| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2020/0312/З |
| Дугаар | 221/МА2022/0164 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0164
“МАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “МАТ” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс,
Хариуцагч: К банк дахь Банкны эрх хүлээн авагч
Нэхэмжлэлийн шаардлага: “Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагч холбогдуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Капитал банкинд байсан МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхийг даалгах,
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулж МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 813 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж
Хариуцагч К банк дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2020/0312/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МАТ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс, К банк дахь Банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан “К банк дахь Банкны эрх хүлээн авагч холбогдуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Капитал банкинд байсан МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхийг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулж МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дуаар сарын 02-ны өдрийн 813 дугаар шийдвэрээр: 2.1. “Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 9, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “МАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К банкинд байсан МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох МV-******А, МV-******А, МV-******А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах шаардлагыг хангаж, үлдэх МV-******А, МV-******А, МV-******А дугаар тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “ ...Нэг: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... зээлийн болон барьцааны гэрээ, түүнд хавсаргасан баримтуудыг гаргуулахаар удаа дараа эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас шаардсан боловч гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна" гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зуйлийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 32.2-т "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т "Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна" гэж хуульчилсан байна.
Хоёр: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... Нэхэмжлэгчээс "барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгээгүй нь хууль бус гэж", хариуцагчаас барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг нотлох баримт ирүүлээгүй" гэж тус тус маргажээ. Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/24 тоот албан бичгээр хүсэлт гаргахдаа К банкны 2017 оны 10 дугаар сарын 06-ны едрийн 4/328 тоот албан бичгийг хавсаргасан байна" хэмээн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг, хууль зүйн үндэслэлгүй, хэт нэхэмжлэгч талд ашигтай өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Дээрх дүгнэлт нь хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтаар угуйсэгдэж байна. Үүнд:
1. К банк, Б Х ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан "Зээлийн шаардах эрх шилжүүлэх гэрээ", уг гэрээнд МАТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал С.Т гэгч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О-ийн гарын үсэг бүхий 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8/2395 тоот албан бичиг
3. К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариу тайлбар гэх мэт нотлох баримтуудаар “МАТ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4/328 тоот албан бичиг хэвлэгдэн гарч баталгаажих үед маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан Капитал банкнаас авсан зээлээ төлөөгүй болох нь нотлогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж хуульчилсан билээ.
Гурав: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Хэдийгээр дээр дурдсанчлан маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн зээл төлөгдсөн эсэх, зээлийн болон барьцааны гэрээ олгохгүй байгаа зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал байгаа хэдий ч энэ нь тухайн хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хязгаарлах, тусгай зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр байхад саад болох учиргүй...” хэмээн хэргийн оролцогч нарын маргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримт байхгүй асуудлаар хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх харилцааг тодорхой зохицуулсан.
Нэхэмжлэгч “МАТ” ХХК нь өөрийн эзэмшиж буй хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн дагуу төлөхөд мөн тайлан төлөвлөгөөгөө төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд ирүүлэхэд хариуцагчийн зүгээс ямар нэг саад болох үйлдэл гаргаагүй бөгөөд гаргах боломжгүй юм.
Шүүх хоёр өөр харилцааг хооронд нь хутгаж дүгнэлт хийж байгаа үйлдэл, уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг харуулж байна.
Дөрөв: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Хариуцагч нь эс үйлдэхүй гаргаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа билээ.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 813 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
2.1. Нэхэмжлэгч “МАТ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс, К банк дахь Банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан “ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К банкинд байсан МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхийг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулж МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А, МV-******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах”-аар маргасан байна.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Монголбанк нь дараахь үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д эрх хүлээн авагчийн бүрэн эрхийг хуульчилсан.
2.3. Дээрхээс үзвэл, хариуцагч К банк дахь банкны эрх хүлээн авагч нь хууль болон Монголбанкнаас зөвшөөрөгдсөн хязгаарт банкны удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээдийн хувьд Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан эрх үүргийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлага хамаарч байгааг тодорхойлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, банкны эрх хүлээн авагчийн мэдээллийн дагуу тухайн зээл төлөлтийн байдал Монгол банкинд бүртгэгдсэн эсэх, тухайн тохиолдолд зөвхөн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан албан бичгийг гаргуулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргэх эсэхийг тодруулах нь зүйтэй.
2.4. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж зааснаар хариуцагчийг зөв тодорхойлох үүднээс энэ талаар нотлох баримт цуглуулж, жинхэнэ хариуцагчийг тогтоох ёстой байжээ.
2.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй гаргахыг ойлгоно.
2.6. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох МV-******А, МV-******А, МV-******А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах шаардлагын тухайд хэргийн оролцогч нар эс үйлдэхүй гаргаагүй тухайд маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн байна.
2.7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
2.8. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зуйлийн 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д "Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна" гэж зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ хүрээнд холбогдох этгээдээс гаргуулан авах, шаардлагатай бол үзлэг хийх замаар бүрдүүлэх боломжтой байхад “... зээлийн болон барьцааны гэрээ, түүнд хавсаргасан баримтуудыг гаргуулахаар удаа дараа эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас шаардсан боловч гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй ...” гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.9. Шүүхээс удаа дараа гомдолд дурьдсан баримтуудыг шаардсан боловч хэргийн оролцогчид хэрэгт хамааралтай нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд К банк болон “БХ” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Зээлийн шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ний үүрэг биелэгдсэн эсэх баримтыг нэн тэргүүнд бүрдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл “БХ” ХХК нь гэрээнд зааснаар “МАТ” ХХК-ийн төлбөрийг төлж Капитал банкыг хохиролгүй болгосон тохиолдолд эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн гэж үзнэ.
2.10. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 590 дугаар тогтоолоор “...“МАТ” ХХК-ийн зээлийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулах нь зүйтэй гэж үзсэн байхад уг ажиллагааг хийгээгүй нь алдаа болсон гэж үзлээ.
Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 813 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА