Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 51

 

“Дархан дуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2014/00539/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаар шийдвэртэй,   

           Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч “Дархан дизайн” ХХК-д  холбогдох

“Дархан дуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Дархан дизайн” ХХК-д холбогдох 23.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  “Дархан дизайн”  ХХК-ийн 9.940.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжир, өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч “Дархан дизайн” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаяр  нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжир,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч “Дархан дизайн” ХХК-ийн захирал  Д.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжираас:

“Дархан дуулга” ХХК нь “Дархан дизайн”  ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн 02 тоот гэрээг мөн өдөр зохиогчийн хяналт хийх гэрээг тус тус байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч “Дархан дизайн” ХХК нь нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-ийн 6 давхар 60 айлын орон сууцны холболт, өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүртэл тус гэрээний 3.1-д заасны дагуу техникийн нөхцөл, стандарт барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр хоёр тал хүсэл зорилгоо илэрхийлсэн гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан.

Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 2.3-т  заасны  дагуу  хариуцагч  “Дархан дизайн” ХХК-ийн  хийж гүйцэтгэх зураг төслийн нийт үнийг 15,000,000 байхаар тохиролцож, нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК нь урьдчилгаа төлбөр болгож 9,000,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14/26 тоот албан бичгээр барилгын зураг төсөлд оруулах оруулах барилгын хэмжээ болон бусад өөрчлөлтүүдийг тусгаж хариуцагчид албан ёсоор хүргүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээний 1.2-т заасан барилгын зураг төслийг боловсруулалгүй 2 талын байгуулсан 02 тоот гэрээний 3.1-д /...боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн төсөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна./ гэсэн шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар зохиогчийн хяналт хийх гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж, 9,000,000 төгрөгийг хариуцагч “Дархан Дизайн” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх алданги 2,160,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага 2,340,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10,000,000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “Дархан дизайн” ХХК-ийн захирал  Д.Эрдэнэбаяраас:

2014.04.05-ны өдөр Б.Цэдэнбалжир 9 давхар 72 айлын орон сууцны зураг хийлгэсэн. 2014.04.16-ны өдөр барилгын зураг төсөл хийж, төлбөрт нь 15,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээг зургийн ажлын үе шат болгож болно гэж хуульд заасан байдаг учраас бид нар үе шат болгохоор тохирсон. 9,000,000 төгрөгийг манай талд урьдчилгаа болгож өгсөн, би урьдчилгаа төлбөрийг хүлээж аваад 5,000,000 төгрөгөөр “Гандирс Орд” ХХК-иас барилгын зураг төслийг худалдаж авсан. 6 давхар 60 айлын орон сууцны зураг төсөл аваад “Дархан дуулга” ХХК-д өгсөн. Манай компани нь орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төсөл хийдэг. Бид нар барилгын шинэ зураг төсөл хийдэггүй, барилгын зураг дээр гадны шугам шүлжээний холболтын зураг хийж, өөрчлөлт оруулж өгнө гэж тохиролцсон. Энэ худалдаж авсан барилгын зураг төслийг Б.Цэдэнбалжирын охин Ц.Энхтуултай хамт “Гандирс Орд” ХХК дээр очиж барилгын зургийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 60 айлын, 6 давхар орон сууцны зураг нь 80,000,000 төгрөгөөр зурагддаг. Барилгын зургийг 15,000,000 төгрөгөөр хийлгэнэ гэж байхгүй. “Гандирс Орд” ХХК-ийн зургийг худалдаж аваад, гадна шугам сүлжээний зураг хийж “Дархан дуулга” ХХК-д иж бүрэн зураг өгсөн. “Дархан дуулга” ХХК нь миний өгсөн зургийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрөл авч, барилгын ажлаа эхлүүлсэн. Би суурийн зураг хийгээд экспертизээр оруулаад батлуулж өгсөн. Миний өгсөн зургаар 2015.04.01-ний өдөр барилгын ажлаа эхлүүлсэн. Шинжээчийн дүгнэлтүүд дээр Д.Эрдэнэбаярын өгсөн зургаар барилгын ажлыг хийсэн байна тод бичсэн байгаа. Ц.Энхтуулын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж шинжээч томилуулахад, Ц.Энхтуул хүлээж аваад гарын үсэг зурсан байна гэсэн дүгнэлт гарсан. Бидний хувьд 60 айлын 6 давхар барилгын гэрээ хийсэн, Б.Цэдэнбалжир гуай энэ зургийг өөрчлүүлж 40 айлын 5 давхар болгоход  би 5 давхар, 40 айлын орон сууцны зураг болгож өгсөн. Барилгын зураггүй бол барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгдөггүй. “Дархан дизайн” ХХК бол гадны шугам сүлжээний холболтын зураг хийсэн. “Гандирс Орд” ХХК үндсэн зургаа хийсэн. Би зургаа үе шаттай хийж өгсөн. Б.Цэдэнбалжир экспертизийнхээ төлбөрийг төлөөгүй. Энэ хүний компани гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээнд заасан үүнийг төлөөгүй, барилгын ажлыг зургийн дагуу хийгээгүй, би зураг зохиогчийн хувьд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Суурийг буруу хийсэн учраас Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг нь зогсоосон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Дархан дизайн” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаяр сөрөг нэхэмжлэлдээ:

Би зохиогчийн хяналт тавьсны төлбөр 300,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Мөн түүнчлэн сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийг 15 хувь болох 900,000 төгрөг, цахилгааны зураг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь болох 300,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 7,900,000 төгрөг авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, зохиогчийн хяналтын 300,000 төгрөг, сантехникийн зургийн төлбөр нь 15 хувь, цахилгааны төлбөр 5 хувиа төлөөгүй учраас би зургаа өгөөгүй. “Дархан дуулга” ХХК-тай манай компани 2014.05.05-ны өдөр гэрээ байгуулсан. 2014.07.23-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр өөр компанитай дахин зургийн гэрээ байгуулсан байсан. Энэ үед суурь, зоорийн давхрын ажил хийгдэж байсан үе. Надтай гэрээ цуцлаагүйгээр, өөр компанитай гэрээ байгуулсан мөртлөө гэрээний алданги нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Надтай гэрээ цуцалж болох байтал гэрээгээ цуцлаагүй. Надтай гэрээгээ цуцлаагүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд би  9.440,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар “Дархан дизайн” ХХК-иас 4.000.000 төгрөгийг гаргуулан “Дархан дуулга” ХХК-д олгож, 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, алданги 4.500.000 төгрөг, хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Дархан дизайн” ХХК-иас “Дархан дуулга” ХХК-д холбогдуулан гаргасан ... сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 15 хувь цахилгааны зургийн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь, зохиогчийн хяналтын хувь нийт 1.500.000 төгрөг , гэрээний үлдэгдэл төлбөр   нийт  7.940.000 төгрөг, нийт 9.440.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 232 950 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 55 910 төгрөг, Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тэмдэгтийн хураамж 46 309 төгрөг, хариуцагч ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тэмдэгтийн хураамж 38 950 төгрөг, ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 141 990 төгрөг тус тус төлсөнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 160.719 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-д, 13.950 төгрөг гаргуулан хариуцагч “Дархан дизайн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 4.000.000 төгрөгөөс тэмдэгтийн хураамж 78 950 төгрөгийг “Дархан дизайн” ХХК-иас гаргуулан “Дархан дуулга” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

“Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжир давж заалдсан гомдолдоо:

“Гандирс орд” ХХК нь зургийн зөвшөөрөл авахад би ч мэдээгүй. Зураггүйгээр зөвшөөрөл олгосон нь хариуцлага алдсан явдал юм. 2014.05.10-ны өдрийн 09 тоотдоо Д.Эрдэнэбаяр “хугацаа хожих зорилгоор” гэсэн боловч энэ нь Б.Очиржав болон намайг хууран мэхэлж, хуурамч баримт бүрдүүлэх гэсэн санаа байжээ. “Дархан дизайн” ХХК-ийн 09 тоотод ямар ч ажлын болон холболтын зураг хавсаргаагүй. Манай барилгын суурийн зургийг Д.Эрдэнэбаяр нооргоор гаргаж өгсөн дээврийн зургийг авахыг хүссэн боловч “шүүхээрээ шийдүүл” гэж намайг хөөсөн. Энэ нь гэрээ цуцлах үндэс болсон. Ноорог зургийг Д.Эрдэнэбаяр өөрөө хийгээгүй хийх эрх, чадамжгүй гэдгээ  ч өөрөө зөвшөөрсөн. Д.Эрдэнэбаяр нь гэрээгээ биелүүлээгүй учир манай компани цаг хугацаа хожих, шахаанд орж аргагүйн эрхээр “Гандирс орд” ХХК-тай 30 сая төгрөгөөр гэрээ хийж урьдчилгаа 10.0 сая төгрөгийн шууд хохирол учирсан, гэрээний алданги 4.5 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэйг Иргэний хуулинд заасан. Дээрх 14.5 сая төгрөгийг олгох үндэслэлгүй гэсэн нь бидний хуулиар олгосон эрхийг боогдуулж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хамгаалал хариуцсан улсын байцаагч “батлагдсан зураг байхгүй учир ажлаа зогсоо” гэсэн. Гадна дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан, холбооны зургийг Д.Эрдэнэбаяр хийгээгүй, надад өгөөгүй, хийгээгүй ажлыг хийсэн болгож гүтгэсэн нь харамсалтай. Шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай зураг төслийг ирүүлээгүй тул шинжилгээ хийх дүгнэлт гаргах шаардлага хангаагүй байна гэж тодорхой дурдсан. Иж бүрэн зураг байхгүй байгаа нь нотлогдож байгаа тул захиалагч “Дархан дуулга” ХХК нь гүйцэтгэгч “Дархан дизайн” ХХК-иас 23.5 сая төгрөг нэхэмжилж авах бүрэн үндэслэлтэй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдсан гомдолдоо:

“Дархан дуулга” ХХК болон “Дархан дизайн” ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2 тоот зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээ байгуулсан байна. “Дархан дизайн” ХХК нь 6 давхар барилга барих болон зураг төсөл хийх зөвшөөрөлгүй субьект нь үүнийгээ мэдсээр байж гэрээ байгуулсан нь анхнаасаа зураг төсөл боловсруулах талаар захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийгдсэн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ болжээ. Иргэний хуулийн 348 дугаар зүйлд ажил гүйцэтгэх  гэрээний хугацааны талаар хууль  тогтоогч тодорхойлсон. Гэрээний ерөнхий нөхцөлд зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 30 хоног багтааж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу зургийг хийх ёстой байтал “Гандирс орд” ХХК-иас тухайн барилгын зургийг 5 сая төгрөгөөр худалдан авч “Дархан дуулга” ХХК-д өгсөн. Гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа 80 хоног хэтэрсэн учраас “Гандирс орд” ХХК-тай гэрээ байгуулж зураг төслийн ажлаа хийлгэх шаардлага гарсан бөгөөд хэрвээ цаг хугацаанд нь зураг бэлэн болж “Дархан дизайн” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол “Дархан дуулга” ХХК хохирохгүй “Гандирс орд” ХХК-д зургийн урьдчилгаа мөнгө гэж 10 сая төгрөг төлж хохирохгүй байсан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан материалыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэмлээр үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Хариуцагч компани нь өөрөө зураг төсөл хийж өгөх байтал бусдаас худалдаж авсан гэх зургийн үнийг гаргуулан мөнгөөр худалдан авч өгсөн мөнгийг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд гэрээнд зааснаар буруутай талдаа алданги тооцно гэж заасны дагуу урьдчилж төлсөн мөнгө болон 8 сая төгрөг нэхэмжилсэн алданги болох 4.500.000 төгрөг нийт 13.5 сая төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

“Дархан дизайн” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаяр давж заалдсан гомдолдоо:

Зургийн ажилд 15.0 сая төгрөгийн, геологийн дүгнэлтэнд 1.3 сая төгрөгийн хэмнэлт үзүүлж гэрээгээр хүлээсэн ажлуудаа хүлээлгэн өгч бүтэн 2 сар захиалагчийн хэлсэн болгоныг хийж өөрчилсөн байхад 2 жил сэтгэл санааны дарамтанд орж ямар ч ашиггүй эдийн засгийн хохирол амсаж байна.

Бид захиалагч бөгөөд гүйцэтгэгч “Дархан дуулга” ХХК-тай зургийн болон зохиогчийн 2 гэрээг 2014.05.05-нд байгуулсан. Гэрээгээр 60 айлын 6 давхар орон сууцны холболт, өөрчлөлтийг зураг хийх үүрэгтэй. Холболт гэдэг бол өмнө хийгдсэн бэлэн ажлын зургийн суурь, гадна шугам сүлжээнд өөрчлөлт  хийхийг хэлдэг. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүргийг харгалзаж шийдвэр гаргаснаас захиалагчийн эрх үүрэг 2.3, 2.4, 2.6-р заалт зөрчигдсөнийг харгалзан үзээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т төлбөр хийсний дараа зургаа хүлээж авна гэсэн байгаа. 2.6-д экспертизийн зардлыг төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэгч бөгөөд захиалагч “Дархан дуулга” ХХК нь экспертизээр батлагдсан “Дархан дизайн” ХХК-д боловсруулсан зургаар суурийн ажлыг хийгээгүй. Дур мэдэн өөрчилсөн нь 6 давхар орон сууцыг нурах аюулд хүргэсэн. Энэ нь Барилгын тухай хуулийн 11.1.1, 14.1.1, 26.2, 27.1.5, 37.1.12 заалтуудыг ноцтой зөрчсөн. Манай талд ажил гүйцэтгэх гэрээгээр төлөх 1.2 сая төгрөгийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. Буруу хийсэн ажлаа биднээр зөвшөөрүүлэх гэж оролдсон. Захиалагчийн 2014.05.14-ний өдрийн 14/26 тоот хүсэлт нь зургийн даалгавар, экспертизээр батлагдсан зэргийг өөрчлөх иргэд, цэцэрлэгийн хүүхдүүдэд хор учруулахаар хүлээж авах боломжгүй техникийн шийдэл байсан. Харин энэхүү тоот нь биднээс ажлын зураг хүлээж авсан болохыг нотлох нотолгооны нэг мөн. Газар шороо, суурь, зоорийн ажилд бидний боловсруулсан зургийг хэрэглэсэн нь шинжээчийн  дүгнэлтээр батлагдсан тул уг барилгад зохиогчийн  гэрээ дуусгавар болохгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр нь  “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”  гэсэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т  нийцээгүй  гэж  үзэх  үндэслэл  давж заалдах шатны  шүүхээр  хэрэг  хянан  хэлэлцэх  явцад  тогтоогдов.

            “Дархан дуулга”  ХХК-ийн  захирал  Б.Цэдэнбалжирийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлээс   үзвэл  нэхэмжлэлийг  захирал  иргэн хүний хувьд эсхүл  хуулийн этгээдийг төлөөлөн гаргасан эсэх нь   тодорхойгүй, хариуцагчаар  оролцох этгээдийг  нэхэмжлэгч  сонгохдоо  хуулийн этгээд эсхүл хувь хүний  хэнд нь  холбогдуулж   байгаа нь  мөн  тодорхойгүй,  “9.000.000 төгрөгийг  тэмдэгтийн хураамжийн хамт  “Дархан дизайн” ХХК, түүний захирал  Дорж овогтой  Эрдэнэбаяраас гаргуулж өгнө үү.”  гэснийг  тодруулаагүй  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т  заасан  шаардлагад  нийцээгүй.

            Нэхэмжлэгч хариуцагчийг зөв тогтоох нь хэрэг маргааныг үндэслэлтэй  шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

            Иймд  нэхэмжлэгч хариуцагчийг зөв  тогтоохгүйгээр  хэргийг  эцэслэн шийдвэрлэх  боломжгүй  байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин  шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т  зааснаар   давж заалдах шатны  шүүх  хэргийг  бүхэлд нь  хянаж  үзэхэд  доорх  алдаа зөрчлүүд  гаргажээ.

Хэргийн  6, 8 дугаар талд  байгаа   зураг төсөл боловсруулах  талаар  захиалагч, гүйцэтгэгчийн  хооронд хийсэн гэрээгээр  “6 давхар 60 айлын  орон сууцны холболт, өөрчлөлтийн зураг төсөл“, Зохиогчийн  хяналт хийх    ажлуудыг    гүйцэтгэхээр  захиалагч “Дархан дуулга” ХХК, гүйцэтгэгч   “Дархан дизайн” ХХК  2015 оны  05 дугаар сарын 05-ны өдөр дугаар 02  гэрээ  байгуулсан.\хх-7,8 дугаар тал\

Нэхэмжлэлд зураг төслийн үнэд  шилжүүлсэн  9.000.000 төгрөг, гэрээний  дагуу алданги, хохирол   14.500.000 төгрөг  нэхэмжилсэнийг   Д.Эрдэнэбаяр   зөвшөөрөхгүй маргаж, мэтгэлцэн  нотлох  баримтуудыг  гаргаж  өгсөн.

Маргааны  гол   зүйл болох  зураг төсөл, гэрээний биелэлтийг   Барилгын тухай  хуульд  үндэслэн  дүгнээгүй, зураг төсөл, холболт өөрчлөлт  гэдэг нь  юу гэсэн ойлголт болох,  болсон  үйл явдал,  барилгын үйл ажиллагаатай холбоотой  нотлох баримтуудад   бодитой  дүгнэлт  хийгээгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдвал зохих нотлох баримт бүрэн  авагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт нь  хоорондоо зөрүүтэй  Үүнд: Зураг төсөл хийх гэрээ  2015.05.05-нд, Ц.Энхтуулын  зураг төсөл хүлээн авсан   өдөр  нь 2015.05.05, хүлээн  авсан гэх зураг нь 40 айлын  орон сууцны зураг гэж бичсэн  тодорхой биш ойлгомжгүй  баримтаар   хэргийг  шийдвэрлэсэн нь  учир  дутагдалтай  болсон  байна.

            2015  оны 06 дугаар сарын 04-ний  өдрийн  шүүгчийн 2115,  2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  2820  дугаар  захирамжаар  Дархан-Уул аймгийн Мэргэжлийн  хяналтын байгууллагыг  шинжээчээр  томилсон  байхад  шинжээчийн дүгнэлтийг Ч.Батбулган  гэж  гаргасан нь  шүүхийн томилсон  шинжээч  гэж  үзэх  боломжгүйгээс  гадна  тус дүгнэлтэд  шинжилгээ хийсэн шинжээчийн овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг цол, албан тушаалыг  бичээгүй, шаардлага хангаагүй  дүгнэлтийг  шүүхийн  шийдвэрийн  үндэслэл  болгосон.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  тусгай мэдлэг шаардагдах  асуудлыг тодруулах зорилгоор  шүүхээс томилогдсон эрх бүхий мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны  бичгээр гаргаж буй үнэлэмжийг  шинжээчийн дүгнэлт гэж  ойлгодог  болно.

            Шинжээчээр  томилогдсон Барилга хөгжлийн төв  нь  зохигчдоос   шинжээчийн  дүгнэлт  гаргахад  шаардлагатай  зураг төслийг ирүүлээгүй  тул  шинжилгээ хийж,  дүгнэлт  гаргах шаардлага хангахгүй байна гэж   шинжилгээ хийхээс татгалзжээ.\хх-131 дүгээр тал\

            Энэ тохиолдолд шүүх  шинжээч томилуулах тухай зохигчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох эсхүл өөр шинжээч томилох асуудлыг  шүүгчийн  захирамжаар  шийдвэрлэх  ёстой байсан уг ажиллагааг хийгээгүй байна.

            Иргэний хуулинд зааснаар  ажил  гүйцэтгэх гэрээгээр  ажил гүйцэтгэгч нь  гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь  үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх  үүргийг тус тус хүлээдэг, гэрээний гол зүйл нь  гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, ажил гүйцэтгэгч нь  гэрээнд  заасан ажлыг тогтоосон хугацаанд  гүйцэтгэх, захиалагчийн  өмчлөлд ямар нэгэн доголдолгүй  үр дүн  шилжүүлэх, ажлыг чанартай гүйцэтгэх, захиалагч нь  ажлын үр дүнг хүлээн авч  хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлыг хугацаанд хүлээн авах, гэрээнд заасан бол  өөрөөс хамаарах  үүргээ биелүүлэх,  ажлын чанар  үр дүнд муугаар  нөлөөлөх  нөхцөл байдлыг  арилгах талаар  арга хэмжээ авах  зэрэг шаардлагууд  байдаг бөгөөд   энэ бүхнийг   нотлох баримтын  хүрээнд  тогтоох  хэрэгтэй.

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын  анхан шатны  шүүхийн  шийдвэр нотлох  баримтанд үндэслэгдээгүй гэсэн давж заалдах гомдлыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг  шүүгчийн захирамжаар буцаан  олгох нь  зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр  мөн  шүүхэд буцаасугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлсөн  275.450 төгрөг, хариуцагчийн төлсөн  78.950  төгрөгийг  төрийн сангийн  орлогоос  гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ           

                                          ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             С.ЭНХЖАРГАЛ