Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/264

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Ц.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ж.Уд холбогдох эрүүгийн 2018002820238 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ж.У /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Ж.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.У нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг 1-02 тоотод иргэн Ц.Дийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Угийн өгсөн: ...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би ахтай утсаар ярьж байхад Д эгч “гуйлгачин минь чи цагаан сараар авсан 10 килограмм аарцны мөнгийг өгөөч” гэхэд нь би утсаа таслаад гэрт нь очиж, дансыг нь аваад аарцны мөнгийг нь өгсөн. Бид “ах дүү нарын хооронд 2 морь юу ч биш шүү дээ, тэрийгээ ямар олон жил нэхдэг юм бэ?” гэснээс болж маргалдаж, салаавч гаргасан, намайг заамдаад авахад нь би нүүрэнд нь түлхсэн. Хохирлыг би шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Дийн өгсөн: ...У “Чи хүүхдэд нь мөнгө өгч чадахгүй бол яах гэж хүүхэдтэй хүнтэй суусан юм бэ?” гэхэд нь би “чамд ямар хамаатай юм бэ?” гээд хэрэлдсэн. У гарын салаавч гаргахаар нь би бас салаавч гаргатал У миний нүүр лүү цохисон. Би эргүүлээд цохисон, заамдаж аваагүй, би мөрнөөс барьж авсан. Тэр оройноос миний толгой өвдөөд хямарсан. Би эмнэлгээр явсан мөнгө, замын зардал гэж 727.500 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Ж.Дхүүгийн өгсөн: ...Ж.У, Ц.Д нар маргалдаад Ж.У нь салаавч гаргасан гараараа манай эхнэр Ц.Дийг нүүрэнд тулгаад түлхсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25, 28/,

Насанд хүрээгүй гэрч Д.Цийн өгсөн: ...Ж.У нь ээж рүү гарын салаавч гаргахад ээж бас босож ирээд урдаас нь гарын салаавч гаргасан. Тэгтэл У ах уурлаад ээжийн нүүр рүү гараараа цохичихсон. Хоёр хоногийн дараа ээжийн хамрын баруун хэсэгт хөхөрч харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн: 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ц.Д нь өөрийн биеэр ирж үзүүлсэн. Түүний хамрын зүүн хажуу хэсэгт 2х1 сантиметр хэмжээтэй шимэгдсэн бүдэг хүрэн өнгийн цус хуралттай байсан. Уг цус хуралт нь учрах үедээ буюу 4 хоногийн өмнө хавдсан байх боломжтой. 4 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлэх үед хавдар нь буусан байх боломжтой. Үзлэгт Ц.Дийн биед тархи доргилтын шинж болох нистагм буюу 2 нүдний алимны чичирхийлсэн хөдөлгөөн хөндлөн чиглэлд тод илэрч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 374 дугаартай “Ц.Дийн биед 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой тархи доргилт, хамарт цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Угийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг 1-02 тоотод иргэн Ц.Дийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Ж.Уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дийн эрүүл мэндэд тархи доргилт, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд 727.500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч Ц.Дийн ХААН банкны 5056****** тоот дансанд 727.500 төгрөгийг төлсөн болох нь ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.У нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ж.У нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, мал аж ахуй эрхэлдэг зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55/, У.Н, У.Б, У.Нб нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-61/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт /хх-ийн 63-66/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ж.Угийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.У нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Уг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР