| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0166/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 177
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Б.Х /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............... овогт ................ийн .....................д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000670199 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............. овогт ................. ийн ............. /регистрийн дугаар: ДЙ.........../, ......... оны ........... дугаар сарын ........ -ны өдөр ........... аймгийн ............... суманд төрсөн, эмэгтэй, ............настай, дээд боловсролтой, үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, “................” ХХК-д .................... ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүхдийн хамт. ............... аймаг, Дархан сум, ............... дугаар баг, ............... дугаар хэсэг .............дүгээр гудамжны ............... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 13, 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 8 дугаартай өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрч, хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Б.Х-г мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 13, 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 08 дугаартай өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрч, хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө иргэн***** 3 сая төгрөг илүү авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-ын мэдүүлсэн: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2018000670199 дугаартай хэргээс:
Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “....2019 оны 10 дугаар сараас эхлээд ***** нь надтай найз нөхдийн холбоотой болж итгэл олж аваад бага багаар янз бүрийн дансаар нийт 848,900 төгрөгийг авсан. 848,900 төгрөгийг найзууд болон дэлгүүрийн хүн гэх мэт өөрөөсөө өөр хүний дансаар авдаг. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед ажлаасаа буугаад ***** бид хоёр таксинд хамт явсан. Тухайн үед ***** мөнгө гуйгаад гэр хүртэл дагаж явсан.***** өгөхдөө машинаас буугаад гэрийнхээ ойролцоо гадаа бэлнээр 20,000 төгрөгийн дэвсгэртээр боосон 3 боодол мөнгийг өгсөн. 3 сая төгрөгийг ээж хагалгаанд орох гээд байна. Яаралтай хагалгааны төлбөр хэрэгтэй байна гэж хэлээд авсан. ” гэх мэдүүлэг[1],
Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Би өмнө нь 3,848,900 төгрөг болсон гэж хэлсэн нь андуурсан байсан. ...Бэлнээр 3 сая төгрөг өгсөн асуудал байхгүй. Надаас тухайн үедээ гуйж байсан болохоор би өгсөн байх гэж бодож байсан боловч эргээд өөрийнхөө өгсөн мөнгөнийхөө тооцоог хийхээр 3 сая төгрөг өгсөн асуудал байхгүй байна. Би тухайн үед буруу ярьсан байна.” гэх мэдүүлэг[2],
Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Дансаар 239,000 төгрөг өгсөн байна. Бэлнээр 2019 оны 10 дугаар сарын 01-20-ны хооронд 10 орчим удаагийн үйлдлээр нийт 100 орчим мянган төгрөг авсан. Ингээд нийт 400 орчим мянган төгрөг авсан. ***** д алдсан мөнгөнийхөө хэмжээг өсгөж худлаа өргөдөл өгсөн нь үнэн. Анхнаасаа худлаа ярьсан болохоор л цаашдаа худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгч болохгүй гэдгийг би өөрөө ухамсарлаж байсан. Миний буруу, намайг уучлаарай.” гэх мэдүүлэг[3],
Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...нийт 848,900 төгрөгийг миний данснаас авах болгондоо өөр өөр дансаар авсан. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж хүнд хагалгаанд орох болчихлоо. Хагалгаанд орохгүй бол үхнэ гэсэн гэж хэлээд 3,000,000 төгрөг надаас бэлнээр авч явсан. Ингээд би***** авъя гэхээр удахгүй өгнө, мал зараад өгнө гэх зэргээр худлаа ярьж байгаад утас нь эрх нь хаагдсан байсан. ***** өөс нийт 3,848,900 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг[4]
Гэрч Б.***** ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн дансаар ямар нэгэн байдлаар мөнгө авсан асуудал байхгүй. Харин дэлгүүрүүдийн данс руу ***** мөнгө шилжүүлээд би тэрнийг нь авдаг байсан. Гэхдээ янз бүрийн дэлгүүрийн худалдагч нарын дансаар авдаг байсан. Учир нь надад ямар нэгэн банкны харилцах данс байдаггүй юм. Эдгээр мөнгөнүүдийг би машин эвдэрсэн, машинаа янзлуулах хэрэгтэй байна. 90 хүрч байгаа өвөө Бондгорын эмчилгээний зардалд хэрэгтэй байна, ээжийгээ бие муу байна гэж хэлээд бага багаар авдаг байсан. Тэгээд нийтдээ яг хэдэн төгрөг авсан гэдгээ нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Бэлнээр Х-аас мөнгө авсан асуудал байхгүй. Надад Х-аас бэлнээр 3 сая төгрөг авсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг[5]
Гэрч ***** мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Хүү 2019 оны 8 дугаар сард хорихоос суллагдсаны дараа Халамжаас 1,200,000 төгрөг өгөхөд тэрнээс 1,000,000 төгрөгийг нь бид нарт гэртээ хэрэглээрэй гэж өгснөөс өөр мөнгө өгөөгүй. Энэ мөнгийг манай хүү Халамжийн сангаас Төрийн банканд шилжихэд нь би хамт явж авсан болохоор мэдэж байна. Тэрнээс өөрөөр надад болон өвөөдөө гарал үүсэл нь тодорхойгүй мөнгө төгрөг авчирч өгсөн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг[6],
Хаан банкан дахь Б.Х-ын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд[7],
Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...***** гэх хүн надаас дансаар бэлнээр цувуулж мөнгө авсаар байгаад 400,000 төгрөг болсон. Харин би өөрөө 3,848,900 төгрөгийг ***** д өгсөн гэж худал мэдүүлсэн шалтгаан нь ингэж их болгоод хэлчихвэл ***** надад хурдан буцаагаад өгчих юм шиг санагдсан юм. Тэгээд л ийм гэмт хэргийг үйлдсэн юм.” гэх мэдүүлэг[8] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргасан.
Шүүгдэгч Б.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Х-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Х-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шунахайн сэдэлтдээ хөтлөгдөн бусдад өгсөн мөнгөний хэмжээг өсгөсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байх тул шүүгдэгч Б.Хонгорзулаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Х-дпрокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт .................ийн ..................ыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 7-8 тал
[2] Хавтаст хэргийн 9 тал
[3] Хавтаст хэргийн 10-11 тал
[4] Хавтаст хэргийн 13-14 тал
[5] Хавтаст хэргийн 15-16 тал
[6] Хавтаст хэргийн 18 тал
[7] Хавтаст хэргийн 34-48, 55-60 тал
[8] Хавтаст хэргийн 70 тал