Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/268

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч У.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт У.Чад холбогдох эрүүгийн 2018003080264 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт У.Ч /РД: /, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч У.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч У.Ч нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндавааны 8 дугаар гудамжны 07 тоотод оршин суух М.Тын гэрт нэвтэрч 32 инчийн зурагтыг авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч У.Чын өгсөн: 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа 2.5 литр шар айраг уусан. Мөн найзтайгаа 0.5 граммын архи уусан. Тэгээд Тбтай уулзахаар гэрт нь очиход байхгүй байсан. Тэгэхээр нь цонхоор нь ороод 32 инчийн зурагтыг аваад “Буян” зах дээр аваачиж 30.000 төгрөгөөр зарсан. Ээжээс 200.000 төгрөг авч хохирол төлбөрийг барагдуулсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч М.Тын өгсөн: 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17:30 цагт гэрээсээ гарч яваад ирэхэд хашааны жижиг хаалга түгжээ нь эвдрэлгүй онгойсон, гэрийн гэрэл ассан байдалтай байхаар нь цонхоор хартал 32 инчийн зурагт алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч М.Тбын өгсөн: ...өөрийн төрсөн ах болох Т руу залгаад “манай гэрт хулгай орсон байна. Та очоод үзээч” гэж хэлэхэд манай ах очиж үзээд “зурагт алга болсон байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

...Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндаваагийн 8 дугаар гудамжны 7 тоотод үзлэг хийж, алдагдсан зурагт байсан гэх газрыг хохирогчоор заалгаж, тавиур дээр “Ди Би Эс” гэсэн бичигтэй кабелын төхөөрөмжөөс 3 ширхэг гарын мөр, байшингийн баруун талын цонхны дотор талаас 5 ширхэг гарын мөр тус тус илрүүлсэн. Зочны өрөөний баруун талын цонх гаднаас дотогш чиглэлтэй хөшигдөж онгорхой байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 4-8/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “М.Тын гэрээс алдагдсан “МТUСН” загварын 32 инчийн хуучин өнгөт зурагт 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг гарын мөрийн 7, 8 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр санд MN003010011926 дугаарт Ч овогтой Уын /Овог, нэр солигдсон байх болно/ зүүн гарын ядам хуруу, баруун гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч У.Чын согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндавааны 8 дугаар гудамжны 07 тоотод оршин суух М.Тын гэрт нэвтэрч 32 инчийн зурагтыг авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул У.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Тд 200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгчийн туслахаас хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч У.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч У.Ч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч У.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт У.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Чыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Чад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Чад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Чад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР