Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0165

 

Х.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Н.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Ц овогтой Х2ийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Г

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0272/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Ц овогтой Х-ийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр:

2.1. “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13 мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ганчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Ц овогтой Х-ийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Ш-т даалгаж...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Нэхэмжлэгч Х.Б-ы "Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгож, Ц овогтой Х-гийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй "Ар хөв" хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Ш-т даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Н.Ж нь гуравдагч этгээдээр оролцсон.

Анхан шатны шүүх "Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүх хуралдааны явцад гэрчээс Номгон багийн иргэдийн Нийтийн Хуралдаан болсон талаар мэдүүлдэг, мөн тус хуралдаан болсон гэдгийг нотлох баримтаа гаргаж өгөхөө илэрхийлсэн байтал хэрэгт ач холбогдолгүй баримтыг үнэлэн шийдвэр гаргасан нь нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж байна.

Мөн дээрх А/298 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгосноор бусад 20 өрхийн газар эзэмших эрх дагаад дуусгавар болох бөгөөд тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах ажиллагаа хийгдээгүй, гуравдагч этгээдээр оролцуулаагүй, мөн сонсох ажиллагаа явуулах боломжоор хангаагүй байна.

Анхан шатны шүүхээс худаг болон өвөлжөөний саравчийг албадан нүүлгэхийг даалгасан шийдвэрийн хувьд гуравдагч этгээдийн зүгээс өөрийн хөрөнгөөр зохих зөвшөөрлийн дагуу тухайн цэгт худгийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн байдаг. Нэгэнт гаргасан худгийг нүүлгэн шилжүүлж зөөх боломжгүй, энэ тохиолдолд худгийг дахин ашиглах боломжгүй болно. Мөн худгийг ойр орчмын айл өрхүүд нийтээр ашиглах боломжтой талаар удаа дараа мэдэгдсээр байтал албадан нүүлгэх шийдвэрийг шүүх гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна. Хэрвээ худгийг албадан нүүлгэхээр бол тус худгийг дахин ашиглах боломжгүй болох тул шийдвэр гаргасан, эсхүл албадан нүүлгэсэн этгээдээс хохирлыг барагдуулах ёстой байтал энэ талаар шийдвэртээ тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биш байна.

Ийнхүү анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үнэлэн шийдвэрийнхээ үндэслэл болгон нэхэмжлэлийг бүрэн хангаж Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай захирамжийг хүчингүй болгож, худаг болон өвөлжөөний саравчийг албадан нүүлгэхийг даалгах шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг зөрчсөн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан буюу нэхэмжлэгчийн талд үйлчилсэн гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг бүхэлд нь хянан узэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, мөн хуулийн 121.1 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

2.1. Нэхэмжлэгч Х.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Ц овогтой Х-ийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар эрх, хууль ёсны хөндөгдсөн гэх эрх ашгаа хамгаалуулах этгээд нэхэмжлэл гаргана.

2.3. Энэ тохиолдолд Ц овогтой Х-ийн эзэмших эрх бүхий газарт зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргуулахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгахаар нэхэмжлэл гарган маргаснаас үзвэл уг маргаанд Ц.Хаянхярваагийн газар эзэмших эрх болон тус газарт өөр этгээдүүдэд газар эзэмшүүлсэн “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаар захирамжийн үндэслэлийг хянах нь зүйтэй.

2.4. Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 145 дугаар тодорхойлолтоор Ц.Х нь “Өвөр хөв” гэх газарт нутаглаж ирсэн гэх бөгөөд тус газрыг Хэрлэн сумын Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар захирамжийн дагуу 100357 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

2.5. Гэтэл анхан шатны шүүх уг хэргийн нэхэмжлэгч нь Х.Батчулуун, эсхүл Х.Г болон Ц.Х эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцлийг үүсгэсэн байна. Анх 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Х.Г-аас Х.Б-д итгэмжлэл олгосон ба мөн сарын 06-ны өдөр Х.Бн нэхэмжлэл гаргасанд Х.Б-ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.

2.6. Өөрөөр хэлбэл эрх ашиг нь хэрхэн шууд хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй этгээд болох Х.Г болон Х.Б нар нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Х-аас олгосон ямар төлөөлөх эрхийн дагуу оролцож байгааг тодруулах нь зүйтэй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нэхэмжлэгчийг зөв тодорхойлолгүйгэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллаа явуулах боломжгүй.

2.7. Мөн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргаан бүхий Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаар захирамжаар нийт 20 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан бөгөөд тухайн актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй үлджээ.

2.8. Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасан бүрдүүлбэр хангуулах замаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийг бүрэн тодруулсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх ёстой бөгөөд ийнхүү нэгэнт хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд дээрх нөхцлүүдийг зайлшгүй тодруулах шаардлагатай учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

2.9. Нөгөөтэйгүүр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт Ц.Х-д хаваржаа, өвөлжөөний зориулалтаар олгосон “Ар хөв” хэмээх 10000 м.кв газар нь гуравдагч этгээд Н.Ж-д өвөлжөөний зориулалтаар олгосон  “Өвөр хөв” хэмээх 10000 м.кв газартай хэрхэн давхцалтай эсэхийг газрын зургаар болон шүүхийн газрын үзлэгээр хийсэн баримтуудаар тогтоогоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА