Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-д холбогдох 2030000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг БЦ гэх газарт оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД:............., Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Дөрвөлжийн 3-7 тоотод хохирогч З.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж хамарт зөөлөн эдийн няцралт, хамар ясны шинэ цөмөрсөн хугарал бүхий гэмтэл,

2020 оны 05 дугаар сарын 31-ний орой Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг БЦ гэх газар З.Б-н баруун гарын дотор талын шуунаас базаж бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б-н хамрыг хугалсан нь үнэн. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зодож, цохисон зүйл байхгүй. Манай эхнэрийг эгч нь Улаанбаатар хот руу авч явж компьютерын сургалтанд суулгана гэж хэлсэн. Үүнээс нь болж маргалдсан. Манай эхнэр хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн сургалтанд хамрагдсан. Энэ намар хүүхэд маань цэцэрлэгт орох учраас манайх аймгийн төв рүү орох байсан. Тиймээс намар сургууль, цэцэрлэг орохын өмнө аймагтаа сургалтанд сууж болдоггүй юм уу? би хот руу явж амжихгүй гэж хэлсэн. Гэтэл эгч нь дүүгийнхээ амьдралыг би мэднэ гээд над руу юм шидээд, дайрч давшлаад байсан. Харанхуй шөнө манай хүүхдийг нүцгэн аваад зам руу явах гэхээр нь би харанхуй шөнө хүүхдээ явуулахгүй гэж дээлнээс нь татах гэж байгаад санаандгүй гарын шуунаас нь татсан. Торгох ялд маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын яллах дүгнэлтэнд уншсан бүхэн үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

- Яллагдагч Б.Д-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчим хөдөө гэрээсээ Баруун-Урт суманд эхнэр З.Б, түүний эгч З.Б нарын хамт хүү Э-н үсний найранд хэрэглэх хүнс зүйл авахаар ирсэн юм. Тэгээд орой найз Б-н гэр болох Баруун-Урт сумын 6 дугаар баг 3-7 очсон бөгөөд түүний эхнэр ТӨ нь хүүхдийн хамт байсан. Гэтэл ТӨ нь 2.5 литрийн нэг пиво гаргаж тэрийг нь Б, ТӨ, түүний найз Б гурав хувааж уусан. Би тэр пивоноос уугаагүй. Орой 23 цагийн орчим манай эхнэр Б-н эгч Б-г айлаас очиж авсан бөгөөд тухайн үед согтуу байсан. Шөнө 00 цагийн орчим унтаж амрахаар болтол манай эхнэр Б надаас өөрийнхөө виза картыг асуугаад хоорондоо маргалдаж муудсан. Би тухайн үед машинаасаа виза картаа хайхаар гартал миний араас гарч ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаж муудаж байгаад би уурандаа эхнэр Б-н хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Буцаад гэр рүү бид хоёр ортол З.Б, ТӨ нар унтаж байсан. Миний хувьд зодож, цохисон зүйл байхгүй. Тухайн үед үед эхнэртэйгээ хүүхдээ булаацалдаж байгаа гарнаас нь татахдаа чанга барьсан юм. Үүнээс болж баруун гарын бугалаг хэсэгт хурсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 65-66/

 

- Хохирогч З.Б-н: 2020 оны 05 дугаар сарын 23-нд Баруун-Урт суманд ирж хүнсний зүйлсээ авахаар ирсэн бөгөөд би өөрийнхөө банкны виза картыг алга болгосон юм. Тэгээд орой 19 цагийн орчим Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн ..... тоотод оршин суух Б гэх Д-н найзынх нь гэрт би нөхөр болон эгч Б-н хамт хонохоор очсон юм. Орой 22 цагийн үед би банкны виза картаа нөхөр Д-с асуутал байхгүй өдөр чамд өгсөн гэсэн. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдаж муудсан бөгөөд миний үснээс зулгааж гэрээс гаргаад хашаанд шахаж зогсоогоод хоолой боогоод толгой болон нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Тухайн үед яг хамар руу гараараа цохисон бөгөөд хамарнаас их цус гарсан .... Д-д зодуулснаас болж хамар хугарсан .... 2020 оны 05 дугаар сарын 31-ны орой 22 цагийн үед нөхөртөө сургууль амарчихсан байна хоёулаа эгчийг дагаад хот явж ажил хийе гэж хэлэхэд, манай нөхөр Д би явахгүй чи өөрөө яв гэж хэлсэн юм. Манай эгч Б хажууд байдаг Д-н эгч М-нх рүү ороод, би дүүгээ хот авч явж эмнэлэгт шүд, гарыг нь үзүүлэнгээ туслах багшийн сургалтанд суулгачихаад явуулъя гэж хэлэхэд, М дүүгээ аваад яв, Д-г явуулахгүй бид нар малчингаа явуулчихаад, малчин авч цалинжуулаад яахав дээ, танай дүү хаашаа явах нь надад хамаагүй гэж хэлсэн. Манай эгч манай руу орж ирээд Д-д хандан дүүгээ аваад явлаа гэхэд, манай нөхөр та Б-г авч явж яах гээд байгаа юм бэ, авч явах гээд байвал салгаад аваад яв, хоёр хүний амьдралд оролцлоо гэж хэлээд маргаан болсон юм. Бид хоёр гараад явах гэтэл Д-н эгч нь орж ирээд дүүтэйгээ нийлээд, манай эгчийг янхан гичий минь гэх зэргээр доромжилж, үснээс нь зулгаагаад явуулахгүй байсан юм. Би хоёр хүүхдээ авч явах гэтэл явуулахгүй гээд, над руу пийшингийн таг чулуудахад нь хажуу тийшээ болоод оногдоогүй юм. Миний баруун гарын дотор талын шуунаас манай нөхөр базаад хөхрүүлсэн. Манай том хүү Э-г өгч явуулахгүй гэж хэлээд, эгч бид хоёрыг ирсэн хувцастайгаа зайлцгаа та нар гэж хэлээд хаалгаар түлхээд гаргасан юм. Би эгчийн хамт хөл нүцгэн бага хүүгээ тэврээд зам руу гүйж унаанд сууж ирсэн юм ..гэх мэдүүлэг /хх-8-9/

- Гэрч Х.ТӨ-н: 2020 оны 05 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим Баруун-Урт сумын 6 дугаар баг дөрвөлжийн ...... тоотод гэртээ байж байтал манай нөхрийн найз болох Д нь эхнэр Б эгч Б-н хамт ирсэн юм. Тэгээд манай гэрт Б.Д, З.Б болон манай  найз Б бид дөрөв 2.5 литрийн пиво хоёрыг хувааж уусан. Гэтэл Б, Б хоёр хоорондоо маргалдаж  муудаад бие биеийнхээ үснээс зулгаагаад байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан бөгөөд орой 21 цагийн орчим Б нь явсан. Орой 23 цагийн орчим Д нь Б-н эгч Б-г айлаас авчирсан бөгөөд бүгдээрээ унтаж амрахаар болж ор, дэр хийж өгсөн юм. Гэтэл Д, Б хоёр виза карт алга болсон гээд хоорондоо маргалдаж муудаад гэрээс гарсан. Гадаа юу болсон талаар мэдэхгүй бөгөөд тэр хоёр гадаа нэлээн удсан. Би тэр хооронд нь унтаад өгсөн. Өглөө бостол Б нь миний хамар хөхөрсөн байна гэж нөхөртөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/

 

- Чих хамар хоолойн эмчийн үзлэгийн их эмч З.Гантулгын тодорхойлолт /2020.06.02/ /хх-ийн 27/

 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 289 дугаартай: 1.З.Б-н биед хамарт зөөлөн эдийн няцралт, хамар ясны шинэ цөмөрсөн хугарал, баруун гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх- 25-26/,

 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 290 дугаартай: 1.З.Б-н биед духанд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг  сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх- 19-20/,

 

   -Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020.06.08-ны өдрийн 106 дугаартай тодорхойлолт /хх-36/

 

   - Шүүгдэгч Б.Д-н Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 37/

 

   - Шүүгдэгч Б.Д-н Урьд ял шийтгэгдсэн эсэх/хх- 38/

 

   -Б.Д, З.Б нарын  2201000005 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хх-39/

 

   -Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хх-42-54/

 

   -Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 13-ны 50 дугаартай шийтгэвэр /хх-61/

 

   -З.Б, Б.Д нарын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-67, 68/

 

   - Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай санал/хх- 70/зэрэг баримтууд болно.

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний орой Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг Багацагаан гэх газар эхнэр З.Б-н баруун гарын дотор талын шуунаас базаж бугалганд цус хуралт үүсгэн зодож, 

мөн 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Дөрвөлжийн 3-7 тоотод гэр бүлийн маргаанаас эхнэр З.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж хамарт зөөлөн эдийн няцралт, хамар ясны шинэ цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

Б.Д-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “Би Б-н хамрыг хугалсан нь үнэн. Харанхуй шөнө манай хүүхдийг нүцгэн аваад зам руу явах гэхээр нь би харанхуй шөнө хүүхдээ явуулахгүй гэж дээлнээс нь татах гэж байгаад санаандгүй гарын шуунаас нь татсан. Торгох ялд маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын яллах дүгнэлтэнд уншсан бүхэн үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх,

хохирогч З.Б-н“ 2020 оны 05 дугаар сарын 23-нд Баруун-Урт суманд ирж хүнсний зүйлсээ авахаар ирээд өөрийнхөө банкны виза картыг алга болгосон юм. Орой 22 цагийн үед Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн .. тоотод оршин суух Б гэх Д-н найзынх нь гэрт байхдаа банкны виза картаа нөхөр Д-с асуутал байхгүй өдөр чамд өгсөн гэсэн. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдаж муудсан бөгөөд миний үснээс зулгааж гэрээс гаргаад хашаанд шахаж зогсоогоод хоолой боогоод толгой болон нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Тухайн үед яг хамар руу гараараа цохисон,хамарнаас их цус гарсан. Д-д зодуулснаас болж хамар хугарсан.

2020 оны 05 дугаар сарын 31-ны орой 22 цагийн үед нөхөртөө сургууль амарчихсан байна хоёулаа эгчийг дагууд хот явж ажил хийе гэж хэлэхэд, манай нөхөр Д би явахгүй чи өөрөө яв гэж хэлсэн юм. Бид хоёр гараад явах гэтэл Д-н эгч нь орж ирээд дүүтэйгээ нийлээд, манай эгчийг янхан гичий минь гэх зэргээр доромжилж, үснээс нь зулгаагаад явуулахгүй байсан юм. Би хоёр хүүхдээ авч явах гэтэл явуулахгүй гээд, над руу пийшингийн таг чулуудахад нь хажуу тийшээ болоод оногдоогүй юм. Миний баруун гарын дотор талын шуунаас манай нөхөр базаад хөхрүүлсэн....” гэх,

гэрч Х.ТӨ-гийн “...2020 оны 05 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим Баруун-Урт сумын 6 дугаар баг дөрвөлжийн 3-7 тоотод гэртээ байж байтал манай нөхрийн найз болох Д нь эхнэр Б эгч Б-н хамт ирсэн юм. Тэгээд манай гэрт Б.Д, З.Б болон манай  найз Б бид дөрөв 2.5 литрийн пиво хоёрыг хувааж уусан. Гэтэл Д, Б хоёр виза карт алга болсон гээд хоорондоо маргалдаж муудаад гэрээс гарсан. Гадаа юу болсон талаар мэдэхгүй бөгөөд тэр хоёр гадаа нэлээн удсан. Би тэр хооронд нь унтаад өгсөн. Өглөө бостол Б нь миний хамар хөхөрсөн байна гэж нөхөртөө хэлж байсан...” мэдүүлгүүд,

шинжээчийн 289 дугаартай “ 1.З.Б-н биед хамарт зөөлөн эдийн няцралт, хамар ясны шинэ цөмөрсөн хугарал, баруун гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт зэрэг хамаарна.

 

Хэргийн дээрх баримтаар Б.Д, З.Б нар нь виза карт алга болгосон болон хот явах зэрэг гэр бүлийн асуудлаас маргалдаж, улмаар Б.Д нь хохирогч З.Б-н хамар руу гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал учруулж болон гарын шуунаас барьж хөхрүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдох бөгөөд Б.Д нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй ” гэж,

мөн дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ” нь гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тус тус тодорхойлсон байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж заасан шинжээр авч үзвэл Б.Д-н, эхнэр З.Б-ийг зодсон дээрх үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг чиглэсэн, гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болохыг дурдъя.

 

Энэ хэргийн шүүгдэгч Б.Д, хохирогч З.Б нар нь 2017 онд гэрлэлтээ батлуулж албан ёсны гэр бүл болсон нь хэрэгт авагдсан 2201000005 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдох бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно гэж заасан зохицуулалтаар хохирогч З.Б нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Д-н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлсон байгааг дурдъя.

 

Б.Д-н үйлдлийн улмаас хохирогч З.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй ба гомдолгүй талаараа “ З.Б миний бие нь Б.Д-д гомдол тэмцэл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг аймгийн Прокурорын газарт гаргажээ. Иймд шүүгдэгч Б.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Б.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.Д-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч З.Б “ З.Б миний бие нь Б.Д-д гомдол тэмцэл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Б.Д-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Дыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд ялтан Б.Д-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч З.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН