Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01211

 

      С.Г-ын нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 751 дүгээр магадлалтай,

С.Г-ын нэхэмжлэлтэй,

С.С, Р.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Г.Азгэрэл нь хариуцагч С.С, Р.Бнарт 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 286 тоот зээлийн гэрээгээр 100.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч нар 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэхэд зээлээ бүрэн төлж барагдуулахаар тохирсон боловч буцааж төлөөгүй,  2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.Азгэрэл бусдын гарт амь насаа алдсан. 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авсан. Г.Азгэрэл нь С.Ст хүнд үед нь туслах зорилгоор 100.000.000 төгрөг зээлдүүлсэн. Талуудын хооронд зөвхөн зээлийн гэрээний харилцаа байсан. Бодит байдал дээр энэ хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Г.Азгэрэл 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амь насаа алдсанаас хойш уг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 286 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан. Иймд зээлийн гэрээний дагуу Р.Баярмаа, С.С нараас 100.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Р.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Би С.Г-ын гаргасан нэхэмжлэлийн талаар юу ч мэдэхгүй. 2013 оны 4 дүгээр сард Г.Азгэрэл Баянголын шүүхийн баруун талд хүрээд ирээч, нотариатын бичиг үйлдчихээд Самбаа ах руу эргэлтээр очих гэсэн юм хэлсний дагуу очиход 100.000.000 төгрөгийн гэрээ үйлдчихсэн гарын үсгээ зур гэхэд нь би ямар ч гарын үсэг зурахгүй гэсэн боловч хамтдаа хорих 0441 дүгээр анги руу нотариатч дагуулж очсоны дагуу гарын үсгээ зурсан. Өөр надад мөнгө авсан зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч С.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасны дагуу 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлэн, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Баян өндөр сан ХЗХ-ны захирлын албыг хашиж байгаад шийтгүүлсэн надад 2012 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан захирамжийн дагуу миний өмчлөлд байх Төв аймаг Заамар сум, Галтын нутагт орших А лицензийг, Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Гашуун Хар ууланд орших X алтны лицензүүдийг буцаан олгож сэргээж өгсөн. Энэ бүхнийг телевиз, сонин хэвлэлүүдээр нээлттэй цацсаны улмаас Г.Азгэрэл нь 2013 оны 01 дүгээр сараас эхлэн миний эзэмшлийн Бөмбөгөр сум дахь X лицензийг худалдан авах санал тавьж, удаа дараа ярилцсаны эцэст бид тохиролцон 420.000.000 төгрөгт худалдан борлуулахад хүрсэн. Иймээс тус уурхайд өрөмдлөг явуулах шаардлагатай буюу уг өрмийн хайгуулд 100.000.000 төгрөгийг зарцуулж дээрх 100.000.000 төгрөгийг үндсэн үнэлгээ болох 420.000.000 төгрөгөөс хасч тооцон үлдэгдэл 320.000.000 төгрөгийг Г.Азгэрэлийн эзэмшилд уурхайн бичиг баримт шилжсэний дараа өгч авалцахаар тохирсон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу уг 100.000.000 төгрөгийг өгч өрөмдлөгийн ажил явуулж буйг баталгаажуулахын тулд 100.000.000 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээ үйлдэж бидний хооронд худалдааны ажил эхэлсэн. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусан суллагдаж Г.Азгэрэлтэй уулзах гэсэн боловч надаас зугтаж утасны дугаар зэргээ сольж уулзалдаж чадахгүй явсан. Гэхдээ би өөрийн уурхайн бичиг баримтуудыг Ашигт малтмал хэрэг эрхлэх газраас шүүлгэхэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь уурхай Г.Азгэрэлийн нэр дээр шилжсэн байсан. Тиймээс миний бие үлдэгдэл болох 320.000.000 төгрөгийг өнөөг хүртэл нэхэмжлэх гээд явж байна. Миний эзэмшлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан эзэн нь нас барсан бөгөөд би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын мөрдөн байцаах газарт уг асуудлаар өргөдлөө гаргасан. 

Иймд талийгаачийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгч С.Г-оос өөрийн хүүгийн эхлүүлэн хийсэн миний уурхайг нэр дээрээ шилжүүлсэн худалдан авсан байдлыг нотлох баримт дээр үндэслэн үлдэгдэл болох 320.000.  000 төгрөгийг надад олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй тул С.С болон Р.Бнараас 100,000,000 төгрөг гаргуулах тухай С.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 751 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах байдлаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Дэвшил майнинг ХХК-ийн зүгээс дуудлага худалдаанд оролцож 412.578.015 төгрөгийн үнийн санал хэлж дуудлага худалдаанд ялж 2013.09.06-ний өдөр Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөрийг төлж уг тусгай зөвшөөрлийг шударгаар олж авсныг шүүх мөн хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Дээрх үйл баримтыг нотлох 2013.09.06-ний өдөр Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013.11.15-ний өдрийн 489-р шийдвэр, төлбөр төлсөн баримтууд, 2013.12.16-ний өдрийн Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн даргын 529 тоот албан бичиг, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Банк, Хадгаламж Зээлийн Хоршооны Өр Барагдуулах Ажлын Албанаас Ашигт малтмалын газар хүргүүлсэн 2013.12.16-ий 1/2530 тоот албан бичиг, Ашигт малтмалын газраас “Дэвшил майнинг” ХХК-д 2013.12.20-ний 6-6924 тоот албан бичгүүд, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Банк, Хадгаламж Зээлийн Хоршооны Өр Барагдуулах Ажлын Албанаас хорих 441-р ангийн ялтан С.Ст 2013.06.06-ны өдрийн 2/1159 тоот мэдэгдэл зэргийг шүүхэд мэдүүлсээр байтал дээрх баримтуудад дүгнэлт өгөөгүй. Бодит байдал дээр нэг тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдаагаар 412.578.015 төгрөгөөр худалдан аваад, ахин 420.000.000 төгрөгөөр хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан хүнээс худалдан авахаар 100.000.000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр төлөх боломж байхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зарласан дуудлага худалдаагаар худалдаж авсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Гашуун хар уул нэртэй талбай бүхий ХҮ-017324Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 413.500.000 сая төгрөгөөр Дэвшил Майнинг ХХК худалдаж авсан болохыг хавтаст хэргийн 31-р хуудсанд байх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013.11.15-ний өдрийн 489-р шийдвэрт тогтоогдсон болно. С.С, Р.Бнар иргэн Г.Азгэрэлээс зээлийн гэрээгээр 100.000.000 төгрөгийг зээлэн авсан тусдаа үйл баримт, дээрх үйл баримтыг хариуцагч нар авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Дээрхээс харахад Дэвшил майнинг ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд 413.500.000 төгрөгийг шилжүүлсэн, иргэн Г.Азгэрэл нь иргэн С.С, Р.Бнарт зээлдүүлсэн 100.000.000 зээлдүүлсэн, нийтдээ 513.500.000 төгрөгийг хоёр өөр хэлбэрээр шилжүүлсэн байхад шүүх дээрх хоёр үйл баримтыг нэг үйл баримт болгон дүгнэсэн нь бодит үйл явдалтай тохирохгүй дүгнэж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл иргэн хоорондын зээлийн гэрээний үүргийг хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичгээр дуусгавар болгох боломжгүй юм.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 08-ний өдрийн 102/ШШ2018/00129 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 23-ний өдөр 751 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч С.С, Р.Бнараас 100.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд Г.Азгэрэл болон С.С, Р.Бнарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэл болгожээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн тайлбар гаргаж маргажээ. 

Хариуцагч С.С, Р.Бнар нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр Г.Азгэрэлээс 100.000.000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 26-ний өдөр хүртэл хугацаанд хүүгүй зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан ба талууд гэрээнд гарын үсэг зуржээ.

Зээлдүүлэгч Г.Азгэрэл 2015 оны 5 дугаар сарын 22-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч С.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон Өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх зээлийн гэрээний шаардах эрхийг өвлөн авч, уг нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч С.С, Р.Бболон Г.Азгэрэл нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т нийцжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх ба зээлдүүлэгч Г.Азгэрэл 62.000.000 төгрөгийг бэлнээр, 38.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаар гэрээний арын хуудсанд бичигдсэн, энэ талаар маргаагүй байна. 

Харин зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болжээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1., 37.2.-т зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд зохигчийн тайлбар нь нотлох баримтад хамаарна. Гагцхүү зохигчийн тайлбар нь бусад баримтаар нотлогдсон байх шаардлагатай тул өөрийн тайлбараа нотлох үүрэгтэй.

Түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ, хариуцагч уг нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзсан татгалзлаа нотолж шүүхэд ирүүлсэн “Дэвшил майнинг” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 06 тоот албан бичигт “тус компанийн захирал миний бие ...100.000.000 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээг иргэн С.С, Р.Бнартай үйлдэж, 2013.5.26-ний өдөр буцаан авахаар тохиролцсон боловч С.Сийн эзэмшлийн ....Х лицензийг нийт 420.000.000 төгрөгөөр худалдан авч түүний урьдчилгаа төлбөрт 100.000.000 төгрөгийг төлснөөр бидний хооронд дах 2013 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгон хүчингүйд тооцон зээлийн гэрээний өглөг, авлагыг бүрэн тэглэсэн нь үнэн болно” гэжээ /хэргийн 36 дугаар тал/.

Дээрх албан бичигт Г.Азгэрэлийн гарын үсэг зурагдсан, энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна” гэж заасан ба Г.Азгэрэлийн зээлийн гэрээг дуусгавар болох хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хүчин төгөлдөр байна. 

Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1.-т зохицуулсан ба Г.Азгэрэл нь хариуцагч нараас авах авлагаа тэглэж, зээлийн гэрээг дуусгавар болгосон нь дээрх баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг шийдвэр, магадлалд тодорхой тусгасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 751 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ