Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр        Дугаар 181/ШШ2017/00395            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн хүсэлттэй,  

 

С.Гантөмөрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Содном-Иш ГАНТӨМӨР нь /РД: ЙИ82031431/ 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хас Банкнаас 1060021902 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 /Таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Зээлдэгч С.Гантөмөр нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1060021902 дугаартай зээлийн үндсэн төлбөрөөс 2,172,660 төгрөг төлсөн түүнээс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй.

Зээл авах үед С.Гантөмөр нь “Эрдэм Транс” ХХК-д жолоочийн албан тушаалд ажиллаж байсан. 2016 оны 1 дүгээр сараас ажлаасаа гарсан бөгөөд ажлаас гарснаас хойш зээлийн төлбөрөө төлөхгүй, холбогдох боломжгүй, утсаа авахгүй, олдохгүй байна. Зээлдэгчийн зээл авах үед оршин сууж байсан СХД, 23-р хороо Хангайн 27 гудамж 6 тоот хаягаар очсон боловч тус хаяг дээр амьдардаггүй. СХД-ийн 23-р хорооноос тодруулахад хаяг дээрээ бүртгэлгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн болно. Шилжсэн хаяг болон бусад мэдээллийг хүсэхэд зөвхөн цагдаагийн байгууллага болон бусад хуулийн дагуу эрх бүхий байгууллагын хүсэлтийн дагуу мэдээлэл өгнө гэсэн.

Зээлдэгч оршин суугаа хаягаа нууцлан, зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул зээлдэгч С.Гантөмөрийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК нь Содном-Ишийн Гантөмөрийг/РД: ЙИ82031431/ эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Содном-Ишийн Гантөмөрийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Содном-Ишийн Гантөмөрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Содном-Ишийн Гантөмөрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Содном-Ишийн Гантөмөрийг/РД: ЙИ82031431/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Содном-Ишийн Гантөмөрийг/РД: ЙИ82031431/ эрэн сурвалжилж, Содном-Ишийн Гантөмөрийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ