Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Ж-д холбогдох 2030000000202 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Элчит тэрэгний техникч мэргэжилтэй, ам бүл ... эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 хороолол .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /рд:............../ Ж.Ж

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 06 дугаар сарын 08-ны шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас 35 км орчим газарт явж байгаад эхнэр Д.О-г зодож эрүүл мэндэд нь “Баруун бугалга, зүүн хөх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр найз Б-с гарч яваад Уулбаян суманд ирсэн. Хоёр, гурван найзуудтайгаа таарч 2 шил архи уусан. Буцаж явах замдаа эхнэртэйгээ маргалдсан, урд өмнө гэр бүлийн таагүй харилцааны улмаас үүдэж маргаан гарсан. Нэг шил архи хувааж уусан, би халсан байсан тул муудсан байна лээ. Болсон зүйл бүгд үнэн. Намайг унтаад өгсний дараа эхнэр маань яваад өгсөн байсан. Шөнө нь Б-нд очиж ач  хүү, Б  хоёрыг авч Уулбаян суманд ирэхэд эхнэртэйгээ таарсан. Эхнэр маань Улаанбаатар хот явлаа гээд яваад өгсөн. Хотод очоод ийм асуудал болсон гэж хэлсэн. Одоо хоорондоо эвлэрсэн, хамт амьдарч байгаа, хамт ирсэн...гэв.

 

- Яллагдагч Ж.Ж-ы хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Уулбаян сумын Х  гэх газар эхнэр О, ач хүү Т нарын хамтаар найз Б-нд ирсэн юм. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эхнэр О-ийн хамтаар Уулбаян сум руу орж ирээд хадам хөгшний газар дээр очиж арц хүж уугуулаад сумын төвөөр буцаж ороод 2 шил 0.75 литрийн хэмжээтэй цагаан архи авсан. О бид хоёр 19:00 цаг болж байхад Уулбаян сумын төвөөс найз Б-гийн гэр рүү машинтай хөдлөөд сумын төвөөс 30 орчим километр яваад машины дугуй хагарахаар нь хөдөө хонохоор болоод ор дэрээ засаад нэг шил архи задалсан. Би эхнэр О-ийг “ чи хүмүүстэй архи уудаг байж надтай яагаад уудаггүй юм бэ “ гэж хэлээд шахаж байгаад архи хувааж уусан. Ууж байх хугацаандаа бид хоёр хоорондоо хэрэлдсэн би архи уухгүй болохоор нь гараас нь татаж чангаасан. Би баруун гарын шуун хэсэгт нь татаж  байсан тамхиа унтраасан минь үнэн. Бас ахиж тамхи татаж байгаад унтраахдаа  аль хөлийг нь санахгүй байна гуян дээр нь унтраасан юм. Би архи ууж байгаад тасарч унаад унтаж байгаад өглөө 04:00 цаг болж байхад нойрноос сэрэхэд эхнэр Д.О байгаагүй учир би Бгийн гэрээр очиж Б, ач хүү Тэмүжин нарын хамтаар хайж байгаад сумын төвөөс О-г олж авсан юм. Тэр өдрөө манай эхнэр Улаанбаатар хот яваад өгсөн байсан. Манай эхнэр О хамт ажилладаг хүнтэйгээ явалдаад нэг жил гаруй болсон юм байна лээ энэ асуудлаас болж бид хоёр маргалдаж муудалцах болсон юм. 2020 оны 06 дугаар сарын 08-наас өмнө 10 орчим хоногийн өмнө эхнэртэйгээ муудаад нэг удаа цохисон асуудал байгаа өөр зодож цохиж байгаагүй юм. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

- Хохирогч Хохирогч Д.О-н: 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би нөхрийн хамт найз Б-нд очиж хоносон. Б түүний эхнэр, манай ач Тэмүжин бид 5 Сүхбаатар аймгийн Уулбаян сум ороод архи аваад буцаад хөдөө Б-гийнхруу явж байгаад сумын хаалга дээр найзуудтайгаа архи  уусан. Б манай нөхрийн машиныг бариад явж байсан чинь нөхөр өөрөө  барина гээд Б-г эхнэртэй нь хөөсөн чинь тэр 2 сумаас 7-8 км газарт буучихсан. Манай нөхөр машинаа бариад явж байгаад замдаа зогсоод нэг шил архи гаргаж ирээд “ одоо 2-уулаа архи ууна “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлсэн чинь тэр уурлаад намайг ална гээд татаж байсан тамхиа миний гарын баруун талын шууны  хэсэгт унтраасан. Дараа миний нүүрний уруул хэсэг рүү гараараа 2 удаа, 2 гарын бугалга хэсэг рүү гараараа 5-6 удаа цохиж, миний зүүн талын гуяын дотор талыг 5-6 удаа чимхсэн, дараа нь цээж рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд цохиод болохгүй байхаар нь би архинаас 2 удаа уусан. Нөхөр нөгөө ганцаараа уусаар байгаад тасраад унтаад өгсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад зугтаагаад 17 км орчим алхаад Г гэдэг айлд ирээд тэр хүнд учир байдлаа  хэлсэн чинь тэр хүн намайг сумын төв хүргэж өгсөн. Манай нөхөр нэлээн согтуу байсан. Өглөө нь би сумандаа байхдаа утсаар ярьсан чинь “ би мэдэхгүй байна,би чамайг зодоогүй “ гэж байна лээ. Нөхөр намайг ажлын хүнтэй хардаад зодсон байх. Уруул хавдсан, 2 гар, гуяын дотор тал хөхөрсөн. Сүүлийн нэг жилийн хугацаанд би ажил хийдэг  болсноос хойш хардаж зоддог болсон. Саяны энэ явдлын өмнө 10-аад хоногийн урд бас зодож байсан. 34 жил болж байна. Гэр бүлийн баталгаа байгаа. Бид 2 дундаасаа 2  хүүхэдтэй. Охин маань Сэлэнгэ аймагт амьдардаг. Хүү маань Орост сурч байгаа. Бид 2 л байсан. Одоо бие маань зүгээр байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг,

 

- Гэрч Г.Б-гийн: Манай найзууд болох Ж, О нар 2020 оны 06 дугаар  сарын 05-ны өдөр манай хөдөө гэрт ирээд байж байгаад 08-ны өдөр Д.О-ийн ээжийн газрыг  эргэнэ гээд манай гэрээс сумын төв рүү явсан. Тэгээд тэр орой манайд ирж хоноогүй байж байгаад өглөө 04:00 цагийн орчим Ж машины дугуй нь хагарсан байдалтай ирээд О алга болсон бид хоёр хоорондоо маргасан гэсэн. Ж бид хоёр хайж байгаад сумын төв рүү орж ирэхэд Д.О сумын төв дээр ирсэн байсан. О хувцсаа аваад ач хүү Т-гээ дагуулаад Улаанбаатар хот явах гээд явсан. Харин Ж машинтайгаа давхиад яваад өгсөн. Би О-ийг хот явахаас нь өмнө уулзахад Ж-д зодуулсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг,

 

- Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 6873 дугаартай: 1. Д.О-ийн биед баруун бугалга, зүүн хөх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт /хх- 20-21/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05/

 

- Ж.Ж-гийн Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 32/

 

- Ж.Ж-гийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх- 33/,

 

- Ж.Ж-гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 31/

 

- Хохирогч Д.О-ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл.2020.07.06. /хх-34/

 

- Хохирогч Д.О-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-38/

 

- Шүүгдэгч Ж.Ж-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-387

 

- Ж.Ж-ы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-42/

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаартай санал/хх- 44/зэрэг баримтууд болно.

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх- 36/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ж нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас 35 км орчим газарт өөрийн машиндаа эхнэр Д.О-г зодож эрүүл мэндэд нь “ Баруун бугалга, зүүн хөх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

Ж.Ж-ы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Уулбаян суманд ирээд найзуудтайгаа таарч 2 шил архи уусан. Буцаж явах замдаа урд өмнөх гэр бүлийн таагүй харилцааны улмаас үүдэж эхнэртэйгээ маргалдсан. Нэг шил архи хувааж уусан, би халсан байсан тул муудсан байна лээ. Болсон зүйл бүгд үнэн...” гэх,

хохирогч Д.О-ийн “манай нөхөр машинаа бариад явж байгаад замдаа зогсоод нэг шил архи гаргаж ирээд одоо 2-уулаа архи ууна гэж хэлсэн. Би уухгүй гэж хэлсэн чинь тэр уурлаад намайг ална гээд татаж байсан тамхиа миний гарын баруун талын шууны хэсэгт унтраасан. Дараа нь миний нүүрний уруул хэсэг рүү гараараа 2 удаа  цохисон, дараа нь 2 гарын бугалга хэсэг рүү гараараа 5-6 удаа, миний зүүн талын гуяын дотор талыг 5-6 удаа чимхсэн, дараа нь цээж рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд цохиод болохгүй байхаар нь би архинаас 2 удаа уусан...” гэх

гэрч Г.Б-гийн “ өглөө 04:00 цагийн орчим Ж машины дугуй нь хагарсан байдалтай ирээд О алга болсон бид хоёр хоорондоо маргасан гэсэн. Ж бид хоёр хайж байгаад сумын төв рүү орж ирэхэд Д.О сумын төв дээр ирсэн байсан. О хувцасаа аваад ач хүү Т-гээ дагуулаад Улаанбаатар хот явах гээд явсан. Би О-ийг хот явахаас нь өмнө уулзахад Ж-д зодуулсан гэж ярьж байсан ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 6873 дугаартай: 1. Д.О-ийн биед баруун бугалга, зүүн хөх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хамаарна.

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Ж.Ж нь согтуурсан үедээ гэр бүлийн асуудлаас буюу хардалтын улмаас хохирогч Д.О-ийн баруун бугалга, шуу, зүүн хөх, зүүн бугалга, зүүн гуянд цохиж зодон гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд Ж.Ж нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Ж.Ж-ы, хохирогч Д.О-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Ж.Ж-ы үйлдлийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй ба гомдолгүй талаараа “О миний бие нөхөр болох Жаас ямар нэгэн эмчилгээ болон өөр төрлийн нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй. Би энэ хүнд гомдол санал байхгүй. Хойшид бид эвлэрсэн учир гомдол санал гаргахгүй..” гэх хүсэлтийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргажээ.

Иймд шүүгдэгч Ж.Ж-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Ж.Ж-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Ж.Ж-ы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.О “Би энэ хүнд гомдол санал байхгүй. Хойшид бид эвлэрсэн учир гомдол санал гаргахгүй” гэх хүсэлтээ гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Ж.Ж-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханы “ Ж.Ж нь эрхэлсэн ажилгүй тул түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү “ гэх хүсэлтийг хангах үндэсгүй гэж үзлээ.

Учир нь тэрээр дээрх хүсэлтийг шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаны дараа буюу шүүхийн шийдвэр уншин сонсгосны дараа гаргасан бөгөөд Ж.Ж-д оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэл хэрэгт тогтоогдоогүй болно.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Ж нь ямар үндэслэлээр торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж байгаа тодорхойгүй хийгээд үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдъя.

 

Шүүгдэгч Ж.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд ялтан Ж.Ж-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Д.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН