Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 07

 

Анхан шатны шүүхийн Б.Түмэнжаргалд холбогдох 1728000230021 дугаартай эрүүгийн хэргийг хэлэлцэж гарсан шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 203/МА2017/00050 дугаартай магадлалын дагуу Б.Түмэнжаргалд холбогдох 1728000230021 дугаартай эрүүгийн хэргийг дахин хүлээн авч шийдвэрлэхдээ магадлалд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлын талаар буюу хуульд заасан журам зөрчиж цугларсан нотлох баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон, болгоогүй, эсхүл  нотлох баримтаар тооцохгүй байх талаар тогтоолдоо ямар нэг дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт шүүх захиргааны зөрчил, хэрэг, маргааныг хянан хэлэлцээд шийдвэр гаргана, давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэр нь магадлал байхаар томъёолсон тул магадлалыг шийдвэр гэж ойлгож түүнийг биелүүлэх үүрэг шүүхэд үүснэ.

2. Шинжээчийн 337  дугаартай дүгнэлтийн талаарх мэтгэлцээнээр дараах үйл баримт тогтоогдож байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандалай нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 107, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолуудад давж заалдах гомдол гаргахдаа болон 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, хэргийг шийдсэн  хуралдаанд Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар дүгнэлтэд дурдаагүй баруун мөрний олон ясны хугарал гэмтэл байгааг шинжээч томилон тогтоолгох хүсэлтийг удаа дараа гаргасан байхад дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан. /ХХ-ийн 128, 160, 166, 174 дүгээр тал/

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд “...даргалагчаас: 337 дугаартай шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцуулаад та зөөлөн эдийн гэмтэл гээд биччихсэн байналээ гээд байсан чинь энд бас олон ясны хугарал гэж бичсэн байна шүү дээ...” гэсэн мэдээлэл тусгагдсан байх боловч шинжээчийн 337  дугаартай дүгнэлтэд олон ясны хугарал гэж бичигдээгүй байна. /хэргийн 160, 37 дугаар тал/

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гаргасан оролцогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар гаргах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн хүлээн авахгүй байх үндэслэлийн талаар шүүх шийдвэртээ тусгаагүй тул шүүхийг хохирогчид  мөн хуулийн  8.2 дугаар зүйлийн 1.3-т заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, хүсэлт гаргах мөн хуулийн 1.13-т заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн энэ хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй,  мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогоогүй гэж үзнэ. 

            Мөн шинжээчийн 337 дугаар дүгнэлтийн шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явцын талаар мэдээлэл тусгасан хэсэгт “...БОЭТ-ийн 1865/229 тоот өвчний түүхээс ...Онош: Тархины дунд зэргийн няцрал...”гэж бичигдсэн байх боловч энэ оношийн талаар  шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй байсан ч дүгнэлтэд заана гэсэнтэй нийцээгүй гэж үзэхээр байна.

Шинжээч томилсон тогтоолд шинжилгээний обеъктэд хамаарах дээрх “БЭОТ-ийн өвчний түүх ” гэх баримтыг Шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх шийдвэрийн хамт хүргүүлсэн байдал бичигдээгүй. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.Зулзаяа “ослын дараа эмнэлэгт хэвтэж байхад шинжээч дуудаж намайг коридорт үзсэн” гэж, шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн “БОЭТ-ийн 1865/229 тоот өвчний түүх” гэх баримтыг шинжээч томилсон байгууллагаас хүргүүлээгүй, түүнийг шинжээч эрх мэдлийн хүрээнд холбогдох этгээдээс шаардан авсан талаар прокурор тус тус тайлбарласан. Хэрэгт цугларсан баримтаар шинжээч нь Шинжилгээний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан эрхийн дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүссэн, шинжилгээ хийлгэх үед оролцогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шинжээчид нэмэлт баримт бичиг өгсөн байдал тогтоогдсонгүй. Иймээс шинжээчийг “БОЭТ-ийн 1865/229 тоот өвчний түүх” гэх баримтыг буюу өөрийн санаачилгаар авсан гэж үзэх бөгөөд энэ нь шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулахыг хориглосон ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.9.2-д зааснаар шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрд эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоохоор, мөн журмын 2.1-д гэмтлийн зэргийг “хүнд”, “хүндэвтэр”, “хөнгөн” гэсэн ангиллаар тогтооно гэж заасан байна. Гэтэл “Б.Зулзаяагийн биед баруун бугалга яс, зүүн эгэм ясны хугарал, баруун зүүн талын гайморовын хөндийн ханын хугарал, эрүүний зүүн доод хэсгийн няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, нүдний алимны цус хуралт, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гаргаснаас дээрх гэмтлүүд бүгд хүндэвтэр гэмтэлд хамаарах эсэх,  нэг цаг хугацаа эсхүл өөр цаг хугацаанд үүссэн эсэх нь тодорхойгүй болсон байна.  

Монгол Улсын стандарт MNS-2006-д товчилсон нэр томъёог тэдгээрийн ямар нэг төөрөгдөл үүсгэхгүй тохиолдлоор хязгаарлана гэжээ. “ БОЭТ” гэх бичвэр нь товчилсон нэр эсэх болон хаанаас, хэн, хэзээ үйлдсэн, ямар баримт бичиг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нийтэд ойлгомжтой стандартаар зөвшөөрөгдсөн товчилсон бичвэр гэж ойлгох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримталж, шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийх Шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх, гаргасан 337 дугаартай дүгнэлтийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоохоос гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Түүнчлэн шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийн хувьд өөрчлөлт оруулахгүй байж болох ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн , шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон эсэхийг шалгаж хэргийн талаарх нөхцөл байдлыг тогтоож шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт бичих нь мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д  заасан шаардлагад нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Б.Түмэнжаргалын үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт нь нотолгооны хувьд эргэлзээтэй байдал үүсээгүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах ажилагааны зарим зөрчлүүд байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтот нийцүүлэн хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэлээ” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн “нотолгооны хувьд эргэлзээтэй байдал” гэж ямар байдлыг тодорхойлж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Дээр дурдсаныг нэгтгэвэл анхан шатны шүүхийг хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогоогүй, шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас шинжлэн судлах хуульд заасан арга хэмжээ аваагүй, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж чадаагүй хэргийг шийдвэрлэсэн  ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Түмэнжаргалд холцогдох эрүүгийн 1728000230021 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсний дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандалайн давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн гэрэл зураг, дискийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 1728000230021 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

      2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Түмэнжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3-т заасан шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тэдэнд мэдэгдсүгэй. 

                                                                                          

                                                       ДАРГАЛАГЧ                           Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧ              Т.БЯМБАЖАВ                                                                                                                                 Х.ГЭРЭЛМАА