Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0173

 

“Тр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө

Нэхэмжлэгч “Тр” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 849 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

Хэргийн индекс: 128/2021/0504/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Тр” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 849 дүгээр шийдвэрээр:

2.1. “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай A/422 дугаар захирамжийг хүчингүй болгож… шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн дуусгавар болгох тухай" А/422 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тр” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь телеегүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхацсан гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

3.2. “Тр” ХХК нь дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн, эзэмшил газар нь Газрын тухай хуулийн дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчин ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон.

3.3. Мөн төлбөрийг барагдуулах тухай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1409/4475, 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6588, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2634, 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/2890 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн сонсох ажиллагаа хийгдсэн байдаг.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 849 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/422 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар “Тр” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/618 дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

2.2. Үүнийг эс зөвшөөрч гаргасан “Тр” ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх “...хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг боломжтой, хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь тодорхой хөрөнгө, зардал гаргаж бодит бүтээн байгуулалт хийсэн байх тул нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон...” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзлээ.

2.3. Хэдийгээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 401.6-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдийг тусгасан бөгөөд дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан газрын төлсөн баримт, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл болох спорт заал, фитнесс заал, усайн бассейны барилга зэргээр тогтоогдохгүй байх боловч зөвхөн энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй.

2.4. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллах ёстой боловч энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актад заасан үндэслэлээс өөр нөхцөл байдлыг тайлбарлан мэтгэлцэж байх ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу захиргааны байгууллагаас зохих шийдвэрийг гаргаж ажиллах үүрэгтэй учир дараах үндэслэлүүдээр маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч “Тр” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг бүрэн гүйцэд төлөөгүй, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1409/4475, 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6588 албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн сонсох ажиллагаа хийгдсэн...” хэмээн тайлбарлаж байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Тр” ХХК-д анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/262 дугаар захирамжийн дагуу 2000 м.кв талбайг дуудлага худалдааны анхны үнэ болох 440.000.000 /Дөрвөн зуун дөчин сая/ төгрөгөөр хуваарийн дагуу 10 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Р” хотхоны баруун талд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

2.7. Үүний дараагаар мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар тушаалаар дээрх газрын эзэмших эрхийн талбайн байршлыг сольж эзэмшин газрын төлбөрийг төлж барагдуулан маргаан бүхий газарт бүтээн байгуулалт болох спорт заал, фитнесс заал, усан бассейны барилга барьж ашигласан болох нь тогтоогдож байна.

2.8. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1409/4475, 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6588 албан бичгүүдээр дуудлага худалдааны анхны үнийн дүнг төлж барагдуулаагүй тул яаралтай барагдуулахыг мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь тус үнийн дүнгийн хэрхэн үлдэгдэлтэй болох талаар тодорхойгүй буюу нэхэмжлэгчээс Барилга хот, байгуулалтын сайдын 2015, 2018 онд батлагдсан тушаалуудын дагуу Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойгүй, энэ талаар хариуцагчтай тохиролцож чадахгүй байгаа хэмээн тайлбарлаж байх ба хариуцагчаас энэ талаар бүрэн тогтоосон зүйлгүй байна. Хэрэв “Тр” ХХК нь ийнхүү газрын анхны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдвол нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломжгүй.

2.9. Мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:” 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар”, 6.2.4-д “ойн сан бүхий газар”, 6.2.5-д “усны сан бүхий газар” гэж заасан хамгаалалтын бүс бүхий газрыг иргэн хуулийн этгээдэд дангаар эзэмшүүлэх боломжгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид дээрх хуулийн заалтыг зөрчиж газар олгосон хэмээн тайлбарлаж байгаа нь А/422 дугаар захирамжийн үндэслэлд хамааралгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан нотлох баримт цуглуулах, бодит нөхцлийг тогтоох зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангуулан дахин шийдвэр гаргах нь зүйтэй.

2.10. Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнх 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу тодорхойлогдох ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж хэрэг хянан шийдвэрлэх бөгөөд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий уг хэрэгт маргаан бүхий актын үндэслэл болсон нөхцлийн хүрээнд нотлох баримт цуглуулж хэргийг хянан шийдвэрлэснийг нотлох баримт дутуу цуглуулсан гэж буруутгахгүй боловч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын үүднээс гаргасан шийдвэр нь үр нөлөөтэй байж чадаагүй байна.

2.11. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул нийслэлийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/422 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/422 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА