Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 609

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж туc шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржигин овгийн Ж-н О /РД:**/

Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга, 

Хариуцагч: С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, 

Хариуцагч: С******* дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: “С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй Ж.О миний байгуулсан “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ”-г дуусгавар болгосон С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ"-г нэхэмжпэгч Ж.О-тай байгуулахгүй байгаа С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ж.Б, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлохдоо “С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргатай Ж.О миний байгуулсан “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ"-г дуусгавар болгож байгаа С******* дүүргийн Засаг даргын үйлдэл /2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичи/-гийг илт хууль бус болохыг тогтоолгох, гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байх тул гэрээнд заасны дагуу дүгнэж, гэрээ сунгахыг С******* дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгуулах” хэмээн гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тодруулан өөрчилж нэмэгдүүлэхдээ: “С******* дүүргийн Засаг даргын Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргатай Ж.О миний байгуулсан “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ”-г дуусгавар болгож байгаа С******* дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн /С******* дүүргийн Засаг даргын орлогчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот/ албан бичгийг хүчингүй болгуулах, холбогдох журамд заасны дагуу С******* дүүргийн нутаг дэвсгэр, 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчимд ТҮЦ байршуулах зөвшөөрөл олгож, байрлал зааж өгөхийг С******* дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгуулах” хэмээн нэмэгдүүлжээ. 

Нэхэмжлэгч мөн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: “С******* дүүргийн Засаг даргын Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргатай Ж.О миний байгуулсан “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ”-г дуусгавар болгож байгаа С******* дүүргийн Засаг даргын /2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгээр/ шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ"-г нэхэмжпэгч Ж.О-тай байгуулахгүй байгаа С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах” хэмээн тодорхойлсон байна. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Иргэн Ж.Оминий бие С******* дүүргийн нутаг дэвсгэрт Хүнсний 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын урд байрлалтай ТҮЦ-ийг 1996 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байгаа бөгөөд С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргатай “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ”-г байгуулан үйлчилгээ эрхэлдэг.

Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулан, холбогдох зөвшөөрлөө авч, холбогдох газрын төлбөр, татвар зэргийг цаг хугацаанд нь бүрэн төлж, хог болон тогны төлбөр тушаан хуулийн дагуу үйлчилгээ эрхлэн ажиллаж байтал гэрээний хугацааг дуусахаас өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 11, 4 дүгээр сарын 20, 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд удаа дараа шаардах хуудсыг тус дүүргийн Газрын албанаас өгч, газрыг чөлөөлөхийг шаардаж, улмаар мөн дүүргийн Засаг даргын орлогч Ц.Ш-н 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгээр манай гэрээг худал зүйлээр шалтаглан цуцласан тухай мэдэгдсэн. 

Уг албан бичигт дурдсанаар “...Худалдаа үйлчилгээний хэлтэстэй байгуулсан дээрх гэрээний 3.3.6, 5.2-т заалтыг зөрчиж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний 5.3, 5.4-т заасныг баримтлан гэрээг дуусгавар болгож байгаа” талаар ямар ч ор үндэслэлгүй, худал үндэслэлээр гэрээг маань цуцалж, үйлчилгээ эрхлэх боломжгүй болгож, ТҮЦ-ийг маань зайлуулахаар оролдож байна.

Тэгвэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргатай байгуулсан “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.3.6-д “Нийслэл, дүүргээс тухайн газарт төлөвлөлтийн ажил хийгдэх тохиолдолд газрыг шууд чөлөөлж өгнө”, 5.2-т “Тамхины хяналтын тухай хуулийн 2.2, 5.2.3 дахь заалтыг зөрчиж, тамхи худалдаалсан тохиолдолд” гэрээ дуусгавар болох талаар тус тус заасан байх бөгөөд уг газарт ямар ч төлөвлөлт хийгдсэн зүйл байхгүй, мөн манай ТҮЦ-нд ямар ч тамхи худалдаалдаггүй байхад хаанаас хэний даалгавраар, ямар зорилгоор ийнхүү хууль бус үйлдэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг батласан бөгөөд уг журмаар дээрх байршил буюу С******* дүүрэг, Б*******гийн гудамжинд ТҮЦ байршуулан үйл ажиллагаа явуулахыг хориглож, үүнээс улбаалан ТҮЦ маань нүүлгэн шилжүүлэх, зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр торгох зэргээр нэхэмжлэгч миний эрхийг ноцтойгоор зөрчигдөх болсон.

Түүнчлэн миний бие бусад ТҮЦ эрхлэгч хүмүүстэй нэгдэн дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс 2018 оны 06 дугаар сард шийдвэрлэж, дээрх тогтоолоор батлагдсан журмыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул манай ТҮЦ байрлаж байгаа газарт буюу Б*******гийн гудамжинд ТҮЦ байршуулахыг хориглосон дүрэм, журам байхгүй учраас ТҮЦ эрхлэх гэрээ байгуулах талаар хүсэлтийг гаргасан боловч энэ талаар журам батлагдаагүй гэх шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзсан нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл дээрх тогтоол батлагдаагүй, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хэдий ч энэхүү харилцааг зохицуулсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д зааснаар гэрээ байгуулж ажиллахыг зохицуулсан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байхад нэхэмжпэгчтэй гэрээ байгуулах боломжгүй гэх шалтгаан хэлж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Харин уг захиргааны хэргийн хариуцагч нарын тухайд одоо байгаа хариуцагч С******* дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тайлбарлахдаа гэрээ байгуулах асуудлыг дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс хариуцдаг гэх боловч дээрх журамд зааснаар дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй гэрээ байгуулах талаар зохицуулсан байх тул гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй болон гэрээ байгуулахыг даалгуулах тухай шаардлагуудын тухайд С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл болон дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийг хариуцагчаар тодорхойлж байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0249 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэхдээ

“...С******* дүүргийн Засаг даргын орлогч Ц.Ш нь тус дүүргийн Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга байх боловч маргаан бүхий актыг дүүргийн Засаг даргын нэрийн өмнөөс гаргасан байхад ...С******* дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын ... гэж зөрүүтэй тодорхойлсон” талаар дурдсанаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргатай, Ж.О миний байгуулсан “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ”-г дуусгавар болгож байгаа С******* дүүргийн Засаг даргын /2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгээр/ шийдвэрийн үр дагаврыг дүүргийн Засаг дарга хариуцахаар байх тул уг шаардлагатай холбогдуулан хариуцагчаар С******* дүүргийн Засаг даргыг тодорхойлж байна.

Иймд нэхэмжпэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай 64 дүгээр дэлгүүрийн байршил u-money карт цэнэглэх ТҮЦ-ийн жагсаалтад батлагдсан. Энэ 7 хоногт “Улаанбаатар смарт карт” ХХК болон Нийслэлийн удирдлагуудаас гэрээгээ шинэчлэн баталж байгаа гэсэн. Манай ТҮЦ-ийн байршлыг тогтоож, бичгээр өгнө гэсэн. Манайх 1996 оноос хойш тус ТҮЦ-ийг ажиллуулсан. Одоогоос 3 жилийн өмнө стандартад нийцүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн үед 6 сая төгрөгөөр ТҮЦ захиалсан байтал “КИК” ХХК-ийн ТҮЦ-ийг байршуулахгүй гэж дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга н.Ц******* гэгч хориглож, өөр компанийн ТҮЦ-ийг зөвшөөрнө гэсэн. Үүнээс болж би 6 сая төгрөгөөр хохирсон юм. Анх шаардах хуудас ирэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 дүгээр тогтоолын дагуу “... Б*******гийн гудамжинд ТҮЦ байршуулахгүй тул өөрийн ТҮЦ-ээ нүүлгэж, өөр газар байршуулна уу...” гэсэн агуулгатай ирсэн. Одоо 61 дүгээр тогтоол нь хүчингүй болсон. Зам тавигдах болсноос болж байршлаа нүүлгэхээр болсон. Энэ үед Г.А дарга Д******* хийдийн урд талд ТҮЦ байршуулах газар зааж өгсөн. Тус газарт нь 5 хоногийн дараа ТҮЦ-ээ байршуулахаар болтол өөр ТҮЦ байршуулчихсан байсан. Үүнээс хойш 7 сар журмын хашаанд байсан.

Худалдаа, үйлчилгээний гэрээг шинэчлээд байгуулахдаа ТҮЦ-ээ тухайн байршлаасаа бага зэрэг хажуу тийш байршуулчих гэсэн. Үүнийх нь дагуу байршуулсны дараа тэнд нь зам тавигдахаар болсон. Манай ТҮЦ одоо хуучин байрлаж байсан байрандаа байгаа. 

Сүүлд батлагдсан автобусны карт цэнэглэх цэгийн шинэ загвар бүхий ТҮЦ нь зөвхөн карт цэнэглэнэ гэсэн. Би энэ талаар тодруулж асуусан. Үүнийг журмаараа зохицуулна. Одоохондоо ямар ч журам батлагдаагүй байна гэсэн. Тус цэг нь 9,200,000 төгрөгийн үнэтэй бөгөөд камертай бол 9,500,000 төгрөгийн үнэтэй юм билээ. 9,200,000 төгрөгөөр худалдаж аваад зөвхөн карт цэнэглэнэ гэвэл хэн ч ажиллах боломжгүй. Тус картыг цэнэглээд 1 хувийн ашиг олдог.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Иргэн Ж.О-ын нэхэмжпэлтэй С******* дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах тухай А/137 дугаар захирамжийн хүрээнд С******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны гудамжийг Б*******гийн гудамжтай холбох авто замын трасст иргэн Ж.О-ын ТҮЦ орсон тул дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэх хамтран ажиллах гэрээ /Хт/08-04/-ний 3.3.6-д “Нийслэл дүүргээс тухайн газарт төлөвлөлтийн ажил хийгдсэн тохиолдолд газрыг шууд чөлөөлж өгнө” гэж заасны дагуу авто замын ажил хийгдэхтэй холбоотойгоор 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус дүүргийн Газрын албанаас иргэн Ж.О-ын ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж 7 дугаар хороо, Б*******гийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн баруун урд байрлуулж өгсөн боловч дур мэдэн чөлөөлсөн газарт буцааж байрлуулсан, мөн удаа дараа Тамхины хяналтын тухай хууль зөрчиж тамхи худалдаалсан тул дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар хурлаар хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар гэрээг цуцлах шийдвэр гарч Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгээр иргэнд мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/4172 тоот албан бичгээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул уг журмыг баримтлан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж байгууллагатай ТҮЦ байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх чиглэл ирүүлсэн, мөн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул түргэн үйлчилгээний цэгүүдтэй шинээр гэрээ байгуулах, хуучин гэрээ сунгах ажил хийгдэхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус болсон. 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар автобусны карт цэнэглэх цэгийн байршлыг баталсан. Эдгээр байршлыг газар дээр нь очиж үзэхэд ТҮЦ-ийн хажууд тус цэгийг байршуулах талбайгүй байсан. Тус цэг нь зөвхөн карт цэнэглэх үйлчилгээ үзүүлэх болохоос ямар нэг байдлаар хүнсний зүйл худалдахгүй байх юм билээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос санал тавьж, 2018 оны 08 дугаар сард ТҮЦ-тэй холбоотой асуудлаар тогтоол гаргахаар санал боловсруулж хүргүүлсэн байгаа. Тус дүүргийн 9, 12 дугаар хорооны нутагт ТҮЦ байршуулах цэг зааж өгөх боломжтой, харин одоо байгаа байршилд нь ямар ч боломжгүй.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь “С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй Ж.О миний байгуулсан “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ”-г дуусгавар болгосон С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ"-г нэхэмжпэгч Ж.О-тай байгуулахгүй байгаа С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах” хэмээн тодорхойлж энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Ж.О нь нэхэмжлэлдээ дурдсанаар 1996 оноос хойш С******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүнсний 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчимд ТҮЦ ажиллуулсан гэх ба хариуцагч үүнийг үгүйсгээгүйн дээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архивын мэдээллийн 2005 оноос хойших агаар, сансрын зургаас  тухайн байршилд ТҮЦ байршиж буй нь, мөн С******* дүүргийн Газрын албаны газрын төлбөр тодорхойлох, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар  1996 оноос 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал газар ашигласны төлбөр төлж байсан нь тогтоогдож байна. 

ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг ажиллуулахтай холбоотой асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасан “... нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах ...” бүрэн эрхийн хүрээнд   нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс журамлан, байршил, цэгийн тоог Улаанбаатар хотын ерөнхий менежер баталж, энэ дагуу тухайн дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Дэд бүтэц, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга, Газрын албаны дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн тасгийн дарга, хороодын Засаг дарга нар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгчийн тэргүүн, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга зэрэг бүрэлдэхүүнтэй Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл дээрх тогтоосон байршилд ТҮЦ ажиллуулах хамтран ажиллах гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэж, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс гэрээ байгуулан хяналт тавьж, Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга гэрээг баталдаг байна. 

Тухайлбал: нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56, 2017 оны 61 дүгээр тогтоолоор “нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам" баталж мөрдүүлж байсан боловч дээрх тогтоолууд нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй , энэ үндэслэлээр нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоол шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байдаг. 

Нэхэмжлэгч Ж.О нь дээрх журам, зохицуулалтын дагуу С******* дүүргийн Засаг даргын Худалдаа үйлчилгээний хэлтэстэй 2015 оны 6 дугаар сарын 30-наас 2016 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл Хт/8-25 дугаартай, 2016 оны 7 дугаар сарын 27-ноос 2017 оны 7 дугаар сарын 27-ныг хүртэл Хт/08-04 дугаартай Түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулан, С******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б*******гийн гудамж, 64 дүгээр дэлгүүрийн зүүн талд ТҮЦ ажиллуулж байсан  ба С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгээр “... үйлчилгээ эрхлэх гэрээний 3.3.6, 5.2 дахь заалтуудыг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээний 5.3, 5.4-т зааснаар гэрээг дуусгавар болгож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн”  байдаг.  Энэ мэдэгдлийг өгөхөөс өмнө буюу гэрээг дуусгавар болгохоос өмнө тус дүүргийн Газрын албанаас 2017 оны 4 дүгээр сарын 11, 4 дүгээр сарын 20-ны өдөр болон дээрх мэдэгдлийг өгсөн 6 дугаар сарын 12-ны өдөр тус тус “газар чөлөөлөх” шаардах хуудас  өгч байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн жагсаалтыг санхүүжилтын хамт баталсны дотор С******* дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамжийг Б*******гийн гудамжтай холбох автозам тавигдахаар батлагдсан нь нэхэмжлэгчийн ТҮЦ байрлаж байсан байршилд хамаарсан бөгөөд энэ үндэслэлээр буюу Түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ эрхлэх Хт/08-04 дугаартай гэрээний 3.3.6-д “нийслэл, дүүргээс тухайн газарт төлөвлөлт хийгдэх тохиолдолд газрыг чөлөөлнө” гэж зааснаар гэрээг дуусгавар болгож газар чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тухайн байршилд хийсэн үзлэгээр  нэхэмжлэгчийн ТҮЦ байршиж байсан газар замын трассд орсон, зам тавигдсан болох нь тогтоогдож байна.  

Иймд энэ үндэслэлээр “үйлчилгээ эрхлэх гэрээний 3.3.6-д зааснаар гэрээг дуусгавар болгож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн” С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, хариуцагчийн энэ шийдвэр нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.

Харин тамхи худалдаалж, гэрээний үүргээ биелүүлээгүй, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн хэмээн тайлбарлаж, үүнийгээ нотлохоор 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл ирүүлсэн хэдий ч энэ зөрчлөөс хойш гэрээг сунгасан, өөрөөр хэлбэл 2016 оны 7 дугаар сарын 27-ноос 2017 оны 7 дугаар сарын 27-ныг хүртэл байгуулсан Хт/08-04 дугаартай Түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ эрхлэх гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй, уг гэрээнээс өмнөх зөрчлийг хамаатуулах боломжгүй, хэрвээ уг зөрчлийг үндэслэл болговол гэрээг сунгахгүй байх эрх захиргааны байгууллагад байсан тул энэ нотлох баримт нь 2016-2017 оны Хт/08-04 дугаартай Түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ эрхлэх гэрээг дуусгавар болгосон Сүхаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Ж.О нь “ТҮЦ-ийн газар чөлөөлсөн” талаарх гомдол 2017 оны 4 дүгээр сарын 17-нд   нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд гаргасныг 2017 оны 5 дугаар сарын 4-нд, 2017 оны 5 дугаар сарын 2-нд  гаргасныг 2017 оны 5 дугаар сарын 25-нд, 2017 оны 5 дугаар сарын 24-нд  гаргасныг 2017 оны 5 дугаар сарын 25-нд,  2017 оны 6 дугаар сарын 15-нд “ТҮЦ-ийн газар чөлөөлсөн, гэрээ сунгуулах” талаарх гомдол  гаргасныг 2017 оны 7 дугаар сарын 18-нд тус тус хариу өгсөн байдаг. 

Дээрхээс гадна 2018 оны 6 дугаар сарын 07-нд “гэрээ сунгуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх” талаар гомдол  гаргасныг 2018 оны 6 дугаар сарын 18-нд “журам батлагдаагүй тул гэрээ байгуулах, гэрээ сунгах ажил хийгдэхгүй” хэмээн татгалзсан хариу өгсөн байдаг.

Иймд “гэрээг дуусгавар болгосон, ТҮЦ-ийн газар чөлөөлсөн” талаарх гомдлоос гадна “ТҮЦ эрхлэх гэрээ сунгуулах” талаар хүсэлтээ гаргаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал “журам гараагүй тул гэрээг сунгах, гэрээ шинээр байгуулах боломжгүй” хэмээн тайлбарлаж байсан тул гэрээг сунгахаас, гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагч нарын үйлдэл байна гэж шүүх үзлээ. 

Гэвч уг татгалзсан үйлдлийг буруутгах боломжгүй, харин Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/187 дугаар тушаалаар нийтийн тээврийн автобусны карт худалдаалах, цэнэглэх U-money үйлчилгээний цэгийн байршлыг тогтоосны дотор нэхэмжлэгчийн ТҮЦ одоо байршиж буй 8 дугаар хороо 64 дүгээр дэлгүүрийн зүүн хойно байрлах автобусны зогсоолын байршил багтсан, энэ байршилд зөвхөн нэхэмжлэгчийн ТҮЦ  байршиж буйн дээр нэхэмжлэгч уг асуудлыг эрхлэн гүйцэтгэх “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээ байгуулж хамтран ажиллах боломжтой талаар тайлбарласан, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ТҮЦ байршуулах цэгийг судлан нэхэмжлэгчид байршил зааж өгөх боломжтой талаар тайлбарласан тул нөхцөл байдлыг судлан байршил цэг тогтоон дахин гэрээ байгуулах хүртэл 3 сарын хугацаагаар “гэрээг сунгахаас, гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагч С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйлдэл”-ийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хэдийгээр дээрх  Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/187 дугаар тушаалаар нийтийн тээврийн автобусны карт худалдаалах, цэнэглэх U-money үйлчилгээний цэгт зөвхөн карт цэнэглэх үйл ажиллагаа эрхлэхээр заасан ч нэхэмжлэгчийн “9.200.000 төгрөгөөр карт цэнэглэх шилэн ТҮЦ-ийг худалдаж аваад 1 хувийн ашигтай карт цэнэглэх үйлчилгээ хийгээд үйл ажиллагаа явуулах эдийн засгийн хувьд ямар ч боломжгүй” гэх тайлбарыг няцаах боломжгүйг, мөн хариуцагч талаас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос санал тавьж, 2018 оны 08 дугаар сард ТҮЦ-тэй холбоотой асуудлаар тогтоол гаргахаар санал боловсруулж хүргүүлсэн байгаа” гэж тайлбарласныг дурьдах нь зүйтэй.   

 

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “... “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ”-г дуусгавар болгосон С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/1441 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “С******* дүүрэгт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хамтран ажиллах гэрээ"-г нэхэмжпэгч Ж.О-тай байгуулахгүй байгаа С******* дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйлдлийг нөхцөл байдлыг судлан байршил цэг тогтоон дахин гэрээ байгуулах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, байршил цэг тогтоон дахин гэрээ байгуулахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА