| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0237/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/254 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/254
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Иргэний нэхэмжлэгч З.С,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г овогт О.М, Г овогт О.Х, Б овогт О.Н, Д овогт Б.Э нарт холбогдох эрүүгийн 2018002310227 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Г овогт О.М /РД: /, 1987 оны 12 дугаар сарын 15-нд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, Г овогт О.Х /РД: /, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг, Сагсай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
3. Монгол Улсын иргэн, Б овогт О.Н /РД: /, 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
4. Монгол Улсын иргэн, Д овогт Б.Э /РД: /, 1989 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нар нь 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул хийж, 1.8 грамм бохир жинтэй, 808.35 сорьцын алт олборлосон болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарын өгсөн: Үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Байгаль орчинд учруулсан хохирол төлбөрийг төлсөн гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч З.Сын өгсөн: Би машинаа эвдэрсэн байхад нь зарах гэхэд энэ залуу ирээд “зээлээр авъя, төлбөрийг нь цувуулаад өгье” гэхэд нь энэ хүнд 2.000.000 төгрөгөөр худалдсан. Машины төлбөрөөс 500.000 төгрөгийг төлсөн. Одоо 1.500.000 төгрөгийн төлбөртэй байгаа. Би машинаа буцааж авмаар байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аийн өгсөн: О.М, О.Х, Б.Э, О.Н нарыг танихгүй, “Цэхэр цөөрөм”-д алт олборлох тусгай зөвшөөрөл иргэн, аж ахуйн нэгжид байхгүй. Уг газарт алт олборлох нь хууль зөрчиж байгаа юм. Байгаль орчныг хамгаалах хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу О.М, О.Х, О.Н, Б.Э нараас байгаль орчинд учруулсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож нөхөн төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
Шүүгдэгч О.Мн яллагдагчаар өгсөн: Би найз Э, Н, төрсөн дүү Х нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цэхэр цөөрөм гэх газар гар аргаар олборлохоор нүх ухсан. Бид жижиг цахилгаан үүсгүүр, ус соруулж татдаг мотор, чулуу бутлагч молдок, хүрз, металл хайгч, шороо ухдаг жижиг төмөр осков зэрэг багажаар шороо ухаж гаргаад угаагаад 1.7 грамм алт олсон. Тэгээд орой нь цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 60/,
Шүүгдэгч О.Хн яллагдагчаар өгсөн: Би төрсөн ах М, найз Э, хүргэн Н нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цэхэр цөөрөм гэх газарт гар аргаар алт олборлохоор очсон. Бид жижиг цахилгаан үүсгүүр, ус соруулж татдаг мотор, чулуу бутлагч молдок, хүрз, металл хайгч, шороо ухдаг жижиг төмөр осков зэрэг багажаар шороо ухаж гаргаж, гаргаж ирсэн шороогоо угааж 1.7 грамм алт олчхоод байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
Шүүгдэгч Б.Эн яллагдагчаас өгсөн: Би найз М, хүргэн Н, төрсөн дүү Х нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цэхэр цөөрөм гэх газарт гар аргаар алт олборлохоор очсон. Бид жижиг цахилгаан үүсгүүр, ус соруулж татдаг мотор, чулуу бутлагч молдок, хүрз, металл хайгч, шороо ухдаг жижиг төмөр осков зэрэг багажаар шороо ухаж гаргаж байсан. Бид өглөө очоод газар ухаад 1 орчим грамм алт олчхоод байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн /хх-ийн 64/,
Шүүгдэгч О.Нын яллагдагчар өгсөн: Би найз Э, М, Х нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цэхэр цөөрөм гэх газарт гар аргаар алт олборлохоор очсон. Бид жижиг цахилгаан үүсгүүр, ус соруулж татдаг мотор, чулуу бутлагч молдок, хүрз, металл хайгч, шороо ухдаг жижиг төмөр осков зэрэг багажаар шороо ухаж гаргаж, гаргасан шороогоо угааж 1 грамм орчим алт олчхоод байж байгаад орой нь цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
...үзлэгээр урд ухагдаж эвдэрсэн газрын зүүн талд эвдэгдэж сүйтгэгдээгүй эрүү газарт 70х60 сантиметр харьцаатай, гүн нь 2 метр 40 сантиметр урттай хүний гараар ухагдсан нүх байлаа... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/,
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нараас 1.8 грамм алт, 5*-1* УНЯ улсын дугаартай Мицубиши пажеро маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, LT-3900 маркийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 3600 оброт минут эргэлттэй усны насос-1 ширхэг, чулуу бутлагч цахилгаан мотор 1 ширхэг, R50 усны хоолой 100 метр, лоом 1 ширхэг, осков төмөр 1 ширхэг, R-50 зузаан ханатай хоолой 4.2 метр, “gold monster 1000” маркийн металл хайгч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, 1.8 грамм алт, LT-3900 маркийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 3600 оброт минут эргэлттэй усны насос-1 ширхэг, чулуу бутлагч цахилгаан мотор 1 ширхэг, R50 усны хоолой 100 метр, лоом 1 ширхэг, осков төмөр 1 ширхэг, R-50 зузаан ханатай хоолой 4.2 метр, “gold monster 1000” маркийн металл хайгч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-20/,
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт Хүйтний голын “Цэхэр цөөрөм” гэх газарт зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх 2 хэсэг нийт 0.35м2+0.35м2=0.7м2 талбайд газрын хэвлийд учруулсан хохирол нь нийт 49.396 төгрөг байна. Хөрсний үржил шимийн хохирлын тооцоог Дархан-Уул аймагт хийх боломжгүй тус тус үнэлгээ нь тооцогдоогүй болно гэх газрын хэвлийд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тооцсон шинжилгээний дүн /хх-ийн 22/,
Эд мөрийн баримтаар хураагдсан 1.8 грамм бохир жинтэй, 808.35 сорьцын алт 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 190,098,22 төгрөг гэх Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А-25 тоот албан бичиг /хх-ийн 30/,
Эд мөрийн баримтаар хураагдсан металлд 808.34 алтны сорьц тогтоогдсон тухай үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 31/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарын 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул хийж, 190,098,22 төгрөгийн үнэлгээ бүхий 1.8 грамм бохир жинтэй, 808.35 сорьцтой алт олборлосон үйлдэл нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.
Шүүгдэгч нарын амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой санаатай үйлдэл нь байгаль орчинд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 49.396 төгрөгийн шууд хохирол учирсан ба шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 247.000 төгрөгийг Төрийн сангийн 100190200914 тоот дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 150, 151/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5*-1* УНЯ улсын дугаартай Мицубиши пажеро маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч З.С нь шүүгдэгч Б.Эд 2.000.000 төгрөгөөр худалдсан боловч шүүгдэгч нь 500.000 төгрөгийг төлж барагдуулсан, 1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь иргэний нэхэмжлэгч З.С, шүүгдэгч Б.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд 5*-1* УНЯ улсын дугаартай Мицубиши пажеро маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Эн өмчлөлд шилжээгүй байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, тээврийн хэрэгслийг З.Сад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд учруулсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Э нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-78/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 133-134/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, байгаль орчинд учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь тэдний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл зэргийг хураан авахаар заасан ба шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 1.500.000 төгрөгийн үнэ бүхий Мицубиши пажеро маркийн 5*-1* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэ бүхий 3600 эргэлттэй усны насос 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий чулуу бутлагч цахилгаан мотор 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий R50 усны хоолой 100 метр, 3000 төгрөгийн үнэ бүхий лоом 1 ширхэг, 42.000 төгрөгийн үнэ бүхий R50 зузаан ханатай хоолой 4.2 метр, 2000 төгрөгийн үнэ бүхий осков 1 ширхэг, 450.000 төгрөгийн үнэ бүхий “Gold monster 1000” маркийн металл илрүүлэгч 1 ширхэг зэрэг эд зүйлийг ашигласан, 1.8 грамм алт олборлосон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/ зэргээр тогтоогдож байх тул дээрх техник тоног төхөөрөмж болон 1.8 грамм алтыг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй юм.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мицубиши пажеро маркийн 5*-1* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь З.Сын өмч бөгөөд шүүхээс тухайн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн тул тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт О.М, Г овогт О.Х, Б овогт О.Н, Д овогт Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М, О.Х, О.Н, Б.Э нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь хохиролд төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, Мицубиши пажеро маркийн 5*-1* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б овогт З.Сд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1.8 грамм алт, LT-3900 маркийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 3600 оброт минут эргэлттэй усны насос-1 ширхэг, чулуу бутлагч цахилгаан мотор 1 ширхэг, R50 усны хоолой 100 метр, лоом 1 ширхэг, осков төмөр 1 ширхэг, R-50 зузаан ханатай хоолой 4.2 метр, “gold monster 1000” маркийн металл хайгч 1 ширхэг зэргийг улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нараас тус бүр 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.М, О.Х, О.Н, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР