Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2030000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............., Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сард өөрийн адуунд нийлсэн хохирогч Н.Э-т 600.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн адууны тамгыг дарж завшихыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын эхээр адуугаа хураахад миний уяж байсан азарганд Э-н нэг байдас нийлсэн байсан. Дараа нь адуугаа дахиад хураахад нөгөө байдас байсан. Тэгэхээр нь тэр байдсыг нь өөр азаргатай адуунд оруулсан. Манай адуу шуурганаар алга болоход Н.Э-н байдас нь байхгүй байсан ба Н.Э өөрөө олж ирсэн байсан. Тэгээд над руу ирээд чи манай байдсыг тамгалсан байна гэхээр нь чи хүн гортоолж байгаа юм шиг уяж байгаа азарганд байдас тавилаа гэсэн. Тэр байдас нь манай адууг самууруулаад байсан учир адуугаа тамгалж байхдаа уурандаа тамга дарсан. Тэгсэн сүүлд тэр байдас нь алга боллоо гээд надаас нэхсэн. Би 500,000 төгрөг өгсөн...гэв.

 

2030000000034 дугаартай эрүүгийн хэргээс:

 

- Яллагдагч Б.Б-н: Би 2019 оны 06 дугаар сард Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “БГ” гэх газарт мал маллан амьдарч байсан. 06 дугаар сарын 10-ны орчим адуугаа хураахад манай адуунд нар cap дөл тамгатай хээр байдас нийлсэн байсан. Тухайн хээр байдас нь манай адуунд 4-5 орчим хоносон. Н.Э гэх хүн нь тухайн үед манайхаас 2-3 км газарт байсан ба тэр хээр адуугаа надаас асууж сураглаагүй юм. Тэгэхээр нь би Н.Э-т манай адуунд байгаа байдсаа аваарай гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сарын дундуур би тухайн хээр байдасны сартай дөл тамган дээр өөрийн “М” тамгыг дарж цоохор азаргандаа тавьсан. 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед тэнгэр муухайрч шуурга болсон ба би адуугаа уруудуулсан. Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “ДБ” гэх газраас цоохор азаргатай 20 гаруй тооны адуугаа олоход миний тамгалсан хээр байдас байхгүй байсан ба Э нь өөрөө байдсаа олж авсан. Э нь малаа хайхрахгүй байсан учир өөрийнхөө адуунд авах санаатай байсан нь үнэн юм. Тэгсэн одоо Э нь тэр адуугаа алдчихсан эрээд олохгүй байгаа чи тамгалсан болохоор тэрийгээ төлж өг гээд байгаа юм. Би хохирогч Н.Э-т 500.000 төгрөг өгсөн бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

- Хохирогч Н.Э-н: Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэцагаан сумын нутаг “БГ” гэх газраас хээр зүстэй 3 настай байдсан гүүгээ хулгайд алдсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын сүүлээр манай сумын малчин залуу болох Б-н адуунаас өөрийнхөө хээр байдсыг олж авахад Б нь тухайн адууг тамган дээр нь тамга дарж өөрийн эзэмшилд авах санаатай байсан. Би тэгээд өөрийнхөө байдсыг Б-н адуунаас барьж аваад Б-д өөрт нь үзүүлээд “энэ миний гүү байна, чи хулгайлсан байна” гэж хэлээд адуундаа тавьсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа байдсан гүүгээ хайхад олдохгүй байсан юм. Миний гүүг Б нь тамгалсан байсан болохоор Б-г ахиж миний гүүг хулгайлсан гэж үзэж байна. ...Б.Б нь миний хээр зүсмийн 3 настай байдсан гүүний оронд 500.000 төгрөг өгсөн. Хохирлын талаар санал хүсэлт байхгүй. Сайн дураараа эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.. гэх мэдүүлэг/ хх- 5-7/,

 

- Гэрч Г.Б-н: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай ах Э-н адуунаас нар сар дөл тамгатай хээр байдас алга болсон байсан. Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр адуугаа хураах гээд явж байхад онги дотор М үсгэн тамга дарсан хээр байдас ганцаараа явж байсан юм. Би тухайн үед санаанд ороогүй манай адуу мөн эсэхийг харахад нар сар дөл тамга дээр онги дотор М үсгэн тамга давхарлаад дарсан байсан. Тухайн үед ахдаа хэлээд Б гэх залуу руу ачиж очоод “ чи манай байдсанд тамга дарсан байна ” гэхэд мэдэн будлиад байсан юм...гэх мэдүүлэг /хх- 8/,

 

-Гэрч Н.Т-н“... Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын дундуур  тус сумын иргэн Э-н адуун дээр өөрийнхөө тамгыг дарсан гэх асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг  /хх-99/

 

-Гэрч Х.Б-н“... Б.Бнь 2019 оны 06 дугаар сард надад ямар нэгэн мал мах өгч байгаагүй. 2019 оны 09 сард надаас 300.000 төгрөг аваад одоо болтол өгөөгүй байгаа. Тэр мөнгөнийхөө оронд мал өгнө гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-100/

 

- Гэрч У.О-н“... Б.Б нь 2019 оны 06 дугаар сард надад ямар нэгэн мал мах өгч байгаагүй.Манайх мах хадгалах зориулалтын савгүй болохоор зуны улиралд мах авдаггүй...” гэх мэдүүлэг /хх-101/

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-25/

 

- Линзийн өгөөж ХХК-ны 2020.01.10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай “эм 3 настай байдас 600.000 төгрөг” шинжээчийн дүгнэлт /хх-26-34/

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020.01.09-ний өдрийн 03/07 дугаартай тодорхойлолт /хх- 19/

 

- Б.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 20/

 

- Б.Б-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/

 

- Б.Б-н Малын А дансны хуулбар /хх-ийн 23-24/

 

- Хохирогч Н.Э-н Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 38/

 

- Яллагдагч Б.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт /хх-ийн 43/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх Прокурорын  14а дугаартай санал /хх-ийн 106/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сард өөрийн адуунд нийлсэн хохирогч Н.Э-н эзэмшлийн нар cap дөл тамгатай хээр зүсмийн байдасыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн адууны тамгыг дарж завшихыг завдсан болох нь:

Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “2020 оны 06 дугаар сарын эхээр адуугаа хураахад миний уяж байсан азарганд Э-н нэг байдас нийлсэн байсан. Дараа нь адуугаа дахиад хураахад нөгөө байдас байсан. Тэгэхээр нь тэр байдсыг нь өөр азаргатай адуунд оруулсан. Тэр байдас нь манай адууг самууруулаад байсан учир адуугаа тамгалж байхдаа уурандаа тамга дарсан ”  гэх,

хохирогч Н.Э-н “ Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэцагаан сумын нутаг “БГ” гэх газраас хээр зүстэй 3 настай байдсан гүүгээ хулгайд алдсан юм. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр манай сумын малчин залуу болох Б-н адуунаас өөрийнхөө хээр байдсыг олж авахад Б нь тухайн адууг тамган дээр нь тамга дарж өөрийн эзэмшилд авах санаатай байсан. Би тэгээд өөрийнхөө байдсыг Б-н адуунаас барьж аваад Бд өөрт нь үзүүлээд “энэ миний гүү байна, чи хулгайлсан байна” гэж хэлээд адуундаа тавьсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа байдсан гүүгээ хайхад олдохгүй байсан юм. Миний гүүг Б нь тамгалсан байсан болохоор Б-г ахиж миний гүүг хулгайлсан гэж үзэж байна...” гэх,

гэрч Г.Б-н “ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай ах Э-н адуунаас нар сар дөл тамгатай хээр байдас алга болсон байсан. Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр адуугаа хураах гээд явж байхад онги дотор М үсгэн тамга дарсан хээр байдас ганцаараа явж байсан юм. Би тухайн үед санаанд ороогүй манай адуу мөн эсэхийг харахад нар сар дөл тамга дээр онги дотор М үсгэн тамга давхарлаад дарсан байсан. Ахдаа хэлээд Б гэх залуу руу ачиж очоод “чи манай байдсанд тамга дарсан байна” гэхэд мэдэн будлиад байсан юм... гэх мэдүүлгүүд,

Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн 2020.01.10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай “эм 3 настай байдас 600.000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

              

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Б.Б нь өөрийн адуунд нийлсэн байдасыг алдуул мал болохыг мэдсээр байж өөрийн тамгаар тамгалж завшихийг завдсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын  алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын хөрөнгө болох адууг өөрийн тамгаар тамгалж хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Б.Б-н, хохирогч Н.Э-н нэг адууг тамгалж, авахыг завдсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-т учирсан 600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан “...Б.Б нь миний хээр зүсмийн 3 настай байдсан гүүний оронд 500.000 төгрөг өгсөн. Хохирлын талаар санал хүсэлт байхгүй. Сайн дураараа эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаангүй” гэх хүсэлтээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч Н.Э-н нэг тооны адууг Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн 2020.01.10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай үнэлгээгээр “эм 3 настай байдас 600.000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний талаар иалууд маргаагүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б-н гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

 

Прокуророос Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Э“Хохиролд 500.000 төгрөг өгсөн. Сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.   

 

Иймд Б.Б-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшхыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Н.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН