Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 126

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар Д.Хорлоо,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох 2030000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй малчин, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн Ө гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..............., Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ..... тоотод 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.М-г зодож, эрүүл мэндэд нь “ хөмсгөнд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, хамрын  хэсэгт, зүүн хацарт зулгаралт шарх ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баруун-Урт суманд Хайлааст гудамжны 12-16 тоотод байх Б-н гэрт Б.М, Б, Ш, Ч бид тав архи уусан. Би нэлээн согтчихсон байсан учраас юунаас болж муудсанаа сайн санахгүй байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, эвлэрсэн.Надаас нэхэмжилсэн зүйл байхгүй. 500.000 төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч Э.Б-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “..Миний танил ах Б нь Баруун-Урт суманд автомашин засуулах ажилтай гээд намайг Дарьганга сумаас Б, Г, Ч нарын хамт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баруун-Урт суманд Б ахын байдаг гэх Хайлаастын 12-16 тоотод ирсэн юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нь засварын газраас машинаа аваад маргааш нь Дарьганга сум руугаа явахаар болж Б ахынд Ч, Г, Б.М нарын хамт нийт 2 шил архи хувааж ууцгаасан юм. Нэг мэдсэн чинь би Б.М ахтай маргалдаж муудаж байсан. Юунаас болж маргалдаж муудсан талаараа сайн санахгүй байгаа. Дараа нь асуухад Б ах согтуу машинаа барьж явна гээд байхаар нь би Мөнхболд ах болиулах гэхэд нь би танд хамаагүй гэж  маргалдаж муудсан гэж Б.М ах надад хэлсэн. Би өөрөө сайн санахгүй байгаа. Тийм би хүлээн зөвшөөрч байна. Би Б.М ахын нүүрэнд нь 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон. Б.М ах алх барьсан ч гэсэн надад хэн нэгэн хохирол учруулаагүй. Б.М нь өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж муудсан тийм зүйл байхгүй. Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй.Б.М ахтай уулзаж  хоорондоо эвлэрсэн. Мөн надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг, /хх 21-22 хуудас/,

 

-Хохирогч Б.М-н “...Би Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 12-16 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг  бөгөөд манай хашаанд 2019 оны 08 дугаар сард  Дарьганга сумаас Э.Б гэдэг залуугийнх нүүж ирсэн юм. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дарьганга сумаас  Э.Б нь Г, Ч бүтэн нэрийг нь мэдэхгүй нарын хамт ирсэн юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14  цагийн орчим гэртээ байж  байтал Б нь Ч, Г, Б нарын хамт ирж 0.75 литрийн боон 0.5 литрийн хараа нэртэй шилтэй архитай ирж тэрийг нь Б-н гэрт бид нар хувааж ууцгаасан юм. Юунаас болж маргалдаж муудсан талаараа сайн санахгүй байна. Гэтэл Б нь согтуу машинаа барьж явах гээд байхаар нь би болиулах гэтэл Б нь танд хамаагүй гээд надтай маргалдаж муудаж байгаад миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед манай эхнэр Э, Б нар гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан. Тэгээд л цагдаагийн байгууллагад зодуулсан талаараа дуудлага  өгсөн. Миний баруун талын хөмсөг язарч 2 оёдол хийлгэсэн. Мөн хоёр нүд хөхөрч хавдсан. Өөр гэмтэл бэртэл учраагүй. Одоо миний биеийн байдал зүгээр хэвийн болсон байгаа. Б нь согтуугаар машинаа барьж явна гээд байхаар нь би явуулахгүй гэсэн юм. үүнээс болж Э.Б танд хамаагүй гэсэн. Тэгээд Э.Б нь намайг зодож цохисон. Зодоон болох үед би их согтуу байсан. Намайг өөр хүн зодож цохисон зүйл байхгүй. Үүнийг манай эхнэр Т.Э сайн мэдэж байгаа. хэрэг  болох үед архи уугаагүй эрүүл байсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Э.Б-тай уулзаж хоорондоо  эвлэрсэн. Хэрэг болох үед манай эхнэр Т.Э болон Б нар байсан бусад хүмүүс гэр дотор байсан. Нэмж ярих зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг, /хх 5-7 хуудас/,

 

-Гэрч Т.Э-н “...Тус өдрийн 14 цагийн орчим манай нөхөр Б.М хажуу айл болох Б-н гэрт Б, Ч, З бүтэн нэрүүдийг нь мэдэхгүй хүмүүстэй хамт 2 шил архи хувааж ууцгаасан юм. Би гэртээ байж байтал гадаа хүмүүс муудалцаад  байхаар нь гараад очтол манай нөхөр Б.М-н дээр нь Б  нь гараад суучихсан нүүр рүү нь цохиод байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан учир архи ууж байсан гэр рүү нь орж Бийг дуудаж тэр хоёрыг салгасан. Хөмсөгнөөс нь цус гараад нүүр нь битүү цус болсон байсан. Дараа нь эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хөмсөг нь сэтэрсэн, нүүр нь бага зэрэг халцарсан байсан. Б эрүүл мэндэд хохирол учраагүй байсан. Тэр хоёрыг юунаас болж маргасан талаар би мэдэхгүй байна. Урьд өмнө нь бие биенээ сайн таньдаг байх. Өөр хүн зодож цохисон зүйл байхгүй. Адилхан  нэлээн согтуу харагдаж байсан. Салгаад хоёр тийш болгож байхад гэнэт алх арьсан байсан. Тэгэхдээ хэн нэгэн хүнийг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,  /хх 9 дүгээр хуудас/

 

- 2020.05.16-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас.№ 2731. /хх-ийн 12-13/

 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар арын 19-ний өдрийн 257 дугаартай: 1. Б.М-н биед хөмсгөнд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, хамрын  хэсэгт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх- 14-15/,  

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04/

 

- Э.Б-н Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 24/

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10/131 тоот албан бичиг /хх- 23/

 

-  Э.Б-н 2019 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт/хх- 25- 28/,

 

- Э.Б-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 30/

 

- Э.Б-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-31/

 

- Хохирогч Б.М-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-32/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай санал/хх- 38/зэрэг баримтууд болно.

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 12-16 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.М-г зодож, эрүүл мэндэд нь “ хөмсгөнд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, хамрын  хэсэгт, зүүн хацарт зулгаралт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Э.Б-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ Би Баруун-Урт суманд Хайлааст гудамжны 12-16 тоотод байх Б-н гэрт Б.М, Б, Ш, Ч бид тав архи уусан. Би нэлээн согтчихсон байсан учраас юунаас болж муудсанаа сайн санахгүй байна...” гэх,

хохирогч Б.М-ын “ ... Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14  цагийн орчим гэртээ байж  байтал Б нь Ч, Г, Б нарын хамт ирж 0.75 литрийн боон 0.5 литрийн хараа нэртэй шилтэй архитай ирж тэрийг нь Б-н гэрт бид нар хувааж ууцгаасан юм. Юунаас болж маргалдаж муудсан талаараа сайн санахгүй байна. Гэтэл Б нь согтуу машинаа барьж явах гээд байхаар нь би болиулах гэтэл Б нь танд хамаагүй гээд надтай маргалдаж муудаж байгаад миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед манай эхнэр Э, Б нар гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан. Миний баруун талын хөмсөг язарч 2 оёдол хийлгэсэн.

 

 

Мөн хоёр нүд хөхөрч хавдсан. Өөр гэмтэл бэртэл учраагүй. Одоо миний биеийн байдал зүгээр хэвийн болсон байгаа. Б нь согтуугаар машинаа барьж явна гээд байхаар нь би явуулахгүй гэсэн юм. үүнээс болж Э.Б т танд хамаагүй гэсэн. Тэгээд Э.Б нь намайг зодож цохисон. Зодоон болох үед би их согтуу байсан. Намайг өөр хүн зодож цохисон зүйл байхгүй. Үүнийг манай эхнэр Т.Э сайн мэдэж байгаа...” гэх,

гэрч Т.Э-ийн “...Тус өдрийн 14 цагийн орчим манай нөхөр Б.М хажуу айл болох Б-н гэрт Б, Ч, З бүтэн нэрүүдийг нь мэдэхгүй хүмүүстэй хамт 2 шил архи хувааж ууцгаасан юм. Би гэртээ байж байтал гадаа хүмүүс муудалцаад  байхаар нь гараад очтол манай нөхөр Б.М-ын дээр нь Б  нь гараад суучихсан нүүр рүү нь цохиод байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан учир архи ууж байсан гэр рүү нь орж Б-ийг дуудаж тэр хоёрыг салгасан. Хөмсөгнөөс нь цус гараад нүүр нь битүү цус болсон байсан. Дараа нь эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хөмсөг нь сэтэрсэн, нүүр нь бага зэрэг халцарсан байсан. Тэр хоёрыг юунаас болж маргасан талаар би мэдэхгүй байна. Урьд өмнө нь бие биенээ сайн таньдаг байх. Өөр хүн зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд,

 шинжээчийн 257 дугаартай: 1. Б.М-ын биед хөмсгөнд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, хамрын  хэсэгт, зүүн хацарт зулгаралт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт,/

2020.05.16-ны өдрийн 2731 дугаартай Яаралтай тусламжийн хуудас зэрэг хамаарна.

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ хохирогч Б.М-г бусдыг машин бариулж явуулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан  цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Э.Б-ын, хохирогч Б.М-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Э.Б-н үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй ба гомдолгүй талаараа “Э.Б надтай уулзаж бид хоорондоо эвлэрсэн, Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж хэрэгт мэдүүлжээ. 

Иймд шүүгдэгч Э.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Э.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Э.Б-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч “Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Э.Б надаас уучлалт гуйж бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Э.Б-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН