| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0151/э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.8.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 151
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930004780298 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ... настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Баянбулагийн ...... тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ............., Т.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болох “Дэрэвгэр жиргэрүү ”гэх ургамал 8 кг, чонын арьс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг ........ дор улсын дугаартай старикс маркийн тээврийн хэрэгсэлд нууж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Бичигт дэх олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч: 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х гэдэг хүнтэй уулзахад хэдэн төгрөг өгье жаахан юм байгаа хилээр аваад ороод ирээч гэхэд нь би зөвшөөрсөн. Манай оюутан хүүхдийн төлбөр нэхэгдээд хэцүү байсан. Тэр хүний үгэнд ороод болчимгүй зүйл хийсэндээ харамсаж байна. Тээврийн хэрэгсэл манай хадам ахынх, одоо Дорнод аймагт байгаа. Би өдөр болгон гардаг, машиндаа сүү, аарц ачсан байсан болохоор анзаараагүй байх. Би элдвийн зүйл гаргадаггүй болохоор байцаагч нар надад итгэсэн байх, өдөр болгон ажил хийдэг, багана тойрч байгаа хүмүүсийг хилээр авч гардаг байсан. Мөн сүү, аарц зөөдөг байсан.
Би өөрөө чоно алаад, дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүгээд бэлдээд тээвэрлэсэн зүйл байхгүй. Х гэх хүн л 1000 юанаар гаргаад өгөөч гэхээр гаргасан. Тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан болохоор би тэгье гэж хэлсэн юм. Миний буруу. Би өвчтэй ээж, эгч нараа давхар харгалздаг. Эгч хорт хавдартай саяхан хагалгаанд орсон. Миний эдийн засгийн боломж тааруу тул торгуулийг ялыг төлөх хугацааг уртасгаж өгнө үү...гэв.
1930004780298 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч Т.Б-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Улиастай хотод Х-тай уулзахад Х нь “чамаар тосуулж авуулах бараа нь мах борц байгаа, би чамд тусалж байсны хувьд чи надад тусал, тэр барааг ачаад Хятадын хил ороод ир “ гэхэд би надад өмнө нь тусалж байсны хувьд зөвшөөрөхөд Х нь би чамд шагналд нь 3000 юан өгье гэж хэлж байсан.2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улиастайн хошуунаас Б.Х-н хамт манай хадам ахын эзэмшлийн ........ Дор улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэлтэй Бичигтын боомт руу 10 цагийн үед орж ирээд би Б.Х Бичигтийн боомтонд үйл ажиллагаа явуулах Баяраа гэх хүний дэлгүүр дээр буулгаад бараа үлдээсэн гэх М гэх хүний буудал руу ганцаараа явж тэнд байсан ачааг машиндаа ачаад буцаж дэлгүүр рүү очиж Х нь аарц сүүгээ миний машинд ачих үед Х “ та ямар их юм ачсан юм бэ “ гэхээр нь “ би жоохон мах байгаа “ гэхэд Х та болж байгаа юм уу гэхээр нь би болох байлгүйдээ гэж хэлээд Х-гийн сүү, аарцыг барааны наагуур өрж халхлаад Х-г суулгаж Бичигтийн боомтны 3-ын хаалт руу нэвтэрч ороход мэргэжлийн хяналтын Я гэх байцаагч ар талын багажийг онгойлгож үзэхээр нь би аарц, сүү байгаа хэлэхэд их зүйл үзэлгүй тамга дарсан. Дараа нь Гаалийн байцаагч С гэх хүн машинд чинь юу байгаа юм гэж асуухад сүү, аарц байгаа гэж хэлэхэд С нь цагаан хуудсан дээр тамга дараад гаргасан ба цааш 2-ын хаалтан дээр очиход хилийн цэргийн МО гэх дэд ахлагч машин шалгаад лабораторийн үүдэнд очоод зогс гэхээр нь тэнд очоод машин доторх барааг нэг нэгэнгүй буулгаж хилийн албаныхан шалгахад ...үндэс, чонын арьс 1 ширхэг гарч ирэхээр нь би Х руу залгаад “ чиний ачаанд чинь мах борцноос өөр юм байна, би хил дээр саатуулагдчихлаа “ гэхэд Х одоо яах вэ? гэхээс өөр зүйл надад хэлээгүй бөгөөд хилийн цэргийн лабораторийн дэргэд бүх барааг хиллэж үзээд маргааш нь Гаалийн газар руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б-ы: Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 1 кг-г нь 50.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан. 8 кг ургамлын 400.000 төгрөг болж байгаа ба үүнийг 5 дахин нэмэгдүүлэхэд 2.000.000 төгрөг болж байна. Чонын арьсны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар саарал чонын экологи-эдийн засгийн үнэлгээг эр чонын хувьд 510.000 төгрөгөөр тогтоосон. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу саарал чонын экологи-эдийн засгийн үнэлгээ 510.000 төгрөгийг хоёр дахин өсгөхөд 1.020.000 төгрөг болж байна. Ингээд нийтдээ ургамлын үндэс, чоно хоёрын хувьд 3.020.000 төгрөгийг улсын орлого болгож, төлбөрийг Сүхбаатар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын санд төвлөрүүлж өгөхийг хүсэмжилж байна...гэх мэдүүлэг,
- Гэрч Н.О-н: 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд хилийн цэргийн дэслэгч Ганзориг нь утсаар залгаж борц, чулуутай машин байна гэж хэлсэн.Тэгээд би лабораторийн үүдэнд очиход Старикс маркийн ......... Дор улсын дугаартай тээврийн хэрэгслээс ....ургамлын үндэс, чонын арьс зэргийг буулгаад тоолж байсан ба зургаар баримтжуулж авсан. Тухайн эд зүйл нь ард талын багаажнаас гарч ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-30/,
- Гэрч Я.Я-ын: Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 20 минутын орчимд гаалийн экспортын чиглэлийн хяналтын талбайд Старикс маркийн ....... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн. Тус машины зорчигчийн хэсгийн хаалгыг онгойлгож кабины хэсэг болон жолоочийн суудлын хэсгийг шалгахад зорчигчийн сандал дээр “голден милк” хуурай сүү 5 хайрцаг байсан. Ард талын багажны хэсгийг шалгахад Зөв аарцны ундааг битүү өрсөн байдалтай харагдсан ба уг барааны дээд талын 2 хайрцаг зөв аарцны ундааг татаж үзэхэд ямар нэгэн өөр бараа бүтээгдэхүүн харагдаагүй. Би уг тээврийн хэрэгслийн жолоочоос “ та ямар нэгэн хууль бус бараа бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслийн эд анги болон бараа бүтээгдэхүүнд нуун дарагдуулсан үйлдэл байна уу “ гэхэд жолооч надад ямар нэгэн хууль бус бараа бүтээгдэхүүн байхгүй, зөв аарцны ундаа, хуурай сүү байгаа гэж хэлсэн юм. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь өмнө нь хийгдсэн хяналт шалгалтуудаар байнга л Зөв аарцны ундаа зөөдөг болохоор нь нарийн хуудсан дээр тамга дарсан. Тухайн үед гаалийн цахим бүртгэлийн систем доголдож байгаа буцаад хэвийн байдалд орсны улмаас хяналтын талбайд 3-4 тээврийн хэрэгсэл зэрэг орж ирээд ажлын ачаалал үүссэн. Мөн цас их орсны улмаас цас хайлж шавар шалбааг ихтэй байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн дотор талд байгаа бараа бүтээгдэхүүнийг газарт буулгаж үзэх гэхэд хайрцаг сав нь норж бүрэн бүтэн байдал нь алдагдах байх гэж бодоод газарт буулгаж шалгаагүй юм...гэх мэдүүлэг/хх-31-32/,
- Гэрч Б.МО-н: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангид үүрэг гүйцэтгэдэг. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэцагаан сумын Бичигт дэх олон улсын шалган нэвтрүүлэх боомтны хоёрын хаалтанд дээр үүрэг гүйцэтгэж байх үед хар өнгийн Старикс маркийн ......... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэлээн их ачаа ачсан, арын хэсэг нь доош суусан байдалтай харагдахаар нь зогсооход эрэгтэйн, эмэгтэй хоёр байхаар нь би жолоочоос арын багаажаа онгойлгохыг шаардаж нээн үзэхэд “Голден милк” хуурай сүүг өрж тавьсан харагдсан бөгөөд тус сүүг холдуулж үзэхэд малын дайвар бүтээгдэхүүн, борц зэрэг эд зүйл харагдахаар нь би тэр жолоочийг лабораторийн үүдэнд очоод зогс гэж хэлсэн. Тэгээд лабораторийн үүдэнд зогсоож тээврийн хэрэгсэл доторх эд зүйлсийг нэг бүрчлэн шалгаж үзэхэд борц, малын дайвар бүтээгдэхүүн, чонын арьс, байгалийн чулуу, ургамлын үндэс зэрэг эд зүйлс гарч ирэхээр нь холбогдох байгууллагад мэдэгдсэн юм...гэх мэдүүлэг/хх-39/,
- Гэрч Б.Х-гийн: Би Т.Б-тай Бичигтийн боомтноос ачаа барааг Б-н машинд ачиж урагшаа Улиастайн хошуу руу гаргадаг болсон бөгөөд хуурай ах дүү гэж хэлж болно. Т.Б-н хамт ӨМӨЗО-ны Улиастайн балгаснаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед Бичигтийн боомтонд орж ирсэн бөгөөд намайг дэлгүүрийн үүдэнд буулгаад Т.Б нь явсан. Би тэр хооронд дэлгүүрээс 8 хайрцаг “голден милк” хуурай сүүг авч скочдож янзлаад байж байтал Б ах ирсэн ба би сүүгээ ачих үед тухайн машинд их хэмжээний бараа байхаар нь “та ямар их юм ачсан юм” гэж асуухад жоохон мах байгаа юм гэхээр нь болж байгаа юм уу гэж асуухад болох байлгүй гэхээр нь би дотроо Б ахыг өөрөө мэдэж байгаа байх гэж бодоод нэг их зүйл хэлээгүй. Тэгээд сүүгээ ачаад гурвын хаалтан дээр ирээд би машинаасаа буугаад штампаа даруулах гээд Боомтын байр руу ороод гарч иртэл Т.Б нь машиндаа сууж байсан ба хамгийн сүүлийн хаалт буюу хилийн цэрэг дээр Б ах бид хоёр очиход хилийн цэргийн ажилтан МО гэх залуу машин доторх ачааг харж үзчихээд бид хоёрыг лабораторийн үүд рүү яв гэж хэлсэн. Тэгээд лабораторийн үүдэнд очиж бараануудыг буулгахад ....чонын арьс 1 ширхэг, ургамлын үндэс зэрэг эд зүйл гарч ирсэн бөгөөд би тэр бараануудыг Б ах хаанаас ачсан талаар нь бол мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-36-38/,
- Гэрч Г.Д-н: Хар өнгийн Старекс маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Манай хүргэн Т.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Бичигтийн боомтоор бараа материал зөөнө гэж миний тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын эхээр авсан юм. Миний гадаад паспортын хугацаа дуусчихаад өөрөө машинаа бариад хил гарч чадахгүй хүргэндээ машинаа өгч явуулж байгаа юм. Тэрнээс машинаа хүргэн Б-д зарсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-41/,
- Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын 2019.11.01-ний өдрийн 208 дугаартай албан бичиг /хх- 03/,
- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал /хх- 04/
- Зөрчилд холбогдох эд зүйл хүлээлцсэн нотломж, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11/
- Эд мөрийн баримтыг хураан авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-15/
- “ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай “ Прокурорын 2019.12.23-ны өдрийн 5/08 дугаартай тогтоол /хх-17/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл.2019.12.18./хх-43- 44/,
- 02539743 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-46/
- “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын 2019.12.23-ны өдрийн 5/51 дугаартай тогтоол /хх-47-48/,
- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ Хас үнэлгээ “ ХХК-ны шинжээчийн 035 дугаартай “Хюндэй Старекс-1.500.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-53-54/
- Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтний 2019 оны 11 дүгээр сарын 2019/08 дугаартай : Бичигт боомтоор хууль бусаар байгалийн чулуу, ургамал гаргасан гэх хэрэгт үзлэг хийсэн “... Бор шаргал холтос бүхий багавтар үндэс нь Дэрэвгэр жиргэрүүгийнх байна/амьтан, ургамал, тэдгээрийн эд эрхтнийг таних гарын авлага 2017/, Дэрэвгэр, жиргэрүү нь /улаан ном 2016/ ховор ургамлын төрөлд ордог. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаалаар дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон...” гэх дүгнэлт /хх-50/,
- Стандарт хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2020.05.15-ны өдрийн 02 дугаартай “ 1.Шинжилгээнд ирүүлсэн 1 шуудай 24.7 кг жинтэй, улаан, улаан хүрэн, улаан шар, бор шаргал, цайвар шаргал өнгөтэй, байгалийн байдлаараа байгаа чулуунууд нь мана болон хас чулуу болохыг тодорхойлов. 2.Шинжилгээнд ирүүлсэн мана болон хас чулууг гоёл чимэглэлийн зориулалтаар шууд болон түүхий эд болгон ашиглаж болно. 3.Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын Эрдэнийн чулууны ангиллаар мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд, хас чулуу нь өнгөлгөөний чулууны ангилалд багтана” гэх дүгнэлт /хх-149/
- Эд зүйлийн үнэлгээ/хх- 56/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2019.12.02-ны өдрийн А/216 дугаартай “ Иргэний нэхэмжлэгч томилох тухай “ албан тоот /хх- 18/,
- Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019.12.26-ны өдрийн А/53 дугаартай “ Иргэний нэхэмжлэгч томилох тухай “ албан тоот /хх- 25/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-69-70/
- Т.Б-н Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-71/
- Т.Б-н Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-72/
- Т.Б-н гадаад паспортын хуулбар /хх-73/
- Т.Б-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/
- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол /хх-76-78/
- Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.12.27-ны өдрийн 470 дугаартай тодорхойлолт /хх-81/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Бичигт дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ...... ДОР улсын дугаартай Старикс загварын тээврийн хэрэгслийн ачаанд улсын хилээр тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлэхээр кодолсон бараа болох 8 кг ховор ургамал болох “ Дэрэвгэр жиргэрүү ”, тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалтад багтах ан амьтны түүхий эд болох саарал чонын арьс зэрэг хориглосон эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,
мөн ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү ” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Б-нмөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х гэдэг хүнтэй уулзахад хэдэн төгрөг өгье жаахан юм байгаа хилээр аваад ороод ирээч гэхэд нь би зөвшөөрсөн. Манай оюутан хүүхдийн төлбөр нэхэгдээд хэцүү байсан. Тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан болохоор би тэгье гэж хэлсэн юм...” гэх,
гэрч Н.О-н “ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд хилийн цэргийн дэслэгч Ганзориг нь утсаар залгаж борц, чулуутай машин байна гэж хэлсэн. Старикс маркийн ........ Дор улсын дугаартай тээврийн хэрэгслээс ....ургамлын үндэс, чонын арьс зэргийг буулгаад тоолж байсан, зургаар баримтжуулж авсан. Тухайн эд зүйл нь ард талын багаажнаас гарч ирсэн юм ” гэх,
гэрч Я.Я-ын: Старикс маркийн ....... Дор улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажны хэсгийг шалгахад Зөв аарцны ундааг битүү өрсөн, уг барааны дээд талын 2 хайрцаг Зөв аарцны ундааг татаж үзэхэд ямар нэгэн өөр бараа бүтээгдэхүүн харагдаагүй. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь өмнө нь хийгдсэн хяналт шалгалтуудаар байнга л Зөв аарцны ундаа зөөдөг болохоор нь нарийн хуудсан дээр тамга дарсан ” гэх,
гэрч Б.МО-н “ Старикс маркийн .......... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэлээн их ачаа ачсан, арын хэсэг нь доош суусан байдалтай харагдахаар нь зогсоож багаажийг нээн үзэхэд “Голден милк” хуурай сүүг өрж тавьсан харагдсан бөгөөд нэг бүрчлэн шалгаж үзэхэд борц, малын дайвар бүтээгдэхүүн, чонын арьс, байгалийн чулуу, ургамлын үндэс зэрэг эд зүйлс гарч ирэхээр нь холбогдох байгууллагад мэдэгдсэн” гэх,
гэрч Б.Х-н“ Би сүүгээ ачих үед машинд их хэмжээний бараа байхаар нь “ та ямар их юм ачсан юм ” гэхэд Т.Б нь жоохон мах байгаа, болох байлгүй гэсэн. Хамгийн сүүлийн хаалт хилийн цэрэг дээр очиход МО гэх залуу машин доторх ачааг харж үзчихээд лабораторийн үүд рүү яв гэж хэлсэн. Бараануудыг буулгахад ....чонын арьс 1 ширхэг, ургамлын үндэс зэрэг эд зүйл гарч ирсэн бөгөөд би тэр бараануудыг Б ах хаанаас ачсан талаар нь бол мэдээгүй ” гэх ,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл.2019.12.18,
........... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт,
шинжээчийн 2019/08 дугаартай “ Бор шаргал холтос бүхий багавтар үндэс нь Дэрэвгэр жиргэрүүгийнх байна./амьтан , ургамал, тэдгээрийн эд эрхтнийг таних гарын авлага 2017/, Дэрэвгэр, жиргэрүү нь /улаан ном 2016/ ховор ургамлын төрөлд ордог” гэх зэрэг баримтуудаар нотлогдож байна.
1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай " конвенцийн хавсралтанд бүртгэгдсэн 74 нэр төрлийн амьтан, ургамлын жагсаалтанд ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү, Саарал чоно тус тус багтах бөгөөд Монгол Улс нь 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн Конвенцид нэгдэн орох тухай хуулиар дээрх конвенцид нэгдэн орсоны дагуу уг конвенцийг мөрдүүлэхээр үндэсний хууль тогтоомжид холбогдох хэм хэмжээг тусгажээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 379 дугаартай “ Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ” тогтоолын 0106.19.00-д Саарал чоно, 1211.90.90-д Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал тус тус багтсан бөгөөд мөн Монгол Улсын Их хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “ Монгол Улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт ”-ын 8-д ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг / чонын арьс/ хилээр гаргахыг хориглосон байгааг дурдъя.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018.03.01-ний өдрийн А/43 дугаартай тушаалаар Дэрэвгэр жиргэрүү ургамлыг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хоригложээ.
Хэргийн дээрх баримтаар Т.Б нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт “ Ховор ургамлын жагсаалт” -ын 350 дугаарт багтсан Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор машинд нууж тээвэрлэсэн, холбогдох байгууллагын зөвшөөрөл, лицензгүйгээр Монгол Улсын хилээр хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд хамаарах амьтны гаралтай түүхий эд болон ургамлыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үйл баримт хэргийн баримтаар хөтөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр “ Дэрэвгэр, жиргэрүү “ гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэх, мөн хориглосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдаас хөлс авах зорилгоор дээрх эд зүйлсийг тээврийн хэрэгсэлд нууж гаалийн хилээр нэвтрүүлжээ.
Т.Б-н Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндэс, чонын 1 ширхэг арьс зэргийг 17-34 ДОР улсын дугаартай Старекс /Hyundai starex/ загварын тээврийн хэрэгсэлд нууж улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор дээрх тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн зохих байгууллага, яамнаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэр бүхий Монгол Улсын хил, гаалийн хилээр гаргахыг хориглосон амьтан, ургамлыг хууль бусаар тээвэрлэж, улсын хилээр гаргасан гэм буруутай үйлдлээс Монгол Улсын ургамал, амьтны аймагт хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “ Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 “ амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ”, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 “ ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “ байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ ”, 21.3 “ ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно ”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “ Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37 дугаар зүйлийн 37.2 ” Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно ” гэж тус тус заасны дагуу хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй болно.
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтын 399 дугаарт Дэргэвэр жиргэрүүг 1 кг нь 50.000 төгрөгөөр,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 16-д зааснаар саарал чоно /эр/-ийг 510.000 төгрөгөөр тус тус тогтоосон тул энэхүү ургамал, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндэс 8 кг-ын үнэ 400.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 2.000.000 төгрөг, 1 ширхэг чонын арьсны 510.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 1.020.000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 3.020.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-с гаргуулж улсын төсөвт буюу иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100120013401 тоот дансанд оруулахаар тогтоолоо.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.
Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Б-н гэм буруугийн талаар маргаагүй, бусдын гуйлтаар эд зүйлийг тээвэрлэж гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг тухайн үеийн жингээр, 1 ширхэг чонын арьсыг тус тус улсын орлогод оруулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгана.
Шүүгдэгч Т.Б нь 8 кг Дэрэвгэр жиргэрүү ургамал хураалгасан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, уг эд мөрийн баримтыг жинлэхэд уутны хамт 9.4 кг буюу жин нь хэвээр байх ба иргэний нэхэмжлэгч, экологич М.Б-ы “ Дэрэвгэр жиргэрүү ургамал нь хугацаа өнгөрөх тусам хатаж жин нь буурдаг “ гэж тайлбарыг үндэслэн борлуулах үеийн жингээр тооцож улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзнэ.
Т.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшлийн бус иргэн Г.Д-н өмчлөлийн эд хөрөнгө болох нь .......... тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрч Г.Д-н “ Хар өнгийн истарекс маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Манай хүргэн Т.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Бичигтийн боомтоор бараа материал зөөнө гэж миний тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын эхээр авсан юм ” гэх мэдүүлэг зэргээр нотлогдох тул 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 5/51 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хууль ёсны өмчлөгч болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Г.Д-т олгохоор тогтоолоо.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй “, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг ” Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу Т.Б-с хар өнгийн Старекс маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 1.500.000 төгрөг гаргуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар тогтоолоо.
Тус тээврийн хэрэгслийг хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ Хас үнэлгээ “ХХК-ны шинжээчийн 035 дугаартай дүгнэлтээр 1.500.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Б-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг/ Дэрэвгэр жиргэрүү, чонын арьс/ гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400/таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт ялыг 5.900.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 5.900.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 49.4.3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ялтан Т.Бас Дэрэвгэр жиргэрүү өвсний үнэд 2.000.000 (хоёр сая), чонын арьсны үнэд 1.020.000 (нэг сая хорин мянга) төгрөг, нийт 3.020.000 ( гурван сая хорин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100120013401 тоот дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг тухайн үеийн жингээр, 1 ширхэг чонын арьсыг тус тус улсын орлогод оруулж, шүүгдэгч Т.Б-с Старекс маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 1.500.000 төгрөг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......... ДОР улсын дугаартай “Хюндэй старекс” маркийн машиныг битүүмжилсэн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 5/51 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хууль ёсны өмчлөгч болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Г.Д-т буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН