| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2015/8943/и |
| Дугаар | 50 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 50
| 2017 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 182/ШШ2017/00050 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 7 дугаар байрны 01 тоотод оршин суух, Шуудай овогт Жамбаагийн Чимэдцэрэн /РД:ХЖ58082002/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, өөрийн байранд байрлах, “Тахько” ХК /РД:2061007/-д холбогдох
“Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 01, 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “Тахько” ХК-ийн хувьцаанаас 272,775 ширхэг хувьцааг хасах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамжны 24 дүгээр байрны 25 тоотод оршин суух, Чойжоохүү овогт Чойжоогийн Батбилэг /РД:УШ41091516/,
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоотод оршин суух, Номч овогт Настын Энхнасан /РД:ЧМ82071717/,
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 14 дүгээр байрны 26 тоотод оршин суух, Боржигон овогт Шаравын Мөнх-Очир /РД:ХБ64031972/,
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух, Санжаагийн Энхтайван /РД:УШ55082730/,
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны 18 тоотод оршин суух, Батболдын Батхуяг /РД:УЕ74031410/,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхоны 2 дугаар байрны 104 тоотод оршин суух, Түдэвийн Доржготов /РД:УС51041512/,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхнасан, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Батбилэг, Б.Батхуяг, С.Энхтайван, Ш.Мөнх-Очир нарын өмгөөлөгч Г.Амартүвшин, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Доржготов, Н.Энхнасан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бэлгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2000 оны 07 дугаар тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарын эзэмшлийн “Тахько” ХК-ийн 272,775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг тусгаарлан “Татекс” ХХК-д шилжүүлснээр эдгээр хувьцаа эзэмшигчид нь “Тахько” ХК-ийн 272,775 ширхэг хувьцааны эрхийг эдлэх эрхгүй болсон. Нөгөө талаараа “Taxько” ХК-ийн нийт хөрөнгөөс 272,775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгө хасагдсан.
Нэгэнт компанийн нийт хөрөнгийн хэмжээ багассан учир тэдгээр хөрөнгөнд хамаарах 272,775 ширхэг хувьцаа мөн компанийн хувьцааны бүртгэлээс хасагдах учиртай байсан.
2000 оны 4 дүгээр сард гэрээ байгуулагдаж байх үед болон 07 тоот тогтоолыг гаргаж байх үед хэлцлийн дагуу шилжүүлэгдэж буй эд хөрөнгөд ногдох 272,775 ширхэг хувьцаа хэлцлийн нэг тал болох Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарын нэр дээр бүртгэлгүй харин Р.Лутаагийн нэр дээр бүртгэлтэй байсан юм.
“Тахько” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг тус компанийн нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчдийн хооронд удаа дараа хийгдсэн хэлцлийн дагуу нэмж гаргасан бүх хувьцааг Р.Лутаа агсны нэр дээр бүртгүүлэхээр тохиролцсоны дагуу түүний нэр дээр бүртгүүлсэн 604,680 ширхэг хувьцааны дотор дээрх 272,775 ширхэг хувьцаа багтаж байсан.
“Тахько” ХК-ийн 1996 онд нэмж гаргасан 687,610 ширхэг хувьцаанаас 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрээр нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчид хуваан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болон 272,775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг “Тахько” ХК-ийн хөрөнгөөс тусгаарласан асуудал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм.
Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очирын хувьд эзэмших ёстой байсан хувьцаандаа оногдох хөрөнгөө аваад гарчихсан тул тэдний эзэмшилд байсан 272,775 ширхэг хувьцааны эрхийг Р.Лутаагийн өв залгамжлагч Л.Буянбат хэрэгжүүлэх хуульзүйн үндэслэл байхгүй болно.
“Тахько” ХК-ийн Тооллогын комисс 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоороо хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн тоог 1,502,292 гэж тогтоосон нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.
“Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлүүлэх гэж байгаа 272,775 ширхэг хувьцааны эрхийг тус компанийн ямар ч хувьцаа эзэмшигч, тэр тусмаа хувьцаа эзэмшигч Л.Буянбат хэрэгжүүлэх эрхгүй болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдчихсон асуудал байсан.
Түүнчлэн хэдийгээр түүний нэр дээр бүртгэлтэй боловч 272,775 ширхэг хувьцаанд оногдох хөрөнгө нь компанид байхгүй болсон тул тухайн хувьцаанд хамаарах саналын эрх байхгүй гэдэг нь компанид илэрхий болсон асуудал байхад маргаан бүхий хувьцааны ирцийг Л.Буянбатын нэр дээр тоолон ирцэд тооцсон нь хууль бус болсон.
Л.Буянбат дээр нэмж тооцсон хувьцааг хасаж тооцвол хуралд 791,585 ширхэг энгийн хувьцаа эзэмшигчид оролцсон гэж үзэх бөгөөд энэ нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хэмжээнд хүрсэн гэж үзнэ.
Тооллогын комисс мөн өдөр гаргасан 02 дугаар тогтоолдоо “..."Тахько” ХК-ийн нийт хувьцаанаас хувьцаа эзэмшигч асан Ц.Настын 87,087, Т.Доржготовын 87,087, Ш.Мөнх-Очирын 98,606 ширхэг энгийн хувьцааг хасаж “Тахько” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах...” гэсэн асуудалд “Татгалзсан” санал өгсөн хувьцааны тоог 641,268 ширхэг гэж тоолохдоо Л.Буянбатын саналын эрхийг 555,313 ширхэг хувьцаагаар тооцон түүний өгсөн саналын эрхэд маргаан бүхий 272,775 ширхэг хувьцааг оруулан тооцсон нь хууль зөрчжээ.
Ээлжит бус хурлаар хэлэлцсэн дээрх асуудалд “'Зөвшөөрсөн” санал өгсөн хувьцааны эрхийн тоо 411,043 бөгөөд “Татгалзсан” санал өгсөн тооноос маргаан бүхий 272,775 ширхэг хувьцааг хасаж тооцвол 368,493 ширхэг хувьцаа байна.
“Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудалд санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн олонхи хэлэлцсэн асуудлыг “Зөвшөөрсөн” санал өгсөн байхад тооллогын комисс хувьцаа эзэмшигч Л.Буянбатын санал өгөх эрхгүй хувьцааг түүний саналд оруулан тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.
Тооллогын комиссын хууль зөрчсөн шийдвэрийг үндэслэн гарсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоол мөн Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.
Ийм учраас “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 01, 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох, “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох, “Тахько” ХК-ийн хувьцаанаас 272,775 ширхэг хувьцааг хасах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж гүйцэтгэх захирлын зүгээс үзэж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу миний бие “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд дээрх асуудлуудын талаар хариуцагч байх боломжгүй бөгөөд Тооллогын комисс болон Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгох эрх бүхий этгээд би биш болохыг шүүх анхаарч үзэхийг хүсье.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 болон “Тахько” ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдагдаад байгаа хувьцааг хасах эсэх асуудлын талаар шийдвэр гаргах эрх нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 болон компанийн дүрмийн 7.1.7, 7.1.13-т заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хуралд хадгалагдаж байгааг анхаарна уу.
Түүнчлэн компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Тахько ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4.2-т заасан эрх үүргийн дагуу гүйцэтгэх захирлын хувьд Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох, Хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгогдсон Тооллогын комиссын шийдвэрийг хүчингүй болгох, дур мэдэн хувьцаат компанийн хувьцааг хасах замаар бүртгэлд өөрчлөлт оруулах эрх надад олгогдоогүй болно.
Гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн Монгол Улсын Үндсэн хууль болон Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, мөн компанийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар олгосон эрхийг хязгаарлаж, тэдний нэрийн өмнөөс тэдний гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, улмаар гаргасан шийдвэрт аливаа нэгэн үнэлэлт
дүгнэлт өгөх, мөн санал өгсөн хувьцааны хэмжээг өөрчлөх асуудлыг хөндөх эрх хуулиар олгоогүй.
Дээрх зүйлээс үндэслэн “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш байгааг шүүх дахин анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Харин миний бие “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигч мөн бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагагуудад өөрийн зүгийн өмнөөс тодорхой зарим нэгэн тодруулга, тайлбар өгөх нь зүйн хэрэг гэж үзэж байна.
Үүнд: Ж.Чимэдцэрэнгийн шаардлагын дагуу зарласан 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Тахько” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Тооллогын комиссын 01 болон 02 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлагын хувьд
Хурлын комисс Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу Тахько ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуульд заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 18 гэсэн хаягт хуралдуулахаар хувьцаа эзэмшигч болон холбогдох этгээдүүдэд зарыг олон нийтийн хэвлэл мэдээллээр тогтоосон хугацаанд хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хурлыг зарлан хуралдуулсан.
Ингээд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус Хувьцаа эзэмшигчдийн хурлын оролцогчдын нэрсийн жагсаалтаар 1,189,983 ширхэг энгийн хувьцаа эзэмшигчид оролцохоос 1,052,292 ширхэг саналын эрх бүхий энгийн хувьцаа эзэмшигч нар оролцож хурлын ирц 88,4 хувьтай байсан байна. Энэ талаар Ж.Чимэдцэрэн огт маргаагүйг шүүх анхааралдаа аваасай.
Компанийн тухай хууль 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу Тооллогын комисс нь 3 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон ба гүйцэтгэх захирлын хувьд тэднийг томилох эрх надад хуулиар ч дүрмээр ч олгогдоогүй билээ.
Тухайн өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Тооллогын комиссыг Д.Минжмаа даргалсан ба компанийн хуулийн 67.4-т “хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын дарга нь тооллогын үр дүнгийн үнэн зөвийг хариуцна” гээд тов тодорхой заасан байгаа.
Миний ойлгож байгаагаар Ж.Чимэдцэрэн нь Тооллогын комисс түүний хасахаар санал оруулж байгаа 272,775 ширхэг хувьцааг ирц болон саналын эрхэд оруулж тооцсон буруу гэж үзэж байгаа гэж маргаж байгаа боловч Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, мөн зүйлийн 66.3-т заасны дагуу ээлжит бус хурлын протокол болон өөрийнх нь Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх гэж байгаа асуудалд ингэж хасах саналыг огт гаргаж байгаагүй, мөн тусгаагүй ба Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-т заасны дагуу уг асуудлыг хэлэлцээгүй байдаг.
Хэзээ хэдэн онд ямар шүүхийн шийдвэрээр Л.Буянбат нь 272,775 ширхэг хувьцааг эзэмших эрхгүй гэж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд харин Ж.Чимэдцэрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтэд дурдсаны дагуу дээрх асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдүүлэх саналыг гаргаж үүний дагуу Тахько ХК-ийн ээлжит бус Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан юм.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-т “...Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээлэл, баримтыг хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд бүрэн бүтэн хадгалж, зохих журмын дагуу мэдээлэх буюу тайлагнах үүрэгтэй...” гэж заасан бөгөөд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/138 тоо албан бичгээр хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгааг албан ёсоор хэрэгт хүргүүлсэн билээ.
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй...” гэж заасан болохыг шүүх анхааран үзнэ үү.
Мөн өдрийн ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 тоот тогтоолын хүчингүй болгох шаардлагын хувьд:
Юуны өмнө дээр дурдсанчилан Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, мөн зүйлийн 66.3-т заасны дагуу “... саналаа бичгээр гаргах бөгөөд түүнд гаргаж байгаа санал, түүний үндэслэл, санал оруулж байгаа хувьцаа эзэмшигчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр түүний эзэмшлийн хувьцааны төрөл, тоог тусгана ...” гэсэн шаардлагыг Ж.Чимэдцэрэн 272,775 ширхэг хувьцааг ирц болон саналын эрхэд оруулж тооцох эсэх тал дээр санал гаргаагүй байдаг юм.
Ингэж гаргаагүй байх тул Тооллогын комисс болон хувьцаа эзэмшигчдийн хурал энэ асуудлын талаар хэлэлцэж аливаа нэгэн шийдвэр гаргах эрх Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-т заасны дагуу олгоогүй юм.
Мөн дээр дурдсанчилан үнэт цаасны бүртгэлийн байгууллага нь маргаан бүхий 272,775 ширхэг хувьцаа нь хууль ёсны гэж үзэн бүртгэсэн ба хэрэв нэхэмжлэгчийн яриад байгаачлан хууль бус гэж үзэж байгаа бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т “...Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд хууль болон холбогдох журамд заасан үндэслэлээр бүртгэлийг гүйцэтгэхээс татгалзах, зохих мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, шалгуулах эрхтэй....” гэсний дагуу зохих ажиллагааг хийхээр байна.
Өнөөдрийн байдлаар ийм зүйл огт гараагүй учир Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т “...Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ...”, мөн зүйлийн 182.3-т “...Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна...” гэж заасан байх тул 183 дугаар зүйлийн 183.1-т заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох хуулийг шүүх анхааралдаа авна гэдэгт итгэлтэй байна.
272,775 ширхэг хувьцааг хасах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах шаардлага нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг хуульчилсан болно.
Мөн Тахько ХК-ийн дүрэм болон холбогдох хуульд заасны дагуу”... хувьцааг хасах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах ...” асуудал огт тусгагдаагүй байх ба 62 дугаар зүйлийн 62.1.3-т “... хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох...” гэж заасан байна.
Компанийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй...” гэж заасныг учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Батбилэг, Б.Батхуяг, С.Энхтайван, Ш.Мөнх-Очир нарын өмгөөлөгч Г.Амартүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд тус нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Чимидцэрэнгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байх бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын юунд, ямар үндэслэлээр гомдож, эс зөвшөөрч байгаа нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнгээс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн санал, шаардлагыг үндэслэн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг үндэслэн “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар болсон.
2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон бөгөөд хурлын зарыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдох болно.
“Тахько” ХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд тус компанийн саналын эрх бүхий 1,189,983 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч оролцохоос 1,052,292 ширхэг саналын эрх бүхий энгийн хувьцаа эзэмшигчид оролцсон. Тус хурлын ирц нь 88.4 хувь байсан бөгөөд хэлэлцэх асуудлыг саналын хуудсаар дамжуулан шийдвэрлэсэн.
“Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Тахько” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахгүйгээр шийдвэрлэсэн. Хуралд оролцсон саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 60.94 хувийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлын саналыг саналын хуудсаар дамжуулан авсан болно.
Дээрх саналыг тооцож шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5.-д “...Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оропцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно..." гэж заасантай нийцүүлсэн.
Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн нь нийт 272,775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг тусгаарлан “Татекс” ХХК-ийг байгуулсан... одоог хүртэл компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт ороогүй, хасалт хийгдээгүй гэж тайлбарласан.
Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлд компанийг тусгаарлах талаар хуульчлан өгсөн байдаг. Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,-д “...Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ..." гэж заасан.
Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлээс үзэхэд компанийг тусгаарласан тохиолдолд тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах талаар зохицуулаагүй. Мөн хуулийн 20, 21 дүгээр зүйлд зааснаар компанийг нэгтгэх, хуваах тохиолдолд үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулдаг.
...Л.Буянбат 555,313 ширхэг хувьцаанд ногдох саналын эрхийг эдэлж, мөн тооны хувьцаанд ногдох ашиг авч... бусад хувьцаа эзэмшигчдийг хохироосоор өдийг хүрлээ...” гэсэн тайлбарын хувьд Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “...Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ...” гэж зааснаар иргэн Л.Буянбат нь хуулиар өөрт олгогдсон хувьцаанд нийцүүлэн санал өгөх эрхтэй.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "...Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санап өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг
худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ..." зааснаар өөрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгийг авах бүрэн эрхтэй болно.
Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг өөрт олгогдоогүй хувьцааны саналын эрхээр бүрдүүлэн өөрийн төрөл төрөгсөд, хамаатан садангаараа компанийн ТУЗ-ийг бүрдүүлж, төрсөн эгчийгээ гүйцэтгэх захирлаар томилсон тэр бүтэц бүрэлдэхүүнээр хувьцаа эзэмшигчдийн хурлын болон ТУЗ-ын шийдвэрийг гаргаж ирсэн...” гэсэн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн дээрх тайлбар баримтаар нотлоогүй, тогтоогдоогүй байх бөгөөд өмнө нь ТУЗ-өөс гарч байсан шийдвэр бүр нь үндэслэлгүй гарч байсан шинжийг агуулсан тайлбар байна.
Хэрэв нэхэмжлэгч Ж.Чимидцэрэн нь ТУЗ-ийн шийдвэрийг эс зөвшөөрч байсан бол тухай бүрд нь гомдол гаргах, түүнийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Компанийн тухай хуульд ТУЗ-д өөрийн төрөл төрөгсөд, хамаатан саданг бүрдүүлж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.
Нэхэмжлэгч Ж.Чимидцэрэн нь “Тахько” ХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хуульд заасан хэлбэрээр явуулсан гэдэгт маргаангүй, харин түүний хүссэн шийдвэр гараагүй, саналыг баталсан дийлэнх, эсхүл ердийн олонх гэдэгт маргаж шүүхэд хандсан харагдаж байна.
Тэрээр “Тахько” ХК-ийн 01 дугаартай тогтоолын саналыг тооцохдоо Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7-г зөрчсөн гэдэг тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Өөр ямар нэгэн тайлбаргүйгээр шаардлагаа тодруулсангүй.
Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7.-д “...Энэ хуулийн 62.1.1- 62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ...” гэж заасан байдаг.
Дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.-62.1.6.-д ямар асуудлыг хэлэлцэж, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхоор шийдвэрлэх талаар тодруулж үзье.
Үүнд: Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах, компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох, компанийн хэлбэрийг өөрчлөх, компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох, хувьцааг хуваах буюу нэгтгэх талаар зохицуулсан.
Нэхэмжлэгч Ж.Чимидцэрэнгийн нэхэмжлэлд дурдсан “Тахько" ХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх хүсэлт, шаардлага нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-62.1.6-д заасантай үл тохирч байх бөгөөд 01 дугаартай тогтоолыг гаргаж хувьцаа эзэмшигчдийн саналыг Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д нийцүүлж тооцсон нь хуулийн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь саналыг тооцохдоо ямар үндэслэлээр Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7-д заасныг баримтлах талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна.
Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах зохицуулалтыг хуульчлан өгсөн. Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,-д “...Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно...” гэж заасан.
Шүүхэд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн талаар гомдол гаргахдаа тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн. Хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн гэх маргааныг шүүхэд хандан хувьцаа эзэмшигч маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хувьцаа эзэмшигчдийн хурал буюу “Тахько” ХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-70.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь гагцхүү түүний хүсэлд нийцээгүй тогтоолд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-Т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд урьдчилан шийдвэрлүүлэх ёстой.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3,-т заасан заалтьг зөрчсөн гэж гуравдагч этгээдүүд болон түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас нэхэмжпэгч Ж.Чимидцэрэнгийн нэхэмжлэлтэй “Тахько” ХК-д холбогдох 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжпэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Доржготов, Н.Энхнасан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бэлгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ж.Чимэдцэрэн нэхэмжлэлдээ “манай компанийн 2000 оны ТУЗ-ийн тогтоолоор Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарын эзэмшлийн нийт 272.775 ширхэг ногдох хөрөнгийг тусгаарлан, “Татекс” компанийг байгуулсан бөгөөд одоог хүртэл компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт ороогүй хасалт хийгдээгүй байна” гэжээ.
“Тахько” ХК нь 1992 онд үүсгэн байгуулагдаж, 1995 онд “Грэйт Айвен” компанитай хамтран 50 хувь нь “Тахько” ХК-ийн эзэмшлийн гадаадын хөрөнгө оруулалттай “Татекс” ХХК-ийг 10 жилийн хугацаатай байгуулсан байдаг. 2000 онд “Татекс” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Татекс” ХХК-ийн удирдлагыг шинэчлэн, алдагдлыг хариуцахгүйн тулд хэлэлцээр байгуулан Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарт “Татекс” ХХК-ийн удирдлага буюу менежментийг хариуцан ажиллуулах түүнтэй холбогдуулан тодорхой хөлс буюу ногдол ашиг авч байх зэрэг асуудлыг харилцан тохиролцсон байдаг.
2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол-Тайваны гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компанийн ХЭХ-ын шийдвэрээр “Тахько” ХК “Татекс” ХХК-ийг авч “Грэйт Айвен” компани нь “Айтекс” ХХК-ийн хөрөнгийг авч тусдаа гарсан.
Иргэн Ж.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлийн үндэслэл нь 2000 оны Хэлэлцээрт тулгуурлан гарсан ТУЗ-ийн тогтоол дээр үндэслэн дээр дурдсан 3 хувьцаа эзэмшигчийг “Тахько” ХК-иас хасч Үнэт цаасны хороонд бүртгүүлэх тухай асуудлыг 2015 оны 01 дүгээр тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага байсан байх ба үүнийг дараах хэд хэдэн хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.
1-рт: 2000 онд иргэн Ж.Чимэдцэрэн нь “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан ба дээр дурдсан Хэлэлцээрийг баталсан
хүмүүсийн нэг байсан бөгөөд тухайн үед тус хэлэлцээртэй холбогдуулан тодруулга хийж эрх ашиг нь хөндөгдсөн хэмээн үзэж байсан бол түүний холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан байхад гомдол гаргаагүй байж, хэдий хойно буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гомдол гаргасан байна. Нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна.
2-рт: Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч иргэн Ж.Чимэдцэрэнгийн тавьсан шаардлага нь өөрөө хууль бус шаардлага байна.
Учир нь тэрээр 2000 оны ТУЗ-ийн тогтоолоор хувьцаа эзэмшигчид болох Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарын хувьцааг тусгаарласан юм” хэмээжээ. Гэтэл нэхэмжлэгчийн яриад байгаа “Татекс” ХХК-ийн талаарх хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг компани нь 1995 онд гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компаниар анх үүсгэн байгуулагдаж байсан тул “Тахько” компанийг тусгаарлах замаар байгуулагдсан гэх ямар ч үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл “Тахько” ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулж, “Татекс” ХХК-ийг үүсгэн байгуулаагүй. Харин 2000 оны хэлэлцээр болон ТУЗ-ийн тогтоол нь гагцхүү компанийг удирдах буюу менежментийн эрхийг тодорхой хэсэг хувьцаа эзэмшигчдэд олгосон асуудал юм.
Энэ асуудлыг Үнэт цаасны хороо, иргэн Ж.Чимэдцэрэн нар буруугаар ойлгож хувьцаа эзэмшигчдийг компаниас хасагдах ойлголт мэтээр тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг хөндсөн хууль бус нэхэмжлэлийн шаардлага болжээ.
3-рт: 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар дээрх 3 хувьцаа эзэмшигчдийн хувьцааг “Тахько” ХК-аас хасч /хасах үндэслэл нь Тахько компанийн 2000 оны ТУЗ-ийн тогтоол гэж тайлбарлаж байгаа хэдий ч Компанийн тухай хуулиар компанийг тусгаарлах асуудлыг ХЭХ-аар, дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэдэг, Компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлага байсан.
Харин тус өдрийн хурлаар иргэн Ж.Чимэдцэрэнгийн компанийн үнэт цаасны бүртгэлд хасалт хийж бүртгүүлэх албан шаардлагыг олонхийн саналаар хүлээн авахаас татгалзсан, тэрнээс биш олонхийн саналаар хасалт хийхийг зөвшөөрсөн асуудал биш юм. Хэрвээ тус өдрийн хурлаар олонхийн саналаар дээрх 3 хувьцаа эзэмшигчдийг хасч, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байсан бол энэ нь хууль бус шийдвэр байх байсан.
Иймд, тус компанийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тоот ХЭХ-ын шийдвэр нь Компанийн тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй болно. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурлаар эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч эхлээд ИХШХШТХ-ийн 65.1.3-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдлоо гаргах байтал шүүх тус нэхэмжлэлийг хүлээж авсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн болон хувьцаа хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн нь “Тахько” ХК-д холбогдуулан “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 01, 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, “Тахько” ХК-ийн хувьцаанаас 272,775 ширхэг хувьцааг хасах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй" болохыг тодорхойлсон байдаг.
2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Тахько” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/-ийн дарга Р.Лутаа, гүйцэтгэх захирал Ж.Чимэдцэрэн нар болон нөгөө талаас Н.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарын байгуулсан хэлэлцээрийн дагуу “Тахько” ХК-иас 270,000,000 төгрөгийн балансын үнэлгээтэй “Татекс” ХХК-ийг барилга, үндсэн тоног төхөөрөмж, эд аж ахуйн зүйлийн хамт тусгаарлан ажиллуулахаар тохиролцсон бөгөөд дээрх хэлэлцээрээр “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Наст /87,087/, Т.Доржготов /87,087/, Ш.Мөнх-Очир /98,606/ нар “Татекс” ХХК-ийн гаргах 272,780 ширхэг энгийн хувьцааг эзэмших болжээ. Шинээр үүсгэн байгуулсан “Татекс” ХХК-д “Тахько” ХК нь аливаа хувьцаа эзэмшээгүй байна.
Гэтэл Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Компанийг тусгаарлах хэлбэрээр өөрчлөн байгуулах үед өөрөөсөө компани тусгаарлан гаргаж буй компани тодорхой хөрөнгө, эрхийг шинэ компанид шилжүүлж, улмаар ийнхүү шилжүүлсэн хөрөнгийн хэмжээгээр шинэ байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч болох учиртай.
Тодруулбал, хэрэв “Тахько” ХК өөрөөсөө “Татекс” ХХК-ийг тусгаарлан гаргасан бол “Тахько” ХК-ийн гаргасан энгийн хувьцааны тоонд өөрчлөлт орох хууль зүйн боломжгүй юм.
Иймд зохигчдын тайлбараас үзвэл иргэн Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нар “Тахько” ХК-нд тус бүр Ц.Наст 87,087, Т.Доржготов 87,087, Ш.Мөнх-Очир 98,606 ширхэг, нийт 272,775 хувьцаагаа буцаан худалдаж, уг хувьцааны төлбөрийг “Тахько” ХК нь мөнгөн бус хэлбэрээр хийх буюу тэдгээр иргэдийн нэрийн өмнөөс “Татекс” ХХК-нд шилжүүлэх харилцаа үүссэн байна гэж дүгнэх нь зүйтэй.
Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т “компани өөрийн гаргасан энгийн хувьцааны таваас дээш хувийг худалдан авах шийдвэрийг ...хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” заасан. Зүй нь иргэн Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нар өөрсдийн нэрийн өмнөөс Татекс ХХК-нд хөрөнгө оруулалт хийлгэх нөхцөлтэйгөөр “Тахько” ХК-нд энгийн хувьцаагаа буцаан худалдсан бол дээрх хуулийн зохицуулалтын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Харин маргаан бүхий тохиолдолд энэ тухай аливаа шийдвэр “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гараагүй байна.
Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 5/3557 тоот “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн албан бичигт “...Компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагатайг үүрэг болгосон бөгөөд дээрх шалгалтын дүнг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний дотор компанийн эрх барих дээд байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлүүлэхийг Хорооны улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 66 тоот албан шаардлагаар танай компанид үүрэг болгожээ.
Дээрх дурдсан “Тахько” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай асуудал нь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байгаа бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай...”гэжээ.
“Компанийн тухай хуулийн 61.1.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан” тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхтэй талаар зохицуулсан.
Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар санал гаргасны дагуу болон “Тахько” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоол гарсан байна.
Талууд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоол болон Хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан талаар маргаагүй учраас энэ талаар дүгнэх шаардлагагүй юм.
Харин “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01, 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд шаардлагын үндэслэлээ Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нар хувьд ногдох хөрөнгөө аваад гарчихсан тул тэдний эзэмшилд байсан 272,775 ширхэг хувьцааны эрхийг ТУЗ-ийн дарга Л.Буянбат хэрэгжүүлэх эрхгүй, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж тайлбарласан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 999 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 43.2.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Л.Буянбатын нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцаанаас 314,114 ширхэг хувьцааг мөн 6,906,282 төгрөгийг тус тус гаргуулж Ж.Чимэдцэрэнд олгохоор шийдвэрлэжээ.
Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба энэ “Тахько” ХХК-ийн хувьцаанаас 272,775 ширхэг хувьцааг хассан гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлд нэхэмжлэгчийн тайлбар нь хамаарахгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд “Тахько” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал болохоос өмнө хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгааг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон судалгаа авсан байна.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/138 тоот албан бичиг, түүний хавсралтаас үзэхэд Лутаагийн Буянбат 535,388 ширхэг, Настын Энхнасан 401 шихрэг, Жамбаагийн Чимэдцэрэн 370,824 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа гэжээ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” мөн хуулийн 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөвийг тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болохыг тогтоолгох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнгийн шаардлагын үндэслэл болсон 272,775 ширхэг хувьцаа Л.Буянбатын нэр дээр байдаг гэсэн баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/138 тоот албан бичгийн хавсралтад дурдсанаар Л.Буянбат 535,388 ширхэг хувьцаа эзэмшдэг гэсэн албан ёсны бүртгэл байна.
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж заасан.
“Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Компанийн үнэт цаасны бүртгэлийг хэвээр үлдээх тухай” тогтоолоор “...Компанийн хувьцаа эзэмшигчдээс өгсөн саналын эрхийг тоолсон тооллогын комиссын дүнгээр хувьцаа эзэмшигч Ж.Чимэдцэрэнгийн санал, шаардлагын дагуу “Тахько” ХК-ийн нийт хувьцаанаас хувьцаа эзэмшигч асан Ц.Настын 87,087, Т.Доржготовын 87,087, Ш.Мөнх-Очирын 98,606 ширхэг энгийн хувьцааг хасаж компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг 641,268 саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид буюу нийт саналын эрхийн 60.94 хувийг эзэмшигчид татгалзсан тул “Тахько” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахгүйгээр хэвээр үлдээсүгэй” гэжээ.
Энэ нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д “Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна.
Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 60.1-д “хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргасан этгээд хурлын тооллогын комиссыг томилох бөгөөд уг комиссын үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тогтоож болно” мөн хуулийн 67.4-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын дарга нь тооллогын үр дүнгийн үнэн зөвийг хариуцна” гэж тус тус заасны дагуу “Тахько” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоол гарч уг тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын даргаар ТУЗ-ийн гишүүн Б.Батхуягийг, хурлын тооллогын комиссын даргаар Д.Минжмаа нарыг томилжээ.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” мөн хуулийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнгийн “Тахько” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хариуцагч нь тус компанийн нэхэмжлэлийн хариуцагч биш урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 183.1, Компанийн тухай хуулийн 49 зүгээр зүйлийн 49.10, 63 дугаар зүйлийн 63.5-д тус тус зааснаар “Тахько” ХК-д холбогдох “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, “Тахько” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 01, 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “Тахько” ХК-ийн хувьцаанаас 272,775 ширхэг хувьцааг хасах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай Ж.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн 2 шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж болох 140,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА