| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00035/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 35
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.**даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга: Н.**, Улсын яллагч: Н.**, Шүүгдэгч Э.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *аймаг **сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.**холбогдох **дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” нөхөрлөлийн захирал ажилтай, **аймгийн ***сумын ** дугаар багийн Шийрийн бригадын 03-305 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **овогт ****, РД//МД-/ гэв. Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Э.**нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын **дугаар багийн нутаг дэвсгэр **үр ХХК-ийн тариалангийн талбайд орхисон байсан тракторын 3 ширхэг хүндрүүлэгчийг буюу 900 000 төгрөгийн гээгдэл эд зүйлийг авч завшихыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.**өгсөн: “… 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр юм уу 06 дугаар сарын 27-ны өдөр хавьцаа байх. Дарханаас поль нь дундуур чигээрээ хавцал руу явдаг тод зам байсан. Тэр зам дээр 3 хүндрүүлэгч байсан. Боолт нь тасраад уначихсан байхаар нь аваад багаажиндаа хийгээд цаашаа хавцал орчихоод буцаж ирсэн ...”гэх мэдүүлэг. Эрүүгийн **тоот хавтаст хэргээс Хохирогч У.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хулгайд алдсан 3 ширхэг хүндрүүлэгч төмрийг өнөөдөр буюу 2020 оны 07 сарын 20-ны өдөр ******* гэх залуу өөрийн биеэр ирж хүлээлгэн өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл алга. Өөрийн эзэмшлийн тракторын хүндрүүлэгч төмрүүдийг тоо ёсоор нь хүлээж авсан учир одоо гомдолгүй...” гэх мэдүүлэг/Хх-ийн 15-16 дугаар хуудас/, Гэрч У.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 28-ны өдөр манай тракторын жолооч **усанд явж байгаад тракторын хүндрүүлэгч нь болохгүй болохоор нь тайлаад өөрийн эзэмшлийн фойлон дотор зам дагуу тайлж тавиад цаашаа явсан байсан. Хүндрүүлэгчийг манай байгууллагын өөр нэг жолооч авах гээд очтол байхгүй болчихсон, нэг хар машин явсан байсан гэж хэлсэн. Тэгээд би замаар нь отоод нэг хар машин байхаар нь гараараа дохисон чинь зогсохгүй явчихаар нь хойноос нь очоод эхлээд соната-6 харсан уу гэж асуухад хараагүй гэхээр нь явуулсан. Би хар л гэсэн юм чинь андуурсан байж магадгүй гэж бодоод дахиад хойноос нь очиж зогсоогоод жолоочоос нь замд чинь тракторын хүндрүүлэгч дугуй шар төмөр харагдсан уу гэж асуутал хараагүй тийм юм байгаагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тээшийг чинь үзчих үү гэсэн чинь нэлээд байж байгаад тээшээ онгойлгосон. Тэгээд хартал хайрцагтай юм харагдсан ба байхгүй болохоор нь явуулсан. Тэгээд бригад дээрээ очоод байж байтал наад хар машин чинь мөн айлд очиж машиныхаа багаажинд янзалж хийгээд явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/Хх-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 сарын 28- ны өдөр тариалангийн талбайд хор цацаж байсан юм. Би трактороор ус зөөдөг юм. Тэгээд үдээс хойш байхаа би цагийг сайн мэдэхгүй байна. Бригад руугаа усанд явах гээд өөрийн 1204 гэсэн дугаар john deeree загварын трактортай явсан юм. Манай тайлбай доторх зам дагуу явж байтал хүндрүүлэгчний боолт нь хугарч унаад би замын хажуу тал руу тавиад араас ирэх хүндээ захиад явсан юм. Тэгээд миний араас явсан жолооч утсаар залгаж хэлэхдээ хүндрүүлэгчнүүд чинь байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/, Гэрч Д.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 28-ны өдөр манай бригадын 106га талбайд хор цацаж байсан ба манай тракторчин усанд явж байсан чинь зам дээр дугуйных нь хүндрүүлэгч төмөр салаад уначихсан тул замын хажуу руу тавьчхаад явчихлаа гэсэн. Би портер машин унаад очиж авах гэсэн чинь нэг хар машин ачаад аваад явахыг би холоос хараад хойноос нь хөөгөөд гүйцээгүй юм. Бригадын захирал **утсаар залгаад хар машин аваад явчихлаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/, Гэрч Р.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 28-ны орой хор цацаж байсан талбай дээрээс тракторын хүндрүүлэгч алга болчихлоо гэж сонссон. Тэгээд манай талбайн манаач араас чинь хар машин явлаа гэж хэлсэн. Бригадаас гараад гараа өргөөд зогсоох гэсэн чинь зогсоогүй өнгөрөөд явчихаар нь би захирлыг аваад машинаа асаагаад хойноос нь хөөгөөд гэрлээрээ дохиод зогсоогоод замын хажууд хүндрүүлэгч байсан харсан уу гэсэн чинь мэдэхгүй, хараагүй гээд явсан. Тэгээд хойноос нь харсан чинь хойд суудлын завсраар нь запас дугуйгаа хийчихсэн байхаар нь дахин зогсоогоод багажийг нь онгойлгуулан үзтэл 3 хайрцагтай юм байсан. Мөн завсраар нь харсан чинь багажныхаа хаалтыг хийсэн байсан учир харагдаагүй. Тэгээд 2 дугаар бригад руу очсон. Тэгсэн чинь **гэж хүнийг бригадад байсан залуу тэр залуу тракторын хүндрүүлэгч тэр хар машинд байсан. Тэгээд энэ юу юм бэ гэж асуухад нь трактортоо тавина аа гэж хэлээд явсан байсан. Тэгээд бид нар ерөнхийдөө тэр залуусыг авч явсныг мэдсэн юм. ...” гэх мэдүүлэг/Хх-ийн 22 дугаар хуудас/, Гэрч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 28-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны хавцал гэх газар төмсөө сийрүүлээд байж байтал ойролцоогоор 15 цагийн орчимд найз **хар өнгийн жижиг тэрэгтэйгээ ирээд 3 ширхэг тракторын хүндрүүлэгч замын хажуугаас оллоо гээд надад машиныхаа багаажыг онгойлгож харуулчхаад хэсэг юм ярьж сууж байгаад бордоо үзнэ гээд яваад өгсөн. Тэгээд буцаж ирээгүй юм...” гэх мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 28-ны өдөр талбайдаа ажиллаад байж байхад ******* машинтайгаа ирээд хэсэг хугацаанд юм ярьж зогсож байгаад надаас хоёр ширхэг намираа шланк гуйхаар нь хийж өгөх гээд машиных нь багаажийг онгойлготол шар төмөрнүүд байхаар нь энэ юун төмөр юм трактортоо авсан юм уу гэж асуухад үгүй ээ сая замаас олж авсан юм гэж хэлээд багаажаа хаагаад за за явлаа гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/Хх-ийн 74 дүгээр хуудас/, Гэрч Ш.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Хажуу айлын **гэх залуу намайг хамт **яваад ирье би трактортоо сэлбэг авах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан юм. Тэрнээс өмнө би Гансүхийг **явахаар бол ахдаа хэлээрэй Дарханаас усалгааны шаланк авах хэрэгтэй байгаа талаараа хэлж байсан юм. Тэгээд тэр өдөр хамт явж байсан юм. Тэр өдөр ойролцоогоор 15 цагийн үед л байх. Яг сайн бас санахгүй байна. Бид хоёр **орчхоод буцаад **явж байх үед л зам дээр гурван ширхэг шар өнгийн төмөр хэвтэж байсан. Тэгсэн **гурван ширхэг төмрийг машины багажинд хийгээд ачаад аваад явсан. Тэгээд машинаа асаагаад явж байтал араас нэг бага гарын жийп машинтай хүн гүйцэж ирж зогсоогоод **бид хоёроос энүүгээр сая хар өнгийн соната-6 маркийн машинтай хүн явж өнгөрөв үү гэж асуухаар нь хараагүй гэсэн чинь буцаад давхиад яваад өгсөн. Тэгснээ удалгүй дахиж араас давхиж ирээд та хоёрыг саяын замаар явж байхад чинь бөөрөнхий цулгуй төмөр харагдсан уу гэхээр нь ямар төмөр юм гээд **асуухад тракторын хүндрүүлэгч төмөр байгаа юм сая энэ зам дээр хаячхаж машины чинь багажийг шалгаад үзчих үү гэсэн чинь **тэг тэг гээд багажаа онгойлгож харуулахад араас ирсэн машинтай хүмүүс харж байснаа байхгүй байна гээд яваад өгсөн тэгээд бид хоёр шууд гэр гэртээ харьцгаасан юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 27 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/ Хохирогчийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/Хх-ийн 5 дугаар хуудас/, Хохирогчийн үнэлгээ: 2020.07.03-ны өдөр тракторын хүндрүүлэгч 3 ширхэг 900.000 төгрөг гэсэн үнэлгээ/Хх-ийн 8 дугаар хуудас/, Дархан-Уул аймаг дахь ** ХХК-ийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 9 дүгээр хуудас/, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 43 дугаар хуудас/, Э.**эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 44 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Орхон сумын засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/164 дугаартай “...Тус суманд төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ** ББН нь 5га талбай эзэмшин тариалалт хийдэг нь үнэн болно...” гэх тодорхойлолт/Хх-ийн 46 дугаар хуудас/, Хохирогч У.**“...2020 оны 06 сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт 3 ширхэг тракторын хүндрүүлэгч төмрөө алдсан бөгөөд Э.**миний хохирлыг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй болно...” гэх тодорхойлолт/Хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.**гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч **овогт ***гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.**500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Ялтан Э.**өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Ялтан Э.**нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА