| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0154/э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 152
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2030000000190 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ....., эхийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “УӨ” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй /РД:............../ Л.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.М нь 2018 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн иргэн Е.О-н 2 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.155.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүний үхэр андуурч хүнд өгсөн. Би Б гэдэг хүнээс үхэр авсан байснаа алдаад, тэрийгээ эрж явж байгаад айлд адилхан улаан үхэр байна гэхээр нь очиж аваад хүнд өгсөн. Энд нэг адилхан үхэр байна гэхэд нь очиход зүс нь адилхан байсан... гэв.
2030000000190 дугаартай эрүүгийн хэргээс:
- Яллагдагч Л.М-н гэрчээр өгсөн: Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэн Б гэх хүнээс 2017 оны 11 дүгээр сард хуц ухна харж байсан хөлсөндөө авсан ба улаан манхан үнээний баруун чих урд догол, зүүн урдаас ухам имтэй байсан, улаан манхан тугал имгүй байсан. 2018 оны хавар Б-ы хойд тал буюу Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутагт байх хаваржаандаа байхдаа тугалтай нь хамт алдсан юм. 2019 оны 02 дугаар сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэн Э гэх хүний үхэрт алдсан үнээгээ бяруутай нь олж авсан. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн Н гэх хүнд 800.000 төгрөгөөр зарсан. Н гэх хүн өөрөө ирж Э гэх хүний малд байхад нь аваад явсан. Би Н гэх хүнд зарсан тугалтай үнээний мөнгөө өөрийн 5416028394 гэсэн дансаар 2018 оны өвөл мөнгийг авсан. Харин үхрээ 2019 оны 04 дүгээр сард өгсөн.
.... 2018 оны 04 дүгээр сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “УӨ” гэх газраас үнээгээ тугалтай нь хамт алдсан юм. Тугалтай үнээгээ ойролцоох газруудаар хайж яваад олохгүй байсан. Тухайн үед би Ч гэх хүнд би алдсан тугалтай үнээнийхээ зүс, имийг хэлж байсан. 2019 оны 02 дугаар сард Ч гэх хүн “ Э гэх хүний үхэрт танай алга болсон улаан манхан тугалтай үнээ байна” гэхээр би Э гэх хүнтэй утсаар холбогдож асуухад манай үхэрт улаан манхан зүсмийн үнээ тугалтайгаа хамт ирсэн гэж хэлэхээр би утсаар манай үхэр байна та байлгаж байгаараа гэж хэлээд орхисон. 2019 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Н гэх надаас 1.000.000 төгрөгийнхөө оронд мал авъя гээд манай эзэн Манлай гэх хүний гэрт ирэхээр би Н-тай хамт Э гэх хүнийд очсон. Тэгээд Э гэх хүний үхэр дотроос улаан манхан зүсмийн тугалтай үхэр Н гэх хүнд өгч явуулсан. Нгийн үхэрт байгаа үхэр миний өгсөн үхэр мөн. Б ахаас авсан үхэр биш байсан. Би Б ахаас улаан манхан үнээ, улаан манхан тугалтай авч байсан. Тухайн үхрийн им нь баруун чих урдаас догол, зүүн чих урдаас ух ам имтэй байсан. Би тухайн үед андуурч хүний үхэр Н гэх хүнд зарж борлуулсан байна. Би өөрийн алга болсон үхэртэй андуурч хүний үхэр хүнд зарж борлуулсан нь миний буруу.
... Би 2020 оны 05 дугаар сарын 23ны өдөр мөн 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй болсон асуудлын талаар бүгдийн мэдүүлсэн байгаа өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хх-20-22, 41/
- Хохирогч Е.О-н: Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б гэх газарт байдаг юм. 2016 онд манай үхрээс 1 тооны улаан халзан охин бяруу үхрээс салаад манайтай ойролцоо байх Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн иргэн Ч.А гэх айлын үхэрт очсон байсан. Би өөрийн бяруу аваад үхэртэй нийлүүлсэн ч манай улаан халзан охин бяруу Ч.А-н үхэрт дассан байсан болохоор гүйгээд байхаар нь Ч.А-н үхэрт байж байг гээд орхисон юм. 2018 онд манай ухаа халзан охин бяруу үнээ болоод тухайн оныхоо хавар нь тугалсан юм. Ухаа халзан үнээ, улаан халзан зүсмийн охин тугалын хамт 2018 оны 12 дугаар сарын сүүлээр алга болсон гэж надад Ч.А хэлж байсан. Би 2019 оны 09 дүгээр сард өөрийн хэдэн үхрээ хайж явахдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Н гэх хүний үхэрт Ч.А-н үхэрт байсан манай тугалтай үнээ байхаар нь би Н гэх хүнээс энэ үхрийг хэнээс авсан талаар нь асуухад Н би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын М гэх хүнээс авлагадаа авсан гэж хэлж байсан. Тэгээд би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэн Л.М гэх хүнтэй утсаар яриад чи манай үхрийг хүнд зарсан байна гэж хэлэхэд М гэх хүн би танай үхрийг хүнд зараагүй би өөрийн үхрээ өрөндөө өгсөн гэж хэлсэн. Ийм асуудал болсон болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тухайн үед тугалтай үхрээ авна гэж байгаад боломж гарахгүй байж байгаад алдсан юм. Манай ойролцоо айлд байсан болохоор авах гэж яараагүй юм. Үнээ нь ухаа халзан, зүүн чих оно зүрхэн имтэй, харин гарсан тугал нь алга болох үедээ бяруу байсан. Тухайн үнээг тугаллах үед тугалын эхтэй адил имээр Ч.А-н малыг харж байсан хүн имнэсэн гэж Ч.А надад хэлж байсан.
....Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай хоёр тооны үхрийг Л.М нь им зүсээр нь авч ирж өгсөн. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-4-7/,
- Гэрч Ч.А-н: 2016 онд манай үхэрт Е.О-н ухаа халзан зүсмийн бяруу ирж байсан. О ирж манай үхрээс 1 тооны бяруугаа авч явсан. Удалгүй нөгөө бяруу нь манай үхэрт дахин ирсэн байхаар О гэх хүн манай үхэрт байж байг тугалчихсан хойно нь очиж авъя гэж хэлж байсан. Тухайн бяруу нь 2019 онд бүдүүн үнээ болж 2018 оны 05 дугаар сард тугалж охин улаан халзан тугал гарсан байсан. Тухайн үед манай малыг харж байсан Э гэх хүн үнээнээс гарсан тугалыг эхтэй нь адил имээр имнэсэн байсан. 2019 оны өвөл манай үхэр уруудаад үхрээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Хундар гэх газраас үхрээ олж ирэхэд тухайн үнээ тугалтайгаа хамт алга болсон байсан. Би үхэр нь тугалтайгаа хамт алга болсон гэж О гэх хүнд утсаар хэлж байсан. Би ямар имтэй байсныг нь мэдэхгүй байна. Харин хараад зүсмийн мэднэ. Улаан халзан бяруу ирж байсан... гэх мэдүүлэг /хх-10-13/,
- Гэрч Н.Н: 2019 оны 03 дугаар сарын эхээр Л.М гэх хүнээс зүүн чих нь о нь имтэй, баруун чих урьд талаас цуулбар имтэй улаан халзан соёолон үнээ, зүүн чих нь онь имтэй баруун чих нь урьд талаас цуулбар имтэй улаан халзан тугал нь бяруу хоёрыг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас зүүн урьд зүгт 35 км-н зайд байрлах “УБ” гэх газраас очиж авсан юм...гэх мэдүүлэг /хх-14-15/,
- Гэрч Г.А-н: Манайх Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр У гэх газар 2019 онд хаваржиж байхад манай гэрийн 93479996 дугаартай гар утас руу Хөлөнбуйр сумын иргэн Л.М гэх хүн надруу залгаад “ танай үхэрт бяруутай улаан манхан үнээ байна уу “ гэж асуухаар би байгаа 2018 оны 12 дугаар сард манай үхэрт ирж нийлсэн гэж хэлсэн. Тэгээд Л.М нэг хүнтэй хамт машинтай ирээд манай үхэр мөн байна гээд тухайн хоёр тооны үхрийг ачаад явсан. Би тухайн хоёр тооны үхрийг имийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Улаан манхан зүсмийн үнээ, улаан манхан зүсмийн бяруу байсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,
- Гэрч Б.Н-н: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн иргэн Л.М нь 2017 онд манай аав Б-н болон манай нийт 40 гаран тооны хуц, ухныг малладаг байсан юм. Тэгээд хуц, ухна харуулсан хөлсөндөө 2017 оны 11 дүгээр сард Л.М гэх хүнд улаан халзан зүсмийн үнээ, ухаа зүсмийн тугалтай өгч явуулсан юм. Тухайн улаан халзан зүсмийн үнээний им баруун чих урдаас догол, зүүн чих урдаас ухам имтэй байсан. Харин тугал нь имгүй байсан. Надад үзүүлсэн зураг дээрх 2 тооны үхэр Л.М-д өгсөн үхэр биш байсан. Зүс нь адилхан харин им нь өөр байсан. Манай үхрийн им биш өөр им байсан...гэх мэдүүлэг /хх-18-19/,
- Линзийн өгөөж ХХК-ны 2020.06.09-ний өдрийн Г/А/20/03/246 дугаартай “нас гүйцсэн үхэр-1 ширхэг 825.000 төгрөг, өсвөр насны үхэр/шүдлэн үхэр/ 330.000 төгрөг, нийт 1.155.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-25-31/
- Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.06.28-ны өдрийн 108 дугаартай тодорхойлолт /хх-42/
- Л.М-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-50/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-52/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2018 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн иргэн Ч.А-н үхэрт байсан хохирогч Е.О-н өмчлөлийн зүүн чих нь онь имтэй, баруун чих урьд талаас цуулбар имтэй улаан халзан соёолон үнээ, зүүн чих нь онь имтэй баруун чих нь урьд талаас цуулбар имтэй улаан халзан бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.155.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Л.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Би хүний үхэр андуурч хүнд өгсөн. Би Б гэдэг хүнээс үхэр авсан байснаа алдаад, тэрийгээ эрж явж байгаад айлд адилхан улаан үхэр байна гэхээр нь очиж аваад хүнд өгсөн. Энд нэг адилхан үхэр байна гэхэд нь очиход зүс нь адилхан байсан...” гэх,
хохирогч Е.О-н” Ч.А нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр ухаа халзан үнээ, улаан халзан зүсмийн охин тугалын хамт алга болсон гэж надад хэлж байсан. 2019 оны 09 дүгээр сард Н гэх хүний үхэрт Ч.А-н үхэрт байсан манай тугалтай үнээ байхаар нь асуухад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын М гэх хүнээс авлагадаа авсан гэж хэлсэн. Л.М гэх хүнтэй утсаар яриад чи манай үхрийг хүнд зарсан байна гэж хэлэхэд М гэх хүн би танай үхрийг хүнд зараагүй би өөрийн үхрээ өрөндөө өгсөн гэж хэлсэн.” гэх,
гэрч Ч.А-н “2016 онд манай үхэрт Е.О-н ухаа халзан зүсмийн бяруу нийлж, 2018 оны 05 дугаар сард тугалж, охин улаан халзан тугал гарсан. Манай малчин Э гарсан тугалыг эхтэй нь адил имээр имнэсэн. байсан. 2019 оны өвөл манай үхэр уруудахад уг үнээ тугалтайгаа хамт алга болсон байсан...” гэх,
гэрч Н.Н баярын: 2019 оны 03 дугаар сарын эхээр Л.М гэх хүнээс улаан халзан соёолон үнээ, зүүн чих нь онь имтэй, баруун чих урьд талаас цуулбар имтэй, улаан халзан тугал нь бяруу зүүн чин нь онь имтэй баруун чих нь урьд талаас цуулбар имтэй хоёрыг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан....” гэх,
гэрч Г.А-н: 2019 оны хавар Хөлөнбуйр сумын Л.М гэх хүн залгаад танай үхэрт бяруутай улаан манхан үнээ байна уу гэж асуухаар би байгаа 2018 оны 12 дугаар сард манай үхэрт нийлсэн гэж хэлсэн. Тэгээд Л.М нэг хүнтэй хамт машинтай ирээд тухайн хоёр тооны үхрийг ачаад явсан...” гэх,
гэрч Б.Н-н “2017 оны 11 сард хуц, ухна харуулсан хөлсөндөө Л.М гэх хүнд улаан халзан зүсмийн үнээ, ухаа зүсмийн тугалтай 2017 оны 11 дүгээр сард өгч явуулсан юм. Тухайн улаан халзан зүсмийн үнээний им баруун чих урдаас догол, зүүн чих урдаас ухам имтэй байсан. Харин тугал нь имгүй байсан. Надад үзүүлсэн зураг дээрх 2 тооны үхэр Л.М-д өгсөн үхэр биш байсан. Зүс нь адилхан харин им нь өөр байсан. Манай үхрийн им биш” гэх мэдүүлгүүд,
Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн 2020.06.09-ний өдрийн Г/А/20/03/246 дугаартай “нас гүйцсэн үхэр-1 ширхэг 825.000 төгрөг, өсвөр насны үхэр/шүдлэн үхэр/ 330.000 төгрөг, нийт 1.155.000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч Л.М-н ижил сүргээсээ салж, нутаг бэлчээрээсээ холдож айлын үхэрт нийлсэн үнээ, бярууг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр атлаа хуульд заасан дээрх иргэний үүргээ биелүүлэлгүй, харин өр төлбөртөө өгч завшсан болох нь хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.
Л.М нь дээрх алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг буюу өөрийнх алдагдсан үхрүүдтэй нас, зүс ижил боловч, имээрээ өөр байгааг мэдсээр атлаа авч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгө, алдуул малыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өр төлбөртөө өгөх зорилгоор уг малыг авчээ.
Шүүгдэгч Л.М-н, хохирогч Е.О-н алдуул хоёр тооны үхрийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.М нь гэмт хэргийн улмаас хохирогч Е.О-т учирсан 1.155.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Е.О-н “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай хоёр тооны үхрийг Л.М нь им зүсээр нь авч ирж өгсөн. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч Е.О-н 2 тооны үхрийг Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн 2020.06.09-ний өдрийн Г/А/20/03/246 дугаартай “нас гүйцсэн үхэр-1 ширхэг 825.000 төгрөг, өсвөр насны үхэр/шүдлэн үхэр/ 330.000 төгрөг, нийт 1.155.000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.М-н гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Л.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Л.М-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Е.О нь “Л.М нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай хоёр тооны үхрийг Л.М нь им зүсээр нь авч ирж өгсөн. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хохирлын талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Л.М-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.М-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнхтулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч Л.М-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Л.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Е.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН