| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2017/04567/И |
| Дугаар | 001/ХТ2018/01195 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/01195
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаар магадлалтай,
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“М” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3.393.478.553 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, О.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, өмгөөлөгч Г.Орхон, гуравдагч этгээд Г.Зориглон, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нийт 3.500.000.000 төгрөгийг Шинэ Эрдэнэт хотхоны 180 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зориулалтаар, 24 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан хэсэгчлэн олгох, зээлийг гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу буцаан төлөх нөхцлийг талууд харилцан тохиролцож, 23/15-20 тоот зээлийн гэрээ байгуулсан. Т ХХК нь зээлдэгчийн дансанд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000.000 төгрөг нийт 2.500.000.000 төгрөг олгосон. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийг буцаан төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн хүүнд 270.293.939 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй. Т ХХК нь хариуцагч М ХХК-д үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснийг сануулж, гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч тодорхой үр дүн гараагүй учраас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23/15-20 дугаар зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гаргуулахаар шаардсан. Иймд хариуцагчаас үндсэн зээл 2.500.000.000 төгрөг, үндсэн хүүнд 865.925.238 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27.553.315 төгрөг, нийт 3.393.478.553 төгрөг гаргуулж, барьцаа болон батлан даалтын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. М ХХК нь Т ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23/15-20 тоот зээлийн гэрээ байгуулж, 3.500.000.000 төгрөгийг зээлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт баригдаж буй Шинэ Эрдэнэт хотхоны 180 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зорилгоор ашиглахаар тохиролцсон. Гэвч зээлийг бүрэн гүйцэд олгоогүйгээс болж барилгын ажил санхүүжилтгүй болж, байгууллагад их хохирол учирсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Зориглон шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүйгээс үүссэн асуудал гэж бодож байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 3.359.706.060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 33.772.493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу/14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай нийт 5676.7 м.кв талбайтай барилга, 000515487 дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.265.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 17.026.680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 456 481 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, О.Мягмарсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Г.Зориглон, С.Энхтайван, “Энгүй тал” ХХК-иудыг барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээнд заасан тэдний хувийн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хүрээнд нэр бүхий иргэдийн хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдөхөөр байсан тул хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх хүсэлттэй холбогдуулан мөн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу барьцаа хөрөнгө болох Г.Зориглонгийн хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого, батлан даалтын хөрөнгө болох Г.Зориглонгийн хувийн өмчийн орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн болон бусад орлого, Г.Зориглон, “Энгүй тал” ХХК нарын ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах гэсэн хэсгээс татгалзаж, харин “Т” ХХК болон иргэн Г.Зориглон, “М” ХХК-ний хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаартай нийт 5676.7 м.кв талбайтай барилга, мөн дээрх хаягт байрлах 000515487 дугаар гэрчилгээний дугаартай 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсанаар анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан учир Г.Зориглон, С.Энхтайван, “Энгүй тал” ХХК нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулахаас татгалзсан захирамж гарсан бөгөөд уг захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн эсэх талаар ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байхад хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тайлбарлан алдаа гаргасан гэж үзнэ. Хууль болон гэрээнд заасны дагуу “Т” ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд “М” ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г.Зориглонгийн эрх ашиг хөндөгдөх байсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гарган бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бөгөөд тэрээр барьцааны гэрээний зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар мэдсэн, мөн 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр Д.Угтаабаярт итгэмжлэл олгож байсан зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой этгээд болох Г.Зориглон хариуцагчаар бус гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг буруутгах боломжгүй тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Харин 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгах талаар гаргасан хүсэлтийг шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар шийдвэрлэж, татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна гэж зөв дүгнэсэн атлаа залруулах боломжгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна. Анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх бүрэн боломжтой байсан.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт 3.393.478.553 төгрөг гаргуулж, барьцаа, батлан даалтын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...гэрээнд заасан зээлийг бүрэн олгоогүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Хариуцагч М ХХК нь иргэн Г.Зориглонгийн өмчлөл, эзэмшлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 5676.7 м.кв талбайтай орон сууц конторын зориулалттай барилга, мөн хороонд байрлах 1482 м.кв газрыг тус тус барьцаалан нэхэмжлэгч Тнаас 3.500.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 2.4 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 26-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ /хэргийн 7-17 дугаар тал/.
Г.Зориглон нь дээрх хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг зөвшөөрч, барьцааны гэрээнд иргэний хувиар оролцож гарын үсэг зуржээ.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцжээ.
Банкнаас зээл олгох гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээний 2.1.3-т барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан зээлийг хэсэгчлэн олгохоор заасан ба нэхэмжлэгч 2.500.000.000 төгрөгийн зээл олгосныг хариуцагч хүлээн авсан, энэ талаар маргаагүй байна.
Гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.
Хариуцагч зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-г зөрчөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т нэхэмжлэлийн зарим шаардлага буюу Г.Зориглонгийн хувийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Батлан даалтын гэрээтэй холбоотой хэсгээс Г.Зориглонгийн хувийн өмчлөлийн орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн болон бусад орлого, Г.Зориглон, “Энгүй тал” ХХК, Энхтайван нарын ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах авлага, бараа материалын орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай гэсэн шаардлагаас татгалзсан, шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 12883 дугаар захирамжаар татгалзлыг баталж шийдвэрлэжээ /хэргийн 98-101 дүгээр тал/.
Үүний дараа нэхэмжлэгч нь Г.Зориглон, С.Энхтайван, “Энгүй тал” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4.-т зааснаар хариуцагч нарт холбогдох шаардлага болон хаяг тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Хүсэлтэд дурдсан хамтран хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлага хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх “...хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг хангаагүй...” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээс гадна, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой дурдаагүй, зөвхөн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 27.553.315 төгрөг нэхэмжилсэн, анхан шатны шүүх зээл болон үндсэн хүүг төлөх хуваарийг шинэчлэн тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг ба мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг.
Мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч батлан даагчид холбогдуулан шаардлага гаргаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн хүлээх үүрэг, төлбөрийн тооцоо зэргийн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2.500.000.000 төгрөг, зээлийн хүүд 859.706.060 төгрөг, нийт 3.359.706.060 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ эрх зүйн дүгнэлтийг зөв хийжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 17.026.680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ