Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 524

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогтой Д-н Н /***/.

Хариуцагч: Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Н******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Н-г Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Д.Н миний бие 1984 оноос хойш 34 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж 57 нас хүрч байгаа бөгөөд маргаж буй Б/40 дүгээр тушаалаар үндэслэлгүйгээр буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх буюу Төрийн албаны зөвлөлд хандах шаардлагагүй байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Нийслэлийн Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Б/40 дүгээр тушаалын 1-д заасны дагуу “...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн...” гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Учир нь миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/178 дугаар тушаалаар Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар шилжин ирж ажилласнаас хойш 2 жилийн хугацаанд намайг байнгын дарамтанд ажиллуулсан. Тухайлбал 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай хэлтсийн дарга Т.Э намайг өрөөндөө дуудан 2018 оны 5 дугаар сард тэтгэвэртээ гарна гэж өргөдөл бичиж өг, тэгэхгүй бол 2017 оны 11 дүгээр сараар тасалбар болгон ажлаас чөлөөлнө” гэж сүрдүүлж өргөдөл бичүүлж авсан. Ийнхүү сүрдүүлж байсны нотолгоо нь гэвэл 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны дарга Ж.Р-ын гарын үсэгтэй мэдэгдэл байдаг бөгөөд уг мэдэгдэлд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна” гэсэн байдаг. Гэвч уг хугацаандаа ажлаас чөлөөлөөгүй нь дарамт шахалт үзүүлж байгаагийн нэг жишээ бөгөөд надаар өөрөөр минь өргөдөл өгүүлэх шахалт юм. Ийнхүү олон янзын аргаар ажлын байрны дарамт шахалт үзүүлж байгаа талаар Н******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол өгч шалгуулан, Цагдаагийн хэлтсээс  Авилгатай тэмцэх газарт шилжүүлж байсан. Дээрх байдлаар дарамт шахалт үзүүлэн ажлаас чөлөөлөх хугацаа заан мэдэгдэл өгч байсан боловч яг ажлаас чөлөөлсөн хугацаа нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр юм. Иймд уг хугацаанд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй ба миний өргөдлийн дагуу чөлөөлсөн гэж үзэхээргүй байна. 

Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагаа хийгээгүй болно.

2.Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байхаар заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтэй бол эрх бүхий албан тушаалтан үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах ёстой байтал төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн. Төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Н******* дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт тус тус өгч байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 01  дүгээр сарын 15-ны өдрийн 4/52 тоот албан бичгээр Д.Н намайг “ажлаас чөлөөлж шилжүүлэх асуудал байхгүй” гэж мэдэгдсэн. 

3. Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шууд босоо удирдлагад үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхад Б/40 дүгээр тушаалдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь тушаалыг хүчингүй гэж үзэх нэг үндэслэл болно гэж үзэж байна. 

Иймд Нийслэлийн Н******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Н намайг Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулан, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Н нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул дээрх өргөдлийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тэтгэвэрт гаргасан болно.

Д.Н-д 2018 оны 07 дугаар сарын 10-нд төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмж урамшууллын 21.136.000 төгрөгийг олгосон. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас баталсан бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд Д.Н-ийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргах эрх бүхий албан тушаалтан нь тус хэлтсийн дарга юм.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан байдаг.

Д.Н-ийн 2013 оноос 2015 онуудад Н******* дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрийг санхүүжилтийг зүй бус зарцуулж 9.350.000 мянган төгрөгийг хувьдаа завшсаныг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 72 дугаар тогтоол нотолсон, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн дарга буюу Засаг даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, түр орлон гүйцэтгэх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй, ёс зүйгүй байдлыг удаа дараа гаргасан зэрэг нь энэ албан тушаалд тэнцэхгүй болохыг харуулсан учир өргөдөлд нь үндэслэн тэтгэвэрт гаргасан. 

Д.Н-г ажиллаж байх хугацаанд нь төрийн хаагчийн нөхцөл баталгаагаар хангаж, шагнал урамшуулал олгон, эмнэлэгт хэвтэх, эмчлүүлэх, хувийн шалтгаанаар чөлөө хүсэх боломжийг ханган ажиллаж ирсэн. 

Тус хэлтэс нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа боловч Нийслэлийн Н******* дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтэст хамааран дүүргийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулдаг тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасны дагуу тушаал шийдвэрийг үндэслэл болгон гаргаж байна. 

Д.Н-ийн төрийн албан хаагчийн ёс зүйн байдал, ажлын хариуцлагын талаарх тайлбарыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, дүүргийн Засаг дарга, Дотоод аудитын албанд тус тус хүргүүлж байсан болно.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь “нийслэлийн Н******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Н-г Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/178 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв татан буугдсан үндэслэлээр тус төвийн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Д.Н-г Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлж, тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар түүнийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар томилон ажиллуулжээ. 

Нэхэмжлэгч Д.Н нь 1961 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад хандаж “сүүлийн 5 жилээрээ тэтгэвэртээ гарахад 5 сарын хугацаа дутуу байгаа тул 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд уг албан тушаалд ажиллуулж өгөхийг хүссэн” тухай өргөдөл гаргаж , үүнийг үндэслэн хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар “төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмж”-ийг олгохоор шийдвэрлэжээ . 

Нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “тэтгэвэр тогтоолгох дундаж цалин тооцох 5 жил болоход 5 сарын хугацаа дутуу байгаа тул 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төрийн албанд ажиллахыг хүссэн” агуулга бүхий өргөдлийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэлд дурдсанаар тэрээр 34 жил ажилласан байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Н нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд 2016 оны 5 дугаар сард хүрсэн, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тодорхой зохицуулсан тул түүний төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Д.Н нь Н******* дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа хороо хариуцсан мэргэжилтэн, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан нэр бүхий 2 иргэний хамт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “2014 онд Н******* дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хамрагдсан төслөөс нэр бүхий иргэдэд 11 сая төгрөгийг хууль бусаар илүү олгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон” хэмээн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар тогтоолд дүгнэн  “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн 201501080094 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Нийслэлийн Прокурорын газраас Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 5/143 тоот хариу мэдэгдэх хуудсаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон ... шүүхэд хандан буруутай этгээдээс төсөвт учруулсан хохирлыг гаргуулах эрхтэй” гэж мэдэгдсэнээр  тус хэлтсээс Багахангай, Н******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Д.Н болон нэр бүхий 2 иргэнээс хохирлыг нэхэмжилсэн байдаг. 

Дээрх үндэслэлээр түүний ёс зүй, үйл ажиллагааны үр дүнгийн байдалд дүгнэлт хийн түүнийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллуулах боломжгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хуульд нийцсэн шийдвэр байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч хэдийгээр “тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг дарамтлан бичүүлсэн” гэх авч энэ талаарх гомдлоо Н******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Т.Э нь ажлын байрны дарамт үзүүлж, хэл амаар доромжилсон” гэх агуулгаар гаргаж шалгуулсан, энэ асуудлыг эрх бүхий байгууллага шалгаад Н*******, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор “... Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн нь тогтоогдохгүй авлигын эсрэг гэмт хэрэг үйлдэгдээгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг дарамтлан өргөдөл бичүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. 

Иймд хариуцагч хуулийн сонгох боломжийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлээгүй, акт зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд хуульчилсан, энэ дагуу Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч Д.Н-д түүнийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн тул сонсох ажиллагаа хийгээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна. 

Мөн нэхэмжлэгч ээлжийн амралтаа эдэлсэн, үргэлжлүүлээд эмнэлгийн чөлөөтэй байсан зэргээс хамаарч уг мэдэгдэлд заасан хугацаанд ажлаас чөлөөлөөгүй нь Б/40 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй юм. Энэ нь ээлжийн амралттай, захиргааны чөлөөтэй, эмнэлгийн магадлагаатай байх үед ажил, албан тушаал хэвээр хадгалагдах, нөгөөтэйгүүр эдгээр тохиолдолд ажилтныг ажлаас чөлөөлөхгүй байх Хөдөлмөрийн тухай хуулийн суурь зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

Ийнхүү шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж Н******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

Төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмж 21,136,003 /хорин нэгэн сая зуун гучин зургаан мянга гурав/ төгрөгийг Д.Н-д олгосон байх ба тэтгэмжийн тооцооллын талаар маргаагүй, түүнчлэн тэтгэмжээс 18.205.160 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр банкин дахь түүний дансанд шилжүүлсэн , ажил хүлээлцэх актад Д.Н-ийн тэмдэглэсэнчлэн 2 ширхэг зөөврийн компьютерийн тооцоо дууссаны дараа үлдэгдэл 2.930.840 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 7, 8-ны өдөр олгосон  байгааг дурьдах нь зүйтэй. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ээс Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Д.Н-г Н******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА