| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0203/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/270 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/270
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч Х.М, С.С,
Хохирогч нарын өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт О.Нт холбогдох эрүүгийн 1918004520574 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт О.Н /РД: /, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч О.Н нь иргэн *****“Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан Ланд крузер 80, 200 загварын тээврийн хэрэгслийг 24.000.000 төгрөгөөр авч өгнө” гэж итгүүлэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн бэр болох Б.Иын ХААН банк дахь 5094****** тоот дансаар шилжүүлэн авсан, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойно хохирогч *****хадам дүү болох *****аас 14.000.000 төгрөгийг бэлнээр авсан ба *****нийт 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Нийн өгсөн: Надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таньдаг хүн байхгүй. Тухайн байгууллагын фэйсбүүк хуудаснаас худалдах гэж байгаа машины мэдээллийг авсан. Би Суаас 24.000.000 төгрөг аваад 10.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч *****өгсөн: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ланд 80, 200 маркийн машинуудыг 24.000.000 төгрөгөөр авах нөхцөл надад таалагдаж байсан тул би худалдаж авахаар болоод О.Нийн хэлснээр урьдчилгаа 10.000.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ХААН банкны 5819****** тоот данснаас И гэх хүний 5094****** тоот дансанд шилжүүлсэн. Мөн би өөрөө Увс аймагт байсан тул 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үлдэгдэл 14.000.000 төгрөгийг хүргэн дүү Нармандахын 5820****** тоот дансанд шилжүүлж, Нт бэлнээр өгүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224/,
Гэрч Б.Нын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хадам эгч Су миний *****дугаарт залгаж “Би машин авах гэсэн юм, Увс аймагт явж байна. Чи өөрийн нэр дээр авч бай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод 14.000.000 төгрөг тушааж, бичиг баримтаа өөрийн нэр дээр аваарай, *****гэх дугаартай Нтэй холбогд” гэж ярьсны дараа Су миний 5820****** тоот дансанд 14.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ард Н гэх хүнтэй уулзаад 14.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Нийг 18 цаг хүртэл хүлээж байгаад уулзахад Н нь “ажлын цаг дуусаад шилжүүлэх боломжгүй, би маргааш шилжүүлсэн байна” гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг авсан. Тэгээд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бэлэн болгож өгнө гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226/,
Гэрч А.Аын өгссөн: ...Нтэй таарахад Приус-30 маркийн машинтай ирээд надад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таньдаг хүн байдаг, энэ машиныг авлаа” гэж хэлэхэд би хадам эгч болох Суад хэлсэн. Су мөнгөө Нт өгөөд залилуулсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-232/,
Гэрч Д.Дийн өгсөн: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 онд Ланд-200 болон Ланд-80 маркийн тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулах талаар нийтэд зарлаж, мэдээлж байгаагүй тул зарж борлуулсан, зарах гэж оролдсон тохиолдол байхгүй. Би Н гэж хүнийг танихгүй, ийм хүн тээврийн хэрэгсэл авахаар ирж байгаагүй, бичиг баримт бүрдүүлж өгч байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 236-237/,
Гэрч Б.Оын өгсөн: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд байгаа Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг “Монгол газар” ХХК-ийн захирал*****аас хураан авсан ба шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах дуудлага худалдаанд оруулаагүй. Н гэх хүнийг танихгүй, энэ хүн Ланд-200 болон Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл сонирхож, худалдан авахаар ирж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 238-239/,
Гэрч Б.Иын өгсөн: Миний ХААН банкны 5094****** тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 5819****** тоот данснаас Су 2 машин урьдчилгаа гэсэн утгатай 10.000.000 төгрөгийн орлого ямар учраас миний дансанд орж гарч байсныг мэдэхгүй байна. Тухайн үед миний дансны карт манай хадам ээж болох Нт байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100/,
Гэрч Б.Иын ХААН банкны 5094****** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 103-107/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч О.Н нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн Х.Маас түүний эзэмшлийн Голд монстер-1000 загварын металл илрүүлэгч багажийг “удахгүй мөнгийг нь өгнө” хэмээн хуурч 2.800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж авсан, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт танилтай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хямд зарагдах Лексус-570, Тоёота Ланд крузер-200 загварын тээврийн хэрэгслийг авч өгөхөд зуучилж тусална” хэмээн Х.Мыг хуурч, түүний эхнэр С.Сээс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 25.500.000 төгрөг нийт 56.500.000 төгрөгийг өөрийн бэр болох Б.Иын ХААН банк дахь 5094****** тоот дансаар шилжүүлэн авсан ба Х.М, С.С нарт нийт 59.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Нийн өгсөн: Надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таньдаг хүн байхгүй. Тухайн байгууллагын фэйсбүүк хуудаснаас худалдах гэж байгаа машины мэдээллийг авсан. Хохирогч Х.Маас Голд монстер-1000 загварын металл илрүүлэгч авсан. Х.М, С.С хоёроос хэдэн төгрөг авснаа сайн мэдэхгүй байна. Хохирогч Х.М, С.С нарын хохиролд нэг ч төгрөг төлөөгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Мы өгсөн: ...би алт хайгч зарна гэж ярихыг сонсоод Н нь сэдэл авсан юм шиг байгаа. Тэгээд утсаар нэг эрэгтэй хүнтэй яриад “... юу болж байна яаж байна?” гээд нөгөө хүн нь “одоо болсон болсон” гээд яриад байсан. Надад утас дээрээ Лексус-570 маркийн машины зураг харуулаад “энэ машиныг хямд зарна. Надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт танил байгаа” гэсэн. Хот ороод “таны металл хайгчийг авъя” гээд гэрээ хийж авсан. Тэгээд намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадаа дагуулж очоод Лексус-570 маркийн машин харуулаад “эзэн нь Солонгос явсан. Энэ машиныг зарахаар болсон, урьдчилгаа 23.000.000 төгрөг хийчих. Мөн цаана нь байгаа Ланд-200 маркийн машиныг хамтад нь зарах юм байна. 15 хоногийн дотор машиныг гаргаж өгнө” гэхээр нь урьдчилгаа мөнгийг хийсэн. Би машинаа авахаар иртэл “дахиад 2 ширхэг Приус-20 маркийн машин байна. Энэ хоёр машиныг цуг гаргана гээд байна. Хамтад нь авахгүй бол би өөр машины ченжид өглөө” гээд байхаар нь би 10.500.000 төгрөг өгсөн. Тэгээд байж байтал “за одоо бүх юм болсон. Одоо 3 шийдвэр гүйцэтгэгчид 5.000.000 төгрөг тус бүрт нь өгөх хэрэгтэй байна 15.000.000 төгрөг өгчих” гэсэн. Машинаа авъя гэтэл “одоо энийг өгвөл асуудалгүй гаргаж өглөө” гэхээр нь итгэсэн. Би Голд монстер-1000 загварын алт хайгчаа зээлийн гэрээгээр Нт 2.800.000 төгрөгөөр зарсан бөгөөд хугацаандаа мөнгөө өгөөгүй тул 1.400.000 төгрөгийн алданги тооцоод нийт 4.200.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Хохирогч С.Сийн өгсөн: Манай нөхөр М ирээд надад Лексус-570 маркийн машины зураг үзүүлээд “энэ машиныг авъя, урьдчилгаанд нь 23.000.000 төгрөг өгье” гэхээр нь би мөнгийг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа бас “Ланд-200 маркийн машин байна” гээд ярьж байсан. Машинаа авна гээд нөхөр маань очоод “дахиад 2 ширхэг приус маркийн машин хамт гаргана гээд байна” гээд 10.500.000 төгрөг шилжүүлж авсан. Удалгүй “бараг болчихлоо, шийдвэр гүйцэтгэгч нарт нь мөнгө өгөх хэрэгтэй байна” гээд 15.000.000 төгрөг шилжүүлж авсан. Хэсэг хугацааны дараа “Н мөнгөө аваад алга болсон” гэж ярьсан. Одоо бэлнээр шилжүүлсэн 56.500.000 төгрөг, энэ хугацаанд “Хас” банканд зээлийн хүүнд төлсөн хүү 10.705.108 төгрөг, нийт 67.205.108 төгрөгийг Нээс нэхэмжилж байна. Би “Хас” банкнаас 100.000.000 төгрөгийн зээл аваад мал, махны бизнес хийдэг байсан боловч Нт мөнгөө залилуулснаас болоод энэ зээлээ төлөх чадваргүй болсон тул гэмт хэргийн улмаас үүссэн хохирол гэж хүү нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Б.Иын өгсөн: ХААН банкны 5094****** тоот данс бол миний данс бөгөөд би энэ дансыг эзэмшиж ашигладаг. Энэ дансанд 5119****** дугаарын данснаас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23.000.000 төгрөг машин гэсэн утгаар, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөг машин Маас гэсэн утгаар, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 25.500.000 төгрөг машин Маас, машин Мөөгий гэсэн утгаар тус тус шилжин орсон нь үнэн боловч энэ мөнгийг би авч ашиглаж байгаагүй. Н “надад дансны дугаараа өгөөч, дансаар чинь мөнгө хийлгээд авъя” гэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг хэлж өгсөн. Нт өөрийн дансны виза картыг өгөөд нууц дугаарыг нь хэлээд ашиглахыг зөвшөөрсөн. Нийг хүнээс авах мөнгөний авлагаа авч байна гэж ойлгож байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/,
Гэрч Б.Мын өгсөн: ...Н нь “шүүхийн шийдвэрээр хураагдсан авто машиныг яаралтай гаргах гэж байгаа” гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа газарт тээврийн хэрэгслүүд байрлуулсан байсан хашаанд хийсэн бичлэг үзүүлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да хүрээ” захын ертөнцийн зүгээр баруун хойно байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн машинд хамаарахгүй гэсэн хаягтай хашаа руу ороод бичлэгт үзүүлсэн Лексус-570 маркийн машиныг М ах бид хоёр үзсэн. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр М бид хоёр тухайн машиныг авахаар шийдэж, Нийн бэр болох И гэх дансанд Мы эхнэр С.Сийн данснаас 56.500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Нийн 9411**** дугаар луу залгахад холбогдох боломжгүй, утсаа авахгүй, худлаа хэлсээр байгаад өдийг хүрсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61/,
Гэрч Б.Тийн өгсөн: Миний эзэмшлийн 5076****** дугаарын дансыг манай ээж болох Н ашигладаг, миний данс руу орлого, зарлага орж байгаа талаар миний утсанд мессеж ирдэггүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63/,
Гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: ...2019 оны 5 дугаар сараас 7 дугаар сард Ланд-200, Приус, Лексус-570 маркийн авто машинтай холбоотой нэг ч дуудлага худалдаа болоогүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208/,
Хохирогч Х.Мы мобикомын 9908**** дугаарын утасны 2019 оны 5, 6 дугаар сарын хэрэглээний дэлгэрэнгүй, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 15-26/,
Хохирогч Х.Маас гаргаж өгсөн “Металл хайгч” ХХК-ийн Голдмонстер-1000 загварын металл хайгчийн баталгаат засварын хуудас /1-р хх-ийн 29/,
Хохирогч С.Сээс гаргаж өгсөн “Хас” банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан тухай зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-ийн 32/,
Гэрч Б.Иын ХААН банкны 5094****** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 33-37/,
Хохирогч С.Сийн ХААН банкны 5119****** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 38-41/,
Шүүгдэгч О.Н нь хохирогч Х.Маас 2.800.000 төгрөг зээлсэн тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 65/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-419-136 дугаартай “Голд монстер-1000 маркийн металл хайгч 2.800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 67-71/,
“...2019 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Ланд крузер-200, Лексус-570, Приус маркийн тээврийн хэрэгслүүдийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдаагүй болно” гэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2/10690 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 206/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Нийн иргэн *****“Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан Ланд крузер 80, 200 загварын тээврийн хэрэгслийг 24.000.000 төгрөгөөр авч өгнө” гэж итгүүлэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн бэр болох Б.Иын ХААН банк дахь 5094****** тоот дансаар шилжүүлэн авсан, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойно хохирогч *****хадам дүү болох *****аас 14.000.000 төгрөгийг бэлнээр авч *****нийт 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн Х.Маас түүний эзэмшлийн Голд монстер-1000 загварын металл илрүүлэгч багажийг “удахгүй мөнгийг нь өгнө” хэмээн хуурч 2.800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж авсан, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт танилтай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хямд зарагдах Лексус-570, Тоёота Ланд крузер-200 загварын тээврийн хэрэгслийг авч өгөхөд зуучилж тусална” гэж хэлэн Х.Мыг хуурч, түүний эхнэр С.Сээс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 25.500.000 төгрөг нийт 56.500.000 төгрөгийг өөрийн бэр болох Б.Иын ХААН банк дахь 5094****** тоот дансаар шилжүүлэн авч Х.М, С.С нарт нийт 59.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэргээр хуурч хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул О.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *****24.000.000 төгрөгийн, хохирогч Х.М, С.С нарт 59.300.000 төгрөгийн шууд хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч *****10.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч У.Су нь үлдэгдэл 14.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Мөн хохирогч Х.М нь Голд Монстер-1000 загварын металл илрүүлэгчийн үндсэн үнэ 2.800.000 төгрөг, шүүгдэгч О.Нтэй 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 65/-ний дагуу хугацаандаа 2.800.000 төгрөгөө төлөөгүй тул алданги 1.400.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг, хохирогч С.С нь шүүгдэгчийн бэр Б.Иын дансанд шилжүүлсэн 56.500.000 төгрөг дээр “Хас” банкнаас авсан зээлийн 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарыг дуустал төлсөн эргэн төлөлтийн хүү болох 10.705.108 төгрөгийг нэмж, нийт 67.205.108 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч С.С нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Хас” банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан болох нь “Хас” банкны ***** дугаартай зээлийн гэрээгээр нотлогдох бөгөөд хохирогчийн 100.000.000 төгрөгийн зээлийн 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарыг дуустал төлсөн хүү болох 10.705.108 төгрөгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцохгүй тул 10.705.108 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэх нь үндэслэлгүй юм.
Мөн шүүгдэгч нь хохирогч Х.Маас худалдаж авсан Голд монстер-1000 загварын металл илрүүлэгчийн үнийг хугацаанд нь төлөөгүйгээс тооцсон алданги болох 1.400.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцох нь үндэслэлгүй байна.
Иймд О.Нээс 73.300.000 төгрөг гаргуулж, хохирогч *****14.000.000 төгрөг, хохирогч С.Ст 56.500.000 төгрөг, хохирогч Х.Мд 2.800.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Сийн 10.705.108 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч Х.Мы 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хохирогчид болон тэдний өмгөөлөгчөөс шүүгдэгчид 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө төлөх талаар илэрхийлж байгаа байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзах, энэ гэмт хэрэг гарахад хохирогч нарын хөнгөмсгөөр найдаж мөнгөө шилжүүлсэн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа тул шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх байдлыг харгалзан үзнэ үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч О.Н нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 7/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар /2-р хх-ийн 9-40/ нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Н нь өмнө нь удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашигласан, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар буруу ойлголт төрүүлсэн, хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан боловч уг хохирлыг арилгах талаар бодитой санал, санаачилга гаргаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Н нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Нийн охин 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн *****г шүүгдэгч О.Нийн хүү 21 настай *****гийн асрамжид өгөх санал гаргаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Нийн асрамжид насанд хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг тогтоож ирүүлээгүй бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан *****гийн нэр өөрчилсөн тухай лавлагаагаар түүнийг шүүгдэгч О.Нийн охин гэж үзэн асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
Хэрэв шүүгдэгч О.Нийн асрамжид насанд хүрээгүй хүүхэд байгаа бол Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу хүүхдийн эрх, ашиг сонирхлыг оршин суугаа сум, дүүргийн Засаг дарга хамгаалах үүрэгтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар О.Нийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Нт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Нийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.Нээс 73.300.000 /далан гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч овогт У.Су /РД:, утас:/-д 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг, хохирогч С.С /РД:, утас: /-т 56.500.000 /тавин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Х.М /РД:, утас: /-д 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Сийн 10.705.108 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч Х.Мы 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР