| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00910/и |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 48
ХААН банкны Дархан салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/00910/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Ворлддейнти” ХХК,
Хариуцагч Боржигон овогтой Д-гийн О-,
Хариуцагч Эндээ овогтой Ц-ын О- нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 251.472.355 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар:
“Ворлдейнти” ХХК түүний захирал Э.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.О-, Ц.О- нар нь Хаан банктай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1709 тоот зээлийн гэрээг байгуулж, 200.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Мөн “Ворлддейнти” ХХК түүний захирал Э.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.О- нар нь дахин тус банкнаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот зээлийн гэрээгээр тээврийн хэрэгсэл авахаар нэмэлт 50.000.000 төгрөгийн зээл авсан.
Хоёр талын анхны 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 43.685.480 төгрөг, хүүгийн төлбөрт 75.595.743 төгрөг, нэмэгдүүлсэн хүүийн төлбөрт 458.437 төгрөг, нийт 119.739.661 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот гэрээгээр зээлсэн 50.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн дүн нь үндсэн зээлийн төлбөрт 12.579.323 төгрөг, хүүгийн төлбөрт 9.839.844 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5.960 төгрөг, нийт 22.425.128 төгрөгийг төлсөн.
Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул Хаан банкны Дархан салбар гэрээгээ цуцалж, 2 удаагийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 193.735.196 төгрөг, хүүгийн төлбөрт 38.980.388 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.525.363 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний зардалд 43.100 төгрөг нийт 235.284.047 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээлийн төлбөрт 184.241.196 төгрөг, хүүгийн төлбөрт 60.853.506 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6.334.553 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний зардалд 43.100 төгрөг нийт 251.472.355 төгрөг нэхэмжилж, барьцаа хөрөнгө болох 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот барьцааны гэрээний зүйл болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх-Уул ард байрлах, Замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210.4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, 312.11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, 193 тоот гэрээний барьцаа хөрөнгүүд болох Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай барилга, үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламжуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан Хаан банк, “Ворлддейнти” ХХК, Д.О- нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.О- нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 251.472.355 төгрөгийг гаргуулж, Хаан банкны Дархан салбарт олгож, хариуцагч Ц.О-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006211 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019649 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210.4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204002385 дугаартай, 312.11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003012243 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000680 дугаарт бүртгэгдсэн Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000679 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1.415.311 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.415.311 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйн дээр хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглэлгүй нэхэмжлэгчийн шаардсан хүүг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байх тул зээлийн нэмэгдүүлсэн хүү 6.334.553 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчигүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.О- нарт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүрэг болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 235.284.047,83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ворлддейнти” ХХК, Д.О-, Ц.О- нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 251.472.355,06 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг гардан авсан, шүүх хуралдааны товыг хариуцагч “Ворлддейнти” ХХК-ийн захирал Э.Бямбасүрэн, хамтран хариуцагч Д.О-, Ц.О- хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүхэд тайлбар гаргаагүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан Хаан банк, “Ворлддейнти” ХХК, Д.О- нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.О- нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 251.472.355 төгрөгийг гаргуулж, Хаан банкны Дархан салбарт олгож, хариуцагч Ц.О-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгийн зарим хэсгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол зээлийн хүүг багасгаж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй гэж гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянахад “Ворлдейнти” ХХК /захирал Э.Бямбасүрэн/, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.О-, Ц.О- нар нь Хаан банктай 2013 оны 7 сарын 24-ний өдөр 1709 тоот зээлийн гэрээ байгуулж, 200.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Мөн “Ворлдейнти” ХХК түүний захирал Э.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.О- нар нь дахин тус банкнаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот зээлийн гэрээгээр тээврийн хэрэгсэл авахаар нэмэлт 50.000.000 төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байна.
Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөөгүй нь Иргэний хуулийн 219, 225 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.
Гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох мөнгөн зээл болон хариу үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ хариуцагч нар зөрчсөн тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөхийг шаардах эрх үүссэн байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хариуцагч нарыг чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.О-т шүүгчийн захирамж гаргахаас өмнө мэдэгдсэн нь шүүх хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хаагаагүй, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл нь мөнгөн зээлийг банк, эсхүл зээл олгох эрх бүхий этгээдээс олгох тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалт болох бөгөөд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг урьдчилан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ” гэж заасан учир талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээ байгуулсан ба шүүх хариуцагчаас гаргуулж буй хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан хэмжээнээс илүү тухайлбал нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлж тооцоогүй, мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
С.ОЮУНЦЭЦЭГ