан хэрэг дээр би хагас түрийтэй хүрэн гутал өмсөөд явж байсан. Учир нь миний үйлдсэн эхний 4 хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд болсон. Тухайн хэргүүд дээр миний өмсөж явсан гутлын мөрийг нотлох баримт мөн гээд ашиглаад байдаг. Гэтэл тэр гутлыг 2019 оны 11 дүгээр сарын 25-26-ны үед манай гэрээс хураагаад аваад явчихсан. Цагдаагийн байгууллага дээр байсан гутлыг нотлох баримт гэж ашиглаад байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа гэрчээр өгсөн гэх мэдүүлгийг би өгөөгүй. Тэдгээр мэдүүлэг дээр миний гарын үсгийг далий зурсан байна лээ. Нотлох баримтуудыг миний эсрэг буруугаар ашиглаж байна “ гэж маргаж байгаа нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хайлаастын 29-24 тоотод И.Э-н гэрт хулгай орсон гэх үйлдлийн хэргийн газрын үзлэгт шинжээч Ё.Мөнх-Учрал оролцож № 2 дугаартай гэрэл зургаар 1 гутлын мөр, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баруун-Урт сумын 6 дугаар баг Д-гийн задгай тоот дахь Я.Б-н гэрт хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгт шинжээч Ю.Хосбаяр оролцож № 13, 14, 15, 16 дугаартай гэрэл зургаар 4 гутлын мөрний зургийг бэхжүүлсэн хийгээд шинжээч нар эдгээр гутлын мөрүүдийг Мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 15, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолуудад ирүүлсэн М.С-ын/ ............../ өмсөж явсан дээрх гутлын мөр болон тухайн байгууллагын санд өмнө авагдсан гутлын зураг, мөрний хэвтэй харьцуулан шинжилгээ хийж хохирогч Я.Б-н 19300522 дугаартай хэрэгт бэхжүүлэгдсэн 4 гутлын мөр, И.Э-н 19300530 дугаартай хэрэг дэх 1 гутлын мөр нь М.С-н эзэмшлийн хар өнгийн даавуун материалтай, үдээстэй, гутлын хэлэн дээр Traksta гэсэн бичвэртэй, арзгар ултай, 16-225-М гэсэн өмсгөлтэй тохирч байгаа талаар тус тус дүгнэлт гаргасан талаар шинжээч нар шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн ба хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн газрын үзлэг хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл хэрэгт тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн М.С-н маргаж буй “түүний эзэмшлийн хар өнгийн даавуун материалтай, үдээстэй, гутлын хэлэн дээр Traksta гэсэн бичвэртэй, арзгар ултай, 16-225-М гэсэн өмсгөлтэй  гутал “ нь 2019 оны 12 дугаар сарын 02-03-нд үйлдэгдсэн 193000525 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байсан болох нь хэрэгт авагдсан М.С-д холбогдох Сүхбаатар аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байгааг дурдъя.

 

М.С-н дээрх хоёр хохирогч нарын гэрт нэвтэрч эд зүйлийг авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “ хулгайлах “ гэмт хэргийн нэг зүйл, хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулсан, халдлагын объект, зүйл нэгтэй, объектив болон субъектив шинжүүдээрээ нийтлэг буюу нэг төрлийн хэрэг хийгээд эдгээр бие даасан эхлэл төгсгөлтэй, өөр өөр хохирогчтой, өөр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн үйлүүд хийгээд уг үйлдлүүдийг нэгтгэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно “ гэх зохицуулалт нийцэж байна.

 

Иймд шүүгдэгч М.С-н хохирогч И.Э, Я.Б нарын гэрт нэвтэрч эд зүйлийг авсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч И.Э-т учирсан 636000 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийн үнэ бүхий хивс буцаан олгогдож, 136.000 төгрөгийн, Я.Б-д учирсан 180000 төгрөгийн хохирлууд нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор тогтоолоо.

 

Хохирогч нарын эд зүйлийн үнэлгээний талаар гарсан Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ Ашид билгүүн ” ХХК-ийн шинжээчийн ТХҮС-20/006 дугаартай “ Самсунг загварын 21 инчийн зурагт 180000 төгрөг ” гэх,  ТХҮС-20/005 дугаартай ” Ханын хивс 500.000 төгрөг, дуураймал пойлоосон бүс 30000 төгрөг, плитка/индукцэн/ 70000 төгрөг, хонины шулсан мах 6кг-36000 төгрөг нийт 636000 төгрөг ” гэх дүгнэлтүүдийн талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

М.С-д холбогдох хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.С нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа болох нь 78 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй шүүгдэгч М.С-н“ Миний өмнөх дөрвөн хэрэг болон энэ хоёр хэрэг нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн байдаг. Гэтэл хоёр салган шийдвэрлүүлж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Учир нь энэ хоёр хэргийн талаар мэдүүлгийг би 2019 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн байдаг. Харин шинжээчийн дүгнэлт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан байгаа. Хэрвээ энэ хоёр хэргийг өмнөх дөрвөн хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлсэн бол хоёр удаа тус тусдаа ял шийтгүүлэхээс арай бага ял авах байсан ” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар “ ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, нотлох хавтаст хэргийн материалтай танилцах, прокурор, мөрдөгчийн шийдвэрт гомдол гаргах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” зэрэг эрхийг эдэлж оролцох бөгөөд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан дээрх эрхийг хязгаарласан зүйл хэрэгт тогтоогдоогүй буюу тэрээр тухайн асуудлаар мөрдөн шалгах ажиллагааны шатуудад ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нотлогдоогүй хэргийн талаар мөрдөгч шийдвэр гаргах эрхгүй бөгөөд энэ талаар мэдүүлж буй гэрч Э.Э-ын “ Би М.С-с нэлээн хэдэн хэрэг дээр мэдүүлэг авсан. М.С үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлдэг боловч, зарим нэг нотлогдох зүйлүүдийг худлаа мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримт байхгүй байсан. Харин эдгээр хэрэг шинжээчийн дүгнэлтээр сүүлд нотлогдсон учраас би хэргийг шилжүүлсэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй хийгээд тухайн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж шийдвэрлүүлэх нь яллагдагч, шүүгдэгчийн хуулиар олгогдсон дээрх эрхэд хамааралтай асуудал байгааг дурдах нь зүйтэй.

 

М.С нь тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор мөн өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсоныг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдъя.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай тогтоолоор   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 04 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-д оногдуулсан 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч М.С-н цагдан хоригдсон нийт 88 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-с 136.000 төгрөг гаргуулж Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн хохирогч И.Э-т, 180.000 төгрөг гаргуулж Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн хохирогч Я.Б-д тус тус олгосугай.

 

8. Шинжээч нь тухайн хэрэгт мөрдөгчийн тогтоолоор дүгнэлт гаргахад зарцуулсан үйлчилгээний хөлс буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт ирээгүй,  шүүгдэгч М.С-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсвэл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН