Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 141

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох 2030000000184 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Мандахын .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..........., Э.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн Х.Ц-н халаасанд байсан бэлэн 1.060.0000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн газарт байцаагдаж байхдаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй.  Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 1 жил тэнсэх, мөн зан үйлээ засах сургалтад хамрагдах арга хэмжээ авах саналыг зөвшөөрч байна...гэв.

 

2030000000184  дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч Э.Э-н: 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Баруун-Урт сумын 5 дугаар баг зүүн цэргийн ангийн, баруун урд талд байх /хаягыг нь мэдэхгүй байна / хадам Б-нд үдийн амралтаараа очиход тэднийд манай аавын найз болох Ц ах согтуу унтаж байхаар нь та яв гэж хэлэхэд чи намайг хүргээд өг гэхээр нь Ц ахыг гэрээс түшиж гаргаад өөрийн Верна маркийн ....... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Ц ахыг суулгаад гэрээсээ 13 цаг өнгөрөөгөөд хөдөлж морьтой хөшөөний зүүн доор байх Ц ахын дүү гэх айлын хашаанд очиход хүн байхгүй болохоор нь Баруун-Урт сумын малтай байранд байх өөрийн төрсөн аав ЭА-нд очиж Ц ахыг машинаас буулгаж гэр рүү оруулах үед өмднийх нь баруун талын халаасанд боолттой мөнгө байхаар нь тэрийг нь аваад өөрийнхөө машины урд талын нүүрний хайрцагт хийчихсэн юм. Ц ах 7 хоногийн өмнө манай ээжийнд аймаг дээр  байхдаа “  хоол хийж өгсөнгүй, мөн  манай аавтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар “ нь би Ц ахыг хорлох санаатай мөнгийг нь хулгайлчихсан юм. Өчигдөр 20 цагийн үед Ц ах надруу танихгүй дугаараас залгаад ах нь мөнгөө хаячихсан байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн бөгөөд эхнэр Г руу залгаад “ Ц ах мөнгө  өгсөн юм уу “ гэж асуухад Г үгүй гэж надад хэлсэн юм. Би орой 21 цагийн үед очиж Г, Ц ах мөнгө алга болсон байна гэж над руу яриад байна чи очиж уулзах юм уу гэхэд Г нь мэдэхгүй байна чи өөрөө Ц ахыг аваад яваа биз дээ гэж надад хэлсэн юм. Намайг өчигдөр 13 цаг өнгөрөөгөөд үдийнхээ амралтаар очиж хоол идэж байхад хадам ээж Б, Ц их хэмжээний мөнгөтэй байгаа талаар хэлж байсан юм. Би тэр мөнгийг өчигдөр ажлаа тараад 19 цагийн үед тоолоход 1 сая 60 мянган төгрөг байсан юм аа. Би хүний мөнгийг хулгайлсандаа харамсаж гэмшиж байна. Би эрчим ХХК-д  ажилладаг байхдаа Голомт банкнаас 12 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ажилдаа дутагдал гаргаад  халагдчихсан бөгөөд мөнгөний хэрэг  болоод тухайн мөнгийг авчихсан юм аа. Би тухайн мөнгийг буцаагаад Ц ахад өгнө.

...Би урьд нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээр үйлдсэн хэргийнхээ  талаар ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Би тэр орой нь өөрийн ээжийн эгчийн хүүхэд болох хамаатан ах Д-н гадаа машин засаад хонуутаар ажилласан, гэртээ хоноогүй юм. Надад нэмж ярих зүйл байхгүй өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Х.Цгээс уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29/,

 

- Хохирогч Х.Ц-н: Би Сүхбаатар аймгийн Онгон суманд очиж өөрийн халиун гүү, цэнхэр халзан үрээ, хонгор үрээг Т гэх хүнд зарсан юм. Т хэд хоногоос мөнгийг чинь дансаар явуулъя гэсэн ба намайг Сүхбаатар аймагт ирсний дараа манай дүү Ц-н данс руу 3 адууны мөнгө гэж 1.600.000 төгрөг хийсэн байдаг ба би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.300.000 төгрөгийг дүү Ц-с аваад тухайн мөнгийг халаасандаа хийгээд 12 цагийн орчим зүүн дэнжид байх танил дүү Э-нд очиход түүний эхнэр Б.Г байхаар нь би мөнгөө гаргаж ирээд “ ахдаа 1 шил архи аваад ир “ гэхэд “ хүүхэд харж байна явж чадахгүй “ гэсэн бөгөөд гаднаас нь ээж ороод ирэхээр нь тэр хүнд 20.000  төгрөг өгөөд архинд явуулсан. Төд удалгүй гаднаас эхнэрийнх нь ээж архи авч орж ирсэн ба би тэрийг нь уугаад унтчихсан байсан ба нэг мэдсэн Э-н аав ЭА-нд сэрсэн юм. Өглөө нь 05 дугаар сарын 21-ний өдөр би халаасандаа мөнгөө үзсэн чинь миний мөнгө байхгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан юм. Би өөрийн  мөнгийг Э-н эхнэр Б.Г-с асуусан чинь мэдэхгүй гээд байгаа юм. Цагдаагийн байгууллагад миний гомдлыг шалгаад Э.Э хулгайлсан болохыг тогтоосон байсан. Би 1.060.000 төгрөгөө буцааж авсан надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй байна.

....Би Э.Э гэх залуугаас 1.060.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба 200.000 төгрөгөө өөрийнхөө улаан өнгийн биеийн тамирын өмдний ар талынх нь халааснаас олсон. Одоо бодох нь би 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөө гэр рүүгээ халамцуу очоод тухайн улаан өнгийн биеийн тамирын өмдийг сольж өмсөхдөө арынх нь халаасанд хийчихсэн байх гэж бодож байна. Хэд  хоногийн өмнө тухайн өмдөө угааж байхдаа мөнгө байсныг нь мэдсэн юм. Надад ямар нэгэн байдлаар гомдол санал гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7-10/

 

- Гэрч Б.Г-н:  Намайг гэртээ хүүхэдтэйгээ байхад 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Х.Ц нь халамцуу орж ирээд 30 орчим минут сууж байгаад “ намайг архинд яваад өгөөч, ах нь мөнгийг нь өгнө “ гэж гуйсан юм. Тухайн үед би хүүхэдтэйгээ байсан болохоор гарч болохгүй байсан, тэгтэл манай ээж гаднаас орж ирээд ээж Ц ахын өгсөн 20.000 төгрөгийг авч Г дэлгүүрээс 0.75 л Ерөөл нэртэй архи авч ирсэн, үлдсэн мөнгөөр нь ээжийг нэгж хийчих би утсаар ярна гэж байсан. Тэгээд авч ирүүлсэн архины талыг уугаад согтоод унаад өгсөн юм. Тэр үед манай нөхөр ажлаасаа ирээд уурлаж Ц ахыг очих газарт хүргэж өгөхөөр чирээд гарсан юм. Ээж араас нь “ наадах чинь их хэмжээний мөнгөтэй явж байна лээ шүү “ гэж хэлээд гаргасан би үлдсэн шилтэй архийг нь өгөх гээд араас нь гарахад манай нөхөр Э.Э нь Ц ахыг машиныхаа ард талын суудал дээр суулгачихсан халааснаас нь мөнгийг нь аваад өөрийнхөө халаасан хийж байсан, намайг анзаараагүй байж магадгүй. Би бодохдоо хүргэж өгөөд мөнгийг нь өгөх юм байлгүй, хамаатан шахуу хүмүүс юм чинь гэж бодсон юм. Орой манай нөхөр миний гар утас руу залгаад “ чамд Ц ах мөнгө өгсөн юм уу “ гэж асуусан тэгэхээр нь би “ надад мөнгө өгөөгүй “ гэж хэлсэн юм. Манай нөхөр удалгүй 21 цагийн үед гэртээ ирээд “ Ц ах мөнгө алга болсон гээд олон юм ярьж байна, чи очиж уулзах юм уу “ гэж асуухад нь би нөхөртөө “ юу яриад байгаа юм бэ, надад мөнгө төгрөг өгөөгүй”  гээд сайн учрыг нь олоогүй тэгээд орхисон. 2020 оны 05 дугаар сарын 21-нд өглөө эрт 07 цагт Ц ах эрүүл манай гэрт орж ирээд “ миний халаасанд байсан 1 сая төгрөг алга, 20.000 төгрөг л үлдсэн байна. Чи авсан уу “ гэж асуусан. Би уурлаж би мөнгө төгрөг аваагүй гэж загнахад за тэгвэл цагдаад л хэлхээс гээд гараад явсан. Урьд шөнө манай нөхөр гэртээ хоноогүй, эзгүй байсан юм. Би хэдэн төгрөг байсныг бол мэдээгүй, харахад их хэмжээний боодолтой 20.000-ийн дэвсгэрт байсан юм. Би нөхрийгөө мөнгийг нь өгөөгүй хулгайлчихсан юм байна гэж мэдсэн. Удаагүй цагдаа манайд ирсэн, би бүх зүйлийг үнэн зөвөөр хэлсэн юм. Би тэр мөнгийг нь хаана байгааг мэдэхгүй манай нөхөр урьд шөнө гэртээ хоноогүй өглөө би залгахад утас холбогдохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-14-16/

 

- Гэрч Х.Ц-н: Манай төрсөн ах Ц нь 2020 оны 05 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Онгон сум руу явж өөрийн хүргэн Тд 3 тооны адуу зарсан ба тухайн адууны мөнгө гэж 1.600.000  төгрөг миний данс руу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орсон юм. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Ц ах надаас “ адууныхаа мөнгийг авъя. Ах нь шүүхэд 500.000 төгрөг, хүнд 50.000 төгрөг өгнө. Хүүдээ бас ойр зуурын юм авмаар байна”  гэхээр нь манай охин У 1.300.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд явуулсан. Тухайн үед Ц нь бага зэрэг уучихсан халамцуу байсан юм. Өнөө өглөө 06 цагийн  үед Ц ах орж ирээд “ ах нь мөнгөө хаячихлаа. Өчигдөр намайг согтуу байхад Э нь аавындаа хүргэж өгсөн бөгөөд Э-н гэр лүү очсон чинь мэдэхгүй гэнэ. Цагдаа дуудаж шалгуулъя “ гээд цагдаад хандсан юм. Ц тухайн мөнгөнөөс 20.000 төгрөгөөр архи авсан. 20.000 төгрөг нь халаасанд байсан бөгөөд 1.260.000 төгрөг алга болсон байгаа юм. Цагдаад хандсаны дараа тухайн мөнгийг Э авсан гэдгийг тогтоосон бөгөөд Э Ц-д 1.060.000 төгрөг буцааж өгсөн ба одоо 200.000 төгрөг дутаад байгаа юм...гэх мэдүүлэг /хх-17-18/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020.06.12-ны өдрийн 9/221 дугаартай тодорхойлолт /хх-32/

 

- Э.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/,

 

- Э.Э-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 /

 

- Хаан банкны Сүхбаатар салбарын 2020.06.15-ны өдрийн 184 дугаартай тодорхойлолт /хх-37/

 

- Х.Ц, Х.Ц нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38-42/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-30-31/

 

- Э.Э-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-46/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай санал /хх-48/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Мандахын ... тоот дахь хашаанд иргэн Х.Ц-г согтуу үед нь машинаараа хүргэж өгөхдөө халаасанд байсан 1.060.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь: 

шүүгдэгч Э.Э-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Цагдаагийн газарт байцаагдаж байхдаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй.  1 жил тэнсэх, мөн зан үйлээ засах сургалтад хамрагдах арга хэмжээ авах саналыг зөвшөөрч байна” гэх,

хохирогч Х.Ц-н“ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.300.000 төгрөгийг дүү Ц-с аваад 12 цагийн орчим Зүүн дэнжид байх танил дүү Э-нд очиж түүний эхнэр Б.Г-н ээжид нь 20.000 төгрөг өгч архинд явуулсан. Тэр архийг уугаад унтчихсан байсан, нэг мэдсэн Э-н аав ЭА-нд сэрсэн. Өглөө нь мөнгөө үзсэн чинь миний мөнгө байхгүй болохоор нь гомдол гаргасан. Миний мөнгийг Э.Э нь хулгайлсан  болохыг тогтоосон. Би Э.Э-гээс 1.060.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба 200.000 төгрөгөө өөрийнхөө улаан өнгийн биеийн тамирын өмдний ар талынх нь халааснаас олсон ” гэх,

гэрч Б.Г-н 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед гэртээ байхад Х.Ц нь халамцуу орж ирсэн. Манай ээж орж ирэхэд Ц ах 20.000 төгрөг өгч архи захисан. Архины талыг уугаад согтоод унаад өгсөн юм. Тэр үед манай нөхөр ажлаасаа ирээд уурлаж Ц ахыг очих газарт хүргэж өгөхөөр чирээд гарсан юм. Ээж араас нь “ наадах чинь их хэмжээний мөнгөтэй явж байна лээ шүү “ гэж хэлээд гаргасан. Би үлдсэн шилтэй архийг нь өгөх гээд араас нь гарахад манай нөхөр Э.Э нь Ц ахыг машиныхаа ард талын суудал дээр суулгачихсан халааснаас нь мөнгийг нь аваад өөрийнхөө халаасан хийж байсан, намайг анзаараагүй байж магадгүй. Би бодохдоо хүргэж өгөөд мөнгийг нь өгөх юм байлгүй, хамаатан шахуу хүмүүс юм чинь гэж бодсон юм ” гэх

гэрч Х.Ц-н “ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Ц ах надаас адууныхаа мөнгийг авъя. Ах нь шүүхэд 500.000 төгрөг, хүнд 50.000 төгрөг өгнө. Хүүдээ бас ойр зуурын юм авмаар байна гэхээр нь манай охин У нь 1.300.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд явуулсан. Тухайн үед Ц нь бага зэрэг уучихсан халамцуу байсан юм. Тэгсэн өнөө өглөө 06 цагийн  үед Ц ах орж ирээд ах нь мөнгөө хаячихлаа. Өчигдөр намайг согтуу байхад Э нь аавындаа хүргэж өгсөн бөгөөд Э-н гэр лүү очсон чинь  мэдэхгүй гэсэн. Цагдаа дуудаж шалгуулъя гээд цагдаад хандсан юм ” гэх мэдүүлгүүд,

Хаан банкны Сүхбаатар салбарын 2020.06.15-ны өдрийн 184 дугаартай тодорхойлолт, Х.Ц, Х.Ц нарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Э.Э нь тухайн өдөр архи ууж унасан Х.Ц-г аав ЭА-нх руу хүргэж өгөхдөө түүний халаасанд байсан 1.060.000 төгрөгийг хулгайлсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр түүний хохирогчийн согтуурч, өөрийн үйлдлийг хянах чадваргүй байдлыг далимдуулан түүний халааснаас бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна

 

Шүүгдэгч Э.Э-н, иргэн Х.Ц-н халаасанд байсан мөнгийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Э болон түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Х.Ц-д учирсан хохирол нөхөн төлөгдсөн нь түүний  “Би 1.060.000 төгрөгөө буцааж авсан надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй байна ” гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгч Э.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Э-н бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Э.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Э.Э-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Э.Э-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн     1.1-т “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх “ гэж заасан байхад прокурор яллагдагч Э.Э-д хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргахдаа дээр дурдсан “ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх “ саналыг танилцуулалгүй, орхигдуулсан байна.

 

Дээрх зохицуулалт нь эрүүгийн хариуцлагын хүрээн дэх албадлагын арга хэмжээг заавал оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон буюу императив шинжтэй, заавал хэрэглэх хэм хэмжээний зохицуулалт тул шүүх прокурорын саналыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар “ зан үйлээ засах ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулахаар тогтоов.

 

Шүүгдэгч Э.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт заасан “ зан үйлээ засах ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.  Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Э-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

4. Шүүгдэгч Э.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Ц-д учирсан 1.060.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН