Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 32

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Т.Болор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Түвшинжаргалын Болорт холбогдох эрүүгийн 2033000000024 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, эмэгтэй, 00 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Цагаан-Овоо 3 дугаар баг, 01-12 тоотод оршин суух, Чонос овогт Түвшинжаргалын Болор /РД:МВ-/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Болор нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Нямсүрэнгийн биед халдаж зодож, дух, баруун хацар, хүзүү, баруун бугалга, шуу, баруун, зүүн сарвуу, гарын хуруу, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Болор нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Нямсүрэнгийн биед халдаж зодож, дух, баруун хацар, хүзүү, баруун бугалга, шуу, баруун, зүүн сарвуу, гарын хуруу, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Т.Болорын өгсөн “Би Нямсүрэнтэй нэг суманд амьдардаг байсан. Нөхрийнх нь ах нь манай нөхөртэй найзууд. Тэгээд манай нөхөр архи уухгүй болохоор надтай ууна гээд 1 шил архи хувааж уусан. Орой болоход гэрт нь хүргэж өгөхөд дахиад архи уумаар байна гэсэн. Тэгээд захаас очиж 2 шил архи авсан. Би хол явах юм чинь гээд архинаас нь бага багаар уусан. Манай тэнд хөрөө рам байдаг. Түүний аж ахуйн зүйлийг нь сонирхож явж байгаад орой бүрэнхий болохын үед Нямсүрэн нөхөртэйгөө хамт тэр залууг Дархан руу авч явна гэсэн чинь тэр залуу нь бид нартай хамт явна гээд байсан. Хүнсний захын тэнд Нямсүрэн Бүрэнмөнх хоёрын машинд суулгаад хаалгыг нь хаахдаа би чанга хаасан юм шиг байна лээ. Тэгсэн чинь намайг машин эвдлээ пизда минь, архичин авгай минь гэх мэтээр хэлсэн. Ийм зүйлээс болж анх маргалдсан. Нямсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. ...Би нөхрийнх нь ахыг машинд суулгаж өгөөд хаалгыг нь хаахдаа чанга хаасан. Тэгэхэд намайг машин эвдчихлээ гэсэн. ...Нөхөр нь над руу хашхираад байсан. Урьд нь манайхаар орж гардаг байсан болохоор нь ямар сүртэй юм бэ. Хүний унаагүй юм уначихсан юм шиг гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Нямсүрэн машинаас бууж ирээд намайг архичин авгай гэж хэлэхэд нь бид хоёр муудалцаж бие биенийхээ үснээсээ зулгаалцсан. Тэгэхэд нөхөр нь бууж ирээд намайг цохисон. Тэгээд манай нөхөр бид 2 машинаас бууж ирээд бид 2 явсан. Цагдаа дуудаж ирсэн. ...Гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1.Хохирогч Д.Нямсүрэнгийн өгсөн: “...2020 оны 05 дугаар 14-ний 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар баг, 1-1 тоотод байрлах манай гэрийн гадаа Болороо нөхөртэйгөө хамт нөхрийн ах Бүрнээг аваад хүрээд ирсэн тэгэхэд архи уусан согтуу байсан. Бүрнээ, Болороо хоёр тэгээд бид нар явах гээд байна гэхэд араас дагаад явчих гэж Бүрнээ хэлсэн тэгээд бид нар араас нь машинтай дагаж яваад Болороогийн ээж аавын гадаа очсон тэгэхэд Болороо машинаасаа буугаад шороо цацаад, чулуу шидээд байсан. Тэгэхээр нь бид машинтайгаа хөдөлж яваад сумын төвийн ард байрлах засмал замын хажуу талын хүнсний захын урд зогсож байсан. Тэгэхэд Болор нөхөр хүүхэдтэйгээ Бүрнээг авчирсан тэгээд Бүрнээ Болорын машинаас буулгахгүй заамдалцан зуураад явуулахгүй байсан тухайн үед Болор машиныхаа арын суудал дээр суусан явж байсан. Тэгээд Бүрнээ мултраад манай машины ард орж ирээд суусан тэгэхэд Болор хүрч ирээд миний сууж байсан тал болох машины урд зорчигч талын хаалгыг онгойлгоод намайг үсдээд доош нь дараад газар унагааж чирээд нүдээд байсан тэгэхэд манай нөхөр салгах гэж ирэхэд Болорын нөхөр Эрдэнэхүү манай нөхрийг барьж аваад заамдаад хүзүүнд нь байсан гинж, сахиус зэргийг тасдаад өмсөж явсан цамц болон хоолой хүзүүг нь урсан. Тэгээд Болор намайг үсдээд чирээд зодож байхад манай машинд сууж байсан. Оогий гэх манай байшин барих гэж ирсэн залуу машинаас бууж ирж Болороог надаас салгаж авсан. Тэгээд Болорыг нөхөр барьсан байхад манай нөхөр лүү чи Гүрийн Бямбаагийн шээс, хулгайч, хөгшин эмгэнтэй суугаад эмгэн шаадаг гэж хэл амаар дайрч доромжилж байсан. ...Хүзүү, гарын булчин, гарын хуруунууд, хөлний өвдөг, шалбарч цус гарсан. Мөн миний толгойн оройн хэсгээс үс зулгааж унасан. Манай машины зүүн талын хойд хаалга хонхойсон байна лээ. Манайх 2020 оны 01 сард орж ирсэн машин авсан ямар ч сэв байхгүй байсан. ...Болор анх манай машины хаалгыг онгойлгох үедээ өшиглөсөн тэгээд хонхойсон. Зүүн талын хойд хаалга. ...Хүнд гэм хийгээгүй зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Би тухайн өдөр өмсөж явсан биеийн тамирын өмд, фодволк, мөнгөн гинж зэргийг нөхөн төлүүлэх, эмчилгээний болон бензин хийсэн хоол ундны баримтуудыг өгсөн байгаа энэ зарцуулсан мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. ...Би Өмнөговь аймгийн Цагаан хаданд цайны газар дэн буудал ажиллуулдаг юм. Би одоо энэ хэргээс болж явж ажлаа хийж чадахгүй байна. Миний өдрийн орлого 100.000 төгрөгний орлоготой байдаг. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй миний ажилдаа яваагүй үеийн орлогыг гаргуулж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, 2.Гэрч Б.Бүрэнмөнхийн өгсөн “ ...Тэгээд би Дархан-Уул аймаг руу ах болон байшин барилцсан хүнтэй хамт хүргэж өгөх гээд ахыг очиж авах гэхэд Болороогийн аав Түвшин гуайн гадаа очиход чулуу шидээд байсан тэгээд тэндээс хүнсний зах, дугуй завсрын урд талд ирээд зогсож байхад Болороо, Эрдэнэхүү, манай ах Бүрэнбаатар нар ирсэн юм. Тэгсэн чинь машины хаалга Болороо саваад хаалга онгойлгоод эхнэр Нямсүрэн чирээд буулгаад явсан. Тэгээд би машинаас буугаад очоод салгах гэтэл Болороо миний хүзүүнээс гинж, сахиус хоёрыг тасдаад хаясан тэгсэн нөхөр Эрдэнэхүү нь намайг заамдаад дугтраад байсан. Тэгсэн чинь Болороо миний зүүн талын бөгс рүү чулуу шидсэн. ...Манайд ажил хийж өгсөн хоёр хүнийг Дархан-Уул аймаг руу хүргэх гээд 1 хүн болох миний төрсөн ах Бүрэнбаатарыг хүлээлгээд зогсож байсан юм тэгсэн манай ахыг хүргэж авчирсан. Тэгээд гэнэт хаалга саваад онгойлгоод эхнэрийг чирээд буулгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36/, 3.Гэрч Б.Отгоннямын өгсөн“...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг өнгөрч байхад би Нямсүрэн, Бүрэнмөнх хоёртой Бүрэнбаатарыг авах гээд очиход чулуу шидээд байсан юм тэгээд бид нар хөдлөөд хүнсний зах, дугуй засварын урд талд зогсож байсан чинь гэнэт тэр Болороо гэх эмэгтэй Нямсүрэнгийн сууж байсан талын онгойсон хаалгыг хойш саваад байсан тэгсэн чинь Нямсүрэнг үсдээд чирээд гаргаад газар унагаад чирээд байсан. Тэгээд ахиж цаана үсдэлцээд байсан тэгээд би машинаас гараад очиж үсэдсэн байсан гарыг нь салгаж авч тавиулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37/, 4.Гэрч Д.Энхбаатарын өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тасагт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Тухайн өдрийн 21 цагийн орчимд эмнэлгийн хүлээн авахаас зодуулсан хүн ирлээ гэж дуудсан. Хүлээн авах дээр очиход 40 орчим насны эмэгтэй хүн байсан. Үзлэг хийхэд баруун өвдөг, эрүү, толгой өвдөнө гэсэн зовуурьтай зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Бид үзлэг хийхэд зүүн өвдөг зулгарсан шархтай, зүүн чамархай, баруун бугалга тохой хавдаж хөхөрсөн, баруун хацар, баруун сарвуунд зулгаралттай зүүн мөрөндөө зурагдсан шархтай байсан ба миний хувьд зөөлөн эдийн зулгарал няцрал гэсэн онош тавиад зөвлөгөө өгөөд буцаасан. ...Надад хэлэхдээ зодуулсан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/, 5.Гэрч Б.Бүрэнбаатарын өгсөн “...Ууж дуусчхаад би хот руу хөдлөх гээд Эрдэнэхүүгийн гэрээс нь гараад бид 3 хамт гараад хүнсний зах дээр очоод төрсөн дүү Бүрэнмөнхийн машинд суусан тэгсэн гадаа Болортой манай дүүгийн найз Нямсүрэн 2 үсдэлцээд зодолдоод байсан манай дүү Эрдэнэхүү 2 салгаад би дүүгийн хамт хот руу хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79/, 6.Гэрч Ө.Эрдэнэхүүгийн өгсөн “...Ирээд 5-10 минут зогссон Бүрэнбаатарыг буулгах гэтэл хамт Дархан явъя гээд байсан би үгүй гээд тухайн үед Бүрэнбаатар, Болороо хоёр ноцолдоод тоглоод байсан тэгээд машинаас хамт буугаад хаалгаа хаагаад удаагүй Нямсүрэн манай эхнэр Болороо хоёр үсдэлцээд машины гэрэл ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/, 7.Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Д.Нямсүрэнгийн биед дух, баруун хацар, хүзүү, баруун бугалга, шуу, баруун, зүүн сарвуу, гарын хуруу, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт хэсэг/хх-ийн 18-19/, 8.Хохирогчийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 13- 14/ 9.Саран Клиник эмнэлгийн хэвлийн ЭХО-д харуулсан тодорхойлолт/хх-ийн 20/, 10.Саран Элит эмнэлгийн рентген оношилгоо хийлгэсэн тодорхойлолт, хөлний гэрэл зураг /хх-ийн 21-22/, 11.2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /ххийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүгдэгч Т.Болорын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нямсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дараах хохирол төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргасан байна. Үүнд: -2020.05.14-ний өдрийн 20.000 төгрөгийн шатахууны баримт, 2020.5.15- ны өдрийн 10.000 төгрөгийн шатахууны баримт, 2020.05.21-ний өдрийн 20.000 төгрөгийн шатахууны баримт, 2020.05.28-ны өдрийн 20.000 төгрөгийн шатахууны баримт нийт 70.000 төгрөгийн шатахууны баримт /хх-ийн 58/, -2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Саран Элит эмнэлэгт хэвлийн ЭХО-д 25.000 төгрөгөөр үзүүлсэн баримт, Саран Элит эмнэлэгт Рентген оношилгоо 25.000 төгрөгөөр хийлгэсэн баримт, Монос Дархан ХХК-аас 45.450 төгрөгийн эм авсан баримт нийт 95.450 төгрөгийн эмчилгээтэй холбоотой баримт /хх-ийн 59/, -Ашид билгүүн ХХК-иар приус 20 маркийн машины хохирлын үнэлгээ гаргуулсан зардал 20.000 төгрөг, “Алтан зоог” хоолны газраас хоол авсан гэх 26.900 төгрөг, нийт 46.900 төгрөгийн баримт /хх-ий 60/. Мөн хохирогч Д.Нямсүрэн нь мөрдөн байцаалтад: “...Би 2020 оны 05 дугаар сарын 14-с хойш 2020 оны 06 дугаар сарын 04-ний хооронд ажилдаа явж чадаагүй өдрүүдийн мөнгө өдрийн 100.000 төгрөгөөр бодоод 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн миний биед учирсан шархны сорив арилаагүй сорив тогтсон байгаа ийм сорвитой үлдсэндээ энэ соривнуудаа үнэлмээр байна...” гэх мэдүүлгийг өгсөн байна. Хохирогч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт Завхан нэртэй дэн буудал, цайны газар түрээслэн ажиллуулдаг. Сарын түрээсийн төлбөр нь 550.000 төгрөг, өдөрт 100.000 төгрөгийн орлого олдог. Энэ мөнгөө өөрөө авдаг гэж мэдүүлж 2020 оны 05 дугаар сарын 14-өөс хойш 2020 оны 06 дугаар сарын 04- ний хооронд ажилдаа явж чадаагүй өдрүүдийн мөнгө өдрийн 100.000 төгрөгөөр бодоод 2.000.000 төгрөг нэхэмжилж, биед учирсан сорив үнэлүүлэхээр нэхэмжилсэн байна. Хэрэгт хохирогч 550.000 төгрөгийн түрээс төлдөг болохыг нотолсон гэрээ, өдөрт 100.000 төгрөгийг ашиг олдог байдлыг нотолсон хүн амын орлогын албан татвар төлөгчийн орлогын дэвтэргүй байна. Иймд 2.000.000 төгрөг болон сорив үнэлүүлэх зардалд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Хохирогч нь өөрийн эзэмшлийн 3024 УАВ тээврийн хэрэгслийг унаж явахдаа хашаа мөргөж гэмтээсэн болох нь гэрч О.Батцэцэгийн “...2020 оны 05 сард суманд Мобикомын утас худалдаанд ирсэн байсан үед манай дэлгүүр дээр орж ирээд охинтойгоо утсаар ярьж байгаад хашаанаас гарахдаа хашаагаа шүргээд шувтраад гарсан. Тэгээд даатгалаас нөхөн төлбөр авах гэсэн юм гэж ярьж байсан. Би Миг даатгалын төлөөлөгч хийдэг юм. Тэгээд надаас нөхөн төлбөр гаргаад өгчих гэж ярьж байсан...”гэх мэдүүлэг /хх-40/, гэрч О.Бүрэн-Эрдэнийн “...Надтай утсаар ярьсан тэгэхэд хүүхэдтэйгээ утсаар ярьж явж байгаад хашаа мөргөчихлөө хаалгаа зураад хойд нэг гэрлээ хагалчихлаа Миг даатгалд даатгуулсан нөхөн олговор өгөх болов уу гэж ярьж байсан...” /хх-42 ар тал/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Иймд “Ашид билгүүн” ХХК-ны хохирлын үнэлгээчний хөлс 20.000 төгрөг, хоол авсан гэх 26.900 төгрөг нийт 46.900 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхөн төлөх зардалд хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь хохирогч Д.Нямсүрэнд 165.450 төгрөг төлөхөөс 165.000 төгрөг төлсөн болох нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 450 төгрөг гаргаж хохирогч Д.Нямсүрэнд олгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй 46.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2.000.000 болон сорив үнэлүүлэх нэхэмжлэлийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдоогүй байна/хх-ийн 75/. Шүүгдэгч Т.Болорт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг байна. Иймд шүүгдэгч Т.Болорын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Т.Болор нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Болорыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Болорыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 450 төгрөг гаргаж хохирогч Д.Нямсүрэнд олгож, үлдэх 46.900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2.000.000 төгрөг болон сорив эмчлүүлэх талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4.Шүүгдэгч нь хохирогчид 165.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Т.Болор нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй зэргийг дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Болорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА