Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 145

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,

Өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2030000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “ АТ” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............, Л.О.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Л.О нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвөөс зүүн зүгт явах замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Г-н толгойн тус газарт архины шилээр цохиж, цээжин тус газарт хагархай архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлэг өгсөн. Замаа олохгүй маргасан. Бид хоёрт урьдын өс хонзон байхгүй. Би шилтэй архиар цохисноо сайн санахгүй байгаа. Энэ асуудалдаа гэмшиж байна. Хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, 500,000 төгрөгөөр торгох ялыг өвшөөрч байгаа...гэв.

 

- Яллагдагч Л.О-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлынхаа талаар бүгдийг ярьсан, нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.

Л.О гэрчээр мэдүүлэхдээ: Би 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Аргалын овоо гэх газарт гэртээ байхад Б.Г нь 11 цагийн орчимд ирээд “ манай үхрээс нэг тооны бяруу алга болсон, хайгаад явж байна “ гэж хэлэхээр би “ манайхаас бас нэг бяруу алга болоод байгаа хамт хайх уу “ гэж хэлээд би Б.Г-тэй хамт явсан. Бяруугаа олохгүй болохоор нь Б.Г бид хоёр 14 цагийн орчимд Мөнххаан сумын төв рүү явж М хүнсний дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи Б.Г авсан. Бид хоёр бяруугаа дахин хайхаар Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг ЦӨ, Т гэх газруудаар явж ЦӨ гэх газар очиж нэг шил архиа хоёр хувааж ууж дуусгаад дахин сумын төв рүү орж дэлгүүрээс 0.75 литрийн экс нэртэй архийг аваад Г нь нэг хүнтэй машины наймаа хийж байгаа эндээс нэг хүн аваад Уулбаян сум явъя гэж хэлээд сумын төвд байх Х-н байрнаас Э /БТ/ гэх хүнийг аваад Мөнххаан сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүг рүү 40 гаран километр яваад Э гэх хүний хүргэн гэх айлд очиход машины наймаа хийх хүн нь байхгүй байхаар нь Э, Г бид гурав дэлгүүрээс авсан хувааж ууж дуусгаад Мөнххаан сум руу явсан. Э гэрт нь буулгаад Г бид хоёр 01 цагийн орчим хөдөө байх гэр лүүгээ явж байгаад Г бид хоёр хоорондоо маргалдсан. Г бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг хаана маргалдсанаа санахгүй байгаа. Би Гийн машин дотор байсан архины шилээр /ямар нэртэй архины шил байсныг санахгүй байна/ Гийн толгой хэсэгт нэг удаа цохиход тухайн архины шил хагарсан, хагархай хэсгээр нь Гийн цээжний хэсэгт зүссэн. Тэгээд Г бид хоёр маргалдаж дуусаад гэр, гэртээ харьсан Б.Г бид хоёрын дунд ямар нэг өс хонзонгийн зүйл болон нэг нэгэндээ өгөх, авах авлага байхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Б.Г гэх хүнтэй ямар асуудлаас болж маргалдсанаа санахгүй байна,тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-7-8, 29/,

 

- Хохирогч Б.Г-н: Би 2020 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг АТ гэх газар байх Л.О-н гэрт бяруу хайж яваад очсон юм. Л.О нь манайх бас нэг бяруугаа алдаад олохгүй байгаа гэж хэлэхээр нь бид хоёр миний машинтай хамт явсан. Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Х, Г худаг зэрэг газраар бяруугаа хайгаад олохгүй болохоор нь Мөнххаан сумын төв рүү явсан. М гэх дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн Хараа архи аваад Мөнххаан сумын төвөөс зүүн зүгт ЦӨ, Т гэх газраар хоёр бяруугаа хайгаад олохгүй болохоор нь ЦӨ-ийн ойролцоо дэлгүүрээс авсан нэг шил архийг хувааж ууж дуусгаад Мөнххаан сумын төв рүү явсан. М дэлгүүрээс 0,75 литрийн Экс нэртэй архи аваад Мөнххаан сумын 4 дүгээр баг буюу Хонхрын байранд байх Э ахыг аваад Л.О, Э бид гурав Уулбаян сумын иргэн Ч.Г гэх хүнтэй машины наймаа хийхээр 16 цагийн орчим Мөнххаан сумын төвөөс урагш 40 гаран километрт байх Г-н гэрт очиход Г нь гэртээ байхгүй байхаар нь Л.О, Э бид гурав буцаад Мөнххаан сум руу явж сумаас урагш 30 гаран километрт авсан нэг шил архины талыг бид гурав хувааж уугаад Э Мөнххаан сумын төвд гэрт буулгаад бид хоёр хөдөө байх гэр лүүгээ явсан. Сумын төвөөс явж байгаад хоорондоо маргалдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг хаана ямар нэртэй газар маргалдсанаа санахгүй байна. Л.О машин дотор байсан Экс нэртэй архины шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон бөгөөд тухайн архины шил хагарсан. Харин хагарсан хэсгээр нь миний цээжний хэсэг зүссэн. Тэгээд Л.О бид хоёр машиндаа суугаад хөдөө байх гэр гэртээ очсон. Өөр ямар нэг зүйл болоогүй. Л.О бид хоёрын дунд өс хонзон, өр авлага байхгүй. Миний толгой хагарч 8 оёдол, цээжний хэсэгт 14 оёдол хийлгэсэн. Өөр ямар нэг гэмтэл байхгүй. Намайг Л.О нь замаа олохгүй төөрч яваад байна гэж бид хоёр маргалдсан юм. Тухайн үед гадаа бороо орж байсан болохоор зам сайн харагдахгүй байсан. Ийм асуудлаас болж Л.О миний биед гэмтэл учруулсан ” гэх мэдүүлэг /хх-2-6/,

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энхмаагийн тодорхойлолт. 2020.05.30 /хх-10/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрий 293 дугаартай: Л.О-н биед толгойн үстэй хэсгийн болон цээжний хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хурц ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-11-12/,

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч Ариунтөгсийн тодорхойлолт./хх-14/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрий 292 дугаартай: Б.Г-н биед толгойн үстэй хэсгийн болон цээжний хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хурц ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх- 15-16/,

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.06.03-ны өдрийн 101 дугаартай тодорхойлолт /хх-30/

 

- Л.О-н Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 31/

 

  • Л.О-нУрьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/

 

- Л.О-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-36/

 

- Л.О-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-42 /,

 

- Хохирогч Б.Г-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-35/

 

- Хохирогч Б.Г-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан ““ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-43/

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаартай санал/хх- 46/зэрэг баримтууд болно.

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.О нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Б.Г-н эзэмшлийн машинаар зорчих замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Г-н толгойн тус газарт архины шилээр цохиж, цээжин тус газарт хагархай архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Л.О-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “Замаа олохгүй маргасан. Бид хоёрт урьдын өс хонзон байхгүй. Би шилтэй архиар цохисноо сайн санахгүй байгаа. Хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн ” гэх,

хохирогч Б.Г-н “ Л.О машин дотор байсан Экс нэртэй архины шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон бөгөөд тухайн архины шил хагарсан. Харин хагарсан хэсгээр нь миний цээжний хэсэг зүссэн. Тэгээд Л.О бид хоёр машиндаа суугаад хөдөө байх гэр гэртээ очсон. Миний толгой хагарч 8 оёдол, цээжний хэсэгт 14 оёдол хийлгэсэн. Намайг Л.О нь замаа олохгүй төөрч яваад байна гэж бид хоёр маргалдсан юм...” гэх мэдүүлгүүд,

 шинжээчийн 292 дугаартай “ Б.Г-н биед толгойн үстэй хэсгийн болон цээжний хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хурц ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энхмаа, Ариунтөгс нарын тодорхойлолтууд зэрэг хамаарна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Л.Онь Б.Г-тэй хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нь түүнийг “ замаа олохгүй төөрлөө “ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн, улмаар архины шилээр толгойн хэсэгт цохиж, цээжин тус газарт хагархай архины шилээр зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь  хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг архины шилээр цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсаны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Л.О-н, хохирогч Б.Г-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Л.О-н үйлдлийн улмаас хохирогч Б.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн, гомдолгүй талаар “ Г би Л.О-д ямар нэг гомдол тэмцэл байхгүй нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн тул эмчилгээний зардлаа О-с авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэх хүсэлтийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргажээ.   

Иймд шүүгдэгч Л.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Л.О-н гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

 

Прокуророос Л.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Л.О-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ Г би Л.О-д ямар нэг гомдол тэмцэл байхгүй нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн тул эмчилгээний зардлаа О-с авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэх хүсэлтээ гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Л.О-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Л.О-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Л.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Б.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН