| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0056/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгон,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Д-д холбогдох эрүүгийн 2019000000058 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт киа вонго-3 маркийн 30-77 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 10 дугаар бүлэг “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас 3 настай Д.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 4 дүгээр сарын 31-ний орой ямаагаа услах гээд Бонго 3 маркийн тэвштэй тээврийн хэрэгслээ асаан хөдөлж байгаад хүүхдээ шүргэж тархинд нь гэмтэл учруулсан. Тэгээд хүүхдээ эмнэлэгт авч очсон...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд: “...Манай нөхөр санамсаргүйгээр хүүхдээ шүргэчихсэн. Тухайн үйл явдлыг харсан хүн байхгүй. Нөхөр мотоцикльтой явж ирээд машины түлхүүрээ аваад ямаагаа услахаар гарсан. Манай 3 хүүхэд гэртээ тоглож байсан. Бага хүү минь аавынхаа араас гарахаар нь дүүгээ ав гээд том охиноо араас нь гаргатал дүү нь гадаа хамар амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд би хүүхдээ шүргэчихсэн байна гээд орилтол нөхөр минь сандарч буцаж гүйж ирсэн. Хоёулаа хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр авч явсан...” гэв.
Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 18:00 цагийн орчимд санаж байна. Манай нөхөр Д ямаагаа мотоцикльтой тууж хороон дээр авчираад ямаагаа услана гээд гэрээс гарсан. Манайх малаа зөөврийн усаар усалдаг юм. Мал усалдаг усаа автомашины тэвшин дээр сав тавьж худгаас зөөдөг. Д машинтайгаа хөдөлж, хороон дээрээ очоод хорооны урд байх мал усалдаг онгоц руу ус зөөх гээд машинаа асаагаад хөдөлсөн. Тухайн үед би гэрт хүмүүстэй байсан юм. Тэгтэл манай охин М гэрээс гарснаа эргэж гүйж орж ирээд ээж дүү газарт уначихсан нүүрнээс нь цус гарсан байна гэж хэлсэн. Би гэрээс гүйгээд гартал машин зогсож байсан газрын хажууханд манай бага хүү 4 настай М газарт уначихсан нүүр амнаас нь цус гарсан байдалтай амьсгалж чадахгүй байсан. Би нөхөрлүүгээ хүүхэд дайрчихсан байна ш дээ гэж хашгирсан, манай нөхөр тухайн үед машинтай хороон дээрээ очсон байсан. Нөхөр гүйж ирээд бид хоёр хүүгээ аваад суудлын машинтай аймгийн эмнэлэгт ирсэн. Одоо миний хүү эмчилгээ хийлгэж байна, биеийн байдал нь ямар байгаа талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д мотоцикльтой ямаагаа тууж ирээд гэрт орж, мотоциклийн түлхүүрээ аваад ямаагаа услана гээд гараад гэрийн хажууд байсан бонго маркийн машиныг асааж, хөдөлж байгаа сонсогдсон. Тэгтэл М гэрээс гараад эргэж гүйж орж ирээд ээжээ дүү доошоо харчихсан цус болсон хэвтэж байна гэж хэлсэн.Тэгээд би гэрээс гараад хартал М газарт доош хараад дөрвөн хөлөлсөн байдалтай нүүр амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 18:00 цагийн орчимд санаж байна. Би малд явж байгаад гэрт ирэхэд Д ах ямаагаа мотоцикльтой тууж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд ямаагаа услахаар Вонго маркийн машины түлхүүрээ гэрээс аваад гарсан. Манайх зөөврийн устай болохоор бонго маркийн автомашин дээр том усны сав тавьж худгаас ус зөөгөөд малаа хороон дээрээ усалдаг юм. Бид нарыг гэрт байж байтал Д-ийн том охин М гэрээс гарснаа эргэж гүйж орж ирээд ээждээ дүү газарт хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд Д-ийн эхнэр О эхлээд гэрээс гарсан, араас нь бид нар гарахад бага хүү М газарт доош харсан байдалтай, Д-ийн машинтай явсан мөрний гол хэсэгт нүүр нь халцарсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Д, О хоёр хүүгээ аваад шууд аймаг явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 31-ний өдөр эхнэр Б-ийн хамтаар Д-ийн гэрт нь ямаа самнахаар очсон байсан. Өдөр хороонд хэдэн ямаа самнаж байгаад, 18:00 цаг дөхүүлээд гэрт орж ирээд самнасан ноолуураа шуудайлж, янзалж байтал Д мотоцикльтой ямаагаа туугаад хороон дээр аваад ирлээ, ямаагаа услана гээд гэрээс бонго маркийн автомашиныхаа түлхүүрийг аваад гарсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Д-ийн том охин гэрээс гарснаа эргэж гүйж орж ирээд, дүүгээ газарт цус болчихсон хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд бид гэрээс гүйгээд гартал Д-ийн бага хүү М газарт дөрвөн хөлөлж, доош харсан байдалтай, хамар амнаас нь цус гарсан, ухаангүй байсан. Д, О хоёр М-ыг аваад аймаг явсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 29 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би хөдөө гэртээ аав, ээж, дүү мөн манайд ямаа самнахаар ирсэн хүмүүсийн хамтаар байсан, манай аав Д мотоцикльтой ямаагаа тууж хороон дээрээ авч ирээд ямаа услана гээд гэрт орж ирж машиныхаа түлхүүрийг аваад гарсан, тэр үед гэрт хүмүүс ямааны ноолуур янзалж байсан, намайг гэрт байж байхад ээж хороон дээр очиж ишгээ тавиад ир гэж хэлсэн, тэгээд би ишиг тавих гээд гэрээс гартал манай бага дүү М хамар амнаас нь цус гарчихсан газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан, би эргэж гүйж орж ирээд ээждээ хэлсэн, тэгээд л манай аав ээж хоёр дүүг аваад аймаг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манайд ямаа самнахаар хүмүүс ирсэн юм. Би тэр хүмүүстэй хороонд ямаа самнаж байгаад надтай ямаа самнаж байсан хүмүүс ноолуур аваад гэрлүү орсон, би хороонд М ахын хамтаар үлдээд, ямаа самнаж байхад аав мотоцикльтой ямаа тууж ирээд, дараа нь гэрийн хажуунаас мал усалдаг усаа ачсан байсан бонго маркийн машинаа унаад хорооны хажууд ямаа услахаар ирсэн. Тэгтэл ээж гэрийн гаднаас хүүхэд дайрчихсан байна ш дээ гэж хашгирсан. Аав бид хоёр гүйгээд очиход манай бага дүү М ухаан алдсан байдалтай байсан, тэгээд аав ээж хоёр дүүг аваад аймаг руу явсан би юу болсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 27 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/088 дугаартай шинжээчийн: “...Д.М-ын биед зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайн зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгийн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Шинжээч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээчийн хувьд таамаглахад Д.М-ын биед учирсан гэмтлээс шинжлэхэд тээврийн хэрэгсэл нь өөрөө хатуу мохоо зүйл учир зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн хэсэгт цохилт үйлчлэхэд хугарал үүссэн байх боломжтой. Тухайн хугарал гэмтлийг яг хэрхэн ямар байдлаар авсныг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулсан өвчний түүхийн хуулбар /хх-ийн 35-70 дугаар хуудас/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Ч.У-ын: “...30-77 *** улсын дугаартай киа вонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 31-ний өдөр 18:00 цагийн орчимд санаж байна. Би гэрийн гадаа байсан өөрийн эзэмшлийн 30-77 *** улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлтэй хорооны урд очиж ямаагаа услах гээд урагшаа хөдлөөд, хорооныхоо урд очиж зогстол манай эхнэр гэрээс сандарсан байдалтай гүйгээд гараад ирсэн. Би эхнэрээсээ юу болсон юм бэ? гэж асуухад хүүхэд дайрчихсан байна ш дээ гэж хашгирсан. Би сандраад гүйгээд очтол миний бага хүү 4 настай Д.М гэрийн зүүн талд машин зогсож байсан газрын орчимд газарт доош харж сөхөрсөн байдалтай ам хамарнаас их хэмжээний цус гарсан, муухан амьсгалтай, юм ярьж чадахгүй болсон байсан. Би сандраад хүүгээ шууд суудлын машинд аваад аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн, одоо хүү маань эмчилгээ хийлгэж байна... Би машин жолоодож хөдлөхдөө жолоочийн урд талын хэсгийг харж, аюулгүй байдлаа хангаж байж хөдөлгөөн эхэлсэн. Машины урд хүүхэд байгаагүй. Харин хоёр талаа толиндоо харж, сайн анзаараагүй хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 86-87 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт киа вонго-3 маркийн 30-77*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 10 дугаар бүлэг “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас 3 нас, 4 сар, 20 хоногтой, өөрийн хүү Д.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 18:00 цагийн орчимд санаж байна. ... Мал усалдаг усаа автомашины тэвшин дээр сав тавьж худгаас зөөдөг. Д машинтайгаа хөдөлж, хороон дээрээ очоод хорооны урд байх мал усалдаг онгоц руу ус зөөх гээд машинаа асаагаад хөдөлсөн... Би гэрээс гүйгээд гартал машин зогсож байсан газрын хажууханд манай бага хүү 4 настай М газарт уначихсан нүүр амнаас нь цус гарсан байдалтай амьсгалж чадахгүй байсан. Би нөхөрлүүгээ хүүхэд дайрчихсан байна ш дээ гэж хашгирсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д мотоцикльтой ямаагаа тууж ирээд гэрт орж, мотоциклийн түлхүүрээ аваад ямаагаа услана гэж гараад гэрийн хажууд байсан бонго маркийн машиныг асааж, хөдөлж байгаа сонсогдсон. Тэгтэл М гэрээс гараад эргэж гүйж орж ирээд ээжээ дүү доошоо харчихсан цус болсон хэвтэж байна гэж хэлсэн.Тэгээд би гэрээс гараад хартал М газарт доош хараад дөрвөн хөлөлсөн байдалтай нүүр амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 18:00 цагийн орчимд санаж байна...бага хүү М нь газарт доош харсан байдалтай, Д-ийн машинтай явсан мөрний гол хэсэгт нүүр нь халцарсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Д, О хоёр хүүгээ аваад шууд аймаг явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 31-ний өдөр эхнэр Б-ийн хамтаар Д-ийн гэрт нь ямаа самнахаар очсон байсан...Д-ийн том охин гэрээс гарснаа эргэж гүйж орж ирээд, дүүгээ газарт цус болчихсон хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд бид гэрээс гүйгээд гартал Д-ийн бага хүү М газарт дөрвөн хөлөлж, доош харсан байдалтай, хамар амнаас нь цус гарсан байдалтай, ухаангүй байсан. Д, О хоёр М-ыг аваад аймаг явсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би хөдөө гэртээ аав, ээж, дүү мөн манайд ямаа самнахаар ирсэн хүмүүсийн хамтаар байсан...намайг гэрт байж байхад ээж хороон дээр очиж ишгээ тавиад ир гэж хэлсэн, тэгээд би ишиг тавих гээд гэрээс гартал манай бага дүү М хамар амнаас нь цус гарчихсан газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан, би эргэж гүйж орж ирээд ээждээ хэлсэн, тэгээд л манай аав ээж хоёр дүүг аваад аймаг явсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манайх ямаа самнахаар хүмүүс ирсэн юм...аав мал усалдаг усаа ачсан байсан бонго маркийн машинаа унаад хорооны хажууд ямаа услахаар ирсэн. Тэгтэл ээж гэрийн гаднаас хүүхэд дайрчихсан байна ш дээ гэж хашгирсан. Аав бид хоёр гүйгээд очиход манай бага дүү М ухаан алдсан байдалтай байсан, тэгээд аав ээж хоёр дүүг аваад аймаг руу явсан, би юу болсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, шинжээч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээчийн хувьд таамаглахад Д.М-ын биед учирсан гэмтлээс шинжлэхэд тээврийн хэрэгсэл нь өөрөө хатуу мохоо зүйл учир зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн хэсэгт цохилт үйлчлэхэд хугарал үүссэн байх боломжтой. Тухайн хугарал гэмтлийг яг хэрхэн ямар байдлаар авсныг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 31-ний өдөр 18:00 цагийн орчимд санаж байна. Би гэрийн гадаа байсан өөрийн эзэмшлийн 30-77 *** улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлтэй хорооны урд очиж ямаагаа услах гээд урагшаа хөдлөөд, хорооныхоо урд очиж зогстол манай манай эхнэр гэрээс сандарсан байдалтай гүйгээд гараад ирсэн. Би эхнэрээсээ юу болсон юм бэ? гэж асуухад хүүхэд дайрчихсан байна ш дээ гэж хашгирсан. Би сандраад гүйгээд очтол миний бага хүү 4 настай Д.М гэрийн зүүн талд машин зогсож байсан газрын орчимд газарт доош харж сөхөрсөн байдалтай ам хамарнаас их хэмжээний цус гарсан муухан амьсгалтай юм ярьж чадахгүй болсон байсан. Би сандраад хүүгээ шууд суудлын машинд аваад аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн одоо хүү маань эмчилгээ хийлгэж байна...Би машин жолоодож хөдлөхдөө жолоочийн урд талын хэсгийг харж, аюулгүй байдлаа хангаж байж хөдөлгөөн эхэлсэн. Машины урд хүүхэд байгаагүй. Харин хоёр талаа толиндоо харж, сайн анзаараагүй хөдөлсөн...” гэсэн мэдүүлгүүд, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Ч.У-ын: “...30-77 *** улсын дугаартай киа вонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн...” гэсэн дүгнэлт зэргээр хэт болгоомжгүй үйлдлээр бага насны хохирогч Д.М-г тээврийн хэрэгслээр шүргэсэн үйл явдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д-ийн үйлдлээс бага насны хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулсан өвчний түүхийн хуулбар, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/088 дугаартай шинжээчийн: “...Д.М-ын биед зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайн зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн ар хэсгийн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Х овогт Д.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгуулийн ялыг 7 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 77 дугаарт авагдсан нотлох баримтаар 30-77 *** улсын дугаартай КIA Bongo автомашины өмчлөгч нь Д.Д болох нь тогтоогдсон, Д.Д нь А, С ангиллын жолоочийн хүчинтэй үнэмлэхтэй, хавтаст хэргийн 76 дугаарт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтээр техникийн хяналтын үзлэг оношлогоогоор 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орж MNS 4598-2011 стандарт хангаж тэнцсэн бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй болох нь тогтоогдсон.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгуулийн ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА