| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0131/э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
улсын яллагч Д.Хорлоо,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2030000000177 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /рд:............/ Б.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ..... тоотод 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Приус 20 маркийн ........ СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчмын байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас түүний хүү болох С.Б-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр найз Ц-н машиныг унаад өөрийнхөө хашаанд барилгын материал буулгах гэж ирсэн. Тэгээд санамсар, болгоомжгүйгээсээ болж өөрийн хүү болон Д.Б-н амь насыг хохироосон...гэв.
- Яллагдагч Д.Б-н мөрдөн шалгах ажиллааны явцад өгсөн: Би эхнэр Т.С, хүү Д.Б, охин Д.Б нарын хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ..... тоотод аав Д-нд амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би хамт ажилладаг Ц гэх хүнээс ..... СҮА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг гуйгаад 12 цагийн орчимд гэртээ ирсэн. Тухайн үед Улаанбаатараас барилгын материал хотоос ирсэн гэхээр нь би гэр рүүгээ явсан. Хашаанд орж ирэхэд Монгол гэрийн урд талд саарал өнгийн Хено маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 хүн ирчихсэн байсан бөгөөд гэрийн баруун талаар гарч гэрийн баруун талд тавих санаатай жолоогоо баруун гар тал руугаа эргүүлээд хөдлөөд явж байтал манай хүү Д.Б нь ааваа гээд бархирахаар нь тоормос дараад машинаасаа буугаад хартал манай хүү Б миний машины баруун талын арын дугуйны урд талд баруун талаараа дээшээ харсан толгой нь зүүн урагшаа харсан байдалтай хэвтэж байхаар нь би дээгүүр нь гарчихлаа гэж бодоод хүүхдээ өргөхөд нэг ааваа гэж орилоод бие нь чангараад байхаар нь сандарч хүргэн дүү С, төрсөн дүү Д дээр очоод “ ах нь хүүхдээ дайрчихлаа” гэж хэлээд Д бид хоёр эмнэлэг рүү аваад явсан юм. Би хашаа руу орж ирээд гэрийн баруун талаар гарах үед манай хүү Б нь гэрийн хойно байх эвдэрхий цагаан өнгийн Креста маркийн тээврийн хэрэгслийн баруун талд хашаа хоёрын дунд байсан санаж байна. Би гэрийн баруун талаар гараад баруун гар тийш дарж гэрийн зүүн хойд талд урагшаа харж зогсоод зүүн гар тал руугаа үрүүлээ эргүүлээд арагшаа ухраад урагшаа харж зогссон ба гэрийн баруун талд тавих санаатай үрүүлээ баруун гар тал руугаа эргүүлээд хөдлөх үед урд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд гэнэт л ийм зүйл болчихсон. Би тухайн үед барилгын материал ирчихсэн гээд тэнд хамаг анхаарлаа хандуулаад, анхаарал болгоомжгүй үйлдлээсээ болж ийм үйлдэл гаргачихсандаа харамсаж байна. С.Б нь ямар нэгэн хууч өвчин байхгүй. Тухайн шалбарсан ором өмнө байгаагүй гэж бодож байна, ормыг ослын үед авчихсан байх гэж бодож байна. Манай төрсөн дүү Б.Д, хүргэн С, хүргэний дүү нэрийн мэдэхгүй манай том охин Б нар байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох ........... дугаарын “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй бөгөөд 2016 онд Улаанбаатар хотод байх “Сүлд” нэртэй жолооны курс төгссөн юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй бөгөөд тухайн үед эрүүл байсан юм. Би маш их харамсаж байна...гэх мэдүүлэг / хх -49-50/,
- Хохирогч Т.С-н: Б.Д гэх хүнтэй 2016 онд гэр бүл болж хүү Д.Б, охин Б нарын хамт Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 808 тоотод амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өглөө би ажилдаа 08 цагийн үед явахад гэрт манай нөхөр Д, охин Б, хүү Б нар үлдсэн юм. Өдөр 12 цаг 34 минутанд Д над руу залгаад “ хүүхдээ аваад эмнэлэг рүү явж байна хүү Б бүдэрч унаад машины доогуур уначихлаа “ гэхээр нь би шууд нэгдсэн эмнэлэг рүү очиход манай хүү Б нь дусал хийлгэчихсэн их тааруухан байж байгаад 13 цагийн үед өнгөрсөн юм. Нөхрөөсөө болсон асуудлын талаар асуухад машинтай явж байхад машины урд уначихсан гэсэн ба би чи дайрчихсан юм уу гэж асуухад үгүй гээд өөр юм хэлээгүй. Д.Б нь ямар нэгэн хууч өвчин байхгүй. Харин өчигдрөөс авахуулаад Д.Б-н зүүн талын чихнээс идээтэй зүйл гоожоод байсан бөгөөд би хадам ээжийг хотоос ирэхээр нь үзүүлье гэж бодсон. Тэр ором нь бол 2 хоногийн өмнө буюу 05 дугаар сарын 11-ний өдөр бол байгаагүй. Учир нь би тухайн өдөр хувцсыг сольж байсан юм. Тэр ором нь өнөөдрийнх гэж бодож байна. Би өнөөдөр хадам дүү Д-с дүү чинь ямар нэгэн зүйлээс ойчсон уу гэж асуухад үгүй гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх 12-14/,
- Гэрч Ч.С-н: 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед манай хашаанд Улаанбаатар хотоос барилгын материал ачаад Хено маркийн машин ирсэн бөгөөд тухайн машиныг хашаа руу орж ирэхтэй зэрэгцэн хадам ах Д нь улаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хашаа руу орж ирээд манай гэрийн баруун талаар гараад хойшоо явж байгаа харагдсан бөгөөд би Хено маркийн тээврийн хэрэгслээс ачаагаа буулгах гээд байж байтал гэнэт хүргэн ах Д хүүхдээ тэвэрч гүйж ирээд “ ах нь хүүхдээ мөргөчихлөө одоо яах вэ “ гэсэн ба тухайн үед хүүхдийнх нь гар татчихсан байсан ба эмнэлэг явсан дээр байх гэхэд Д ах төрсөн дүү Дтай цуг унаж ирсэн тээврийн хэрэгсэлтэйгээ явсан юм. Би Д.Б-г хаана байсныг мэдэхгүй. Ямар ч байсан би аавыг нь ирэхээс өмнө гэрт л харсан тэрнээс хойш хараагүй байсан юм. Б.Д нь эрүүл байсан... гэх мэдүүлэг / хх-18/,
- Гэрч Б.Ц-н: Би 2020 оны 04 дүгээр сарын эхээр Баруун-Урт сумын шинээр баригдаж байгаа 16 давхар дээр ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим надтай цуг ажилладаг манай найз болох Б.Д нь гэрт Улаанбаатар хотоос ачаа ирчихээд байна, машинаа түр өгөөч ачаа буулгачхаад хүрээд ирье гэхээр нь би өөрийнхөө приус 20 маркийн ...... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан юм. Миний машиныг ажлаас ганцаараа унаад явсан. Тэгсэн 14 цагийн орчим Д нь дарга М гэх хүн рүү “ аваар хийчихлээ “ гэж хэлсэн бөгөөд дарга надад хэлсэн юм. Миний тээврийн хэрэгсэл 2019 оны 07 дугаар сард үзлэг тооллогод орсон бөгөөд ямар нэгэн байдлаар эвдрэл гэмтэл байхгүй, хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгсэл юм...гэх мэдүүлэг / хх-19/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай: 1.С.Б-н цогцост цээж хэвлийн хөндийд битүү гэмтэл, гавлын зулай хэсэгт хуйхан доор цус хуралт, хоёр уушгинд цус хуралт, элэгний эдийн задралт, урагдал, дэлүү, зүүн бөөрний өөхөн эслэг, ходоод нарийн гэдсэнд цус хуралт, хэвлийн хөндийд цус хуралдалт /350 мл/ эрүү, хэвлий, ар нуруу, баруун ташаанд, зүүн мөр, баруун хөлийн дунд чөмөгний хэсэгт зулгаралт, няцралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна, 3. Б.Б нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн задрал урагдлаас үүссэн хурц цус алдалтаар нас баржээ...гэх дүгнэлт / хх -26-28/,
- Техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай: 1. ....... СҮА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Днь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлтэй байна. 2. ....... СҮА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчмын байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ” гэх заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна. 3. ....... СҮА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Днь зам хөдөлгөөний дүрмийг 10.1 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон” гэх дүгнэлт / хх -38/,
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 14-ний 61 дугаартай химийн шинжилгээний: “... 1.Д.Б-н биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцсэн ба цусанд спиртийн агуулга илрээгүй” гэх дүгнэлт /хх-33-34/
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх- 3-4/
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 05-08 /
- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09-10/
- С.Б-н төрсний бүртгэлийн лавлагаа /хх-60/
- С.Б-н0000251457 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-62/
- 2201000223 дугаартай С.Б-н төрсний гэрчилгээ /хх-63/
- ........... СҮА улсын дугаартай Тоёота Приүс загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-59/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020.05.25-ны өдрийн 2/205 дугаартай тодорхойлолт /хх-53/
- Д.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-55/
- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2020.05.25-ны өдрийн 1/228 дугаартай тодорхойлолт /хх-54/
- Д.Б-н жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-58/
- Д.Б-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-51-52/
- Д.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-64/
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх 2020.06.11-ний өдрийн 65 дугаартай прокурорын санал /хх-69/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Приус 20 загварын ......... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ....... тоот хашаанд орж зогсохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчмын байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ” гэх заалтыг зөрчсөний улмаас өөрийн хүү болох 2 нас 7 хоногтой С.Б-г дайрч амь насыг хохироосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч Д.Б-н“ Би 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр найз Ц-н машиныг унаад өөрийнхөө хашаанд барилгын материал буулгах гэж ирсэн. Тэгээд санамсар, болгоомжгүйгээсээ болж өөрийн хүү болон Д.Б-намь насыг хохироосон ” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-н “ 2020 оны 05 дугаар сарын 13-ны өглөө би ажилдаа 08 цагийн үед явахад гэрт манай нөхөр Д, охин Б, хүү Б нар нь үлдсэн юм. Өдөр 12 цаг 34 минут анд Д над руу залгаад хүүхдээ аваад эмнэлэг рүү явж байна хүү Б бүдэрч унаад машины доогуур уначихлаа гэхээр нь би шууд нэгдсэн эмнэлэг рүү очиход манай хүү Б нь дусал хийлгэчихсэн их тааруухан байж байгаад 13 цагийн үед өнгөрсөн юм. Нөхрөөсөө болсон асуудлын талаар асуухад машинтай явж байхад машины урд уначихсан гэсэн ба би чи дайрчихсан юм уу гэж асуухад үгүй гээд өөр юм хэлээгүй ” гэх,
гэрч Ч.С-н “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед манай хашаанд Улаанбаатар хотоос барилгын материал ачаад Хено маркийн машин ирсэн бөгөөд тухайн машиныг хашаа руу орж ирэхтэй зэрэгцэн хадам ах Д нь приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хашаа руу орж ирээд манай гэрийн баруун талаар гараад хойшоо явж байгаа харагдсан. Би Хено маркийн тээврийн хэрэгслээс ачаагаа буулгах гээд байж байтал гэнэт хүргэн ах Д хүүхдээ тэвэрч гүйж ирээд “ ах нь хүүхдээ мөргөчихлөө одоо яах вэ “ гэсэн ба тухайн үед хүүхдийнх нь гар татчихсан байсан тул эмнэлэг явсан дээр байх гэхэд Д ах, төрсөн дүү Дтай цуг унаж тээврийн хэрэгсэлтэй явсан ” гэх,
гэрч Б.Ц-н “2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд цуг ажилладаг манай найз Б.Д нь “ гэрт Улаанбаатар хотоос ачаа ирчихээд байна, машинаа түр өгөөч, ачаа буулгачхаад хүрээд ирье “ гэхээр нь би өөрийнхөө Приус 20 маркийн ....... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан юм. Миний машиныг ажлаас ганцаараа унаад явсан. 14 цагийн үед Д нь дарга М гэх хүн рүү осол хийчихлээ гэж хэлсэн бөгөөд дарга надад хэлсэн юм...” гэх мэдүүлгүүд,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “ Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Тээвэрчдийн .. тоот хашаа “ гэх тэмдэглэл,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
шинжээчийн 33 дугаартай “ 1.С.Б-н цогцост цээж хэвлийн хөндийд битүү гэмтэл, гавлын зулай хэсэгт хуйхан доор цус хуралт, хоёр уушгинд цус хуралт, элэгний эдийн задралт, урагдал, дэлүү, зүүн бөөрний өөхөн эслэг, ходоод нарийн гэдсэнд цус хуралт, хэвлийн хөндийд цус хуралдалт /350 мл/ эрүү, хэвлий, ар нуруу, баруун ташаанд, зүүн мөр, баруун хөлийн дунд чөмөгний хэсэгт зулгаралт, няцралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна, 4. С.Б нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн задрал урагдлаас үүссэн хурц цус алдалтаар нас баржээ ” гэх дүгнэлт,
шинжээчийн 65 дугаартай ” Б.Д-с авсан цусанд спиртийн агуулга илрээгүй...гэх дүгнэлт,
техникийн шинжээчийн 15 дугаартай “........ СҮА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчмын байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ” гэх заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна. ......... СҮА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Днь зам хөдөлгөөний дүрмийг 10.1 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон” гэх дүгнэлт ,
С.Б-н 0000251457 дугаартай нас барсны гэрчилгээ, 02496545 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хамаарна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, Б.Д нь хашаан дотор машинаа байрлуулахаар хөдөлгөөн хийх явцдаа машины ойр орчины байдлыг биеэр нягтлан шалгалгүй, машины хажууд ирсэн бага насны хүүхдийг анзааралгүйгээр хүүхэд дайрсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тэрээр хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрөх зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас бусдын амь нас хохирсон байна.
Шүүгдэгч Д.Б-н осол гаргаж, бусдын амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох“ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Б.Д-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй “ гэж заасан бөгөөд Д.Б-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” -тай тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх “ нөхцөл байдлыг прокурор хянаж тогтоол гарган, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч Б.Д-т танилцуулан, гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсныг нөхөн сэргээх, хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй боловч уг асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргаагүй, амь хохирогч нь түүний төрсөн хүү байсан зэрэг нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулиар зөвшөөрөгдсөн дээрх хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д-т шүүхээс тэнссэн дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т шүүхийн шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН